Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫГ ТАНИН МЭДЬЕ

Бурхан «зүрхийг тань цатгадаг»

Бурхан «зүрхийг тань цатгадаг»

Ехова Бурхан хүнд санаа тавьдаг уу? Эсвэл зовж байгааг нь харсан ч зүгээр суудаг уу? Эдгээр асуултад Библи хэрхэн хариулдгийг мэдвэл сэтгэл уужирна. Бурхан хүнийг жаргалтай амьдраасай гэж хүсдэг бөгөөд санаа тавьдаг. Хүн төрөлхтөнд, тэр бүү хэл, өөрт нь огт талархдаггүй хүмүүст ч сайхан сэтгэлээ өдөр бүр харамгүй илэрхийлдэг. Элч Паулын үгийг авч үзье (Үйлс 14:16, 17-г уншина уу).

Элч Паул Бурхныг шүтдэггүй Лустр хотын суугчдад хандан «Өнгөрөгч үеүдэд [Бурхан] бүх үндэстэнд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» гэж хэлжээ. Паулын ингэж хэлэхийг сонссон хүмүүст юу бодогдох ёстой байсан бол?

Лустр хотынхны хувьд Паулын үг тун ойлгомжтой байв. Тэд үржил шим сайтай, ус унд элбэгтэй газар нутагт газар тариалан эрхэлдэг байв. Гэхдээ хур бороо, үр жимстэй улирлыг өгдөг нэгэн нь Бурхан гэдгийг Паул хэлжээ. Тэгэхлээр, Лустр хотынхон арвин их ургац хурааж, амттай сайхан хоол хүртэх бүрдээ, мөн чанартаа, Бурхны сайхан сэтгэлийн үр шимийг хүртдэг байж.

Паулын тэдэнд хэлсэн үгнээс Ехова Бурхны талаар хэдэн чухал зүйлийг мэдэж болно.

Ехова хүмүүст сонгох эрх чөлөө өгсөн. Ехова бүх үндэстэнд «өөрсдийнхөө замаар явахыг нь» зөвшөөрсөн гэдгийг бодож үзье. Энэ хэллэг нь «хүссэнээрээ байх», «сайн гэж бодсоноо хийх» гэсэн утга илэрхийлж болохыг нэгэн бүтээлд тайлбарласан байдаг («A Handbook on the Acts of the Apostles»). Ехова өөрийгөө шүтүүлэх гэж хэнийг ч албаддаггүй. Ехова биднийг сонгох эрх чөлөө буюу амьдралынхаа замыг сонгох чадвартай бүтээсэн (Дэд хууль 30:19).

Ехова хүмүүсийг өөрийг нь мэдээсэй гэж хүсдэг. Бурхан «Өөрийгөө гэрчгүйгээр» орхиогүй гэж Паул хэлжээ. Энэ үг нь «ямар Бурхан болохоо хүмүүст харуулсан» гэсэн санаа илэрхийлж болохыг дээрх бүтээлд тайлбарлажээ. Бурхны бүтээл «үл үзэгдэх чанаруудыг» нь, тухайлбал, сайхан сэтгэл, мэргэн ухаан, хүч, хайр гэх зэргийг нь илэрхий харуулдаг (Ром 1:20). Ехова бидэнд өөрийнхөө тухай Библиэр илүү ихийг мэдүүлдэг (2 Тимот 3:16, 17). Тэгэхлээр, Бурхан биднийг өөрийг нь таньж мэдээсэй гэж хүсдэг нь лавтай.

Бурхан хүн төрөлхтөнд, тэр бүү хэл, өөрт нь огт талархдаггүй хүмүүст ч сайхан сэтгэлээ өдөр бүр харамгүй илэрхийлдэг

Ехова хүмүүсийг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Бурхан «зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» хэмээн Паул хэлсэн. Ехова Бурхныг мэддэггүй, нүгэлтэй хүн ч хоол ундтай, баяр баясалтай, тодорхой хэмжээгээр жаргалтай амьдардаг байж болох юм. Харин Бурхан биднийг жинхэнэ ёсоор, үүрд мөнх жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ Бурхны тухай үнэнийг мэдэж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлж байж л жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна (Дуулал 144:15; Матай 5:3).

Бид Еховагийн сайхан сэтгэлийн үр шимийг өдөр бүр хүртдэг. «Зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» Бурханд яаж талархаж болох талаар илүү ихийг мэдэж аваарай.

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

Үйлс 11—28