НАМТАР
Еховад үйлчлэх ирмүүн хүсэл хаана ч очсон унтрахгүй
Би урьд нь ганцаараа дэлгэрүүлж байсангүй. Гэрээсээ гарах болгондоо сандарч, бүр өвдөг чичирдэг байв. Ядахад, ихэнх хүн миний яриаг сонсохгүй. Зарим нь айхтар уурлана, бас зодно гэж сүрдүүлнэ. Эхлэгч болсон эхний сард ганцхан товхимол тарааж билээ. —Маркус.
ЭНЭ бол 1949 оны явдал. Түүнээс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Би 1927 онд Нидерландын Дренте мужийн хойд хэсэгт орших Дондерен гэдэг жижиг тосгоны цэцэрлэгч, гуталчин Хендрикийн долоон хүүхдийн дөрөв дэх нь болж төрсөн. Манайх тосгоны жирийн нэг айл. Хөрш саахалтынхан маань тахиа гахай маллаж, тариа ногоо тарина. Тосгоны амьдрал мөн ч сайхан шүү. Би 1947 онд нутгийнхаа хүнээс Библийн үнэнийг мэдэж авсан юм. Түүнийг Төнэс Бен гэдэг. Анх тэр хүн надад ерөөсөө таалагдаагүй юм. Харин Еховагийн Гэрч болсных нь дараа уулзаад найрсаг зантай болчихсоныг нь анзаарав. Яагаад ингэтлээ өөрчлөгдсөнийг нь сонирхож байсан тул дэлхийг диваажин болгоно гэсэн Бурхны амлалтын тухай ярихад нь сонслоо. Үнэнийг шууд хүлээж авав. Төнэс бид хоёр тэр цагаас хойш насан туршийн найзууд болсон доо. *
Би 1948 оны 5-р сараас дэлгэрүүлж эхэлсэн. Яг дараагийн сард нь буюу 6-р сарын 20-нд Утрехт хотод болсон чуулганаар баптисм хүртэв. 1949 оны 1-р сард эхлэгч болж Нидерландын зүүн хэсэгт байдаг ганц хуралтай Боркуло тосгонд томилогдлоо. Тэр хүртэл 130 километр зайтай тул дугуйгаар явахаар болов. Зургаан цаг орчим яваад л хүрчихнэ гэж бодсон чинь
ширүүн бороо орж, чанх өөдөөс хүчтэй салхи салхилж дугуйгаар явах аргагүй болдог юм байна. Тэгэхлээр нь үлдсэн 90 километр замыг галт тэргээр туулав. Энэ бүх замыг туулахад 12 цаг болж билээ. Харуй бүрий болсон хойно зорьсон газраа хүрч, нэг Гэрч айлд очлоо. Эхлэгчээр үйлчлэх хугацаандаа тэднийд байсан.Дайны дараах жилүүдэд хүмүүс ядуу байв. Би л гэхэд томдсон хүрэм, богинодсон өмднөөс өөр юу ч үгүй! Боркулод өнгөрөөсөн эхний сард үнэхээр хэцүү байсныг өгүүллийн эхэнд дурдсан билээ. Гэхдээ Ехова намайг ивээж нэлээд хэдэн Библийн хичээлтэй болгосон. Есөн сарын дараа Амстердамд томилогдлоо.
ХӨДӨӨНӨӨС ХОТОД
Хөдөө нутагт өссөн би Нидерландын хамгийн том хот Амстердамд үйлчилдэг болов. Тэндхийнхэн сайн мэдээг жигтэйхэн их сонирхоно. Тэр сардаа өмнөх есөн сард тарааснаас илүү олон хэвлэл тараасан. Доод тал нь найман Библийн хичээлтэй боллоо. Хурлын үйлчлэгчээр (одоогийн ахлагчдын зөвлөлийн зохицуулагч) томилогдсоныхоо дараа нийтийн илтгэл тавих анхны даалгавраа авлаа. Ёстой зүрх алдаж байсан. Ашгүй, илтгэл тавихын өмнөхөн өөр хурал руу шилжүүлэхэд сая нэг сэтгэл уужирч билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл 5 000 гаруй удаа илтгэл тавьсан байх юм. Ингэнэ гэж тэр үед яаж мэдэх вэ!
1950 оны 5-р сард Хаарлем хотод томилогдоод байтал дүүргийн харгалзагчаар үйлчлэх урилга ирэв. Гурав хоног унтаж чадсангүй. Тэгээд салбарт үйлчилдэг Роберт Винклер ахад чадахгүй байх гэдгээ хэлсэн чинь «Анкетаа бөглөчих. Аяндаа л сурчихна» гэсэн юм. Дараахан нь сургалтад нэг сар суугаад дүүргийн харгалзагчаар үйлчилж эхэллээ. Нэг хуралд эргэлт хийж байхдаа Яани Таатген гэдэг эхлэгчтэй танилцлаа. Цог золбоотой, Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг, өөрийгөө золиослох сэтгэлтэй энэ бүсгүйтэй 1955 онд гэрлэсэн. Өөрийнхөө тухай ярихаа түр азная. Яани маань яаж эхлэгч болсноо, бас надтай хэрхэн танилцсанаа одоо ярина.
ХАМТ ҮЙЛЧИЛСЭН НЬ
Яани: Ээж минь 1945 онд намайг 11-тэй байхад Гэрч болсон. Тэгээд гурван хүүхэдтэйгээ хамт Библи судлах хэрэгтэй юм байна гэж шууд ойлгосон боловч аав эсэргүүцдэг байсан болохоор эзгүй хойгуур нь бидэнд заадаг байв.
Би анх удаа 1950 онд Хааг хотод болсон чуулганд суусан. Харин 7 хоногийн дараа Ассэн (Дренте) дэх Хаанчлалын танхимд болдог цуглаанд анх удаа очлоо. Тэгтэл аав уурлаад намайг гэрээсээ хөөчихөв. Ээж: «Чи хаана амьдрахаа мэдэж байгаа шүү дээ» гэж хэллээ. Итгэл нэгтнүүдээ хэлж байсныг нь ойлгосон. Эхлээд би гэрээс маань холгүй байдаг Гэрч
айлд нүүж очив. Гэсэн ч аав төвөг удсаар байсан учир 95 километрийн зайтай Девентер (Оверийсел)-т байдаг хурал руу шилжсэн. Гэтэл насанд хүрээгүй хүүхдээ гэрээсээ хөөлөө гэж орон нутгийн захиргаа аавыг нэлээн зовоож л дээ. Тэгэхлээр нь намайг гэртээ буцааж авчрав. Аав минь Гэрч болоогүй ч намайг бүх цуглаан, дэлгэрүүлэх ажилд явахыг зөвшөөрсөн юм.Гэртээ ирээд удаагүй байтал ээж хүндээр өвдөж, гэрийнхээ хамаг ажлыг би хийх болов. Гэлээ ч сүнслэгээр өссөөр 1951 онд 17-тойдоо баптисм хүртсэн. Ээж минь ч эдгэрч, би 1952 онд гурван эхлэгч эгчтэй цуг амралтын буюу одоогийн туслах эхлэгчээр хоёр сар үйлчилсэн. Завин дээр амьдарч, Дренте мужийн хоёр хотод дэлгэрүүлдэг байлаа. 1953 онд байнгын эхлэгч болов. Жилийн дараа манай хуралд залуухан дүүргийн харгалзагч ирсэн нь Маркус байлаа. Бид хоёр хамт үйлчилбэл Еховад илүү сайн үйлчлэхээ ойлгоод 1955 оны 5 дугаар сард гэр бүл болсон (Ном. 4:9–12).
Маркус: Хуримаа хийснийхээ дараа Вээндам (Гронингэн)-д эхлэгчээр томилогдлоо. 2х3 метрийн хэмжээтэй жижигхэн өрөөнд амьдрав. Яани маань донжийг нь олоод их сайхан тохижуулсан. Манай хүн ч ийм юман дээр гаргууд даа. Бид хоёр орой болгон ширээ, хоёр жижиг сандлаа зайчилж, ханын ороо буулгаад унтдаг байлаа.
Зургаан сарын дараа урилга хүлээж аваад Бельгид дүүргийн харгалзагчаар үйлчлэв. 1955 онд 4 000 хүрэхгүй дэлгэрүүлэгчтэй байсан энэ улс одоо зургаа дахин олон Гэрчтэй болсон! Бельгийн хойд зүгт орших Фландрын оршин суугчид Нидерландын хүмүүстэй адилхан хэлээр ярьдаг ч дуудлага нь шал өөр болохоор эхний үед ойлголцоход бэрх байсан.
Яани: Явуулын ажил хийхэд өөрийгөө золиослох сэтгэл зайлшгүй чухал. Бид хоёр хурлуудад дугуйгаар очиж, итгэл нэгтнүүдийнхээ гэрт хонодог байлаа. Өөрийн гэсэн орон гэргүй учир байгаа айлдаа даваа гаригт нь өнжөөд мягмар гаригийн өглөө дараагийн хуралд очиж эргэлт хийнэ. Гэсэн хэдий ч энэ үйлчлэлээ Еховагийн ивээл гэж боддог байв.
Маркус: Эргэлт хийхээр очиход хурлынхан биднийг танихгүй ч дайлж зочлон, сайхан сэтгэлээр ханддаг байлаа (Евр. 13:2). Яваандаа Бельгид байдаг нидерланд хэлний бүх хуралд нэлээд хэдэн удаа эргэлт хийж, маш их ивээл хүртсэн. Тухайлбал, дүүргийнхээ бараг бүх итгэл нэгтэнтэй танилцаж, дотно болцгоосон. Бас олон зуун хүүхэд багачуудын өсөж том болохыг, сүнслэгээр төлөвшин Хаанчлалыг эн тэргүүнд тавьж Еховад өөрийгөө зориулахыг харсан. Еховад бүрэн цагаар үнэнч үйлчилж байгаа тэднийгээ харахын баяр баясгаланг юутай ч харьцуулшгүй (3 Иох. 4). Ингэж «хамтдаа зоригжих» нь Еховагаас авсан даалгавраа үргэлж чин сэтгэлээсээ биелүүлэхэд тус болдог (Ром 1:12).
СОРИЛТ БА ИВЭЭЛ
Маркус: Бид хоёр гэрлэснээсээ хойш Гилеад сургуульд суръя гэж боддог боллоо. Өдөрт нэгээс доошгүй цаг англи хэл үздэг байв. Сурах бичиг үзээд л хэл сурна гэдэг амаргүй санагдсан тул хэлээ зүгшрүүлэхээр амралтаа авч Англид очиж дэлгэрүүлэв. Тэгтэл 1963 онд Бруклин дэх төвөөс захиа ирлээ. Задлаад үзсэн чинь нэгийг нь надад, нөгөөг нь Яанид бичжээ. Намайг Гилеад сургуулийн арван сарын тусгай курст суралцуулах урилга ирсэн байв. Гол нь эрчүүдийг сургаж, зохион байгуулалттай холбоотой удирдлага заавар өгөх зорилготой байжээ. Уригдсан 100 суралцагчийн 82 нь эрэгтэйчүүд байсан.
Яани: Надад бичсэн захидалд Маркусыг Гилеадад сурч байх хугацаанд Бельгид үйлчлэх боломжтой эсэхээ залбирч байгаад бодоорой гэсэн байв. Эхэндээ ч сэтгэлээр унасан. Зорилгодоо хүрэх гэж хичээсэн минь талаар болж, Ехова ивээхгүй байх шиг л санагдсан. Гэвч би Гилеад сургуулийн зорилго юу билээ гэдгийг санасан юм. Сайн мэдээг дэлхий даяар яаж үр өгөөжтэй дэлгэрүүлэхийг энэ сургууль заадаг шүү дээ. Ингээд Бельгид үлдэхээр шийдсэн. Гент хотод тусгай эхлэгчээр томилогдож, Анна Колперт Мария Колперт гэдэг туршлагатай хоёр тусгай эхлэгчтэй хамт үйлчлэхээр болов.
Маркус: Би англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай байсан тул хичээл эхлэхээс таван сарын өмнө Бруклинд уригдаж, Хэвлэл илгээх болон Үйлчлэлийн тасагт ажиллав. Байгууллагын төвд үйлчилж, Ази, Европ, Өмнөд Америк руу хэвлэл илгээх ажилд оролцсоны ачаар олон үндэстний ах дүүтэй гэдгээ илүү сайн ойлгосон. Расселл ахын үеэс пилгрим (явуулын харгалзагч) байсан Александр Макмиллан ахыг тод санаж байна. Нас өндөр, чих хатуу ч бүх цуглаанд очдог байж билээ. Энэ нь надад үнэхээр гайхалтай санагдаж, цуглааныг хэзээ ч дутуу үнэлж болохгүйг ойлгосон (Евр. 10:24, 25).
Яани: Маркус бид хоёр 7 хоногт хоёроос доошгүй удаа захидлаар харилцдаг байлаа. Хоёр биенээ ямар их үгүйлдэг байсан гээч! Гэсэн ч Маркус Гилеад сургуульдаа баяр хөөртэй сурч, би ч дэлгэрүүлэх ажлаа жаргалтай хийдэг байлаа. Маркусыг Америкаас ирэхэд би 17 Библийн хичээлтэй байсан! 15 сар хоёр биенээсээ хол байна гэдэг үнэхээр хэцүү ч өөрсдийн эрх ашгийг хойш нь тавьсан биднийг Ехова ивээж байгааг мэдэрдэг байлаа. Маркусыг ирдэг өдөр онгоц хэдэн цагаар саатсан юм. Тэгж тэгж нэг ирэхэд бид хоёр тэврэлдээд уйлж билээ. Тэр цагаас хойш ерөөсөө салж хагацаагүй.
БҮХ ЗАВШААНАА ҮНЭЛДЭГ
Маркус: Намайг 1964 оны 12-р сард Гилеадаас ирсний дараа бид хоёрыг Бетелд томилов. Энд түр зуур л үйлчлэх байсныг тухайн үедээ мэдсэнгүй. Гуравхан сарын дараа Фландрт мужийн харгалзагчаар томилогдлоо. Тэгж байтал Бельгид миссионерээр үйлчлэхээр ирсэн Аалзен Викерсма, Эльс Викерсма хоёрыг мужийн үйлчлэлд томилж, бид хоёрыг Бетелд
буцаав. Тэнд би Үйлчлэлийн тасагт томилогдлоо. 1968–1980 онд Бетелд үйлчлэх, явуулын харгалзагч болох гэх зэргээр бидний томилолт хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. 1980–2005 он хүртэл дахин мужийн харгалзагчаар үйлчилсэн.Томилолт маань олон удаа өөрчлөгдсөн ч бид хоёр Еховад бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчлэхээр амь амьдралаа зориулснаа хэзээ ч мартаагүй. Хаанчлалын үйл хэргийг урагш ахиулахын төлөө томилолтыг маань өөрчилдөг учир авсан даалгавар болгоноо баяр хөөртэй хийдэг байсан.
Яани: Би Маркустайгаа 1977 онд Бруклин, 1997 онд Паттерсон руу явахдаа маш их баярласан. Нөхөр маань салбарын хорооны гишүүн учир сургалтад суусан хэрэг л дээ.
ЮУ ХЭРЭГТЭЙГ ЕХОВА МЭДДЭГ
Маркус: Яани маань 1982 онд хагалгаа хийлгэж, бие нь ч илааршсан. Гурван жилийн дараа Лэүвэний хурлынхан бидэнд сайхан сэтгэл гарган, доод давхартаа Хаанчлалын танхимтай байранд оруулсан юм. 30 жилийн дараа анх удаа өөрийн гэсэн гэр оронтой болж байгаа маань энэ. Хоёр дахь өдөр хуралд эргэлт хийхээр явахдаа ачаагаа баглаж аваад, түүнийгээ доод давхар луу буулгах гэж шатны 54 гишгүүрээр өгсөж уруудах хэрэг гарна! Харин 2002 онд биднийг доод давхарт оруулсанд үнэхээр талархаж явдаг. Намайг 78 хүрэхэд эхнэр бид хоёрыг Локерен хотод тусгай эхлэгчээр томилов. Одоо хэр нь тусгай эхлэгчээрээ өдөр бүр үйлчилж байгаадаа туйлын баяртай байна.
«Хаана үйлчлэх, юу хийж чаддаг байх нь тийм чухал биш, хэнд үйлчлэх нь л хамгийн гол гэж боддог»
Яани: Бид хоёр бүрэн цагаар нийлээд 120 гаруй жил үйлчилжээ! Ехова үйлчлэгчдээ хэзээ ч орхихгүй гэж амласан нь яг үнэн юм гэдгийг биеэрээ үзлээ. Үнэнч л байвал юугаар ч дутаадаггүй юм байна (Евр. 13:5; Д.хууль 2:7).
Маркус: Бид бага залуу наснаасаа Еховад амь амьдралаа зориулсан. Эрх мэдэл, эд баялаг, нэр алдар хөөж явсангүй. Ямар ч даалгаврыг дуртайяа биелүүлж ирлээ. Яагаад гэвэл хаана үйлчлэх, юу хийж чаддаг байх нь тийм чухал биш, хэнд үйлчлэх нь л хамгийн гол гэж боддог.
^ Аав, ээж, эгч, хоёр эрэгтэй дүү маань яваандаа Гэрч болцгоосон.