Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | ТАМХИ ТАТАХЫН ХЭРЭГ БАЙНА УУ?

Тамхи татахыг Бурхан юу гэж үздэг вэ?

Тамхи татахыг Бурхан юу гэж үздэг вэ?

Өмнөх өгүүлэлд дурдсан Наоко тамхинаас хэрхэн гарсан тухайгаа «Бурхны олон сайхан зан чанар, санаа зорилгыг мэдээд үзэл бодлоо өөрчилсөн» гэж ярьжээ. Тэрбээр энэ бүхнийг Библиэс мэдэж авсан юм. Библид тамхины тухай бичээгүй байдаг ч тамхи татахыг Бурхан юу гэж үздэгийг бичсэн байдаг. * Тамхины талаар Бурхан ямар үзэл бодолтойг мэдээд олон хүн тамхинаас гардаг (2 Тимот 3:16, 17). Хүмүүсийн сайн мэддэг гурван хор уршгийг авч үзээд энэ тухай Библид юу гэсэн байдгийг мэдэж авцгаая.

ТАМХИ ДОНТУУЛДАГ

Тамхи хамгийн хүчтэй донтуулдаг никотин гэдэг бодис агуулдаг. Энэ бодис зарим тохиолдолд сэргээдэг ч тайвшруулах нь бас бий. Тамхи татахад никотин тархинд хурдан очиж, байн байн цочроодог. Нэг удаа уушгилахад л тархийг өдөөдөг болохоор өдөрт нэг хайрцаг тамхи татдаг хүн дунджаар 200 удаа сэрэл авдаг гэсэн үг. Өөр ямар ч мансууруулах бодис тархийг нэг дор ийм олон удаа цочроодоггүй. Тамхичин хүний бие никотин шаарддаг. Энэ хэрэгцээгээ хангахгүй бол дотор нь эвгүйрхдэг.

«Дагах нэгнийхээ боол нь болдог»—Ром 6:16

Тамхины боол болчихоод Бурханд дуулгавартай байж чадах уу?

Тамхины талаарх үзэл бодлоо өөрчлөхөд Библи тустай. Библид «Та нар өөрсдийгөө дуулгавартай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө, ... дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж үү?» хэмээн бичсэн (Ром 6:16). Тамхи татах гэсэн хүсэл нь хүний ухаан санаа, үйл хэрэгт нөлөөлж нэг ёсондоо боолчилдог. Харин Ехова * гэдэг Бурхан бие махбод төдийгүй оюун санааг хордуулагч бүхнээс биднийг хол байгаасай гэж хүсдэг (2 Коринт 7:1). Еховад талархаж, хүндэлдэг болохын хэрээр хамгийн сайнаа түүнд зориулах ёстойгоо ойлгоно. Тамхиа хаяхгүй бол хамгийн сайнаа өгч чадахгүй юм байна гэдгээ ухаарна. Ингэснийхээ ачаар хорт зуршлаа хаядаг.

Германд амьдардаг Олаф 12-тойдоо тамхинд орсон бөгөөд 16 жил татсаны эцэст гарч чадсан байна. Тэрбээр анхандаа тамхи татахыг ямар ч хал балгүй юм гэж санаж байсан ч яваандаа гүн оржээ. Олаф: «Нэг удаа тамхигүй болчихоод дотор давчдахлаар нь үнсний саван дотор байсан бүх ишийг цуглуулж сонины цаасанд ороогоод татаж билээ. Одоо бодоход ичмээр байдаг юм» гэжээ. Олаф тамхинаас яаж гарсан тухайгаа хэлэхдээ «Ехова Бурхны таалалд нийцүүлэхийг хүсэж байсан нь хамгийн том түлхэц болсон юм. Ехова хүмүүсийг хайрлаж, сайхан найдвар өгснийг бодохлоор хорт зуршлаа бүрмөсөн хаях сэтгэлийн тэнхээтэй болдог юм билээ» гэсэн байна.

ТАМХИ ӨВЧЛҮҮЛДЭГ

Нэгэн судалгааны материалд «Тамхи татдаг хүний ... бараг бүх эрхтэн хорддог. Үүнээс үүдээд өвчлөл, нас баралт ихэсдэг нь батлагдсан» гэж бичжээ («The Tobacco Atlas»). Тамхины уршгаар хорт хавдар, зүрх судасны өвчин, уушгины эмгэг гэх зэргийн халдварт бус өвчин тусдагийг хэн ч үгүйсгэхгүй. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр нас барагсдын дийлэнх нь тамхичид байдаг.

«Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла»—Матай 22:37

Бурхны өгсөн биеийг хордуулаад байвал түүнийг хайрлаж хүндэлж байна гэх үү?

Ехова Бурхан биднийг амьдрал ахуйгаа, эрүүл мэндээ бодоосой гэсэндээ өөрийн Үг болох Библиэрээ зааж сургадаг. Бурхны Хүү Есүс: «Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла» гэж хэлжээ (Матай 22:37). Бурхан биднийг биеэ хайрлаасай, өөрийгөө хүндэлж зөв сайхан амьдраасай гэж хүсдэг. Хүн Ехова Бурхан болон амлалтынх нь тухай мэдээд ирэхлээр түүнийг хайрлаж, хийсэн бүхэнд нь талархдаг. Тэгсэн цагт биеийг хордуулдаг алив бүхнээс хол байна.

Энэтхэгт амьдардаг эмч Жаявант 38 жил тамхи татжээ. Тэрбээр: «Би анагаах ухааны сэтгүүлээс тамхины хор уршгийн тухай мэддэг болсон. Муу гэдгийг нь мэдэж байсан болохоор өвчтөнүүддээ тамхиа хаяхыг зөвлөж байлаа. Гэхдээ би өөрөө тав зургаан удаа оролдоод ч тамхинаас гарч чадаагүй» гэж ярьсан юм. Тэрбээр хожим нь тамхиа хаяжээ. Юуны ачаар тэр вэ? Жаявант: «Библи судалсны хүчинд тамхинаас гарсан. Еховад таалагдахыг хүссэн минь муу зуршлаа хаяхад нөлөөлсөн» гэжээ.

ТАМХИЧИН БУСДЫГ ХОРДУУЛДАГ

Тамхины утаа маш хортой. Бусдын татсан тамхины утаагаар амьсгалдаг хүн хорт хавдартай болох юм уу янз бүрийн өвчин тусах магадлалтай байдаг. Дам тамхидалтын уршгаар жил бүр 600 000 хүн амиа алддаг бөгөөд тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. ДЭМБ-ын мэдээлснээр маш бага утаа ч их хортой ажээ.

«Хөршөө өөрийн адил хайрла»—Матай 22:39

Тамхины утаагаар гэр бүл, эргэн тойрныхоо хүмүүсийг хордуулаад байвал хайрлаж байна гэх үү?

Бурхныг хайрла гэснийхээ дараа Есүс: «Хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлжээ. Энэ нь гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлана гэсэн үг (Матай 22:39). Дотныхоо хүмүүсийг хордуулсаар байвал тэднийгээ хайрлахгүй байгаа хэрэг болно. Бусдыг хайрладаг бол «Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг» гэсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлнэ (1 Коринт 10:24).

Армен улсад амьдардаг Армян: «Гэрийнхэнд маань их хэцүү байсан болохоор надаас тамхиа хаяач гэж гуйдаг байсан юм. Харин би тэднийгээ хордуулж байгаагаа ойлгодоггүй байсан» гэж дурсжээ. Үзэл бодлоо өөрчлөхөд нь юу тус болсон бэ? Тэрбээр: «Библиэс их юм сурч, Еховаг хайрладаг болсныхоо ачаар тамхинаас гарсан. Тамхи ганцхан намайг биш, эргэн тойрны минь хүмүүсийг хордуулдгийг ухаарсан» гэсэн юм.

ТАМХИГҮЙ БОЛОХ ЦАГ

Библиэс сурч мэдсэн зүйлийнхээ ачаар Олаф Жаявант Армян гурав өөрт ч, өрөөлд ч хортой зуршлаасаа салжээ. Тамхи хортой гэдгийг мэдээд л болчихдоггүй нь тэдний ярианаас тодорхой байна. Тэд Еховаг хайрладаг болж, таалалд нь нийцүүлэхийг хүссэн учраас тамхинаас гарч чадсан. Хайр чухал болохыг 1 Иохан 5:3-т тайлбарлан «Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэсэн байдаг. Библид байдаг зөвлөгөөг хэрэгжүүлэх нь тэр бүр амар байхгүй ч Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг бол үгийг нь дагахад хэцүү санагдахгүй.

Ехова Бурхан дэлхий дахины сая сая хүнд тамхинаас гарахад нь тусалж Библийн боловсрол олгож байна (1 Тимот 2:3, 4). Хүү Есүс Христийнх нь удирдаж байгаа засгийн газар болох Бурхны Хаанчлал тун удахгүй худалдаа арилжааны шунахай тогтолцоог устгана. Тэр цагт хэн ч хүмүүсийг тамхинд оруулж, боолчлохгүй. Тамхи хэмээх тахал дахин хэзээ ч гарахгүй. Бурхны үгийг сонсдог хүмүүс яваандаа цоо эрүүл, төгс оюун ухаантай болно (Исаиа 33:24; Илчлэлт 19:11, 15).

Та тамхинаас гармаар байна уу? Битгий бууж өгөөрэй. Еховаг хайрлаж, тамхи татахыг юу гэж үздэгийг нь мэдээд тэр дагуу амьдрахыг хичээвэл та тамхинаас гарч чадна. Библийн зөвлөгөөг мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань Еховагийн Гэрчүүд дуртайяа тусална. Еховагийн дэмээр тамхинаас гарна гэдэгтээ итгээрэй (Филиппой 4:13).

^ Энэ өгүүлэлд тамхи татах гэдгээр янжуур, навчин тамхи татах, гаансаар тамхи татахыг хэлсэн болно. Мөн зажилдаг тамхи, хамрын тамхи, никотинтой электрон тамхи гэх зэрэг багтана.

^ Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг.