Байгалийн гамшиг дахин хэзээ ч болохгүй цаг ирнэ!
«БАЙГАЛИЙН гамшиг үзэхээ болих цаг удахгүй ирнэ» гэвэл танд ямар санагдах вэ? Та: «Ёстой мөрөөдөл байна даа. Байгалийн гамшиг гэдэг чинь болдог л юм шүү дээ» гэж хэлэх байх. Эсвэл «Энэ хүн ч тоглож байна даа» гэж бодох байх.
Байгалийн гамшиг болдоггүй болно гэхлээр итгэхийн аргагүй мэт санагдаж болох ч итгэх баттай үндэс бий. Гэхдээ хүн ингэж өөрчилж чадахгүй. Хүн байгалийн аливаа үзэгдэл ямар учраас, яаж болдгийг бүрэн дүүрэн ойлгодоггүй. Тиймээс байгалийн үзэгдлийг хянах юм уу гамшиг болохыг болиулж чадахгүй. Мэргэн ухаан, ажигч гярхайгаараа алдаршсан эртний Израилийн хаан Соломон: «Хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хэдийгээр мэргэн хүн „Би мэднэ“ гэж хэлж болох хэдий ч тэр хүн нээлт хийж үл чадах ба хүн хичээнгүйлэн шаргуу эрж хайгаад ч нээж олохгүй» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 8:17).
Хүн байгалийн гамшгийг хянаж чадахгүй юм бол хэн чадах вэ? Бүхнийг Бүтээгч өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилнө гэж Библид бичсэн байдаг. Тэрбээр дэлхийн экологийн системийг, тухайлбал усны эргэлтийг бий болгосон юм (Номлогчийн үгс 1:7). Хүний хүч хязгаартай байдаг бол Бурхны хүч хязгааргүй. Зөнч Иеремиа үүнийг батлан «Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш» хэмээн бичжээ (Иеремиа 32:17). Бурхан дэлхий болон дэлхий дээрх бүхнийг бүтээсэн учир хүмүүсийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцлийг яаж бүрдүүлэхээ сайн мэддэг нь гарцаагүй (Дуулал 37:11; 115:16).
Тэгвэл Бурхан яаж өөрчлөх вэ? Энэ цуврал өгүүллийн хоёр дахь өгүүллээр, эдүгээ дэлхий дахинд болж байгаа түгшүүртэй олон үйл явдал нь «үеийн төгсгөл» болж байгааг илтгэх «шинж тэмдгийг» бүрдүүлдэг гэж тайлбарласан билээ. Есүс: «Та нар ... эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй» гэж хэлсэн (Матай 24:3; Лук 21:31). Бурхны Хаанчлал буюу Бурхны байгуулсан тэнгэрийн засгийн газар дэлхий дээр томоохон өөрчлөлт хийж, тэр байтугай байгалийн хүчийг хянах болно. Ехова Бурхан өөрөө үүнийг хийх хүч чадалтай ч Хүүдээ энэ үүргийг оноожээ. Зөнч Даниел Бурхны Хүүгийн талаар «Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв» хэмээн хэлсэн (Даниел 7:14).
Бурхны Хүү Есүс Христ дэлхийг хүн амьдрахад таатай газар болгоход шаардлагатай бүхнийг хийх хүчтэй. Тэрбээр хоёр мянган жилийн өмнө дэлхийд байхдаа байгалийн хүчийг захирах хүчтэйгээ тодорхой хэмжээгээр харуулсан. Нэгэн удаа Есүс шавь нартайгаа Галил нууранд завиар явж байв. Тэгтэл «хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийн усанд автжээ». Үхэх нь гэж айж сандарсан шавь нар нь Есүст ханддаг. Есүс яасан бол? Тэрбээр «салхийг буруушааж, нуурт: „Чимээгүй. Намд“ гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов». Тэгэхэд шавь нар нь гайхан биширч, «Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ?» гэцгээдэг (Марк 4:37–41).
Одоо Есүс сүнсэн бодгаль болон өргөмжлөгдөөд тэр үеийнхээсээ илүү хүч чадал, эрх мэдэлтэй болсон. Бурхны Хаанчлалын Хаан тэрбээр хүн төрөлхтнийг дэлхий дээр амар тайван, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүргээ бүрэн биелүүлэх чадвартай.
Зовлон бэрхшээл, байгалийн гамшиг ихэнхдээ хүнээс үүдэлтэй буюу аминч, шунахай зангаас болж улам даамжирч байгааг дээр тэмдэглэсэн. Энэ зангаа засдаггүй, өөрчлөгдөхийг хүсдэггүй хүмүүсийг Хаанчлал яах бол? Эзэн Есүс «хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ» гэж Библид байдаг. Тийм ээ, Есүс «дэлхийг устгагчдыг устгана» (2 Тесалоник 1:7, 8; Илчлэлт 11:18).
Дараа нь «Хаадын Хаан» Есүс Христ байгалийн хүчийг бүрэн захирна (Илчлэлт 19:16). Харьяат албатуудаа дахин хэзээ ч гамшигт өртүүлэхгүй. Тэрбээр цаг уурын хүчин зүйлийг хянан зохицуулж, хүн төрөлхтнийг цаг агаарын таатай нөхцөлд амьдруулна. Үүний дүнд Ехова Бурхны эрт цагт ард түмэндээ «Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм» хэмээсэн амлалт бүрэн биелнэ (Левит 26:4). Хүн зон гэр байшингаа байгалийн гамшигт алдах вий гэж айж түгшихгүйгээр барина. Тийм ээ, «тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ» (Исаиа 65:21).
Та яах хэрэгтэй вэ?
Байгалийн гамшиг үздэггүй болох цаг ирнэ гэдгийг мэдээд танд сайхан санагдаж байгаа биз ээ. Тэгвэл тийм цагийг үзье гэвэл яах хэрэгтэй вэ? «Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүс» гамшиг болдоггүй цагийг үзэхгүй тул одоо Бурхны тухай мэдэж, дэлхийг захирах арга хэмжээг нь дэмжих хэрэгтэй. Бурхан биднийг өөрийг нь мэдэж, Хүүгээрээ дамжуулан байгуулсан Хаанчлалынх нь тухай сайн мэдээнд дуулгавартай байхыг шаарддаг.
Үүний тулд Библийг нямбай судлах нь хамгийн сайн арга. Хаанчлалын засаглал доорх аюулгүй орчинд амьдрахын тулд яах хэрэгтэйг Библид бичсэн байдаг. Библийн сургаалыг мэддэг болохын тулд Еховагийн Гэрчүүдэд хандаарай. Тэд таныг энэ зорилгодоо хүрэхэд дуртайяа тусална. Хэрэв та Бурхантай танилцъя, сайн мэдээг дуулгавартай дагая гэж хичээж мэрийвэл «Намайг сонсдог хүн аюулгүй байж, ... аймшгаас эмээх зүйлгүй амар жимэр, тайван амьдарна» гэсэн Сургаалт үгс 1:33-т (МБОХ, 1998) бичсэн үг биелэх цагийг өөрийн биеэр үзнэ.