Каиафын хамаатан
Археологийн олдвор Библид гардаг хүмүүс үнэхээр байсныг ямар нэгэн байдлаар батлах нь бий. Тэдний тухай шууд өгүүлсэн нэг нь байхад, тэдэнтэй холбоотой хүмүүсийн талаарх бичээс бүхий олдвор ч байдаг. Тийм нэгэн олдворын талаар 2011 онд израиль эрдэмтдийн нийтэлсэн мэдээг авч үзье. Энэ нь хүний яс хийж хадгалсан, шохойн чулуугаар хийсэн, 2 000 жилийн өмнөх гоёмсог хайрцаг юм.
Уг хайрцаг дээр «Бет-Имригээс гаралтай Маазиагийн овгийн тахилч Каиафын хүү Еэшуагийн охин Мириам» гэж сийлсэн байжээ. Есүсийг шүүж, цаазлахад гар бие оролцсон Иудейн тэргүүн тахилчийг Каиаф гэж Библид бичсэн байдаг (Иох. 11:48–50). Түүхч Иосеф Флавий түүний тухай бичихдээ «Каиаф гэгддэг Иосеф» гэжээ. Бүр өмнө нь «Ехосеф бар Каиафа» (Каиафын * хүү Иосеф) гэсэн бичигтэй хайрцаг олдсон юм. Тэр хайрцгийг тэргүүн тахилчийнх гэж үздэг. Тиймээс Мириам нь Иосеф гэгддэг Каиафын хамаатан байсан бололтой.
Израилийн түүх дурсгалыг хамгаалах нэгэн байгууллагын («Israel Antiquities Authority») мэдээлснээр, Мириамын авсыг эртний булш тоносон хулгайч нараас хурааж авчээ. Судалгаа шинжилгээ хийсний эцэст олдвор дээрх бичээс үнэн гэдгийг баталсан байна.
Энэхүү олдвороос нэг шинэ юм мэдэж болно. Энд Иерусалимын сүмд ээлжээр үйлчилдэг байсан тахилч нарын 24 дэх буюу сүүлчийн бүлгийн тахилч «Маазиагийн» нэр гардаг (Ш.дээд 24:18). Мириамын яс бүхий хайрцаг дээрх бичээсийг үзвэл «Каиафынхан Маазиагийн бүлэгт хамаардаг байсан» нь тодорхой байна хэмээн Израилийн түүх дурсгалыг хамгаалах байгууллага мэдэгджээ.
Бичээст бас Бет-Имри гэдэг нэрийг дурдсан. Энэ нь чухам юу байж болох талаар хоёр таамаг дэвшүүлж байгаа аж. «Нэг таамаг нь, Маазиагийн бүлэгт багтдаг тахилч Иммерийн хөвгүүд Бет-Имри гэсэн овогтой байсан байх (Езр. 2:36, 37; Нех. 7:39–42). Хоёр дахь нь, Мириамын төрсөн газар юм уу гэр бүл, төрөл төрөгсдийнх нь амьдарч байсан нутгийн нэр байх» гэж дээрх байгууллага дүгнэжээ. Ямар ч байлаа гэсэн, Библид бичигдсэн хүмүүс үнэхээр байсныг Мириамын авс баталдаг.
^ Каиафын булшны талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 1-р сарын 15-ны дугаарын 10–13-р хуудсанд нийтлэгдсэн «Есүсийг ялласан тэргүүн тахилч» гэсэн өгүүллийг үзнэ үү (англи).