Skip to content

Гарчиг руу орох

«Таны Хаанчлал ирэх болтугай» Хэзээ ирэх вэ?

«Таны Хаанчлал ирэх болтугай» Хэзээ ирэх вэ?

«Та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг ... мэдэгтүн» (МАТ. 24:33).

1, 2. а) Хүн заримдаа яагаад харалган болдог вэ? б) Бурхны Хаанчлалын талаар бид юу мэддэг вэ?

 БОЛСОН явдлыг нүдээр үзсэн хэр нь нэгбүрчлэн санадаггүй хүмүүс байдаг. Үүнтэй адил, эмчээс оношоо сонссон мөртлөө хэлсэн бүгдийг нь тогтоодоггүй өвчтөн байж магадгүй. Эсвэл гартаа барьж байгаа түлхүүр, нүдний шилээ хайдаг хүн ч бий. Нэг юмыг хэтэрхий их анхаарснаас болоод өөр бусад юмыг харахгүй эсвэл мартдаг тохиолдол байдаг. Үүнийг мэргэжилтнүүд нэг төрлийн харалган байдал гэж тайлбарладаг. Хүний тархи олон зүйлийг зэрэг анхаарч чаддаггүй ажээ.

2 Өнөө үед олон хүн дэлхий дахинд болж буй үйл явдалд «харалган» ханддаг гэлтэй. Дэлхий ертөнц 1914 оноос хойш мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрдөг ч цаад шалтгааныг нь мэддэггүй. Харин бид Библи судалдаг учраас Бурхны Хаанчлал 1914 онд байгуулагдаж, Есүс хаан ширээнд заларсныг мэддэг. Бас «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирдаг. Гэхдээ Бурхан энэ залбиралд бүрэн хариулаагүй байна (Мат. 6:10). Бурхны хүсэл таалал тэнгэрт биелсэн шигээ дэлхий дээр биелж өнөөгийн ёс бус тогтолцоо устгагдсан цагт л бид энэ залбирлынхаа хариуг бүрэн авна.

3. Бурхны Үгийг судалдгийн маань ач тус юу вэ?

3 Бид Бурхны Үгийг тогтмол судалдаг учраас Библийн зөгнөл яг одоо биелж байгааг мэддэг. Гэтэл ихэнх хүн мэддэггүй. Тэд аж амьдрал, хүсэл сонирхолдоо хэтэрхий их автсанаас болоод Христ 1914 оноос захирч эхэлснийг ойлгодоггүй. Ёс бус тогтолцоог удахгүй устгана гэсэн баттай нотолгоог ч олж хардаггүй. Та Бурханд үйлчлээд олон жил болсон бол өөрөөсөө «Энэ ертөнц удахгүй устгагдана гэдэгт би одоо ч бат итгэдэг үү?» гэж асуугаарай. Харин Гэрч болоод удаагүй бол та юуг чухалд үздэгээ шалгаарай. Эдгээр асуултад юу гэж ч хариулах бай, Бурхны хүсэл таалал дэлхий дээр тун удахгүй биелнэ гэдэгт итгэж болох гурван чухал шалтгааныг ярилцъя.

МОРЬТОНГУУД ГАРЧ ИРСЭН НЬ

4, 5. а) Есүс 1914 оноос хойш юу хийж байгаа вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Гурван морьтон юуг бэлгэддэг вэ? Тэдгээр морьтны тухай зөгнөл хэрхэн биелж байна вэ?

4 Цагаан морьтноор дүрслэгддэг Есүс Христ 1914 онд тэнгэрт хаан ширээнд залармагцаа Сатаны ёс бус тогтолцоог устгахаар мориндоо мордсон (Илчлэлт 6:1, 2-ыг уншина уу). Бурхны Хаанчлал байгуулагдсаны дараа дэлхийн байдал эрс муудаж дайн дажин, хоол хүнсний хомсдол, өвчин тахал гэх мэтийн үхэлд хүргэдэг янз бүрийн гамшиг нүүрлэхийг «Илчлэлт» номын 6 дугаар бүлэгт зөгнөсөн байдаг. Эдгээр гамшгийг Есүс Христийн араас шил даран гарч ирсэн гурван морьтноор дүрсэлжээ (Илч. 6:3–8).

5 Хүн төрөлхтөн энх тайвны төлөө олон улсын хамтын ажиллагаа явуулж, дипломат харилцаа тогтоосон хэдий ч «Дэлхийгээс энх тайвныг булаан авна» гэсэн зөгнөл биелж эхэлсэн. Дэлхийн I дайн хөнөөлт дайнуудын эхлэл байсныг сүүлийн үед болж буй янз бүрийн үйл явдал баталдаг. 1914 оноос хойш эдийн засаг, шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн ч хоол хүнсний хомсдол хүн төрөлхтний аюулгүй байдалд заналхийлсээр байна. Түүнээс гадна, өвчин тахал, байгалийн гамшиг зэргээс болж жил бүр олон сая хүн амиа алдаж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Эдгээр үйл явдлын цар хүрээ, давтамж, хор хөнөөл түүхэнд байгаагүй хэмжээнд хүрчээ. Та үүний учрыг ойлгож байна уу?

Морьтнууд гарч ирснээс хойш дэлхийн байдал улам муудаж байна (4, 5-р догол мөрийг үзнэ үү)

6. Библийн зөгнөлийг ямар хүмүүс анхаарч байсан бэ? Зөгнөл биелж эхэлмэгц тэд юу хийсэн бэ?

6 Дэлхийн І дайн болон испани томуу дэгдэхэд олон хүн үүнээс өөр юмыг анхаарахаа больсон. Харин тослогдсон христианууд «харь үндэстний цаг» 1914 онд дуусна хэмээн хүлээж байв (Лук 21:24). Юу болохыг яг таг мэдээгүй ч энэ онд Бурхны засаглалтай холбоотой чухал үйл явдал болно гэдгийг гадарлаж байжээ. Тэд Библийн зөгнөл биелж байгааг ойлгосон даруйдаа Бурхны Хаанчлал байгуулагдсаныг зоригтой тунхагласан. Үүнээс болоод хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Олон улс оронд ийнхүү хавчлага өрнөсөн нь мөн л зөгнөл биелж буй хэрэг байлаа. Хаанчлалын дайснууд хэдэн арван жилийн турш хуулийн нэр барин ах дүүсийн маань биед халдах, шоронд хорих, тэр байтугай дүүжлэх, буудах, толгойг нь авах зэргээр цаазлан хороож байсан (Дуу. 94:20; Илч. 12:15).

7. Ихэнх хүн дэлхий дахинд болж буй үйл явдлын жинхэнэ учир шалтгааныг яагаад ойлгодоггүй вэ?

7 Бурхны Хаанчлал тэнгэрт аль хэдийн байгуулагдсаныг батлах өчнөөн олон нотолгоо байхад ихэнх хүн ойлгодоггүй нь ямар учиртай юм бол? Бурхны ард түмний тунхагласаар ирсэн Библийн зөгнөл дэлхий дахинд болж буй үйл явдалтай холбоотойг тэд яагаад олж хардаггүй вэ? Харахыг хүссэн юмаа л хардаг учраас тэр үү? (2 Кор. 5:7). Аж амьдралынхаа төлөө хэтэрхий их зүтгэдгээс болдог юм болов уу? (Мат. 24:37–39). Эсвэл Сатаны суртал ухуулгад автсанаас болдог уу? (2 Кор. 4:4). Тэнгэрт юу болж байгааг ойлгоход итгэлтэй, сүнслэг хараатай байх хэрэгтэй. Бид болж буй үйл явдлыг харж чаддагтаа баярладаг!

ЁС БУС ЯВДАЛ УЛАМ ГААРЧ БАЙНА

8-10. а) 2 Тимот 3:1–5-д бичсэн зөгнөл хэрхэн биелж байна вэ? б) Ёс бус явдал улам гаарч байна гэхийн учир юу вэ?

8 Хүний нийгэмд ёс бус явдал улам гаарч байгаа нь Бурхны Хаанчлал дэлхийг удахгүй захирна гэдэгт итгэх хоёр дахь шалтгаан юм. 2 Тимот 3:1–5-д бичсэн зөгнөл биелээд 100 шахам жил болж байна. Тэр байтугай, уг зөгнөлд гардаг үйл явдлын цар хүрээ, үргэлжлэх хугацаа, давтамж нь тасралтгүй нэмэгдэж байна. Танд бас ажиглагдаж байна уу? Үүнийг тод харуулах хэдэн жишээ авъя (2 Тимот 3:1, 13-ыг уншина уу).

9 1940, 50-аад онд нийгмийг цочирдуулж байсан зүйл өнөө үед албан газар, урлаг спортын талбар, хувцас загварын ертөнцөд хэвийн үзэгдэл мэт болсон. Эдүгээ хүчирхийлэл, садар самуун явдал газар авчээ. Хүмүүс хэрцгий догшин, эрээ цээргүй, адал балмад явдлаараа бусдыг алмайруулдаг болсон. 1950-аад онд зохисгүйд тооцогддог байсан телевизийн нэвтрүүлгийг эдүгээ гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой гэх болжээ. Ижил хүйстнүүд амьдралын хэв маягаа шоу нэвтрүүлэг, загварын ертөнцөөр дамжуулан олон нийтэд сурталчилдаг. Бурхны үзэл бодлыг мэддэг болсон маань ямар сайн хэрэг вэ! (Иуда 14, 15-ыг уншина уу).

10 Бас 1950-аад оны танхай залуусыг өнөөгийнхтэй харьцуулъя. Хүүхэд нь тамхи татаж, архи ууж, тачаангуй бүжиг бүжиглэхэд эцэг эхчүүд санаа зовдог байсан. Харин өнөөдөр сэтгэл сэрд хийлгэм мэдээ байнга сонсогдох болжээ. Жишээ нь, 15 настай сурагч ангийнхан руугаа гал нээн, 2 хүүхдийн амийг хөнөөж, 13 хүүхдийг шархдуулсан байна. Өсвөр насны хэдэн согтуу хүүхэд 9 настай охиныг зэрлэгээр хөнөөгөөд, аав үеэл хоёрыг нь зоджээ. Азийн нэг оронд сүүлийн арван жилд үйлдэгдсэн гэмт хэргийн тэн хагасыг хүүхэд залуус үйлдсэн гэж мэдээлсэн байна. Байдал улам дордож буйг хэн ч үгүйсгэхгүй биз дээ?

11. Нийгмийн ёс суртахуун улам доройтож байгааг хүмүүс яагаад анзаардаггүй вэ?

11 Элч Петр: «Тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд „Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ“ хэмээнэ» гэж бичсэн нь одоо биелж байна (2 Петр 3:3, 4). Хүмүүс яагаад ингэдэг вэ? Ер нь хүн байнга хардаг зүйлээ тоохоо больчихдог бололтой. Найзыгаа гэв гэнэт өөрчлөгдөхөд шууд анзаараад цочирддог хэр нь нийт олны хандлага, ёс суртахуун аажмаар доройтож байгаад тэгтлээ цочирддоггүй. Гэхдээ л энэ нь аюултай.

12, 13. а) Дэлхий дахинд болж буй үйл явдлыг хараад сэтгэлээр унах хэрэггүйн учир юу вэ? б) «Эцсийн өдрүүдийн» «хэцүү цагийг» давахын тулд юуг ойлгох хэрэгтэй вэ?

12 «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ» гэж элч Паул анхааруулсан (2 Тим. 3:1). Гэхдээ хэцүү байна гээд зугтах аргагүй. Гуньж гутрах, айж түгших ямар ч юм болсон Ехова тусална. Бас ариун сүнснийх нь хүчийг авч, хуралтай нягт холбоотой байвал Бурхандаа үнэнч байж чадна. Ехова бидэнд «хэрээс хэтэрсэн хүч» (ШЕ) өгнө (2 Кор. 4:7–10).

13 Паул эцсийн өдрүүдийн талаар зөгнөхдөө «мэдэж ав» гэж бичсэн нь уг зөгнөл гарцаагүй биелнэ гэсэн үг ажээ. Еховаг цэг тавихаас нааш энэ ертөнц улам бүр завхран гажуудах нь эргэлзээгүй. Ёс суртахууны хувьд доройтсон улс үндэстэн эцэстээ мөхдөгийг түүх харуулдаг. Харин өнөөдөр дэлхий тэр чигээрээ ёс суртахууны завхралд автжээ. Үүний цаад шалтгааныг олон хүн тоож сонирхдоггүй. Гэвч 1914 оноос хойш болсон үйл явдлыг бодож үзвэл Бурхны Хаанчлал муу муухай бүхнийг удахгүй устгах нь тодорхой харагддаг.

«ЭНЭ ҮЕИЙНХЭН ҮГҮЙ БОЛОХГҮЙ»

14-16. Бурхны Хаанчлал удахгүй «ирнэ» гэдэгт итгэх гурав дахь шалтгаан юу вэ?

14 Төгсгөл ойрхон байгаагийн гурав дахь шалтгааныг Бурхны ард түмний түүхээс мэдэж болно. Жишээ нь, Хаанчлал байгуулагдахаас өмнө хэсэг үнэнч хүн Бурханд идэвх зүтгэлтэй үйлчилж байв. 1914 онд хүсэн хүлээж байсан үйл явдал нь болоогүй ч ихэнх нь сорилт, хавчлагыг давж Еховад үнэнч хэвээрээ байсан. Тослогдогсод бүгдээрээ биш ч ихэнх нь үнэнчээр үйлчилсээр дэлхий дэх амьдралаа дуусгажээ.

15 Есүс өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийн тухай зөгнөхдөө «Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй» гэжээ (Матай 24:33–35-ыг уншина уу). «Энэ үеийнхэн» гэдэг нь тослогдсон христиануудын хоёр бүлгийг хэлж байна гэж бид ойлгодог. 1914 онд амьдарч байсан бөгөөд Христийг хаан ширээнд заларсныг шууд ойлгосон хүмүүс эхний бүлэгт багтдаг. Тэд 1914 онд юм уу мөн оноос өмнө тослогдож Бурхны хөвгүүд болцгоожээ (Ром 8:14–17).

16 «Энэ үеийнхний» хоёр дахь бүлэгт ямар хүмүүс багтдаг вэ? Эхний бүлгийн хүмүүсийг дэлхий дээр байх хугацаанд амьдарч байсан төдийгүй тэднийг амьд байхад ариун сүнсээр тослогдсон хүмүүс юм. Тиймээс өнөөдөр амьд байгаа тослогдсон христианууд бүгдээрээ Есүсийн ярьсан «энэ үеийнхэн» гэдэгт хамаарахгүй. Эдүгээ хоёр дахь бүлгийн хүмүүс нас дээр гарчээ. Гэхдээ Матай 24:34-т бичигдсэн Есүсийн үгнээс харвал «энэ үеийнхнээс» ядаж зарим нь агуу их гай гамшиг эхлэхийг үзэхээс нааш «үгүй болохгүй» гэж ойлгож болно. Бурхны Хаанчлалын Хаан ёс бус бүхнийг устгаж, шинэ ертөнцийн үүдийг нээх хүртэл бага хугацаа үлдсэн гэдэгт итгэх хэрэгтэй (2 Петр 3:13).

ХРИСТ УДАХГҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛНА

17. Энэ өгүүллээр үзсэн гурван шалтгаанаас ямар дүгнэлт хийж болох вэ?

17 Энэ өгүүллээр үзсэн гурван шалтгаанаас ямар дүгнэлт хийж болох вэ? «Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» гэж Есүс анхааруулсан (Мат. 24:36; 25:13). Гэхдээ Паулын хэлсэн «цаг үе» буюу эцсийн өдрүүдийг мэдэх боломжтой (Ром 13:11-ийг уншина уу). Бид яг энэ цаг үед амьдарч байна. Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг, Ехова Есүс хоёр юу хийж байгааг анхаардаг бол энэ тогтолцооны төгсгөл тун ойрхон гэдгийг ойлгоно.

18. Есүс Христийн асар их эрх мэдэлтэйг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг юу хүлээж байна вэ?

18 Цагаан морь унасан Есүс Христийн асар их эрх мэдэлтэйг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс буруугаа удахгүй ухаарна. Тэд хаашаа ч зугтаж чадахгүй. Тэр үед олон хүн айн балмагдаж «Хэн тэсэж чадах вэ?» хэмээн хашгирна (Илч. 6:15–17). Энэ асуултын хариу «Илчлэлт» номын 7 дугаар бүлэгт бий. Тослогдсон христианууд болон дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс Бурхны сайшаалыг хүлээдэг учир «тэснэ». Дараа нь тэдгээр «үй олон хүн» агуу их гай гамшгийг эсэн мэнд давна (Илч. 7:9, 13–15).

19. Төгсгөл ойрхон байгаад итгэдэг та юуг тэсэн ядан хүлээж байна вэ?

19 Эдүгээ биелж буй Библийн зөгнөлийг байнга анхаарвал Сатаны ертөнцийн суртал ухуулгад автахгүй. Түүнчлэн дэлхий дахинд болж буй үйл явдлын учир шалтгааныг сайн ойлгоно. Христ эцсийн удаа шударга дайн хийж, ёс бус ертөнцийг устган бүрэн төгс ялалт байгуулна (Илч. 19:11, 19–21). Дараа нь бид ямар их баярлахыг төсөөл дөө! (Илч. 20:1–3, 6; 21:3, 4).