Skip to content

Гарчиг руу орох

Библи уншдагийн хүчинд өдий зэрэгтэй явна

Библи уншдагийн хүчинд өдий зэрэгтэй явна

Библи уншдагийн хүчинд өдий зэрэгтэй явна

Марсо Леруагийн яриа

БИ өрөөндөө ганцаархнаа: «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гээд л уншиж гарав. Яагаад нууцаар уншив гэж үү? Шашин шүтлэггүй аав минь намайг Библи уншиж байхыг харвал дургүйцэх нь ойлгомжтой байсан юм.

Би урьд нь Библи уншиж байсангүй. «Эхлэл» номын эхний тэр үгнүүд сэтгэл зүрхийг минь эзэмдэж билээ. «Миний сонирхдог физикийн хуультай яв цав нийцэж байна!» гэж бодлоо. Тэгээд ихэд шимтэн, оройн 8 цагаас өглөөний 4 цаг хүртэл уншсан юм. Тэр цагаас хойш би Бурхны Үгнээс салахаа больсон юм даа. Библи унших зуршил минь өнөөдрийг хүртэл надад яаж сэтгэлийн тэнхээ өгч байсныг ярья.

«Чи өдөр бүр уншина даа»

Би 1926 онд Францын хойд зүгт байдаг Вермел хэмээх нүүрсний уурхайн тосгонд төрсөн. Дэлхийн II дайны үед Францад нүүрсийг чухал бүтээгдэхүүнд тооцож байсан тул уурхайчин намайг цэрэгт татсангүй. Харин би амьжиргаагаа дээшлүүлэх гэж радио, цахилгааны чиглэлээр суралцах боллоо. Тэгэхэд л физикийн хуулиудын нарийн зохицолтойг мэдэж авсан юм. Намайг 21 настай байхад хамт сурч байсан нэг залуу: «Унших хэрэгтэй ном байгаа юм» гээд Библи өгч билээ. Би тэр Библийг уншиж дуусгаад, хүн төрөлхтөнд өгсөн Бурхны Үг мөн гэдэгт итгэсэн.

Хөршүүд маань бас уншаад баярлана даа гэж бодоод найман ширхэг Библи олж авлаа. Гэтэл шоолж, эсэргүүцдэг байгаа! Мухар сүсэгтэй хамаатнууд маань: «Чи наад номоо нэг л уншаад эхлэх юм бол өдөр бүр уншина даа!» гэж анхааруулсан. Нээрээ л тэгсэн дээ. Тэр цагаас хойш би Библи унших зуршилтай болсон. Гэхдээ хэзээ ч харамсаагүй.

Намайг Библи унших сонирхолтойг мэдсэн хөршүүд маань Еховагийн Гэрчүүдээс авсан ном хэвлэлээ өглөө. Библид Бурхны Хаанчлалыг хүн төрөлхтний цорын ганц найдвар гэж бичсэний учрыг «Нэг ертөнц, нэг засгийн газар» * (зураг дээр франц хэлээр) гэх мэтийн танилцуулгад тайлбарласан байв (Мат. 6:10). Түүнээс хойш энэ найдвараа бусадтай хуваалцах хүсэл улам хүчтэй оргилсон юм.

Надаас Библи авсан анхны хүн нь миний багын найз Ноел байлаа. Католик шашинтай Ноел прист (католик шашны нэг цол) болохоор суралцаж байсан нэг хүнийг надтай танилцуулав. Би их сандарсан ч шүтээн шүтэх, лам хуврагуудыг цол хэргэмээр дуудахыг Бурхан таалдаггүйг Дуулал 115:4–8; Матай 23:9, 10-аас мэдсэн учраас шинээр олж авсан итгэл үнэмшлээ зоригтой хамгаалж билээ. Үүний ачаар Ноел үнэнийг хүлээж аван, одоо хүртэл үнэнчээр үйлчилж байгаа.

Би эгчийндээ очлоо. Нөхөр нь ид шидтэй холбоотой олон номтой, чөтгөрүүд ч нэлээн зовоодог байж. Эхэндээ бас л айж хулчийсан ч Еврей 1:14 гэх мэтийн Библийн зүйлүүдийг санаад, Еховагийн тэнгэр элчүүд надад тусална гэсэн итгэл төрсөн юм. Хүргэн ах маань Библийн зарчмыг хэрэгжүүлэн ид шидтэй холбоотой бүхнээ хаятал, чөтгөрүүд зовоохоо больсон. Хүргэн ах, эгч хоёр маань идэвх зүтгэлтэй Гэрч болцгоосон доо.

1947 онд америк Гэрч Артур Эмиот манай хаалгыг тогшсон юм. Би ихэд баярлан, Гэрчүүд хаана цуглардгийг асуусанд 10 километрийн цаана Льевенд хэсэг Гэрчүүд байгаа гэж хэллээ. Тэр үед унадаг дугуй ч олддоггүй байв. Тиймээс би хэдэн сарын турш цуглаан гэр хоёрын хооронд явган ирж очдог байлаа. Францад Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа 8 жил хориотой байсан. Орон даяар ердөө 2 380 Гэрч байсан бөгөөд ихэнх нь Польшийн цагаачид байв. Харин 1947 оны 9-р сарын 1-нд Францын засгийн газар бидний үйл ажиллагааг дахин зөвшөөрсөн. Ингээд манай байгууллагын салбар Парисын Вилла Гиберт дахин ажиллаж эхэлсэн. Францад ганц ч эхлэгч байгаагүй тул 1947 оны 12-р сарын «Мэдээлэгч» буюу одоогийн «Христиан үйлчлэл»-д сард 150 цаг дэлгэрүүлэх нормтой ерөнхий эхлэгч болох уриалга гарсан юм (1949 онд цагийн энэ норм нь 100 болж буурсан). Би Иохан 17:17-д байдаг «[Бурхны] үг бол үнэн мөн» хэмээн Есүсийн хэлснийг бүрэн зөвшөөрч, 1948 онд баптисм хүртэн, 1949 оны 12-р сараас эхлэгчээр үйлчлэх болсон.

Шоронгоос гараад Дюнкерк рүү

Анх Францын өмнөд хэсгийн Ажен хотод томилогдсон ч нэг их удсангүй. Уурхайд ажиллахаа больсон чинь зарлан ирлээ. Цэрэгт явахаас татгалзтал, шоронд хийчихэв. Библитэй байхыг минь зөвшөөрөөгүй ч «Дуулал» номын хэдэн хуудас олж авлаа. Тэрнийгээ уншаад зориг ордог байв. Шоронгоос гарсныхаа дараа амьдралаа төвхнүүлэхийн тулд бүрэн цагаар үйлчлэхээ болих уу, яах вэ гэдгээ шийдэх боллоо. Библиэс уншсан зүйл маань дахиад л тус болсон юм. Филиппой 4:11–13-т байдаг «Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» гэсэн Паулын үгийг эргэцүүлэн бодлоо. Тэгээд эхлэгч хэвээрээ байхаар шийдэв. 1950 онд шинэ томилолт авч, урьд нь үйлчилж байсан Дюнкерк рүү явсан.

Тэнд очиход надад юу ч байсангүй. Тэр хот дэлхийн II дайнаар нэлээд сүйдсэн байлаа. Орон байр ч олоход бэрх. Урьд нь дэлгэрүүлж байсан айлдаа очтол эзэгтэй нь: «Ноён Леруа, та чинь суллагдчихаа юу даа! Нөхөр маань „Леруа шиг хүн олон бол дайн хэзээ ч гарахгүй байх байсан“ гэж хэлсэн» гэсээр хөл хөөрцөг болон угтаж билээ. Тэднийх жижиг зочид буудалтай учир жуулчны улирал эхэлтэл намайг нэг өрөөнд байлгахаар болов. Тэр өдөр Артур Эмиотын ах Эванс ажил олж өглөө. Боомтод хэлмэрчээр ажиллаж байсан тэрбээр онгоц манах шөнийн харуул хайж байжээ. Тэгээд намайг усан онгоцны нэг ахмадтай танилцуулав. Шоронд байхдаа турж эцсэнийг минь Эванс тайлбарлахад, хөргөгчнөөс идэх юм авч идээрэй гэж тэр ахмад хэллээ. Ингээд нэг л өдрийн дотор байртай, ажилтай, хоол ундтай болов! Тэгэхэд л Матай 6:25–33-т байдаг Есүсийн үгэнд бүр ч их итгэсэн дээ.

Жуулчны улирал эхэлмэгц надтай хамт эхлэгчээр үйлчилдэг Симон Аполинарски бид хоёрт байр олох хэрэг гарлаа. Тэгэхдээ томилогдсон газартаа л байхаар шийдэв. Тэгээд морины жүчээ олж, шөнө нь сүрэл дэвсэж унтаад, өдөр нь дэлгэрүүлдэг байв. Олон хүн үнэнийг хүлээж авсан. Тэдний дотор жүчээний эзэн байлаа. Гэтэл дараахан нь орон нутгийн хэвлэлд «Дюнкерк хот дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа хүчээ авч байгаа» тухай өгүүлэл нийтлэгдэж, ард иргэдийг сэрэмжлүүлсэн. Үнэндээ Симон бид хоёроос гадна цөөхөн хэдэн Гэрч л байсан юм шүү дээ! Бэрхшээл тулгарахад бид ирээдүйн найдвараа эргэцүүлж бодон, Ехова бидэнд хэрхэн санаа тавьж байгааг ярилцан сэтгэлийн тэнхээтэй болдог байв. Намайг 1952 онд өөр газар томилогдох үед байнга үйлчилдэг 30 орчим дэлгэрүүлэгч Дюнкеркт байсан.

Шинэ үүрэг гүйцэтгэх урам зоригтой болсон минь

Амьен хотод хэсэг үйлчилснийхээ дараа Парисын захад орших Булонь-Бийанкур гэдэг газар тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авлаа. Тэнд олон хүнд Библийн хичээл заасан. Тэдний зарим нь бүрэн цагаар үйлчлэн, миссионер болсон. Ги Мабила гэдэг залуу үнэнийг хүлээн авч дүүргийн харгалзагч, улмаар мужийн харгалзагчаар үйлчлэн, хожим нь Парисаас нэлээд хол Лувье гэдэг газар, одоогийн Бетелийн хэвлэх үйлдвэр барих ажлыг хариуцаж байсан. Ер нь, дэлгэрүүлэх ажилд оролцон, хүмүүстэй үргэлж Библийн тухай ярилцахлаар баяр хөөртэй болж, Бурхны Үг зүрх сэтгэлд хоногшин, заах чадвар сайжирдаг юм билээ.

1953 онд Эльзас-Лотринген гэдэг мужид дүүргийн харгалзагчаар үйлчлэх томилолт гэнэт авав. Энэ муж 1871, 1945 онд Германы харьяанд байжээ. Тиймээс герман хэл сурах шаардлага гарч ирэв. Намайг дүүргийн харгалзагчаар үйлчилж эхлэх үед тэнд машин тэрэг, зурагт, бичгийн машин гэдэг чинь нүдний гэм, хүлээн авагч, компьютер ер байсангүй. Тэглээ гээд амьдрал уйтгартай биш, харин ч хамгийн баяр хөөртэй байв. Тэр үед Еховад үйлчлэхэд саад болох зүйл одоогийнх шиг олон байгаагүй учир нүдээ цэвэр байлга гэсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд амар байсан (Мат. 6:19–22).

1955 онд Парист болсон «Яруу алдарт Хаанчлал» гэдэг нэртэй чуулган миний хувьд онцгой байсан. Тэнд ирээдүйн эхнэр Ирен Коланскитай учирсан юм. Тэр минь надаас нэг жилийн өмнө бүрэн цагийн үйлчлэгч болсон юм билээ. Эцэг эх нь Еховад олон жил хичээл зүтгэлтэй үйлчилсэн польш хүмүүс байв. Европт сайн мэдээ тунхаглахаар очсон Адольф Вебер (Расселл ахын цэцэрлэгч байсан) тэднийг Францад байхад гэрт нь очиж дэлгэрүүлсэн юм гэсэн. Ирен бид хоёр 1956 онд гэрлээд, түүнээс хойш явуулын үйлчлэлд хамт зүтгэсэн. Ирен минь намайг дүүргийн харгалзагч байх хугацаанд их ч түшиг болсон!

Хоёр жилийн дараа мужийн харгалзагчаар томилогдсон минь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Гэсэн хэдий ч шаардлага хангасан эрэгтэй Гэрчүүдийг олж авахын тулд зарим хуралд дүүргийн харгалзагчийн эргэлтээ үргэлжлүүлэн хийхэд хүрсэн. Ямар их завгүй байсан гэж санана! Сард 100 цаг дэлгэрүүлэхээс гадна, 7 хоног бүр илтгэл тавьж, ном судлалын гурван бүлэгт эргэлт хийж, бичиг баримт шалган, тайлан бичдэг байлаа. Үүний хажуугаар Бурхны Үгийг унших цаг гаргах ёстой. Тэгээд нэг л арга олсон юм. Хуучин Библиэсээ хэдэн хуудас ураад авч явдаг байв. Хүн хүлээх зуураа түүнийгээ гаргаж ирээд л уншина даа. Тэр агшинд сүнслэгээр сэргэж, үргэлжлүүлэн ажиллах хүчтэй болдог байв.

1967 оноос Ирен бид хоёр Булонь-Бийанкурт байдаг Бетелд үйлчлэх болсон. Би Үйлчлэлийн тасагт өнөөг хүртэл 40 гаруй жил ажиллаж байна. Миний ажлын нэг сайхан нь Библийн сэдэвтэй асуулт бүхий захидлын хариу бичих юм. Бурхны Үгийг гүнзгий судалж, «сайн мэдээг батлан хамгаалах» хэчнээн сайхан гэж санана! (Флп. 1:7). Бас өглөө бүр болдог Библид үндэслэсэн хэлэлцүүлгийг удирдах их дуртай. 1976 онд Франц дахь Салбарын хорооны гишүүнээр томилогдсон.

Амьдралын хамгийн сайн зам

Хэцүү үе бишгүй л байсан. Гэхдээ одоо л хамгийн хэцүү байна. Ирен бид хоёр хөгширч, тамир тэнхээ муудаад, чадахаасаа чадахгүй нь их болжээ. Гэлээ ч Бурхны Үгийг хамт уншиж, судалдаг болохлоор ирээдүйн найдвар маань одоо ч гэрэлтсээр байна. Бид энэ найдвараа хүмүүстэй хуваалцах гэж хурлынхаа хэсэг рүү автобусаар явах дуртай. Бид хоёрын бүрэн цагаар үйлчилсэн жилийг нийлүүлбэл 120 гаруй жил болно. Туулж өнгөрүүлсэн амьдралаа бодохлоор утга учиртай, баяр хөөртэй амьдрахыг хүсдэг хүн болгонд бидний замаар яваарай гэж чин сэтгэлээсээ зөвлөмөөр санагддаг. Давид хаан Дуулал 37:25-д байдаг үгийг бичиж байхдаа «хөгширсөн» байсан ч «зөв шударга хүн хаягдахыг» үзээгүй. Үнэхээр тийм гэдгийг би ч биеэрээ үзэж байна.

Амьдралын минь туршид Ехова намайг Үгээрээ зоригжуулж байна. Хамаатнууд маань 60 гаруй жилийн өмнө надад Библиэс салахаа байна даа гэж хэлж байсан. Тэдний зөв байжээ. Библи унших нь миний өдөр тутмын зуршил болсон. Тэглээ гээд хэзээ ч харамсаж байгаагүй!

[Зүүлт]

^ 1944 онд хэвлэгдсэн. Одоо хэвлэхээ больсон.

[5-р хуудасны зураг]

Симон бид хоёр

[5-р хуудасны зураг]

Мужийн харгалзагчаар үйлчилж байхдаа

[5-р хуудасны зураг]

Миний анхны Библи иймэрхүү байсан

[6-р хуудасны зураг]

Бидний хуримын өдөр

[6-р хуудасны зураг]

Ирен бид хоёр Бурхны Үгийг уншиж, судлах дуртай