МАНАЙ АРХИВААС
«Наран доорх юу ч та нарт саад болж чадахгүй!»
1931 оны хавар. Парис дахь алдарт Плейел театрын үүдэнд 23 орноос ирсэн төлөөлөгчид бужигнана. Театрын өмнө ирж зогссон таксинуудаас гоё ганган хувцастай хүмүүс бууж байлаа. Концертын их танхим удалгүй пиг дүүрэв. 3 000 орчим хүн цугларчээ. Тэд концерт үзэхээр ирсэнгүй. Харин тухайн үеийн манай байгууллагын үйл ажиллагааг удирдаж байсан Жозеф Рутерфордын илтгэлийг сонсохоор иржээ. Сэтгэл хөдөлгөм илтгэлийг франц, герман, польш хэлээр орчуулж байлаа. Рутерфорд ахын дуу хоолой танхимаар нэг цуурайтна.
Парист болсон чуулган Хаанчлалын тухай мэдээг Франц даяар тунхаглах ажилд эрс өөрчлөлт авчирсан юм. Рутерфорд олон улсын чуулганд ирэгсдэд, ялангуяа залуучуудад Францад ирж ном түгээгчээр үйлчлэхийг уриалжээ. Англиас ирж оролцсон Жон Күк тэр үед өсвөр настай байсан бөгөөд «Ном түгээгчийн ажил хийхэд наран доорх юу ч та нарт саад болж чадахгүй!» хэмээсэн сэтгэл хөдөлгөм уриалгыг насан туршдаа мартаагүй ажээ. *
Жон Күк хожим нь миссионер болсон юм. Өөр олон залуус энэхүү «македонийн» уриалгыг дагажээ (Үйлс 16:9, 10). Францад 1930 онд 27 ном түгээгч байсан бол 1931 онд 104 болж, ганцхан жилийн дотор огцом өссөн байна. Эдгээр эхлэгчийн ихэнх нь францаар ярьдаггүй байв. Хэлний бэрхшээл, хомс тарчиг байдал, ганцаардлаа тэд хэрхэн давсан бол?
ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛИЙГ ДАВСАН НЬ
Гадаадаас ирсэн ном түгээгчид дэлгэрүүлэх ажлаа хийхдээ Хаанчлалын тухай бичсэн гэрчлэх хуудсандаа найддаг байжээ. Парист зоригтой дэлгэрүүлдэг байсан нэг герман Гэрч: «Манай Бурхан хүчтэй гэдгийг бид мэддэг байсан хэр нь дэлгэрүүлж байхад заримдаа зүрх амаар гарах шахна. Гэхдээ хүнээс айсандаа биш, харин “Voulez-vous lire cette carte, s’il vous plaît? [Та энэ хуудсыг уншихгүй юү?]” гэдэг үгээ мартчих гээд байсан болохоор л тэр. Маш чухал ажил хийж байгаадаа бид эргэлздэггүй байсан» хэмээн дурссан юм.
Ном түгээгчид орон сууцаар дэлгэрүүлж байгаад жижүүрт хөөгдөх нь олонтоо. Нэг удаа Англиас ирсэн хоёр Гэрч эмэгтэйг дэлгэрүүлж байтал байрны жижүүр ихэд уурлан хэнтэй уулзах гэж байгааг нь асуужээ. Хоёр Гэрчийн нэг нь жижүүрийг тайвшруулах аргаа олж ядахдаа нэг хаалган дээр бичиг байгааг харав. «Tournez le bouton [Хонх дарна уу]» гэж бичсэн байлаа. Энэ лав гэрийн эздийн овог биз гэж бодоод «Хатагтай “Хонх дарна уу”-тай уулзах гэсэн юм» гэж их л баясгалантай хэлжээ.
Идэвх зүтгэлтэй энэ ном түгээгчдэд алиа хошин зан нь их хэрэг болжээ!ХОМС ТАРЧИГ БАЙДАЛ, ГАНЦААРДАЛ СААД БОЛООГҮЙ
1930-аад онд Францын ард түмэн ядуу тарчиг амьдардаг байв. Гадаадаас ирсэн ном түгээгчдийг ч энэ зовлон тойроогүй. Тэр үед ямар байсан тухайгаа Мона Бшоска ярихдаа «Бидний амьдарч байсан байшингууд балар эртнийх. Хамгийн хэцүү нь өвөл халаалт байхгүй. Өглөө босоход өрөө цэв хүйтэн, вааран доторх ус тэс хөлдчихсөн байдаг болохоор нүүр гараа угаахаасаа өмнө мөсөө хагална» гэжээ. Тэр үеийн эхлэгчид тав тухгүй амьдралдаа сэтгэл дундуур явсан болов уу? Огтхон ч үгүй! «Бид өөрийн гэсэн юмгүй ч юугаар ч дутаж байгаагүй» гэж тэдний нэг нь ярьсан юм (Мат. 6:33).
Эрэлхэг зоригтой ном түгээгчдэд ганцаардалтай тэмцэх үе бас байжээ. Франц дахь дэлгэрүүлэгчдийн тоо 1930-аад оны эхээр 700-гаас хэтэрдэггүй байв. Ихэнх нь алс бөглүү нутгуудад үйлчилнэ. Тэд юуны ачаар баяр баясгалантай үйлчилж байсан бол? Найзтайгаа хамт алслагдсан газар эхлэгчээр үйлчилдэг байсан Мона: «Бид ганцаардлаа ялахын тулд Нийгэмлэгийн ном хэвлэлийг тогтмол хамт судалдаг байсан. Тэр үед [давтан уулзалт, Библийн хичээл нэг ч байгаагүй болохоор] орой нь гэрийнхэндээ, эхлэгч найзууддаа захиа бичиж сонин сайхнаа хуваалцан, нэг нэгнийгээ урамшуулдаг байлаа» хэмээн ярьжээ (1 Тес. 5:11).
Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй эдгээр ном түгээгчид ямар ч саадыг үл тоон үргэлж өөдрөг сэтгэлээр үйлчилдэг байсныг олон жилийн дараа салбарт бичсэн захидлууд нь баталдаг. 1931–1935 онд Францын дөрвөн зүг найман зовхист нөхөртэйгөө хамт очиж дэлгэрүүлсэн Ани Крежин гэдэг тослогдсон эгч тэр үеийнхээ тухай дурсан ийн бичжээ. «Бидний амьдрал хөгжилтэй, сонирхолтой явдлаар дүүрэн байлаа. Эхлэгчид зангидсан гар шиг эвсэг байсан. “Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм” гэж элч Паул хэлсэн байдаг шүү дээ. Олон жилийн өмнө бидний тарьж, усалсан үрийг Ехова ургуулсныг харахлаар ямар сайхан байдаг гээч!» (1 Кор. 3:6).
Дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохыг хүсдэг хойч үеийнхэндээ тэдгээр эхлэгч тэсвэр хатуужил, идэвх зүтгэлийн сайхан жишээ үлдээжээ. Эдүгээ Францад 14 000 орчим байнгын эхлэгч байна. Гадаад хэлний хурал, бүлгүүдэд үйлчилдэг хүн олон бий. * Өмнөх үеийн эхлэгчдэд наран доорх юу ч саад болж чадаагүй. Өнөөгийн эхлэгчдэд бас юу ч саад болохгүй! (Франц дахь манай архиваас).
^ д/м 4 Франц дахь польш цагаачдын дунд ном түгээгчид олон байсан бөгөөд тэд хэрхэн дэлгэрүүлдэг байсныг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 8-р сарын 15-ны дугаарын «Ехова үнэнийг мэдүүлэх гээд та нарыг Францад авчирсан байна» гэдэг өгүүллээс үзнэ үү.
^ д/м 13 2014 оны байдлаар Франц дахь салбарын харьяанд байдаг 70 хэлний 900 гаруй хурал, бүлэг чин сэтгэлтэй хүмүүст үнэнийг олоход нь тусалсан байна.