Манай архиваас
Пилгримүүдтэй хамт аялцгаая
«АЙЛААР явж яасан ч чадахгүй!». Библийн хичээл хийдэг олон суралцагч танихгүй хүмүүст дэлгэрүүлнэ гэдгээ мэдээд ингэж боддог. Харин энэ үгийг туршлагатай илтгэгч, Библийн багш, пилгрим (одоогийн явуулын харгалзагч) гэгддэг байсан нэг хүн хэлжээ.
«Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн олон уншигч сүмээсээ гарчээ. Тэд өөртэй нь адилхан Библийн үнэний төлөө цангадаг хүмүүстэй нөхөрлөхийг хүсдэг байв. Үнэнийг эрхэмлэдэг хүнийг хайж олоод, тогтмол цуглаж Библи судалж байхыг уг сэтгүүл уншигчдадаа уриалжээ. 1894 оны эхээр Харуулын Цамхаг Нийгэмлэг тогтмол цугладаг ийм хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч төлөөлөгчдөө явуулсан байна. Туршлагатай, хөдөлмөрч энэ эрчүүдийг хожим нь пилгрим гэх болсон бөгөөд төлөв түвшин, Библийн мэдлэгтэй, сайн ярих, заах чадвартай, золиосонд итгэдэг гэдгээр нь сонгодог байжээ. Пилгримүүд нэг юм уу хоёр хоног эргэлт хийж, тун завгүй ажилладаг байв. Пилгримийн илтгэл сонсохыг хүмүүст уриалж урилга тарааж дэлгэрүүлэх ажлын гараагаа эхэлсэн Библи Судлаач олон. Сүүлд Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Хюго Риймер нэг сургуульд орой илтгэл тавьсныхаа дараа шөнө дунд өнгөртөл хүмүүсийн асуултад Библид үндэслэн хариулжээ. Ядарсан ч баяр хөөртэй байсан тэрбээр цуглааныг «үнэхээр сайхан» болсон гэж хэлсэн гэдэг.
«Харуулын цамхаг» сэтгүүлд бичсэнээр, пилгримийн эргэлтийн «гол зорилго» нь итгэгчдийн гэрт болдог цуглаанаар «итгэлийн гэр бүлийг» бэхжүүлэх явдал байлаа. Пилгримийн эргэлтийн үеэр ойр хавьд амьдардаг Библи Судлаачид ирж илтгэл сонсон, асуулт хариултын хэсэгт оролцоно. Дараа нь дайллага цайллага болдог байв. Тэр үед жаахан охин байсан Моод Абботтын ярьснаар, өглөө илтгэл сонссоны дараа бүх хүн гадаа зассан урт бандан ширээ тойроод суучихдаг байж. «Ширээн дээр гэрийн хиам, шарсан тахиа, төрөл бүрийн талх, жигнэмэг, бялуу гээд амттан шимттэн битүү өрөөстэй. Хүн бүр гэдсээ гартал идэж аваад, үдийн хоёр цагийн үед дараагийн илтгэл сонсохоор цуглана. Харин тэр үед бүгдээрээ нойрмог байдаг байсан» гэнэ. Олон жил пилгримээр үйлчилсэн Бенжамин Бартон: «Өгсөн бүхнийг нь хүртээд байсан бол пилгримийн ажлаа үргэлжлүүлж чадахгүй байх байсан» гэж нэгэнтээ дурсжээ. Бруклин дэх төвөөс илгээсэн захидалд, «өдөр тутам хийдэг жирийн хоолоор дайлж», «тайван унтуулж» байх нь пилгримд сайн гэж өгөөмөр сэтгэлтэй эгч нарт зөвлөсөн байна.
Пилгримүүд сэдвээ амьдруулахын тулд график, хүснэгт, үлгэр загвар гээд л гарын доорх материал ашиглан гайхалтай сайн заадаг байв. Р. Х. Барберын илтгэл «үргэлж сайхан амттай хоол шиг» байсан. У. Ж. Торн «эрт цагийн патриархууд шиг л» эцгийн сэтгэлээр ярьдаг байжээ. Нэг удаа Шийлд Түтжиян «Форд-А» машинаар явж байгаад «Зогсоорой!» гэж гэнэт хашхирснаа, машинаас бууж цэцэг түүж авчраад Еховагийн бүтээлийн тухай хамт яваа хүмүүстээ ярьсан гэдэг.
Пилгримийн ажил ялангуяа дунд болон ахимаг насныханд амаргүй байсан нь үнэн. Гэхдээ зарим пилгримд бүр ч том сорилт тулгарчээ. Юу
гэвэл, тэд айлаар дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцох ёстой болсон аж. 1924 оны 3 дугаар сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлд жинхэнэ христиануудын «нэг гол даалгавар бол хаанчлалын тухай дэлгэрүүлэх явдал юм. Пилгримүүдийг ийм зорилгоор явуулдаг» гэж бичжээ.Зарим пилгрим энэ өөрчлөлтөд илт дургүйцэн явуулын ажлаа орхиж, зарим нь бүр өөрийн гэсэн шашны бүлэг байгуулж байлаа. Гарамгай илтгэгч байсан нэг хүн: «Би зөвхөн индэр дээрээс илтгэл тавьж мэднэ. Харин айлаар явж яасан ч чадахгүй!» хэмээн их л эгдүүцэнгүй хэлж байсныг Роби Д. Адкинс дурссан байдаг. «Би түүнийг Охайо мужийн Колумбус хотод 1924 онд болсон чуулган дээр харсан. Мянга мянган ах дүүс баяр хөөрөөр цалгиж байхад, тэр хүн жижигхэн модны сүүдэрт ганцаархнаа зогсчихсон, тун ч өрөвдөлтэй харагдаж билээ. Би түүнийг дахиж хараагүй. Дараахан нь манай байгууллагыг орхисон юм» гэж хэлжээ. Гэвч «баяр хөөртэй олон ах» айлаар дэлгэрүүлэх гэж байгаа бололтой, «ном хэвлэл аваад машин руугаа явж» байжээ (Үйлс 20:20, 21).
Ах дүүстээ заах ёстой пилгримүүд айлаар дэлгэрүүлэхээс өөрсдөө айж сандарч байсан ч шинэ ажилдаа сэтгэл зүрхээ зориулах болсон юм. Герман хэлтэй Максвелл Френд (Фрешел) гэдэг пилгрим: «Пилгримийн ажил ийм онцлогтой болсноор их ивээл авчирсан» гэж бичжээ. Пилгрим Жон А. Бонетийн тайланд тэмдэглэснээр, ах нар Хаанчлалын тухай дэлгэрүүлэхийг их сайшаасан бөгөөд ихэнх хүн «тулалдааны тэргүүн эгнээнд явах идэвх зүтгэлээр шатаж» байжээ.
Явуулын ажил хийдэг үнэнч ах нар итгэл нэгтнүүддээ олон жилийн турш үлгэр дууриал болсоор ирсэн. Он удаан жил үнэний замаар явсан Норман Ларсон: «Тэр үед жаал хүү байсан надад хүртэл тэдний ажил үнэхээр ач тустай, үнэ цэнэтэй гэдэг нь тодорхой харагдаж байсан. Намайг зөв замаар явахад тэдний хийсэн юм их» хэмээн ярьжээ. Амь бие хайрлалгүй, үнэнчээр үйлчилдэг явуулын харгалзагчид одоо ч итгэл нэгтнүүддээ тусалсаар байна. Тэдний ачаар христианууд: «Бид айлаар явж чадна!» гэж зоригтой хэлдэг.
[32-р хуудасны товчлол]
Пилгримийг ирэхлээр бөөн баяр болдог байлаа!
[31-р хуудасны зураг]
Пилгрим Бенжамин Бартон 1905 онд 170 орчим газар очиж эргэлт хийжээ
[32-р хуудасны зураг]
Уолтер Ж. Торн эцгийн сэтгэлээр ханддаг болохоор нь хүмүүс түүнийг хайрлаад, «Аав» гэж дууддаг байв
[32-р хуудасны зураг]
Ж. А. Браун бол 1902 оны үед Ямайкийн 14 жижиг бүлгийг бэхжүүлж, урамшуулж явсан пилгрим юм
[32-р хуудасны зураг]
Христиануудыг бат итгэлтэй, эв нэгдэлтэй байж, байгууллагатай нягт хамтран ажиллахад пилгримүүд их үүрэг гүйцэтгэсэн