Гэр бүлийн хичээлээ илүү сонирхолтой болгоё
«Манайхан Гэр бүлийн хичээлээрээ халуун яриа өрнүүлдэг. Би л зогсоохгүй бол шөнө болтол суучихдаг юм» гэж Бразилд амьдардаг нэг аав ярьжээ. Японд амьдардаг нэг өрхийн тэргүүний ярьснаар, арван настай хүү нь Гэр бүлийн хичээл эхлээд хэр их удсаныг ч анзаардаггүй гэнэ. Хийгээд л байхыг хүсдэг аж. Яагаад? «Хүү маань хичээл хийх дуртай болоод бүр ч их жаргалтай болсон» гэж аав нь хэлсэн юм.
Хүүхэд болгон ийм биш л дээ. Шуудхан хэлэхэд, зарим хүүхэд Гэр бүлийн хичээлдээ дургүй байдаг. Ямар учраас тэр юм бол? Тогод амьдардаг нэг эцэг: «Гэр бүлийн хичээл шүтлэгийн маань нэг хэсэг болохоор уйтгартай байх ёсгүй» хэмээн туршлагаасаа ярьжээ. Хэрэв танай Гэр бүлийн хичээл уйтгартай болоод байвал хийдэг аргаа өөрчлөөрэй. Амралтын өдрийг «баясгалант» гэж үздэг хүмүүс израильчуудын дунд байсан. Өнөө үед ч Гэр бүлийн хичээлээ баяр хөөртэй хийж болдгийг олон хүн биеэрээ үзэж байна (Ис. 58:13, 14).
Хичээлийн үеэр хэн ч биеэ барихгүй, чөлөөтэй байх орчинг бүрдүүлэх нь христиан аавуудын үүрэг. Ингэвэл хичээл илүү сонирхолтой болно. Гурван охин, нэг хүүтэй Ралфынх хичээлээ чөлөөт ярилцлага маягаар явуулж бүгдээрээ оролцдог гэнэ. Гэр бүлийн хичээлийг хүн болгонд сонирхолтой байлгах тэр бүр амаргүй. Нэг ээж: «Гэр бүлийн хичээлээ яг хүссэнээрээ явуулахад заримдаа хүч хүрдэггүй» гэжээ. Ийм үед яах вэ?
НЭГЭН ХЭВИЙН БИШ, УЯН ХАТАН
Германд амьдардаг, хоёр охинтой эцэг: «Эхнэр бид хоёр хатуу дүрэм тогтоохгүй байхыг хичээдэг» гэж ярьсан юм. Хоёр хүүхдийн эх Наталья: «Манай гэр бүлийн
хувьд хичээлээ янз бүрээр хийх нь хамгийн чухал» гэжээ. Зарим айл Гэр бүлийн хичээлээ хэд хэдэн хэсэгт хувааж хийдэг байна. Бразилд амьдардаг, хоёр хүүгийн эцэг Клейтоны тайлбарласнаар хичээлээ ингэж хийх нь их сонирхолтой болдог бөгөөд гэрийнхэн нь «бүгдээрээ идэвхтэй оролцдог» гэнэ. Хүүхдүүд тань олон насны зөрүүтэй бол Гэр бүлийн хичээл хийхдээ насных нь онцлогт тохируулан цагаа хуваарилах хэрэгтэй. Эцэг эхчүүд ээ, ямар материал сонгож, хэрхэн судлахаа шийдэхдээ уян хатан байгаарай.Гэр бүлийн хичээлээ нэг хэвийн болгохгүйн тулд зарим айл юу хийдэг вэ? Еховад дуу дуулж хичээлээ эхэлдэг. «Ингэхлээр халуун дулаан орчин бүрдэж, материалаа судлахад бэлэн болдог» гэж Мексикт амьдардаг Хуан хэлжээ. Тэднийхэн судлах материалтайгаа холбоотой дуу сонгодог аж.
Олон гэр бүл Библиэс хамт уншдаг. Хичээлээ сонирхолтой болгохын тулд хүн болгон дүр авдаг байна. «Эхэндээ ингэж унших эвгүй байсан» гэж Японд амьдардаг нэг аав хэлжээ. Гэхдээ хоёр хүү нь аав ээжтэйгээ Библи уншиж байгаадаа их баярласан гэнэ. Зарим гэр бүл Библид гардаг үйл явдлыг харуулсан жүжиг тоглодог. Өмнөд Африкт амьдардаг Рожер хоёр хүүтэй. Тэрбээр: «Эхнэр бид хоёрын огт анзаараагүй зүйлийг хүүхдүүд маань Библиэс олж хардаг» гэжээ.
Гэр бүлийн хичээлээ сонирхолтой болгох бас нэг арга бол Ноагийн хөвөгч авдар, Соломоны сүм гэх зэргийг хамт хийж тоглох юм. Ингэхийн тулд судалгаа хийх хэрэгтэй. Судлах тусам сэтгэл хөдөлдөг. Жишээлбэл, Азийн нэг оронд амьдардаг 5 настай охин аав ээж, эмээтэйгээ Паулын аяллаас сэдэвлэсэн хөлөгт тоглоом хийжээ. Зарим айл «Египетээс гарсан нь» номын үйл явдлаар хөлөгт тоглоом хийдэг байна. Того улсад амьдардаг 19 настай Доналдын хэлснээр тэднийх Гэр бүлийн хичээлээ янз бүрийн аргаар хийдэг болсноос хойш хичээл нь ч илүү сонирхолтой болж, бие биетэйгээ ч улам дотносжээ. Гэр бүлийн хичээлээ сонирхолтой болгохын тулд өөр юу хийе гэж та бодож байна вэ?
БЭЛДЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
Хатуу дүрэм журам тогтоолгүй янз бүрийн арга хэрэглэх нь Гэр бүлийн хичээлийг сонирхолтой болгодог ч ашиг тусыг нь бүрэн дүүрэн хүртье гэвэл хүн болгон бэлдэх хэрэгтэй. Хүүхэд амархан уйддаг. Тиймд аавууд тэднийхээ сонирхлыг татах материал сонгоод, цаг зав гарган бэлдэх нь зүйтэй. «Намайг бэлтгэл сайтай байвал эхнэр хүүхдүүд маань илүү их юм мэдэж авдаг» гэж нэг аав хэлжээ. Германд амьдардаг нэг эцэг ирэх долоо хоногт юу үзэхийг гэрийнхэндээ урьдчилан хэлдэг байна. Бенинд амьдардаг нэг айл бага насны зургаан хүүхэдтэй. Тэднийх заримдаа Гэр бүлийн хичээлээрээ байгууллагаас гаргасан кино үздэг гэнэ. Хэрхэн бэлддэг бол? Аав нь урьдчилаад асуулт бэлдэж өгдөг ажээ. Бэлтгэл сайн бол Гэр бүлийн хичээлийн чанар ч сайн байна.
Юу судлахаа бүгдээрээ урьдаас мэдвэл долоо хоногийн турш тэр сэдвээрээ хоорондоо ярилцах боломжтой. Хүн бүрд даалгавар өгвөл Гэр бүлийн хичээлдээ өөриймсөг хандана.
ТОГТМОЛ ХИЙХ НЬ ЧУХАЛ
Гэр бүлийн хичээлээ тогтмол хийх гэхлээр саад гарах нь бий.
Амьдралаа залгуулахын эрхэнд олон цагаар ажилладаг өрхийн тэргүүнүүд байдаг. Жишээ нь, Мексикт амьдардаг нэг эцэг өглөө 6 цагт ажилдаа гараад орой 8 цагаас нааш гэртээ ирдэггүй аж. Зарим айл дүүргийн харгалзагчийн эргэлт, чуулган гэх зэргээс болоод Гэр бүлийн хичээлийн хуваариа арга буюу өөрчилдөг.
Гэхдээ юу ч болж байсан Гэр бүлийн хичээлээ тогтмол хийж байгаарай. Тогод амьдардаг 11 настай Лоис гэдэг охин: «Өдөр нь гэнэт ажил гарлаа гэхэд манайх хичээлээ оройтож хийдэг. Тэгсэн ч гэсэн ерөөсөө алгасаж үзээгүй» гэж хэлснээс нь тэднийх Гэр бүлийн хичээлээ хэр их чухалд үздэг нь харагдаж байна. Зарим айл долоо хоногийн эхэнд хичээл хийхээр хуваарь гаргадаг. Хэрэв бодож төлөвлөөгүй ажил гарвал долоо хоногтоо багтаагаад хийдэг байна.
Гэр бүлийн хичээл бол Еховаг шүтэх шүтлэгийн маань салшгүй хэсэг билээ. Тиймээс гэр бүлээрээ Еховад «уруулынхаа үр жимсийг» долоо хоног бүр өргөцгөөе (Хос. 14:2). Гэр бүлийн хичээлдээ бүгдээрээ баяр хөөртэй оролцоцгооё. Учир нь Еховагийн «баяр баясгалан бол та нарын хүч чадал юм» гэж Библид байдаг (Нех. 8:9, 10).