Skip to content

Гарчиг руу орох

Есүс шиг даруу, өрөвч нигүүлсэнгүй байя

Есүс шиг даруу, өрөвч нигүүлсэнгүй байя

«Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» (1 ПЕТР 2:21).

1. Есүсийг дууриавал Еховатай улам дотносно гэхийн учир юу вэ?

 ЕР НЬ хүн биширч хүндэтгэдэг хүнээ дууриадаг. Дууриавал зохих хамгийн агуу үлгэр жишээ үзүүлсэн хүн бол Есүс Христ юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Есүс өөрийнхөө тухай нэгэнтээ «Намайг харсан хүн Эцэгийг харсан» гэж хэлжээ (Иох. 14:9). Тэрбээр зан чанараараа Эцэгтэйгээ туйлын адилхан. Тийм болохоор Есүсийн тухай судлахлаар Эцгийг нь харж байгаа мэт байдаг. Бид Есүсийг дууриавал орчлонт ертөнцийн хамгийн агуу Нэгэн Еховатай улам дотносно. Бурхны Хүүг дууриах нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм!

2, 3. а) Ехова яагаад Есүсийн талаар бичүүлсэн бэ? Бурхан биднээс юу хүсдэг вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

2 Тэгвэл Есүсийн ямар хүн байсныг хаанаас мэдэх вэ? Библиэс мэдэж болно. Ехова Хүүгийнхээ талаар Христиан Грек Сударт дэлгэрэнгүй бичүүлсэн байдаг. Хүүг нь таньж мэдээд, дагаж дууриагаасай гэсэндээ тэр (1 Петр 2:21-ийг уншина уу). Есүсийн үлдээсэн жишээг Библид «мөр» гэдэг. Өөрөөр хэлбэл, миний Хүүгийн мөрөөр алдалгүй дагаарай гэж Ехова бидэнд хэлж байгаа хэрэг юм. Есүсийн үлдээсэн төгс жишээг бид төгс дагаж чадахгүй нь үнэн. Ехова ч ингэхийг шаарддаггүй. Харин төгс бус ч гэсэн чадлынхаа хэрээр дууриагаасай гэж хүсдэг.

3 Есүсийн сайхан зан чанаруудаас заримыг нь үзье. Энэ өгүүллээр даруу зан, өрөвч нигүүлсэнгүй сэтгэлийнх нь талаар, дараагийн өгүүллээр эр зориг, хэрсүү ухааных нь талаар ярилцъя. Ингэхдээ тухайн зан чанартай хүнийг хэрхэн тодорхойлдгийг үзэж, Есүс хэрхэн илэрхийлсэн, бид яаж дууриаж болохыг бодоцгооё.

ЕСҮС ДАРУУ ЗАНТАЙ

4. Ямар хүнийг даруу гэх вэ?

4 Ямар хүнийг даруу гэх вэ? Бардам хүмүүс олширсон өнөөгийн нийгэмд сул дорой, өөртөө итгэлгүй хүнийг даруу гэж үзэх нь бий. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Даруу байхын тулд харин ч сэтгэлийн тэнхээтэй, эр зоригтой байх хэрэгтэй болдог. Даруу хүн хэзээ ч бардам ихэмсэг, омгорхог сагсуу зан гаргадаггүй. Хүн өөрийгөө юу гэж боддогоос даруу эсэх нь харагддаг. «Бурхны дэргэд ямар өчүүхэн гэдгээ ойлгодог бол даруу байна гэсэн үг» хэмээн Библийн нэг тольд тайлбарлажээ. Үнэхээр даруу хүн өөрийгөө бусдаас дээр гэж үздэггүй (Ром 12:3). Төгс бус хүний хувьд үргэлж даруу байна гэдэг амаргүй. Гэхдээ Бурханд ямар харагддагаа эргэцүүлэн бодож, Хүүгийнх нь мөрөөр дагадаг бол даруу байж сурна.

5, 6. а) Тэргүүн тэнгэр элч Михаел гэж хэн бэ? б) Михаел даруу зантай нь юунаас харагддаг вэ?

5 Бурхны Хүү Есүс даруу занг хэрхэн илэрхийлсэн бэ? Тэнгэрт байхдаа ч, дэлхий дээр ирээд ч даруу байсныг нь батлах олон жишээ Бурхны Үгэнд бий. Заримаас нь авч үзье.

6 Сэдэл хандлагаараа. Есүс хүн болохоосоо өмнө ямар байсныг «Иуда» номын 9 дүгээр зүйлд бичжээ (Иуда 9-ийг уншина уу). Тэргүүн тэнгэр элч Михаел буюу Есүс «диаволтай сөргөлдөж Мосегийн биеийн талаар маргалддаг». Мосег нас барсны дараа Ехова цогцсыг нь хэний ч мэдэхгүй газар тавьсан (Д.хууль 34:5, 6). Диавол хуурамч шашныг түгээн дэлгэрүүлэхийн тулд Мосегийн цогцсыг ашиглах санаатай байсан байх. Гэхдээ ямар ч хорон төлөвлөгөө боловсруулсан Михаел түүнийг зоригтой эсэргүүцсэн. «Сөргөлдөх», «маргалдах» гэж орчуулсан грек үгээр бас шүүхээр шийддэг маргааныг хэлдэг тул «Мосегийн цогцсыг авах эрх байхгүйг Диаволд сануулсан» бололтой гэж нэгэн бүтээлд тайлбарлажээ. Диаволыг шүүх эрх өөрт нь бус, Хамгийн дээд Шүүгч Еховад байгааг Тэргүүн тэнгэр элч хүлээн зөвшөөрсөн. Михаел өдөөн хатгуулсан ч эрх мэдлээ урвуулан ашиглаагүй. Юутай даруу вэ!

7. Есүс даруу зантай нь үг яриа, үйл хэргээс нь хэрхэн харагддаг вэ?

7 Есүс дэлхий дээр байхдаа ч даруу байсан нь үг яриа, үйл хэргээс нь харагддаг. Үг яриагаараа. Тэрбээр өөрийгөө хэзээ ч дөвийлгөж байгаагүй. Харин Эцгээ алдаршуулж хүмүүсийн анхаарлыг Эцэг рүүгээ хандуулдаг байсан (Марк 10:17, 18; Иох. 7:16). Шавь нартайгаа ярихдаа дээрэнгүй өнгө аяс цухуйлгах юм уу дорд үзэж байсан удаагүй. Тэднийг хүндэтгэж, сайн талыг нь магтаж, итгэж найддагаа илэрхийлдэг байв (Лук 22:31, 32; Иох. 1:47). Үйл хэргээрээ. Есүс эд хогшил, мөнгө төгрөгийг чухалд үзэлгүй эгэл даруу амьдардаг байв (Мат. 8:20). Хар бор ямар ч ажлыг дуртайяа хийдэг байсан (Иох. 13:3–15). Тэрбээр дуулгавартай байсан нь даруу зантайн шинж юм (Филиппой 2:5–8-ыг уншина уу). Ихэмсэг бардам хүмүүс дуулгавартай байх тухай боддог ч үгүй бол, Есүс даруухан байж Бурханд захирагдан «үхэлд ч хүртэл дуулгавартай байсан». Үнэхээр «зүрх сэтгэлдээ дөлгөөн» хүн байгаа биз? (Мат. 11:29).

ЕСҮС ШИГ ДАРУУ БАЙЯ

8, 9. Даруу хүн ямар байдаг вэ?

8 Бид яавал Есүс шиг даруу байх вэ? Сэдэл хандлагаараа. Даруу хүн эрх мэдлээ урвуулан ашигладаггүй. Бусдыг шүүх эрхгүйгээ ойлгодог учраас нэгнийгээ алдаж эндэхэд нь шүүмжлэхийг урьтал болгодоггүй. Ямар нэг юм хийхэд нь хардаж сэрддэггүй (Лук 6:37; Иак. 4:12). Даруу хүн «хэт шударга» загнадаггүй учраас авьяас чадваргүй эсвэл хариуцлагатай үүрэг хүлээдэггүй нэгнээ дорд үздэггүй (Ном. 7:16). Даруу зантай ахлагчид өөрсдийгөө итгэл нэгтнүүдээсээ илүү гэж боддоггүй. Харин ч тэднийг «өөрөөсөө дээр гэж үзэн» «хамгийн өчүүхэн нь» мэт байдаг (Флп. 2:3; Лук 9:48).

9 Нэг жишээ авъя. В. Ж. Торн 1894 оноос эхлэн пилгрим буюу явуулын харгалзагчаар олон жил үйлчилжээ. Дараа нь Нью-Йорк дахь манай байгууллагын фермд томилогдож тахианы байранд ажиллах болсон байна. «Биеэ тоох гээд байвал, “Чи тоосны өчүүхэн ширхэг шүү дээ. Чамд бардамнаад байх юм юу байгаа юм бэ?” гэж өөртөө хэлдэг байлаа» хэмээн тэрбээр дурссан байдаг (Исаиа 40:12–15-ыг уншина уу). Үүнийг л даруу зан гэнэ дээ!

10. Даруу хүний үг яриа, үйл хэрэг нь ямар байдаг вэ?

10 Үг яриагаараа. Сэтгэл зүрхнийхээ угаас даруу байдаг бол энэ нь үг ярианаас харагдана (Лук 6:45). Тийм хүн гаргасан ололт амжилт, давуу талаа л яриад байдаггүй (Сур. 27:2). Харин христиан ах дүүсийнхээ сайн талыг олж харан, сайхан зан чанар, авьяас чадвар, амжилт бүтээлийг нь өндөр үнэлж, магтан урамшуулдаг (Сур. 15:23). Үйл хэргээрээ. Даруу зантай христианууд энэ ертөнцөд байр суурь, алдар нэртэй болох тухай огтхон ч боддоггүй. Харин Ехова Бурхныхаа үйл хэрэгт өөрийгөө бүрэн дайчлахын тулд эгэл даруу амьдарч, хар бор гэгддэг ажлыг ч гололгүй хийдэг (1 Тим. 6:6, 8). Түүнээс гадна даруу хүн дуулгавартай байдаг. «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдан», Еховагийн байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөг дагахын тулд даруу байх хэрэгтэй (Евр. 13:17).

ЕСҮС ӨРӨВЧ НИГҮҮЛСЭНГҮЙ

11. Өрөвч нигүүлсэнгүй сэтгэл гаргана гэж яахыг хэлдэг вэ? Тайлбарлана уу.

11 Өрөвч нигүүлсэнгүй сэтгэл бол хайрын нэг илрэл юм. Ехова Есүс хоёрыг туйлын өрөвч нигүүлсэнгүй, хайраар дүүрэн гэж Библид бичсэн байдаг (Лук 1:78; 2 Кор. 1:3; Флп. 1:8). Нигүүлсэнгүй сэтгэл гаргадаг байхыг Бурхны Үг бидэнд уриалдаг. Энэ талаар Библийн нэг тайлбар тольд «Энэ нь гачигдал зовлонтой хүмүүсийг зүгээр нэг өрөвдөхийг уриалсан хэрэг биш юм. Санаа тавин гар бие оролцож, тусалж дэмжихийг хэлж байна. Ингэвэл бусдын амьдралд шинэ зам нээж өгнө» гэжээ. Нигүүлсэнгүй сэтгэл хүнийг хөдөлгөх хөшүүрэг болдог. Тийм хүн бусдад сайнаар нөлөөлөх зүйлийг хийдэг.

12. Есүсийн өрөвч нигүүлсэнгүй нь юунаас харагддаг вэ?

12 Есүсийн өрөвч нигүүлсэнгүй нь юунаас харагддаг вэ? Сэдэл хандлага ба үйл хэргээрээ. Есүс бусдыг өрөвддөг байв. Нэг удаа найз Мариа дээрээ очиход ах Лазарыгаа алдаад гашуудан уйлж байлаа. Өөр олон хүн уй гашуу болж байсан. Үүнийг хараад Есүс уйлдаг (Иохан 11:32–35-ыг уншина уу). Дараа нь тэднийг ихэд өрөвдсөндөө бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан шигээ Лазарыг амилуулжээ (Лук 7:11–15; Иох. 11:38–44). Ийнхүү өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн Лазарын амьдралд шинэ зам нээж өгөх буюу тэнгэрт амьдрах найдвар бэлэглэсэн. Бүр өмнө нь «өөр дээр нь ирсэн үй олон хүнийг хараад тэднийг өрөвддөг». Тэгээд «олон зүйлийг зааж эхлэв» гэж байдаг (Марк 6:34). Сургаалыг нь сонсоод сахидаг болсон хүмүүсийн амьдрал хэчнээн их өөрчлөгдсөн бол оо! Есүс бусдыг зүгээр л дотроо өрөвдөөд болчихоогүйг анхаарах хэрэгтэй. Өөрөө санаачилга гаргаж хүмүүст тусалдаг байсан (Мат. 15:32–38; 20:29–34; Марк 1:40–42).

13. Есүс хүмүүстэй яаж аядуу зөөлөн ярьдаг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

13 Үг яриагаараа. Есүс өрөвч нигүүлсэнгүй сэтгэлтэй учир бусадтай, ялангуяа, гуньж гутарсан хүмүүстэй аядуу зөөлөн ярьдаг байв. Исаиа: «Тэрээр бяцлагдсан хулсыг хугачихгүй, мөн асаж ядан буй зулыг ч унтраахгүй» гэж бичжээ. Энэ үг Есүст хамаатай болохыг Матай хэлсэн (Ис. 42:3; Мат. 12:20). Бяцлагдсан хулс, асаж ядан буй зултай зүйрлэм хүмүүс Есүсийн яриаг сонсоод сэтгэл нь сэргэдэг байжээ. Есүс «шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээх» сайн мэдээ дэлгэрүүлж, итгэл найдвар төрүүлдэг байв (Ис. 61:1). «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүсийг» өөр лүүгээ ирэхийг уриалж, «Та нар сэтгэлдээ амралтыг олох болно» гэжээ (Мат. 11:28–30). Бурхан үйлчлэгч нэг бүрээ, түүний дотор «багачууд» буюу ертөнцийхний хувьд чухал биш гэгддэг хүмүүсийг хайрлан халамжилдгийг дагалдагчдадаа батлан хэлсэн (Мат. 18:12–14; Лук 12:6, 7).

ЕСҮС ШИГ ӨРӨВЧ НИГҮҮЛСЭНГҮЙ БАЙЯ

14. Бусдыг өрөвддөг болохын тулд яах хэрэгтэй вэ?

14 Есүс шиг өрөвч нигүүлсэнгүй байхын тулд яах хэрэгтэй вэ? Сэдэл хандлагаараа. Бид хар аяндаа өрөвч нигүүлсэнгүй болчихгүй. Ийм болохын тулд хичээж мэрийх шаардлагатай. Бүх христиан шинэ хүнийг, түүний дотор, «өрөвч зүрхийг ... өмсөх» ёстой (Колоссай 3:9, 10, 12-ыг уншина уу). Бусдыг өрөвддөг болохын тулд яах хэрэгтэй вэ? Зүрх сэтгэлээ «өргөнөөр нээгээрэй» (2 Кор. 6:11–13). Хүн сэтгэлээ уудалж, зовлонгоо яривал анхааралтай сонсоорой (Иак. 1:19). «Би энэ хүний оронд байсан бол яах байсан бэ? Юу хүсэх байсан бол?» гэж өөрөөсөө асуугаад төсөөлөн бодоорой (1 Петр 3:8).

15. Бяцлагдсан хулс, асаж ядан буй зултай зүйрлэм хүмүүст хэрхэн туслах вэ?

15 Үйл хэргээрээ. Өрөвч хүн бусдад сайнаар нөлөөлөх зүйл хийдэг. Бяцлагдсан хулс, асаж ядан буй зултай зүйрлэм хүмүүст хэрхэн туслах вэ? Ром 12:15-д «Уйлж буй хүмүүстэй хамт уйл» гэж байдаг. Гуньж гутарсан хүмүүст олон юм хэлснээс зовлонг нь ойлгож байгаагаа мэдрүүлэх нь чухал. Нэг Гэрч эмэгтэйг охиноо алдахад итгэл нэгтнүүд нь тайвшруулжээ. Тэрбээр: «Найзууд маань хүрч ирээд надтай хамт уйлахад сайхан санагдсан» гэжээ. Түүнээс гадна, нигүүлсэнгүй сэтгэлийн үйлс хийгээрэй. Жишээлбэл, хурлын тань бэлэвсэн эмэгтэйн гэрт засаж янзлах юм байвал туслаарай. Цуглаандаа явах, дэлгэрүүлэх, эмчид үзүүлэхэд нь настангууддаа унаагаар үйлчилж болохгүй нь юу билээ? Ийнхүү гачигдал зовлонтой нэгнийхээ төлөө өчүүхэн ч гэсэн юм хийж өгөхөд л ихээхэн тус болдог (1 Иох. 3:17, 18). Бас бусдыг өрөвддөг хүн дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцдог. Чин сэтгэлтэй хүмүүст туслах хамгийн сайн арга үүнээс өөр байхгүй.

Та итгэл нэгтнүүддээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг уу? (15-р догол мөрийг үзнэ үү)

16. Гутарсан хүмүүсийг хэрхэн зоригжуулах вэ?

16 Үг яриагаараа. Өрөвч нигүүлсэнгүй хүн «хулчгар [«гутарсан», ШЕ] хүмүүсийг зоригжуулдаг» (1 Тес. 5:14). Яаж зоригжуулдаг вэ? Чин сэтгэлээсээ санаа тавьж баярлуулдаг. Авьяас чадвар, сайхан зан чанараа олж харахад нь тусалж магтаалын үгийг харамгүй хэлдэг. Ехова өөрөө тэднийг Хүү рүүгээ татсан учраас маш их үнэ цэнэтэй гэж үздэгийг хэлж сануулдаг (Иох. 6:44). «Эмтэрсэн зүрхтэй», «сүнсээрээ гэмшдэг» үйлчлэгчдэдээ Ехова үнэхээр санаа тавьдгийг тэдэнд батлан хэлдэг (Дуу. 34:18). Ийнхүү аядуу зөөлөн яривал гуньж гутарсан нэгнийхээ сэтгэлийн шархыг эдгээнэ (Сур. 16:24).

17, 18. а) Ехова ахлагчдаас юу хүсдэг вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Ахлагчид аа, та бүхэн Еховагийн хоньдод энэрэнгүй зөөлөн хандаж байгаарай. Үүнийг Ехова хүсдэг (Үйлс 20:28, 29). Хурлын гишүүдийг удирдан чиглүүлж, урамшуулан зоригжуулах нь та нарын үүрэг гэдгийг санаарай (Ис. 32:1, 2; 1 Петр 5:2–4). Өрөвч нигүүлсэнгүй ахлагч дүрэм зохиох, алдаан дээр нь дөрөөлөн хэр чадлаас нь хэтэрсэн юм шаардах зэргээр итгэл нэгтнүүдээ эрхэндээ оруулдаггүй. Харин ч тэднийгээ баярлуулахыг хичээдэг бөгөөд Еховаг хайрлах хайрандаа хөтлөгдөн чадлынхаа хэрээр үйлчилдэгт нь итгэдэг (Мат. 22:37).

18 Есүсийн даруу зан, өрөвч нигүүлсэнгүй сэтгэлийн тухай эргэцүүлэн бодохлоор мөрөөр нь алдалгүй дагах хүсэл төрж байгаа биз дээ? Дараагийн өгүүллээр Есүсийн эр зориг, хэрсүү ухааны тухай авч үзнэ.