Skip to content

Гарчиг руу орох

Туршлага багатай эрчүүдийг хэрхэн сургах вэ?

Туршлага багатай эрчүүдийг хэрхэн сургах вэ?

«Надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга» (2 ТИМ. 2:2).

1. а) Бурхны үйлчлэгчид бусдад зааж сургах талаар юуг эртнээс мэддэг байсан бэ? Орчин үед яадаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

БУСДАД зааж сургах нь амжилтад хүргэдгийг Бурхны үйлчлэгчид эртнээс мэддэг байжээ. Жишээ нь Абрам «бэлтгэгдсэн» хүмүүсээ авч яваад Лотыг аварсан (Эх. 14:14–16). Давид хааны үед «ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн» хүмүүс Бурхныг магтан алдаршуулдаг байжээ (Ш.дээд 25:7). Эдүгээ бид Сатан болон түүний талынхантай дайтаж байна (Еф. 6:11–13). Үүний зэрэгцээ Еховаг магтан алдаршуулахын төлөө хичээж мэрийдэг (Евр. 13:15, 16). Тиймд амжилтад хүрье гэвэл Бурхны эртний үйлчлэгчдийн адилаар бэлтгэгдэх шаардлагатай. Ехова туршлага багатай эрчүүдэд зааж сургах ажлыг ахлагчдад даалгасан (2 Тим. 2:2). Хурлынхаа эрчүүдийг Бурхны ард түмэнд санаа тавих чадвартай болгохын тулд туршлагатай ахлагчид ямар арга хэрэглэдэг вэ?

СУРАЛЦАГЧАА ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНО БОЛГООРОЙ

2. Суралцагчдаа заахын өмнө ахлагч юу хийж болох вэ? Яагаад?

2 Ахлагчийг цэцэрлэгчтэй зүйрлэж болох юм. Цэцэрлэгч үр суулгахаасаа өмнө хөрсийг шалгаж илүү үржил шимтэй болгохын тулд бордох хэрэгтэй эсэхийг мэддэг. Үүнтэй адилаар ахлагч та, туршлага багатай эрчүүдэд зааж сургахаасаа өмнө Библийн зарчмуудын талаар ярилцаарай. Ингэвэл таны заах зүйлийг суралцагч тань зүрх сэтгэлдээ амархан шингээх биз ээ (1 Тим. 4:6).

3. а) Марк 12:29, 30-д бичсэн Есүсийн үгийг ашиглан суралцагчтайгаа хэрхэн ярилцаж болох вэ? б) Багшийнх нь залбирал суралцагчид нь ямар нөлөөтэй вэ?

3 Суралцагч Библийн үнэнийг мэддэг болсноор бодол санаа, үйл хэрэг нь хэр зэрэг өөрчлөгдсөнийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд, «Еховад өөрийгөө зориулаад яаж амьдрахаар шийдсэн бэ?» гэж асуугаарай. Еховад бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэхийн тулд яах хэрэгтэйг ярилцахад ийм асуулт тус болно (Марк 12:29, 30-ийг уншина уу). Яриагаа дуусгаад суралцагчтайгаа хамт залбираарай. Сайтар бэлтгэгдэхэд нь тусалж ариун сүнсээ өгөхийг Еховагаас гуйгаарай. Өөрийнх нь төлөө ийнхүү чин сэтгэлээсээ залбирахыг сонсоод суралцагч тань цаашид ихийг хийж бүтээх урам зоригтой болно.

4. а) Суралцагч хүнд ахиж дэвшихэд нь тус болох Библийн түүхийг ярина уу. б) Ахлагчид туршлага багатай эрчүүдийг сургахдаа ямар зорилго тавих хэрэгтэй вэ?

4 Хамгийн түрүүнд тусч, найдвартай, даруу байх хэрэгтэйг ойлгуулах Библийн түүхийг суралцагчтайгаа ярилцаарай (Х.дээд 19:19–21; Нех. 7:2; 13:13; Үйлс 18:24–26). Хөрсөнд бордоо хэрэгтэй байдаг шиг эдгээр зан чанар амин чухал. Хурдан ахиж дэвшихэд тустай. Францад ахлагчаар үйлчилдэг Жан Клод: «Би суралцагчаа Библийн зарчимд үндэслэн зөв шийдвэр гаргадаг хүн болгох зорилго тавьдаг. Библийн нэг зүйлийг хамт уншаад, Бурхны Үгэнд байдаг “гайхамшигт зүйлсийг” ойлгуулахыг хичээдэг» гэж хэлсэн юм (Дуу. 119:18). Суралцагчаа сайтар бэлтгэх өөр ямар арга байна вэ?

ЗОРИЛГО ТАВИУЛЖ, УЧРЫГ НЬ ТАЙЛБАРЛААРАЙ

5. а) Еховад яаж үйлчилье гэж бодож байгааг нь суралцагчаасаа яагаад асуух хэрэгтэй вэ? б) Хөвгүүдийг эртнээс сургах хэрэгтэйн учир юу вэ? (Зүүлт үзнэ үү).

5 Еховад яаж үйлчилье гэж бодож байгааг нь суралцагчаасаа асуугаарай. Тодорхой зорилгогүй бол хүрч болох зорилго тавихад нь туслаарай. Та өөрөө ямар зорилго тавьж байсан, түүндээ хүрээд яаж баярлаж байснаа урам зоригтой яриарай. Энэ арга энгийн хэрнээ үр дүнтэй. Африкт эхлэгчээр үйлчилдэг Виктор гэдэг ахлагч: «Намайг арван хэдтэй байхад нэг ахлагч ямар зорилго тавьсныг минь асууж билээ. Түүнээс хойш би Еховад үйлчлэх талаар нухацтай боддог болсон» гэсэн юм. Өсвөр насны хөвгүүдэд насанд нь тохирсон ажил даалган эртнээс сургаж бэлтгэх нь чухал гэж туршлагатай ахлагч нар хэлдэг. Ингэвэл том болоод, анхаарал сарниулах юм их байсан ч зорилгоосоо няцахгүй байхад нь тустай байдаг (Дуулал 71:5, 17-г уншина уу). *

Яагаад хийх ёстойг нь тайлбарлаарай. Хичээл зүтгэл гаргахад нь магтаарай (5–8-р догол мөрийг үзнэ үү)

6. Есүс бусдыг сургахдаа ямар чухал арга хэрэглэдэг байсан бэ?

6 Еховад үйлчлэх хүслийг нь бадраахын тулд юу хийхийг төдийгүй яагаад хийх хэрэгтэйг суралцагчдаа тайлбарлаж өгөөрэй. Агуу Багш Есүс бас ингэдэг байсан. Жишээлбэл элч нартаа шавь бэлдэх даалгавар өгөхийнхөө өмнө яагаад энэ даалгаврыг биелүүлэх хэрэгтэйг тайлбарлаж «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн» гэсэн. Тэгээд цааш нь «Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» гэж айлджээ (Мат. 28:18, 19). Есүсийг хэрхэн дууриах вэ?

7, 8. а) Ахлагчид Есүсийг хэрхэн дууриах вэ? б) Суралцагчаа магтах нь хэр чухал бэ? в) Ямар зөвлөгөөг дагавал бусдыг сургахад тус болох вэ? ( «Бусдыг сургах нь» гэсэн хавсралт үзнэ үү).

7 Гэрч эрэгтэйд ямар нэг ажил даалгаад, энэ нь яагаад чухал болохыг Библид үндэслэн тайлбарлаж өгөөрэй. Ингэвэл Библийн зарчмыг боддог болоход нь тустай. Жишээлбэл та суралцагчдаа Хаанчлалын танхимын үүдний хэсгийг цэвэрлэх даалгавар өглөө гэж бодъё. Тит 2:10-ыг үзүүлээд, Хаанчлалын танхимаа өнгө үзэмжтэй байлгавал хүмүүс «Аврагч Бурхны сургаалыг ... хүндэтгэнэ» гэдгийг тайлбарлаарай. Бас хурлынхаа өндөр настай Гэрчүүдийн тухай сануулж тэдэнд ямар ач тустайг бодуулаарай. Ингэж ярилцвал суралцагч хууль дүрмийг бус, хүмүүсийг боддог болно. Хийсэн ажлынх нь үр шимийг итгэл нэгтнүүд нь хүртэж байгааг хараад баярлах нь дамжиггүй.

8 Зөвлөгөөг тань дагах гэж хичээл зүтгэл гаргасныг нь магтаарай. Энэ нь хэр чухал бэ? Ургамлыг услахад улам сайн ургадаг шиг суралцагчаа чин сэтгэлээсээ магтвал улам ахиж дэвшинэ (Матай 3:17-той харьцуулна уу).

СААД

9. а) Өндөр хөгжилтэй оронд амьдардаг ахлагчдад ямар саад тулгардаг вэ? б) Гэрч залуучууд яагаад Бурханд үйлчлэхийг гол зорилгоо болгодоггүй вэ?

9 Өндөр хөгжилтэй улс оронд амьдардаг ахлагчдад нэг саад тулгардаг. Хорин хэд юм уу гучин хэдтэй Гэрч эрчүүдэд хурлынхаа үйл хэрэгт идэвхтэй оролцдог болохыг зөвлөх нь тэдэнд амаргүй байдаг ажээ. Залуу эрчүүд хуралд хариуцлагатай үүрэг хүлээхээс яагаад цааргалдгийг барууны 20 гаруй орны туршлагатай ахлагч нараас асуусан юм. Хүүхэд байхад нь тэдний эцэг эхчүүд Еховад үйлчлэх зорилго тавихыг уриалдаггүй байжээ. Тийм зорилго тавихыг хүссэн нэгнийг эцэг эхчүүд нь дэмжихийн оронд дээд боловсролтой, сайн ажил төрөлтэй болохыг зөвлөдөг байсан гэнэ. Тиймээс Бурханд үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болгож байгаагүй ажээ (Мат. 10:24).

10, 11. а) Гэрч эрэгтэйд бодлоо өөрчлөхөд нь ахлагч хэрхэн туслах вэ? б) Тэр хүнд Библийн ямар зүйлийг үзүүлээд ярилцаж болох вэ? Яагаад? (Зүүлт үзнэ үү).

10 Гэрч эрэгтэй хурлынхаа төлөө илүү ихийг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлгүй юм шиг бол яах вэ? Бодлоо өөрчлөхөд нь туслах амаргүй ч багагүй хүчин зүтгэл, тэвчээр гаргавал үр дүнд хүрнэ. Цэцэрлэгч ургамлыг сайн ургуулахын тулд ишийг нь бага багаар тэгшилдэг шиг, хариуцлагатай үүрэг хүлээе гэж боддог болоход нь тийм хүмүүст бага багаар туслаарай. Яаж туслах вэ?

11 Дотно найзууд болохын тулд цаг зав гаргаарай. Хуралд хэрэгтэй хүн гэдгийг ойлгуулаарай. Хамт сууж Библийн зүйлийг тайлбарлан Еховад өөрийгөө зориулсных нь учрыг бодуулаарай (Ном. 5:4; Ис. 6:8; Мат. 6:24, 33; Лук 9:57–62; 1 Кор. 15:58; 2 Кор. 5:15; 13:5). «Чи Еховад өөрийгөө зориулж байхдаа юу гэж амласан бэ?» гэж асуугаарай. «Чамайг баптисм хүртдэг өдөр Еховад ямар санагдсан бол? (Сур. 27:11). Сатанд ямар санагдсан бол? (1 Петр 5:8)» гэж асуугаад сэтгэлийг нь хөдөлгөхийг хичээгээрэй. Дээрх зүйлүүдийг Библиэс уншуулах нь сайн бөгөөд тэр хүний зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлнө (Еврей 4:12-ыг уншина уу). *

СУРАЛЦАГЧИД АА, БАГШДАА ҮНЭНЧ БАЙГААРАЙ

12, 13. а) Елиша суралцагчийн хувьд ямар хүн байсан бэ? б) Ехова Елишаг үнэнч байсных нь төлөө хэрхэн ивээсэн бэ?

12 Гэрч хөвгүүд, залуус аа, хуралд та нарын тус дэм их хэрэгтэй шүү! Та бүхэн хуралдаа хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн болохын тулд ямар байх хэрэгтэй вэ? Дээр үед амьдарч байсан нэг хүнд тохиолдсон явдлыг ярилцъя.

13 Бараг 3 000 жилийн өмнө зөнч Елиа Елиша гэдэг залууг туслахаа болгохыг хүсжээ. Елиша ч хүсэлтийг дор нь хүлээн авч зөнчийн гар хурууны үзүүрт зарагдан, үнэнч үйлчлэх болов (Х.дэд 3:11). Елиад шавь ороод зургаан жил өнгөрчээ. Тэгтэл багш нь Израильд хийх ёстой ажлаа дуусгаад тэндээс явах болсон тул Елишаг үлдэхийг ятгав. Гэвч туслах нь: «Би таныг орхихгүй» гэж гурван удаа хэлдэг. Багштайгаа аль болох удаан хамт байхаар шийдсэн ажээ. Тийм үнэнч, итгэмжтэй байсан тул Ехова Елишаг ивээж, хуй салхи хөлөглөн яваа зөнч Елиаг харуулжээ (Х.дэд 2:1–12).

14. а) Суралцагчид Елишаг хэрхэн дууриах вэ? б) Суралцагч үнэнч байх нь яагаад чухал бэ?

14 Елишаг хэрхэн дууриах вэ? Ахлагч ямар ч даалгавар өгсөн шууд хүлээж аваарай. Багшийгаа найзаа гэж үзээрэй. Таны төлөө хичээл зүтгэл гаргадагт нь талархаж явдгаа хэлээрэй. Ингэдэг бол «Би таныг орхихгүй» гэж хэлж байгаатай адил юм. Хамгийн гол нь, үнэнч байж даалгавраа сэтгэлээсээ биелүүлж байгаарай. Энэ нь их чухал. Яагаад гэвэл таныг үнэнч, найдвартай хүн гэдгээ ийнхүү баталбал танд илүү хариуцлагатай үүрэг оноохыг Ехова хүсэж байгааг ахлагч нар ойлгоно (Дуу. 101:6; 2 Тимот 2:2-ыг уншина уу).

БАГШИЙГАА ХҮНДЛЭЭРЭЙ

15, 16. а) Елиша багшийгаа хүндэлдэг байсан нь юунаас харагддаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Бусад зөнч Елишаг яагаад хүндэлдэг болсон бэ?

15 Гэрч эрэгтэйчүүд туршлагатай ахлагчдыг зохих ёсоор хүндлэх хэрэгтэйг Елишагийн түүх харуулдаг. Елиа Елиша хоёр Иериход очиж хэсэг зөнчтэй уулзаад Иордан гол руу явжээ. Тэнд очоод «Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсан». Дараа нь тэр хоёр хуурай газраар гатлангаа «ярилцсаар явсан». Елиша бүх юмыг мэддэг болчихсон гэж бодож байгаагүй нь үүнээс харагддаг. Елиагийн хэлсэн үг бүрийг зүрх сэтгэлдээ шингээх гэж хичээж байв. Дараа нь Елиа хуй салхинд туугдан дээшээ явсан. Елиша буцаад Иордан гол дээр очиж Елиагийн хувцсаар ус цохин, «Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ?» хэмээн хашгирав. Тэгтэл голын ус дахин хуваагджээ (Х.дэд 2:8–14).

16 Елишагийн үйлдсэн анхны гайхамшиг нь Елиагийн үйлдсэн сүүлчийн гайхамшигтай яг адилхан байсныг та анзаарсан уу? Эндээс юу ойлгож болох вэ? Одоо би эрх мэдэлтэй болчихсон юм чинь Елиагийн хийснээс өөрөөр хийе гэж Елиша бодоогүй. Харин ч багшийнхаа арга барилыг дууриасан. Хэдэн зөнч үүнийг хараад Елишаг хүндэлдэг болжээ (Х.дэд 2:15). Елиша 60 жил зөнчөөр үйлчилсэн бөгөөд Ехова түүнд Елиагийн үйлдсэнээс илүү олон гайхамшиг үйлдэх чадвар хайрласан. Суралцагч та нар эндээс ямар сургамж авч байна вэ?

17. а) Суралцагчид Елишаг хэрхэн дууриах вэ? б) Үнэнч суралцагчдыг Ехова хэрхэн ивээх вэ?

17 Хариуцлагатай үүрэг хүлээж авсан бол тухайн ажлыг ах нарын хийдэг байснаас өөрөөр, цоо шинэ аргаар хийе гэж бүү бодоорой. Өөрчлөх хэрэгтэй байлаа ч өөрийнхөө хүссэнээр бус, хурлын хэрэгцээ шаардлагад тохируулан Еховагийн байгууллагаас өгсөн зааврын дагуу өөрчлөөрэй. Елиша Елиагийн аргыг хэрэглэн багшийгаа хүндэлдгээ харуулж бусад зөнчийн итгэлийг олсон шүү дээ. Үүнтэй адилаар, та туршлагатай ахлагчдын хэрэглэдэг Библид үндэслэсэн аргыг хэрэглээд байвал тэднийг хүндэлдгээ харуулна. Бас хурлын ах дүүсийнхээ итгэлийг олно (1 Коринт 4:17-г уншина уу). Еховагийн байгууллага үргэлж урагш давшиж байдаг учраас хурлын арга хэмжээг яваандаа өөрчлөх хэрэг гарвал та оролцох биз ээ. Ехова Елишаг ивээсэн шигээ таныг бас ивээж багш нарын тань хийж байснаас илүү хариуцлагатай ажил даалгана (Иох. 14:12).

18. Туршлага багатай эрчүүдийг сургах нь өнөөдөр яагаад хойшлуулшгүй чухал болоод байна вэ?

18 Энэ болон өмнөх өгүүллийг судлаад илүү олон ахлагч бусдыгаа сургах цаг зав гаргана гэж найдаж байна. Бас туршлага багатай эрчүүд дуртайяа заалгаж Еховагийн хоньдын төлөө тэр мэдлэг чадвараа зөв ашиглана гэдэгт итгэж байна. Ингэвэл дэлхий дахинд буй хурлууд гуйвшгүй бат болж, хүн бүр үнэнч байж, тун дөхөж буй эгзэгтэй цаг үеийг эсэн мэнд давна.

^ д/м 5 Гэрч хөвгүүд хурлын гишүүдэд санаа тавихад хэрэг болох зан чанартай, тухайлбал төлөвшсөн, даруу бол 20 хүрээгүй байсан ч туслах үйлчлэгчид нэр дэвшүүлж болно (1 Тим. 3:8–10, 12).

^ д/м 11 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 4-р сарын 15-ны 14–16-р хуудасны 8–13-р догол мөр; «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 16-р бүлгийн 1–3-р догол мөрд байгаа хэсгийг ярилцаж болох юм.