«Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг»
Коллежийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч уураа барьж чадаагүйгээсээ болж халагджээ.
Хүүхэд хүссэнээ аваагүйдээ уурлаж аашилна.
Нэг эмэгтэй, өрөөгөө цэвэрлээгүй хүү рүүгээ хашхирна.
Хүн уурлахыг хараагүй хүн гэж байхгүй. Бас уурлаж бухимдах үе хэнд ч болов гардаг нь ойлгомжтой. Уурлах нь муу гэдгийг, бас уураа дарах хэрэгтэйг хэн бүхэн мэддэг. Гэхдээ ямар нэгэн юмнаас болж бухимдахлаараа хүн өөрийгөө өмөөрдөг. Ялангуяа өөрт нь шударга бус хандлаа гэж бодохлоороо тэгэх хандлагатай. Америкийн Сэтгэл Судлалын Холбооноос гаргасан өгүүлэлд «Уур гэдэг нь ихэнхдээ эрүүл мэндэд хоргүй, хүнд байх ёстой хэвийн сэтгэл хөдлөл юм» гэсэн байна.
Элч Паулын үгийг үзвэл дээрх дүгнэлт үнэн юм шиг санагдаж болох юм. Тэрбээр, уурлах үе хүнд гардгийг хүлээн зөвшөөрч «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг» гэж Бурхнаар удирдуулан бичжээ (Ефес 4:26). Тэгвэл яах хэрэгтэй вэ? Уураа гаргах барих хоёрын аль нь зөв бэ?
УУРЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Элч Паул дээрх зөвлөгөөг өгөхдөө «Чичрэн айж, нүгэл бүү хий» гэсэн үгийг бодож байсан бололтой (Дуулал 4:4). Паулаар бичүүлсэн Бурхны зөвлөгөө чухам ямар утгатай вэ? Паул цааш нь бичихдээ «Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг» гэсэн (Ефес 4:31). Дээрх үгийг бодож үзвэл Паул христиануудыг уураа гаргахгүй байхыг уриалсан байх нь ээ. Сонирхолтой нь, Америкийн Сэтгэл Судлалын Холбооноос гаргасан өгүүлэлд цааш нь: «Уураа гаргаад байвал уур хилэн улам бадардаг бөгөөд асуудлыг шийдэхэд ямар ч тус болдоггүй нь судалгаагаар батлагдсан» гэжээ.
Уурыг яаж «өөрөөсөө зайлуулах» вэ? Эртний Израилийг захирч байсан мэргэн ухаант хаан Соломон: «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» гэсэн байдаг (Сургаалт үгс 19:11). «Хэрсүү» байх нь уураа дарахад ямар тустай вэ?
ХЭРСҮҮ БАЙВАЛ УУРАА ДАРЖ ЧАДНА
Хэрсүү хүн хэрэг явдлыг олон талаас нь бодож, асуудлын цаад шалтгааныг харж чаддаг. Хэн нэг нь таныг гомдоох юм уу өдөх үед хэрсүү байх нь ямар тустай вэ?
Өөрт нь шударга бус хандахад хүн дүрсхийн уурлаж болох юм. Гэхдээ уураа барилгүй, ширүүн авир гаргавал өөртөө ч, өрөөлд ч гай тарих аюултай. Гал алдвал байшин юү ч үгүй шатдаг шиг дүрсхийн уурлавал бусадтай, бүр Бурхантай тогтоосон анд нөхрийн харьцаагаа сүйтгэж мэднэ. Тийм болохоор уур хүрлээ гэхэд асуудлын цаад шалтгааныг нухацтай бодох хэрэгтэй. Нөхцөл байдлыг илүү сайн ойлговол уураа барьж чадна.
Соломоны эцэг Давид хаан асуудлын цаад шалтгааныг харж чадаагүйн улмаас Набал гэдэг хүний амийг бүрэлгэх шахжээ. Давид хүмүүстэйгээ Набалын хонин сүргийг Иудейн зэлүүд нутагт байхад нь хамгаалж байлаа. Хонины ноос хяргах цаг болоход Давид Набалаас хоол хүнс өгөхийг хүсжээ. Тэгтэл Набал: «Хонины ноос хяргагчдадаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хүмүүст би өгөх ёстой болж байна уу?» гэж хариулжээ. Ямар муухай доромжлол бэ! Давид энэ хариуг сонсонгуутаа 400 орчим хүнээ дагуулан Набалынхныг хүйс тэмтрэхээр гардаг (1 Самуел 25:4–13).
Набалын эхнэр Абигаил юу болсныг мэдээд Давидтай уулзахаар гарав. Абигаил Давидтай уулзаад хөлд нь унаж мөргөөд «Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу» гэлээ. Тэгээд Набалын хэчнээн ухамсаргүй хүн болохыг тайлбарлаж, өшөө авч цус урсгавал хожим харамсахыг нь хэлжээ (1 Самуел 25:24–31).
Абигаилын үгийг сонсоод Давидын уур намжжээ. Давид юу ойлгосон бэ? Нэгдүгээрт, Набалыг угийн ухамсаргүй хүн гэдгийг, хоёрдугаарт, өшөө авбал цус урсгасан буруутан болно гэдгээ ухаарчээ. Давид шиг галзууртлаа уурласан бол яах хэрэгтэй вэ? «Майо эмнэлэг»-ээс гаргасан нэг өгүүлэлд уураа барих талаар «Гүнзгий амьсгалж, арав тоолоорой» гэж зөвлөсөн байна. Түр азнаад асуудлын учир шалтгааныг олж тогтоон, хийх гэж байгаа юмныхаа үр дагаврыг бодоорой. Хэрсүү байвал уураа барьж чадна (1 Самуел 25:32–35).
Өнөө үед ч уураа ингэж барьдаг хүмүүс бий. Себастьян гэдэг хүн 23 настайдаа Польшийн шоронд хоригдож байхдаа Библи судалсныхаа ачаар уураа барьж сурсан тухайгаа ингэж хэлжээ. «Эхлээд, асуудлын тухай боддог. Тэгээд, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг. Библи бол шилдэг гарын авлага юм билээ».
Сэцүо бас төстэй арга хэрэглэжээ. Сэцүо: «Би ажил дээрээ дургүй хүргэсэн хүн рүүгээ шууд л хашгичдаг байсан. Харин одоо Библи судалж байгаа болохоор, хашгичихын оронд өөрөөсөө “Ингэхэд ер нь хэний буруу юм бэ? Би өөрөө ийм асуудал үүсгээд байгаа юм биш үү?” гэж асуудаг» гэжээ. Ингэж дүгнэж цэгнэснийхээ ачаар Сэцүо уураа барьж, дотроо хуримтлагдсан бухимдлаа дарж чаддаг болжээ.
Уур бухимдал бол сэтгэлийн их хүчтэй хөдөлгөөн. Гэхдээ Библийн зөвлөгөө хэзээд хүчтэй байдаг. Библид байдаг ухаалаг зөвлөгөөг хэрэгжүүлэн Бурхнаас тусламж гуйн залбирдаг бол та ч гэсэн хэрсүү байж уураа дарж чадна.