Баяр хөөрөө хуваалцъя!
Баяр хөөрөө хуваалцъя!
ЭДҮГЭЭ жаргалтай амьдарч, баяр хөөртэй байхад улам хэцүү болоод байна. Бусадтай сайхан юм ярьж, бодол санаагаа хуваалцана гэдэг бараг л боломжгүй гэлтэй. Их хотын амьдралаас болж хүмүүс орчноос тусгаарлагдан, ганцаарддаг.
Психобиологийн профессор Альберто Оливерио: «Ганцаардал их түгээмэл үзэгдэл юм. Өндөр өндөр байшин барилга ихтэй хотод амьдардаг хүмүүс орчноос тасрах нь элбэг байдаг. Үүнээс болоод хамт ажиллагсад, айл хөршийн хүмүүс ч юм уу хажуугийн дэлгүүрийн худалдагчтай дотно харьцах хэрэггүй гэж боддог» хэмээн өгүүлжээ. Ийнхүү ганцаардвал сэтгэл гутрал буюу депресст орох нь олонтаа.
Харин христианууд бол өөр. Элч Паул: «Үргэлж баяртай бай» гэж бичжээ (1 Тес. 5:16) Баяр хөөртэй байх, хамтдаа хөгжилдөх олон шалтгаан бидэнд бий. Бид Хамгийн Дээд Бурхан Еховаг шүтдэг, Библийн сургаалыг үнэн зөвөөр ойлгодог, мөнх амьдрах ирээдүйтэй. Бас ийм ивээлийг хүртэхэд нь бусдад тусалж чадна (Дуу. 106:4, 5; Иер. 15:16; Ром 12:12).
Жинхэнэ христиан хүн өөрөө баяр хөөртэй байхын зэрэгцээ үүнийгээ бусадтай хуваалцдагаараа онцлог юм. Тийм ч учраас Паул Филиппойн христиануудад: «Би ... баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана. Түүнчлэн та нар ч баярлаж, баяр хөөрөө надтай хуваалцаарай» гэж бичжээ (Флп. 2:17, 18). Энэ хоёр зүйлд Паул баярлаж, баяр хөөрөө хуваалцах тухай дахин дахин хэлжээ.
Христианууд зожигрох, ганцаардахаас болгоомжлох хэрэгтэй. Итгэл нэгтнүүдтэйгээ нийлдэггүй хүн тэдэнтэйгээ баяр хөөрөө хуваалцаж чадахгүй. Тэгвэл ах дүүстэйгээ хамт «Эзэний дотор баярла» гэсэн Паулын зөвлөгөөг яаж дагах вэ? (Флп. 3:1).
Итгэл нэгтнүүдтэйгээ баяр хөөрөө хуваалц
Паул Филиппойн христиануудад захидал бичих үедээ Ромд хоригдож байсан бололтой. Тэрбээр сайн мэдээ тунхагласнаасаа болоод хоригджээ (Флп. 1:7; 4:22). Гэсэн ч урам зоригтой, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсээр байсан. Еховад хамаг чадлаараа үйлчилж, «ундаан өргөл болон асгагдаж» байгаадаа баярладаг байсан (Флп. 2:17). Хүн ямар ч үед баяр хөөртэй байж болдгийг Паул ийнхүү харуулжээ. Хорионд байсан хэр нь тэрбээр: «Баярлах ч болно» гэж хэлжээ (Флп. 1:18).
Паул Филиппой дахь хурлын үндсийг тавьсан учир тэндхийн ах дүүстээ онцгой хайртай байв. Еховад үйлчлээд олж авсан баяр хөөрөө хуваалцвал тэд ч урамшихыг мэдэж байсан. Тиймээс, «Ах дүү нар аа, эдүгээ миний нөхцөл байдал сайн мэдээний үлэмж ахиц дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов» хэмээн бичжээ (Флп. 1:12, 13). Энэ сайхан мэдээгээ хэлсэндээ өөрөө ч баярлаж, ах дүүсээ ч баярлуулсан. Хариуд нь Филиппойн христианууд Паултай баяр хөөрөө хуваалцсан биз ээ. Тэд түүнийг шоронд байгаа гэж гуньж гутрах бус, харин ч дууриах учиртай байв (Флп. 1:14; 3:17). Бас Паулын төлөө байнга залбиран, чадах бүхнээрээ тусалж дэмжих хэрэгтэй байсан (Флп. 1:19; 4:14–16).
Бид ч бас Паул шиг баяр хөөртэй байдаг
уу? Амьдралд тохиолдсон, эсвэл дэлгэрүүлж явахад болсон сайхан зүйлийн талаар бодохыг хичээдэг үү? Ах дүүстэйгээ нийлж цуглахаараа дэлгэрүүлэх ажлын сониноос ярих нь сайн. Гэхдээ заавал онц сонирхолтой явдал тохиолдохыг хүлээх хэрэггүй. Аятайхан оршил хэлээд, эсвэл эвтэйхэн ярьж тайлбарлаад Хаанчлалын мэдээг сонирхуулж чадсан байж болно. Библиэс нэг зүйл сонгоод гэрийн эзэнтэй сайхан яриа өрнүүлсэн байж болох юм. Эсвэл хүмүүс биднийг дэлгэрүүлж явахад Еховагийн Гэрч гэж шууд таньсан бол сайн гэрчлэл болсон гэсэн үг. Өөрт тохиолдсон иймэрхүү явдлуудаа ярих нь баяр хөөрөө хуваалцах нэг арга юм.Еховагийн үйлчлэгчид сайн мэдээ тунхаглахын тулд олон юмаа золиосолсон байдаг. Өнөөдөр ч тийм хүмүүс олон бий. Эхлэгчид, явуулын харгалзагчид, бетелчид, миссионерүүд, олон улсын үйлчлэгчид бүрэн цагийн үйлчлэлд амьдралаа зориулан, баяр хөөртэй яваа. Бид тэдний баяр хөөрийг хуваалцдаг уу? Хуваалцдаг бол «Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгч» энэ эрхэм хүмүүстээ талархдагаа харуулцгаая (Кол. 4:11). Цуглаан, чуулганы үед хамтдаа цуглахдаа тэднийгээ урмаар тэтгэж болно. Бас тэднийг дууриан идэвх зүтгэлтэй үйлчилж болно. Тэднийг хоолоор дайлж, зочлох зэргээр түүх намтрыг нь сонсож, урам сэргээсэн юм яриулах «боломж» гаргаарай (Флп. 4:10).
Зовж буй хүмүүстэй хамт баярла
Паул хавчигдаж, зовлон туулж явахдаа Еховад үнэнч байхаар бат шийджээ (Кол. 1:24; Иак. 1:2, 3). Зовлонгоо тэвчвэл адилхан зовлон амсаж буй Филиппой дахь ах дүүстээ урам зориг хайрлахаа ойлгоод баярлаж байсан. Тийм учраас: «Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт сёрхогджээ. Ингэхдээ та нар миний дотор харсан болон эдүгээ миний дотор байгаа гэж сонсож байгаатай адил тэмцлийг туулах юм» гэж бичжээ (Флп. 1:29, 30).
Өнөөдөр ч христиануудыг дэлгэрүүлэх ажил хийдгээс нь болж эсэргүүцдэг. Заримдаа тэдний биед халддаг боловч ихэнхдээ эсэргүүцлээ нарийн аргаар илэрхийлдэг. Жишээ нь, тэрслэгчид биднийг гүтгэдэг, гэр бүлийнхэн дайсагнадаг, ажлын хамт олон, сургуулийн хүүхдүүд шоолдог. Иймэрхүү юм болоход гайхах ч хэрэггүй, сэтгэлээр унах ч шаардлагагүй, харин баярлах хэрэгтэй гэж Есүс хэлсэн билээ. Тэрбээр: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа» хэмээн хэлжээ (Мат. 5:11, 12).
Зарим оронд байдаг ах дүүсээ харгис хавчлагад өртлөө гэж сонсвол айж сандрах хэрэггүй. Харин ч бууж өгөлгүй тууштай байгаад нь баярлаарай. Тэдний төлөө залбирч, итгэлтэй, тэвчээртэй байхад нь туслахыг Еховагаас гуйж болно (Флп. 1:3, 4). Тэдгээр ах дүүсийнхээ төлөө хийж чадах юм маань л энэ шүү дээ. Харин зовлон амсаж яваа хурлынхаа итгэл нэгтнүүдэд туслах боломж бидэнд бий. Тэдэнд анхаарал халамж тавьж, тусалж дэмжиж болно. Үе үе Гэр бүлийн Библийн хичээлдээ урих, хамт дэлгэрүүлэх, чөлөөт цагаа хамт өнгөрөөх зэргээр баяр хөөрөө хуваалцах боломж гаргах хэрэгтэй.
Баяр хөөрөө хуваалцах олон шалтгаан байгаа биз дээ! Энэ ертөнцөд түгээмэл байдаг зожигрох хандлагатай тэмцэж, ах дүүстэйгээ баяр хөөрөө хуваалцаж явцгаая. Ингэвэл хурал дотроо эв нэгдэлтэй байж, хайраар бялхаад зогсохгүй, итгэл нэгтнүүдтэйгээ ах дүүгийн барилдлагатайдаа баярлах болно (Флп. 2:1, 2). Паул бидэнд: «Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!» хэмээн уриалсан билээ (Флп. 4:4).
[6-р хуудасны зураг эзэмшигч]
Globe: Courtesy of Replogle Globes