Skip to content

Гарчиг руу орох

Манай Архиваас

Наран улсад үүр цайсан нь

Наран улсад үүр цайсан нь

Илтгэлийн тухай зарлалын хуудсыг Токиод тарааж, Оосакагийн дээрээс онгоцоор цацсан

АМЕРИКИЙН Нэгдсэн Улсад амьдардаг япон гаралтай пилгрим (явуулын харгалзагч) 1926 оны 9 дүгээр сарын 6-нд Японд миссионерээр очив. «Харуулын цамхаг» сэтгүүлийг тогтмол захиалж уншдаг нэг хүн түүнийг тосож авчээ. Тэр хүн Кообэ хотод хэсэг хүнтэй Библийн хичээл эхэлсэн байлаа. Библи Судлаачид тус хотноо 1927 оны 1 дүгээр сарын 2-нд анхны чуулганыг зохион явуулав. Нийт 36 хүн ирснээс 8 хүн баптисм хүртжээ. Энэ бол том амжилт! Гэхдээ ийм цөөхөн хүн Японы 60 сая хүнд яаж Библийн үнэний гэрлийг тусгах бол?

1927 оны 5 дугаар сард Библи Судлаачид олон нийтэд дэлгэрүүлэх аян зохиож, Библид үндэслэсэн илтгэлийн тухай зар тараасан. Анхны илтгэлээ Оосакад тавьжээ. Хот даяар том жижиг сурталчилгааны самбар хадаж, нэр нөлөө бүхий хүмүүст 3 000 урилга илгээв. 150 000 урилга тарааж, Оосакагийн өдөр тутмын сонинуудад илтгэлийн тухай зар өгч, галт тэрэгний 400 000 тасалбарт зар сурталчилгаагаа хэвлүүлсэн. Илтгэл тавих өдөр хотын дээгүүр хоёр онгоц нисэж 100 000 урилга цацсан. Оосакагийн Асахи танхимд 2 300 орчим хүн ирж «Бурхны Хаанчлал ойрхон байна» гэсэн сэдэвтэй илтгэл сонсжээ. Танхим пиг дүүрсэн тул 1 000 орчим хүн сонсож чадалгүй буцсан байна. Илтгэлийн дараа 600 гаруй хүн асуулт хариултын хэсэгт оролцохоор үлджээ. Үүнээс хойш хэдэн сарын турш Кёото болон Японы баруун хэсэгт байдаг хотуудад Библид үндэслэсэн илтгэл тавьжээ.

Библи Судлаачид 1927 оны 10 дугаар сард Токиод илтгэл тавих болов. Мөн л нөлөө бүхий хүмүүс, түүний дотор ерөнхий сайд, парламентын гишүүд, шашны болон зэвсэгт хүчний удирдагчдад урилга явууллаа. Зарлалын самбар хадаж, сонинуудад зар өгч, 710 000 сурталчилгааны хуудас тараасан бөгөөд нийт 4 800 хүн ирж Японы нийслэлд тавьсан гурван илтгэлийг сонсжээ.

ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ НОМ ТҮГЭЭГЧИД

Кацуо Хагино хоёр

Хаанчлалын тухай мэдээг айлуудад хүргэхэд ном түгээгчид (эхлэгчид) маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Япон дахь анхны ном түгээгчдийн нэг Иший Мацүэ нөхөр Жизотой хамт улсынхаа дөрөвний гурваар явжээ. Тэдний ачаар нутгийн хамгийн хойд зүгт байдаг Саппорогоос эхлээд Сэндай, Токио, Ёкохама, Нагояа, Оосака, Кёото, Окаяама, Токүшима хүртэл сайн мэдээ хүрсэн. Иший өөрийн эгч Танака Сакикотой хамт ёслолын кимоно өмсөөд төрийн түшээдтэй уулзжээ. Тэдний нэг нь «Бурхны ятга», «Аврал» гэдэг хоёр номыг хорих ангийн номын санд тавихаар тус бүр 300 ширхгийг захиалсан байна.

Иший эгчээс ном авсан нөхөр эхнэр Кацуо Хагино хоёр үнэнийг олсноо мэдээд 1931 онд баптисм хүртэж, ном түгээгчид болжээ. Харуичи Танэ хоёр, мөн тэдний хамаатнуудаас олон хүн Хаанчлалын тухай мэдээг 1930 оноос өмнө сонсоод, үнэний зам дээр гарсан. Харуичи Танэ хоёр ном түгээгч болж, охин Юүкико нь Токио дахь Бетелд үйлчлэх болжээ.

ТОМ ЖИЖИГ «ИЕХҮ»

Аварга Иехүд 6 эхлэгч амьдардаг байв

Тэр үед машин үнэтэй, зам харгуй муу байлаа. Тиймээс Миноура Казүми болон бусад ном түгээгч залуучууд хөдөлгүүргүй бүхээгтэй тэргээр явдаг байв. Улаан галзуу давхидгаараа алдаршсан, Израилийн хаадын нэг болсон Иехүгийн нэрээр тэргээ нэрлэжээ (Х.дэд 10:15, 16). Гурван Аварга Иехү тус бүр 2,2 м урт, 1,9 м өргөн, 1,9 м өндөр бөгөөд зургаан хүний багтаамжтай байв. Бас унадаг дугуйгаар чирдэг, хоёр хүний багтаамжтай 11 ширхэг Бяцхан Иехүг Япон салбарт хийжээ. Иехүнүүдийг хийлцсэн Ки-Ичи Ивасаки: «Иехү тус бүрд майхан болон гэрэл асаахад зориулсан аккумулятор тавьсан» хэмээн дурссан юм. Ном түгээгчид Япон даяар үнэний гэрлийг тусгахаар Иехүнүүдээ түрж чирэн, уул өөд өгсөж уруудан, хөндий талыг туулан хойд зүгийн Хоккайдогоос өмнө зүгийн Кюүшюү хүртэл явжээ.

Бяцхан Иехүд 2 хүн амьдардаг байв

Ном түгээгч Икүмацү Ота: «Бид хот руу орж ирэхлээрээ Иехүгээ голын эрэг дээр юм уу гадаа тавьчихаад явна. Эхлээд хотын дарга гээд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад, дараа нь айлуудаар явж хэвлэл тараана. Дэлгэрүүлж дуусангуутаа дараагийн хотыг зорьдог байлаа» хэмээн дурсжээ.

Библи Судлаач 36 хүн Кообэ хотод анхны чуулганаа явуулсан нь «жижиг юмсын өдөр» буюу эхлэл байсан (Зех. 4:10). Тавхан жилийн дараа буюу 1932 онд ном түгээгч, дэлгэрүүлэгчдээс бүрдсэн 103 хүн Япон даяар 14 000 гаруй ном тараасан гэсэн тайлан өгчээ. Эдүгээ Японы том хотуудад олон нийтэд дэлгэрүүлэх ажлыг сайтар зохион байгуулж байгаа бөгөөд 220 000 орчим дэлгэрүүлэгч мандах нарны орон даяар гэрлээ тусгаж байна (Япон дахь манай архиваас).

Япон дахь Бетелд Иехүнүүдийг хийлцсэн Ки-Ичи Ивасакигийн гаргасан загвар