Ехова таныг таньдаг уу?
Ехова таныг таньдаг уу?
«Эзэн [«Ехова», ШЕ] Өөрийн хүмүүсийг таньдаг» (2 ТИМ. 2:19).
1, 2. а) Есүс юуг анхаарч байсан бэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх хэрэгтэй вэ?
НЭГЭН фарисай Есүс дээр ирээд: «Хууль дахь агуу тушаал нь аль вэ?» гэж асуужээ. Тэгэхэд нь Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла» хэмээн хариулдаг (Мат. 22:35–37). Есүс тэнгэрийн Эцэгтээ маш их хайртай тул хэлснийхээ дагуу амьдардаг байв. Бас Еховад зөв хэмээн тооцогдохыг хичээдгээ амьдралаараа харуулсан. Тийм учраас Бурханд өөрийгөө таниулснаа батлан: «Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдаг» хэмээн нас нөгчихийнхөө өмнө хэлжээ (Иох. 15:10).
2 Олон хүн Бурхныг хайрладаг гэж хэлдэг. Бид ч тэдний нэг. Гэхдээ, «Ехова намайг таньдаг уу? Миний талаар юу гэж боддог вэ? Ехова намайг өөрийн хүн гэж үздэг үү?» гэсэн асуултуудыг нухацтай авч үзэх хэрэгтэй (2 Тим. 2:19). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэнтэй тогтоосон дотно харьцааны тухай бодох нь хэчнээн их аз завшаан бэ!
3. Зарим хүн Еховагийнх мөн эсэхдээ яагаад эргэлздэг вэ? Яавал ийм бодлоосоо салах вэ?
3 Гэтэл зарим хүн Еховаг хайрладаг мөртлөө анд нөхөр нь байх эрхгүй гэж бодож байхад, зарим нь өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж голдог. Тэд өөрсдийгөө Еховагийнх болж чадахгүй гэж үздэг учраас тэр юм. Харин Ехова тэгж үздэггүй гэж бодохлоор хэчнээн сайхан бэ! (1 Сам. 16:7). Элч Паул: «Хэрэв хүн Бурханд хайртай бол тэр хүн Түүгээр танигдсан байна» хэмээн хэлжээ (1 Кор. 8:3). Дараах асуултуудыг бодоод үз дээ. Та ямар учраас энэ сэтгүүлийг уншиж байгаа билээ? Еховад бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, хүчээрээ үйлчлэхийг яагаад хичээдэг вэ? Та яагаад Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн бэ? Ехова хүний зүрхийг шалгаж, зохистой хүмүүсийг өөртөө татдаг гэж Библид бичсэн байдаг (Хаггаи 2:7; Иохан 6:44-ийг уншина уу). Ехова таныг өөртөө татсан учраас л та түүнд үйлчилж байгаа шүү дээ. Анд нөхрөө болгосон хүмүүс нь үнэнч байсан цагт Ехова хэзээ ч орхихгүй. Тийм хүмүүсийг Бурхан үнэ цэнэтэйд тооцож, энхрийлэн хайрладаг (Дуу. 94:14).
4. Еховатай тогтоосон анд нөхрийн харьцааныхаа үнэ цэнийг үргэлж бодож явах хэрэгтэйн учир юу вэ?
4 Нэгэнт Ехова биднийг татсан болохоор хайран дотор нь байх гэж хичээх учиртай (Иуда 20, 21-ийг уншина уу). Бурхнаас холдсон хүмүүсийн жишээ Библид байдгийг санаарай (Евр. 2:1; 3:12, 13). Паул 2 Тимот 2:19-д байдаг үгийг хэлэхээсээ өмнө Хуменай Филет хоёрын тухай дурдсан. Тэр хоёр эхэндээ Еховагийнх байсан боловч хожим нь үнэнээс холджээ (2 Тим. 2:16–18). Еховагийнх байсан, Галатын хурлын зарим хүн бас үнэнийг орхисон (Гал. 4:9). Бурханд зөв хэмээн тооцогддогоо үргэлж завшаан гэж үзэцгээе.
5. а) Бурхан ямар зан чанарыг үнэлдэг вэ? б) Юун тухай ярилцах вэ?
5 Еховагийн таньдаг хүн болъё гэвэл түүнд таалагдах зан чанартай байх шаардлагатай (Дуу. 15:1–5; 1 Петр 3:4). Тийм хүн итгэл, даруу зангаараа бусдаас онцгой байдаг. Ийм хоёр зан чанараараа Еховагийн хайрыг татсан хоёр хүний жишээг авч үзье. Түүнчлэн бардам зангаасаа болоод Бурханд гологдсон хүний тухай ярилцъя. Эдгээр жишээ үнэтэй сургамж болдог.
Итгэдэг бүх хүний эцэг
6. а) Абрахам Еховагийн амлалтад итгэдгээ хэрхэн харуулсан бэ? б) Ехова Абрахамыг таньдаг байсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
6 Абрахам «ЭЗЭНд итгэсэн». Тиймд, «итгэдэг бүх хүний эцэг» гэж дуудагдах болжээ (Эх. 15:6; Ром 4:11). Тэрбээр бат итгэлтэй байсан учраас гэр орон, найз нөхөд, эд хөрөнгөө орхиод холын нутгийг зорьсон (Эх. 12:1–4; Евр. 11:8–10). Олон жил өнгөрсөн ч итгэл нь бат бэх байсныг нэгэн явдал харуулдаг. Тэрбээр хүү Исаакаа тахил болгон өргө гэсэн Еховагийн тушаалыг дуулгавартай дагасан (Евр. 11:17–19). Амлалтад нь итгэдгээ тодорхой харуулсан учир Бурхан түүнийг онцгойлон үзжээ. Ехова Абрахамыг үнэхээр сайн таньдаг байсан (Эхлэл 18:19-ийг уншина уу). Ехова Абрахам гэж хүнийг байдаг гэж мэдээд зогсохгүй, анд нөхөр хэмээн хайрладаг байсан (Иак. 2:22, 23).
7. Абрахам Еховагийн амлалтыг юу гэж үздэг байсан бэ? Бат итгэлтэй нь юунаас харагддаг вэ?
7 Ехова Абрахамд газар нутаг өгч, үр удмыг нь «далайн эргийн элс мэт асар олон болгохоо» амласан (Эх. 22:17, 18). Энэ амлалт биелэхийг Абрахам үзээгүй ч Еховад бат итгэсээр байсан. Бурхан хэлсэн л бол заавал биелүүлнэ гэдэгт итгэж амьдарсан (Еврей 11:13-ыг уншина уу). Ехова таныг Абрахам шиг бат итгэлтэй хүн гэдгээр тань мэддэг үү?
Еховаг хүлээх нь итгэлтэйн шинж
8. Ихэнх хүн юу хүсэж мөрөөддөг вэ?
8 Бид гэрлэх, үр хүүхэдтэй болох, эрүүл энх явах гээд хүний л хүсдэгийг хүсэж мөрөөддөг. Гэвч тэр бүр санаснаар бүтчихдэггүй. Тийм л үед асуудлыг яаж шийдэн, биеэ хэрхэн авч яваагаас хэр зэрэг итгэлтэй маань харагдана.
9, 10. а) Зарим хүн хүслээ биелүүлэхийн тулд яадаг вэ? б) Бурхны амлалтын талаар та юу гэж боддог вэ?
9 Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд Бурхны тушаалыг зөрчвөл мунхаг хэрэг болно. Энэ нь сүнслэг байдалд аюултай. Зарим хүн эрүүл мэндээ бодоод Библийн зарчимд харш эмчилгээ хийлгэдэг. Зарим нь гэр бүлдээ анхаарал тавих, цуглаанд явах боломжгүй ажилд ордог. Зарим нь Еховад үйлчилдэггүй хүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоодог. Ийм христиан Еховагийн таньдаг хүн байж таарах уу? Абрахам тэвчээргүй загнан, Бурхны амлалт биелэхгүй байна хэмээн үглэж дуулсан бол Еховад ямар санагдах байсан бэ? Өөрийнхөөрөө асуудлыг шийдэж, төвхнөж суурьшаад, Еховаг хүлээлгүй, нэрээ алдаршуулах гэсэн бол яах вэ? (Эхлэл 11:4-тэй харьцуулна уу). Ехова түүнийг анд нөхрөө хэмээн үзэх байсан уу?
10 Та ямар хүслээ биелээсэй гэж хүсдэг вэ? Таны итгэл хэр бат бэх вэ? Зөв зохистой хүслийг тань Ехова биелүүлнэ гэж хүлээдэг үү? (Дуу. 145:16). Бурхны амлалт хүссэнээр маань хурдан биелэхгүй байж болох юм. Гэлээ ч биднийг Абрахамын адил бат итгэж, итгэлээ үйлсээрээ харуулж амьдарвал Ехова хэзээ ч мартахгүй, ивээнэ (Евр. 11:6).
Даруу ба бардам зан
11. Кора ямар завшаан эдэлсэн бэ?
11 Еховад хүндэтгэлтэй хандаж, авч явуулсан арга хэмжээ, гаргасан шийдвэрийг нь дэмжих болоход Мосе Кора хоёр эсрэг тэсрэг байр суурь баримталжээ. Үүнд нь тулгуурлаад Ехова тэднийг дүгнэсэн. Кохатын удмын леви Кора олон сайхан завшаан эдэлсэн хүн байв. Ард түмнийхээ хамтаар Улаан тэнгисийг гаталсан. Синаи уулын дэргэд Ехова дуулгаваргүй израильчуудыг шийтгэхэд тэрбээр гар бие оролцсон. Гэрээний авдар зөөж явах үүрэг хүлээдэг байсан (Ег. 32:26–29; Тоол. 3:30, 31). Кора Еховад олон жил үнэнчээр үйлчилж, улмаар хүмүүст хүндлэгдэх болсон нь лавтай.
12. 28-р хуудсан дахь зурагт дүрсэлснээр, Бурхантай тогтоосон харьцаагаа алдахад Корагийн бардам зан хэрхэн нөлөөлсөн бэ?
12 Гэвч Кора Амласан газар луу явах замдаа Бурхны удирдах арга нэг л биш байна гэж боджээ. Ард түмний 250 удирдагч Корагийн талд оржээ. Тэд Еховатай тогтоосон харьцаагаа бат найдвартай гэж бодож байсан нь лавтай. Тиймээс Мосе Аарон хоёрт: «Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна» гэж хэлсэн (Тоол. 16:1–3). Өөртөө хэтэрхий эрдсэн, яасан бардам хүмүүс вэ! Мосе тэдэнд: «Хэн нь Түүнийх ... болохыг ЭЗЭН үзүүлнэ» гэж хариулсан (Тооллого 16:5-ыг уншина уу). Маргааш орой нь Кора болон түүний талынхан бүгд амиа алджээ (Тоол. 16:31–35).
13, 14. Мосе даруу хүн гэдгээ хэрхэн харуулсан бэ?
13 Гэтэл Мосе «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа» (Тоол. 12:3). Тэрбээр дөлгөөн, даруу байж, Еховагийн зааврыг шийдвэртэй дагасан (Ег. 7:6; 40:16). Еховагийн арга зөв эсэхэд эргэлзэх юм уу хууль тушаалыг нь дагахаас дургүйцэж байсан удаагүй. Нэг жишээ авъя. Ехова асар барих нарийн заавар өгчээ. Ямар өнгийн утсаар, хэдэн ширхэг гогцоо хийх гэх зэргийг нэгд нэгэнгүй хэлж өгсөн аж (Ег. 26:1–6). Бурхны байгууллагад харгалзагчаар үйлчилдэг хүн хэтэрхий нарийн ширийн гэмээр заавар өгдөг бол заримдаа та бухимдаж болох юм. Гэвч төгс харгалзагч Ехова үйлчлэгчдэдээ ажил үүрэг оноож, итгэл найдвар хүлээлгэдэг. Хэрэв юуг, яаж хийхийг ширхэг дараалан тайлбарласан бол ингэх шалтгаан байгаа гэсэн үг. Мосе, мэдээжийн юм хэлж дорд үзлээ гэх юм уу бодож сэтгэх эрх чөлөөг минь хааж боолоо гэж Еховад уурлаагүй. Харин ч Бурхны «тушаасан бүхний дагуу хийхийг» хүмүүст хэлж захисан (Ег. 39:32). Хэчнээн даруу хүн бэ! Мосе асар барихыг Еховагийн ажил, өөрийгөө багаж нь гэдгийг хүлээн зөвшөөрч байсан.
14 Түүнчлэн таагүй асуудал тулгараад, урам нь хугарсан үедээ ч да руу хүн гэдгээ харуулжээ. Нэгэн удаа ард олныг гомдоллоход ихэд уурлан, Бурхныг алдаршуулахаа умартсан. Үүнээсээ болоод Бурхны ард түмнийг Амласан газар луу авч орох эрхгүй болжээ (Тоол. 20:2–12). Ах Аароныхаа хамт израильчуудын гомдоллохыг олон жил тэвчиж ирсэн. Гэвч энэ удаа алдаж, хамаг хүсэл мөрөөдөл нь талаар болжээ! Тэгээд яасан бэ? Урам нь хугарсан хэдий ч даруухан байж, Еховагийн шийдвэрийг дэмжжээ. Тэрбээр Еховаг зөвт бөгөөд шударга Бурхан гэдгийг мэдэж байсан (Д.хууль 3:25–27; 32:4). Та Мосег Еховад танигдсан хүн гэж боддог уу? (Египетээс гарсан нь 33:12, 13).
Еховад захирагдахад даруу зан хэрэгтэй
15. Кора бардам зан гаргасан нь бидэнд ямар сануулга болдог вэ?
15 Дэлхий дахины христиан хуралд өөрчлөлт гарахад дургүйцэлгүй хүлээж авбал Ехова сайшаана. Түүнчлэн Еховагийн томилсон хүмүүсийг хүндэтгэх нь бидний үүрэг юм. Кора ба түүний нөхөд өөртөө эрдэж, бардамнан сагсуурч, итгэл найдвараа алдсанаар Бурхнаас холдсон. Кора, аливаа шийдвэрийг хөгшин Мосегийн шийдвэр гэж бодож байсан боловч үнэн чанартаа Ехова ард түмнээ удирдаж байсныг умартаад томилсон хүмүүст нь үнэнч байж чадаагүй. Уг нь, Кора Еховаг хүлээх ёстой байв. Ехова тухайн асуудлыг тодорхой болгох юм уу, шаардлагатай бол засаж өөрчлөх л байсан. Эцэст нь Кора бардам зангийнхаа балгаар Еховад олон жил үнэнч үйлчилсэн нэрээ балласан.
16. Мосегийн даруу зангийн жишээ бидэнд ямар ач тустай вэ?
16 Энэ түүх ахлагчид болон хурлын бусад гишүүнд сургамжтай. Еховаг хүлээж, томилсон хүмүүсийнх нь зааврыг дагахад даруу зан хэрэгтэй. Та Мосе шиг даруу, дөлгөөн байдаг уу? Хуралд удирдах үүрэг хүлээдэг хүмүүсийн байр суурийг хүлээн зөвшөөрч, заавар зөвлөгөөг нь дагадаг уу? Урам хугарсан үедээ биеэ барьдаг уу? Тийм бол Ехова таныг ч бас таньдаг хүнээ гэж үзнэ. Дуулгавартай, даруу хүнийг Ехова хайрладаг.
Ехова өөрийнхөө хүмүүсийг таньдаг
17, 18. Еховагийн сайшаалыг үргэлж хүлээхийн тулд яах хэрэгтэй вэ?
17 Еховагийн хайрладаг, таньдаг хүмүүсийнх нь тухай эргэцүүлэн бодох нь ач тустай. Абрахам Мосе хоёр бидний л адил төгс бус, алдаа дутагдалтай хүмүүс байсан. Гэхдээ Ехова тэднийг өөрийнхөө хүмүүс, анд нөхдөө гэж боддог байсан. Хүн Еховагаас холдож хөндийрөөд, анд нөхөр нь байхаа больдгийг Корагийн түүх харуулдаг. Бид дор бүрнээ: «Ехова миний тухай юу гэж боддог вэ? Библийн эдгээр жишээ надад ямар сургамжтай вэ?» гэж бодох нь зүйтэй.
18 Ехова үнэнч үйлчлэгчдээ өөрийнх гэж үздэгийг мэдэхлээр сэтгэл тайвширдаг. Тиймээс цаг үргэлж итгэлтэй, даруу байцгаая. Еховагийн таньдаг хүний тоонд багтана гэдэг аз завшаан юм. Бурхны сайшаалыг хүлээдэг хүмүүс эдүгээ сэтгэл тэнүүн амьдарч, ирээдүйд гайхалтай ивээл хүртэнэ (Дуу. 37:18).
Санаж байна уу?
• Еховагийн таньдаг хүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
• Бат итгэлтэй Абрахамыг хэрхэн дууриах вэ?
• Кора, Мосе нараас ямар сургамж авч болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[26-р хуудасны зураг]
Ехова амласнаа заавал биелүүлнэ гэдэгт та Абрахамын адил итгэдэг үү?
[28-р хуудасны зураг]
Кора даруу, дуулгавартай байж чадаагүй
[29-р хуудасны зураг]
Ехова таныг дуулгавартай, даруу хүн гэдгээр тань мэддэг үү?