Skip to content

Гарчиг руу орох

Зүрхээ анхаар

Зүрхээ анхаар

«Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» (Иер. 17:9). Хүн ямар нэг юм хийх гэж маш их хүсэхлээрээ хүслээ биелүүлэх шалтаг олж чаддаг.

«Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг» хэмээсэн анхааруулга Библид байдаг (Мат. 15:19). Бэлгэдлийн зүрх буюу дотор хүндээ хууртах аюул байдаг. Тийн хууртах аваас Бурхны хүсэл таалалд харшлах зүйл хийж болзошгүй. Мунхаг хэрэг хийсэн хойноо зүрхэндээ хууртсанаа ухаарч магад. Буруу юм хийх хүсэл зүрхний угт байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

ЗҮРХНИЙ УГТ ЮУ БАЙГААГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Библийг өдөр бүр унших нь бэлгэдлийн зүрхээ шалгахад тустай

Библийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бод.

Элч Паул: «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог» гэж бичжээ. Библи «зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай» (Евр. 4:12). Библиэс уншсан зүйлээ өөр дээрээ тусгаж боддог бол юу хүсдэгээ мэдэж болдог. Тиймээс Бурхны Үгийг өдөр бүр уншиж, түүнийгээ эргэцүүлэн бодох нь үнэхээр чухал байх нь. Ингэвэл Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болно.

Библийн зарчмыг баримталдаг бол мөс чанараа сургаж байна гэсэн үг. Буруу юм хийх гээд байвал Библиэр сургасан мөс чанар маань сэрэмжлүүлэг өгдөг (Ром 9:1, 2). Түүнчлэн, «бидэнд сануулга» болох олон жишээ Бурхны Үгэнд бий (1 Кор. 10:11). Тэдгээр жишээнээс сургамж авбал хазгай гишгэж алдаа гаргахгүй. Өөр яах хэрэгтэй вэ?

Дотор хүнээ танихад залбирал нэн чухал

Бурхнаас тусламж гуйн залбир.

Ехова «зүрхийг тандан мэддэг» (Ш.дээд 29:17). «Бидний зүрхнээс аугаа бөгөөд бүх юмыг мэддэг» (1 Иох. 3:20). Хэн ч Бурхныг хуурч чадахгүй. Хэрэв бид сэтгэл санааны байдал, хүсэл эрмэлзэл, зовлон бэрхшээлийнхээ талаар илэн далангүй хэлж залбирвал зүрхний маань угт юу байдгийг Ехова мэдүүлж өгнө. Тэр байтугай, «Миний дотор цэвэр зүрхийг бүтээж» өгөөч хэмээн гуйж болно (Дуу. 51:10). Тэгэхлээр, залбирах нь нэн чухал юм.

Цуглаанд очдог бол зүрхнийхээ угт юу байгааг мэдэж авна

Цуглааны хөтөлбөрийг анхааралтай сонс.

Цуглаанд тогтмол явж, бүх хөтөлбөрийг анхааралтай сонсдог бол зүрх буюу дотор хүнээ шалгаж, чухам юу хүсдэгээ мэдэж чадна. Цуглаан болгоноос үргэлж шинэ юм мэдэж авахгүй байж магадгүй. Гэхдээ Библийн зарчмыг илүү сайн ойлгохын зэрэгцээ зүрхний маань угт ямар хүсэл нуугдаж байгааг олж мэдэхэд тус болох олон чухал заавар зөвлөгөө авдаг. Бас итгэл нэгтнүүдийн маань хариулт нэгийг бодогдуулдаг (Сур. 27:17). Харин цуглаандаа тогтмол явдаггүй бол «хувийн хүслээ эрж хайдаг» болох аюултай (Сур. 18:1). Тиймээс «Би цуглаандаа тогтмол очиж, бүх хөтөлбөрийг анхааралтай сонсдог уу?» гэж дор бүрнээ бодох хэрэгтэй (Евр. 10:24, 25).

ЗҮРХЭНДЭЭ ЯАЖ ХУУРТДАГ ВЭ?

Бид хуурамч зүрхэндээ янз бүрээр хууртдаг. Жишээ нь, эд хөрөнгөнд татагдаж, согтууруулах ундаанд дурлаж, найз нөхрөө буруу сонгож, чөлөөт цагаараа зохисгүй юм үзэж харж, уншиж сонсдог. Энэ дөрвөн зүйлийг дэлгэрэнгүй авч үзье.

Эд хөрөнгөнд татагдах.

Хүн материаллаг хэрэгцээгээ хангахыг хүсдэг нь зүйн хэрэг. Гэхдээ эд агуурсыг хэтэрхий их чухалчлах нь аюултай. Үүнийг ойлгуулахын тулд Есүс нэг баян хүний тухай үлгэр ярьж өгчээ. Тэр баяны амбаарууд үр тариагаар дүүрсэн тул шинэ ургацаа хадгалах газаргүй болов. Тэгээд амбааруудаа буулгаад илүү томыг барихаар шийдэж, «Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би сэтгэлдээ „Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац“ гэж хэлнэ дээ» хэмээн боджээ. Гэвч баян эр нэг чухал зүйлийг тооцсонгүй. Тэр шөнөдөө үхлээ гэхэд санаж бодсон нь талаар болох байв (Лук 12:16–20).

Хөгширсөн хойноо хөрөнгө мөнгөөр дутагдаж гачигдахын зовлон үзэх вий гэсэн бодол нас ахиж яваа хүмүүст төрж болох юм. Тэгээд ажлаасаа болоод цуглаан тасалдгаа, христиан хүний үүргээ ямар нэг байдлаар үл хайхарч байгаагаа зөвтгөдөг болж мэднэ. Бид ийм хандлагатай болохоос сэрэмжлэх хэрэгтэй бус уу? Тэгвэл залуу христианы тухайд юу хэлж болох вэ? Еховад бүрэн цагаар үйлчлэх шиг сайхан юм байхгүйг ойлгодог хэр нь, эхлээд мөнгө хуримтлуулчихаад дараа нь эхлэгчээр үйлчилье гэж бодож байж болох юм. Гэхдээ Бурханд хамаг чадлаараа үйлчлэх цаг нь одоо биш гэж үү? Маргааш амьд байх уу, үгүй юү гэдгээ хэн маань ч мэдэхгүй шүү дээ.

Согтууруулах ундаанд дурлах.

Сургаалт үгс 23:20-д «Дарсыг хэт их уудаг ... хүмүүсээс зай барь» гэж байдаг. Хэрэв хүн архи, дарс гэх мэтийн согтууруулах ундаанд их дуртай бол тогтмол уудгаа зөвтгөж болох юм. Жишээ нь, сайхан амрах гэсэн болохоос биш, согтож хөлчүүрхэх гэж уугаагүй шүү дээ гэж хэлж магадгүй. Алжаал тайлахад гашуун нясуун юм хэрэгтэй гэж боддог бол зүрхээ чин үнэнээр нь шалгах цаг болжээ гэсэн үг.

Найз нөхрөө буруу сонгох.

Еховад үйлчилдэггүй хүнтэй огт харьцахгүй байх боломжгүй. Бид тийм л хүмүүсийн дунд ажиллаж, амьдардаг. Бас тэдэнд сайн мэдээ дэлгэрүүлдэг. Харин тэдэнтэй чөлөөт цагаа өнгөрүүлж, түүгээр ч барахгүй дотносон нөхөрлөдөг бол яах вэ? Үүнийгээ зөвтгөж, тэд сайн хүмүүс шүү дээ гэж хэлэх үү? Библид «Бүү мэхлэгд. „Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг“» гэсэн сануулга байдаг (1 Кор. 15:33). Ганцхан дусал бохир ус ундны усыг бохирдуулдаг шиг, Бурхныг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөвөл үзэл бодол, хувцас хунар, үг яриа, биеэ авч явах байдлаараа тэднээс ялгарахаа больж сүнслэг талаараа доголдоно.

Чөлөөт цагаараа зохисгүй юм үзэж харж, уншиж сонсох.

Орчин үеийн техник технологийн ачаар янз бүрийн юм үзэж харах боломж бүрджээ. Гэхдээ ихэнх нь христиан хүнд тохиромжгүй байдаг. «Аливаа бузар булай ... нь та нарын дунд бүү дурсагдаг» гэж Паул бичжээ (Еф. 5:3). Бузар булай юм үзэж сонсох гээд байвал яах вэ? Хүн болгон амарч, сэтгэлээ сэргээх хэрэгтэй шүү дээ, юу үзэж харах нь хувийн хэрэг гэж бодож магадгүй. Гэвч бид Паулын зөвлөгөөг сэтгэл зүрхэндээ хоногшуулах учиртай. Тиймээс бузар булай юмыг харж, сонсохгүй байцгаая.

ӨӨРЧЛӨГДӨХ БОЛОМЖТОЙ

Хуурамч зүрхэндээ хууртаад буруу юм хийдгээ зөвтгөөд сурчихсан бол яах вэ? Өөрчлөгдөхөд оройтоогүй гэдгийг санаарай (Еф. 4:22–24). Хоёр жишээ авч үзье.

Мигел * эд хөрөнгөний талаар буруу бодолтой явснаа ойлгоод засжээ. Тэрбээр: «Эхнэр хүү бид гурав хамгийн сүүлийн үеийн, хамгийн сайн чанарын техник хэрэгсэл өргөн хэрэглэдэг, тав тухтай амьдрахыг маш чухал гэж үздэг орны хүмүүс. Нэгэн үе би энэ бүхний хойноос үхэн хатан явдаг байлаа. Ингэхдээ эдийн шуналтай болохгүй байж чадна гэж бодсон юм. Гэвч сэтгэл ханадаггүйг удалгүй ойлгосон. Тэгээд үзэл бодлыг минь өөрчилж өгөөч гэж Еховад залбирлаа. Гэр бүлээрээ бүрэн цагаар үйлчлэхийг хүсэж байгаагаа ч хэлэв. Ингээд эгэл жирийн амьдрахаар шийдэж, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар нүүж очсон. Удалгүй бид эхлэгч болцгоолоо. Элэг бүтэн, аз жаргалтай амьдрахад их хөрөнгө хэрэггүй юм билээ» гэж ярьжээ.

Өөрийгөө сайтар шалгавал зохисгүй хүмүүстэй нөхөрлөхөө больж чаддагийг Лий гэдэг хүнд тохиолдсон явдал харуулдаг. Тэрбээр: «Би ажлын шаардлагаар гадаад түншүүдтэй уулзаж, хүлээн авалтад байнга оролцдог байлаа. Тэр үеэр хүмүүс архи дарс их уудаг л даа. Тэглээ ч гэсэн би очих дуртай байсан. Олон ч удаа согтох шахсан. Тэгэх бүрдээ гэмшдэг байлаа. Зүрхээ шалгах хэрэгтэйгээ ухаарсан. Ингээд Бурхны Үгийг судалж, ахлагчдаас зөвлөгөө авсны ачаар Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөх үнэхээр дуртайгаа ойлгосон юм. Одоо, болж өгвөл утсаар ажил хэргээ явуулж, түншүүдтэйгээ цөөхөн уулзаж байгаа» гэж ярьжээ.

Хүн өөртөө үнэнч байж, зүрхнийхээ угт юу байгааг мэдэх хэрэгтэй. Яаж мэдэх вэ? «Зүрхний нууцыг мэддэг» Еховагаас тусламж гуйж залбирах нь нэн чухал (Дуу. 44:21). Бас Бурхны Үг хэмээх толинд харж байх хэрэгтэй (Иак. 1:22–25). Библид үндэслэсэн ном хэвлэл, цуглаанаар өгдөг Еховагийн зөвлөгөө үнэлж баршгүй ач тустай! Энэ бүхний ачаар зүрхээ хамгаалж, үргэлж зөв юм хийнэ.

^ Нэрсийг өөрчлөв.