Сэрэмжтэй байгтун
Сэрэмжтэй байгтун
«Бүхний эцэс нь ойр болов. Тиймээс та нар ... сэрэмжилж залбирагтун» (1 ПЕТР 4:7, МАБ).
1. Есүсийн сургаалын гол сэдэв юу байсан бэ?
ЕСҮС Христ дэлхийд байхдаа Бурхны Хаанчлалыг сургаалынхаа гол сэдэв болгож байв. Ехова Хаанчлалын тусламжтайгаар эрх мэдлээ зөвтгөж, нэрээ ариусгана. Тийм учраас Есүс: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирч байхыг шавь нартаа заасан (Мат. 4:17; 6:9, 10). Тэрхүү Хаанчлал буюу засгийн газар нь тун удахгүй Сатаны ертөнцийг устгах бөгөөд Бурхны хүсэл таалал дэлхий даяар биелэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Даниелын зөгнөснөөр, Бурхны Хаанчлал «тэдгээр [өнөөгийн] бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Дан. 2:44).
2. а) Есүсийг Хаан болчихоод залран байгааг нь дагалдагчид нь яаж мэдэх байсан бэ? б) Тэрхүү шинж тэмдэг өөр юуг харуулах вэ?
2 Бурхны Хаанчлал хэзээ ирэх нь Есүсийн шавь нарт их чухал байсан учраас «Таны залран байх хийгээд энэхүү тогтолцооны төгсгөлийн үед ямар шинж тэмдэг байх вэ?» гэж асуусан (Мат. 24:3, ШЕ). Хааны эрх мэдэл авсан Христийн залран байгааг дэлхий дэх хүмүүс харах боломжгүй тул ямар нэгэн үзэгдэх тэмдэг байх учиртай байв. Тэрхүү шинж тэмдэг нь Библид зөгнөсөн олон үйл явдлаас бүрдэх ажээ. Тэгэхлээр, Есүсийг тэнгэрт захирч эхэлснийг дагалдагчид нь цаг тухайд нь шинж тэмдгээр мэдэх байв. Түүнээс гадна, эдүгээ дэлхийг бүхэлд нь эзэлсэн ёс бус тогтолцооны төгсгөлийн үе буюу Библид бичсэн «эцсийн өдрүүд» эхэлснийг ч тэр шинж тэмдэг харуулах байлаа (2 Тим. 3:1–5, 13; Мат. 24:7–14).
Эцсийн өдрүүдэд сэрэмжтэй байх нь
3. Христианууд ямар учраас сэрэмжтэй байх хэрэгтэй вэ?
3 Элч Петр: «Бүхний эцэс нь ойр болов. Тиймээс та нар ... сэрэмжилж залбирагтун» гэж бичжээ (1 Петр 4:7, МАБ). Есүсийн дагалдагчид түүнийг Хааны эрх мэдлийг аваад залран байгааг нь илтгэн харуулах дэлхий дахины үйл явдлыг ажиглан сэрэмжтэй байх хэрэгтэй байлаа. Ёс бус тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр сэрэмжтэй байх нь бүр ч чухал болох байв. Есүс шавь нартаа: «Сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн [Сатаны ертөнцийг устгахаар] хэзээ ирэхийг та нар мэдэхгүй» гэж захисан (Марк 13:35, 36).
4. Сатаны ертөнцөд харьяалагддаг хүмүүс болон Еховагийн үйлчлэгчдийн ойлголт ямар ялгаатай вэ? (Хавсралт үзнэ үү).
4 Ихэнх хүн Сатаны захиргаанд байдаг учир одоо дэлхий дахинд болж байгаа явдлын учир холбогдлыг ухаарч, сэрэмжтэй байж чаддаггүй. Бас Христийг Хааны эрх мэдлээ аваад залран байгааг нь ч ойлгодоггүй. Харин Христийн жинхэнэ дагалдагчид сонор сэрэмжтэй байдаг бөгөөд өнгөрсөн зуунд болсон үйл явдлын учир холбогдлыг ойлгодог. Христ 1914 оноос тэнгэрийн Хааны эрх мэдлээ аваад залран байгааг дэлхийн І дайн болон дайны дараах үйл явдлууд хөдөлгөөнгүй нотолдгийг Еховагийн Гэрчүүд 1925 оноос хойш улам баттай ойлгосон. Тэгэхлээр, Сатаны мэдэлд байгаа ёс бус тогтолцооны эцсийн өдрүүд эхэлчихээд байна. Ажигч гярхай олон хүн нарийн учрыг нь хэдийгээр мэддэггүй боловч дэлхийн І дайнаас өмнөх үе болон дайнаас хойших үеийн эрс ялгааг ойлгодог ( «Зовлонгийн үе эхэлжээ» гэдэг гарчигтай хавсралт үзнэ үү).
5. Сэрэмжтэй байх нь яагаад чухал бэ?
5 Зуу орчим жилийн хугацаанд дэлхий дахинд болж байгаа аймшигтай үйл явдал нь өнөө үе бол эцсийн өдрүүд гэдгийг нотолдог. Ехова тун удахгүй Христ тэргүүтэй хүчирхэг тэнгэр элчүүдэд Сатаны ертөнцийг устгах тушаал өгнө (Илч. 19:11–21). Тиймээс сонор сэрэмжтэй байхыг жинхэнэ христиануудад уриалдаг. Тэгэхлээр өнөөгийн тогтолцооны төгсгөлийг тэсэн ядан хүлээж байгаа бидний хувьд цаг ямагт сонор сэрэмжтэй байх нь амин чухал юм (Мат. 24:42). Бид сэрэмжтэй байхын зэрэгцээ Христийн удирдлагаар дэлхий даяар нэгэн онцгой ажлыг амжиж хийх учиртай.
Дэлхий дахинд явагдаж буй ажил
6, 7. Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлын цар хүрээ эцсийн өдрүүдэд хэрхэн өргөжин тэлж байна вэ?
6 Еховагийн үйлчлэгчдийн хийх ёстой тэр ажил нь өнөөгийн ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдэд амьдарч байгааг маань батлах олон хэсэг бүхий шинж тэмдгийн нэг хэсэг нь юм. Есүс төгсгөлийн цаг үед болох олон үйл явдлыг тоочихдоо дэлхий дахинд явагдах энэ ажлыг бас дурдсан. Тэрбээр зөгнөлдөө гүнзгий утгатай дараах зүйлийг хэлжээ. «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» (Мат. 24:14).
7 Есүсийн зөгнөсөн энэ зүйлд хамаатай хэдэн баримтыг үзье. 1914 онд эцсийн өдрүүд эхлэхэд тун цөөхөн хүн сайн мэдээг тунхаглаж байсан бол өнөөдөр тэдний тоо их нэмэгджээ. Эдүгээ Еховагийн 7 000 000 гаруй Гэрч 100 000 гаруй хуралд нэгдэн, дэлгэрүүлэх ажлаа дэлхий дахинд зохион байгуулалттайгаар хийж байна. 2008 онд Христийн үхлийг дурсах цуглаанд Гэрчүүдээс гадна 10 000 000 хүн ирсэн. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт юм.
8. Эсэргүүцэл тулгардаг ч дэлгэрүүлэх ажил амжилттай явагдаж байгаагийн учир юу вэ?
8 Ингэхлээр, Бурхны Хаанчлалын тухай гэрчлэл энэ тогтолцооны төгсгөл болохоос өмнө бүх үндэстэнд хүрч байна гэсэн үг. «Энэ үеийн бурхан» нь Сатан байсаар атал дэлгэрүүлэх ажил ийм өргөн далайцтай явагдаж байгааг бодохлоор Гэрчүүдийг ажлаа үнэхээр сайн хийж байна гэж хэлж болно (2 Кор. 4:4). Сатан энэ ертөнцийн үндэс суурь болсон улс төр, шашин, худалдааны тогтолцоо, суртал ухуулгын сувгийг бүхлээр нь гартаа атгадаг. Тэгвэл дэлгэрүүлэх ажил ингэж их амжилтад хүрч байгаа нь юутай холбоотой вэ? Еховагийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Тийм л учраас, Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэх ажлыг маань таслан зогсоохыг Сатан хайр найргүй оролддог ч энэ ажил гайхамшигтайгаар урагшилж байна.
9. Бурхны үйлчлэгчид дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийн, сүнслэгээр өсөж, мэдлэгээ тэлж байгааг гайхамшиг гэж хэлж болохын учир юу вэ?
9 Еховагийн ард түмэн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийн, сүнслэгээр өсөж, мэдлэгээ тэлж байгааг үнэхээрийн гайхамшиг гэж хэлэхээс өөр аргагүй юм. Бурхан ард түмнээ удирдаж, хамгаалах гэх зэргээр дэмждэггүй байсан бол дэлгэрүүлэх ажил хэзээ ч ийм амжилтад хүрэхгүй байх байсан (Матай 19:26-г уншина уу). Бурханд үйлчлэх хүсэлтэй, сэрэмжтэй хүмүүс ариун сүнсний дэмжлэгтэйгээр дэлгэрүүлэх ажлыг амжилттай дуусгана. «Тэгээд төгсгөлд ирнэ». Тэр цаг хаяанд ирчихээд байна.
«Агуу их гай гамшиг»
10. Удахгүй болох агуу их гай гамшгийг Есүс хэрхэн тодорхойлсон бэ?
10 Ёс бус тогтолцооны төгсгөл нь «үлэмж их зовлон» буюу «агуу их гай гамшгаар» ирнэ (Илч. 7:14). Энэ үйл явдал хэчнээн хугацаагаар үргэлжлэхийг Библид бичээгүй боловч Есүс: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэж хэлсэн (Мат. 24:21). Энэ ертөнцөд урьд нь гарч байсан гамшигт явдлуудыг, тухайлбал, дэлхийн ІІ дайнд 50-аас 60 сая хүн амиа алдсаныг бодвол удахгүй болох агуу их гай гамшиг үнэхээр аймшигтай байх ажээ. Энэ гамшгийн оргил цэг нь Хармагедон байх юм. Хармагедоноор Ехова дэлхий дэх Сатаны тогтолцоог ул мөргүй устгахын тулд хүчирхэг дайчдаа явуулна (Илч. 16:14, 16).
11, 12. Агуу их гай гамшиг ямар үйл явдлаар эхлэх вэ?
11 Библид агуу их гай гамшгийн эхний үе шат чухам хэзээ эхлэхийг зөгнөөгүй боловч ямар онцгой үйл явдал болохыг бичсэн. Тэр нь улс төрийн хүчнүүд бүх хуурамч шашныг устгах явдал юм. «Илчлэлт» номын 17, 18-р бүлэгт бичсэн зөгнөлд хуурамч шашныг дэлхийн улс төрийн хүчнүүдтэй завхайрсан янхантай зүйрлэжээ. Улс төрийн хүчнүүд «янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, махан биеийг нь идээд, түүнийг галаар шатаах» цаг тун удахгүй ирэхийг Илчлэлт 17:16-д бичжээ.
12 Цаг нь болоход Бурхан бүх хуурамч шашныг устгах «Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд [улс төрийн удирдагчдын] зүрхэнд үүнийг хийнэ» (Илч. 17:17). Тэгэхлээр, хуурамч шашныг Бурхан устгана гэж хэлж болно. Бурхан он удаан жил хүсэл таалалтай нь зөрчилдсөн сургаал номлож, үйлчлэгчдийг нь хавчиж байсан шашныг устгаж байгаа хэрэг юм. Ихэнх хүн хуурамч шашныг устгагдана гэж бодоо ч үгүй яваа. Харин Еховагийн үнэнч үйлчлэгчид үүнийг мэддэг төдийгүй эцсийн өдрүүдэд энэ талаар хүмүүст тунхаглаж байгаа.
13. Хуурамч шашныг устгах үйл явдал богино хугацаанд болохыг юунаас мэдэж болох вэ?
13 Хүмүүс хуурамч шашны устгагдахыг хараад гайхан цочирдоно. Бүр «дэлхийн хаадын» зарим нь хуурамч шашныг устгагдахад: «Золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ» гэж хэлэхийг Библид зөгнөсөн байдаг (Илч. 18:9, 10, 16, 19). Библид «цагийн дотор» гэж бичсэн нь энэ үйл явдал харьцангуй богино хугацаанд болохыг харуулдаг.
14. Дайснуудыг үйлчлэгчид рүү нь довтлоход Ехова юу хийх вэ?
14 Хуурамч шашин устгагдсаны дараа шүүх мэдээ тунхаглаж байсан Еховагийн үнэнч үйлчлэгчид рүү довтлох ажээ (Езек. ). Довтлогчид ард түмнээ хамгаалахаа амласан Еховатай халз тулгарна. Ехова: «Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхаглаж байна. ... Тэд Намайг ЭЗЭН [Ехова] мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн ( 38:14–16Езекиел 38:18–23-ыг уншина уу). Бурхан үнэнч үйлчлэгчдэдээ: «Та нарт хүрэгч нь [миний] мэлмийн цэцгийд хүрдэг» гэж хэлсэн нь Библид байдаг (Зех. 2:8). Тэгэхлээр дайснууд дэлхий дахины хэмжээнд үйлчлэгчид рүү нь халдан довтлоход Ехова хариу цохилт өгнө. Өөрөөр хэлбэл, агуу их гай гамшиг эцсийн үе шат болох Хармагедоноор оргилдоо хүрнэ. Христээр удирдуулсан хүчирхэг тэнгэр элчүүд Еховагийн тушаалаар Сатаны ертөнцийг устгана.
Бид яах ёстой вэ?
15. Ёс бус тогтолцооны төгсгөл хаяанд ирснийг мэддэг бид яах ёстой вэ?
15 Ёс бус тогтолцооны төгсгөл хаяанд ирснийг мэддэг бид яах ёстой вэ? Элч Петр: «Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба сүсэглэл дотор ... байх ёстой» гэж бичсэн (2 Петр 3:11). Тэгэхлээр бид сэрэмжтэй байж, Еховад хайртайгаа батлан шаардлагад нь нийцүүлэн ариун байдаг эсэхээ, «сүсэглэл» буюу Бурханд үнэнч байдлын үйлсийг амьдрал дээр харуулдаг эсэхээ магадлах хэрэгтэй. Бурханд үнэнч байдлын нэг чухал үйлс бол төгсгөл болохоос өмнө Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд чадах бүхнээ хийх явдал юм. Петр: «Бүхний эцэс нь ойр болов. Тиймээс, та нар ... сэрэмжилж залбирагтун» гэж бас захисан (1 Петр 4:7, МАБ). Бид Бурхнаас ариун сүнс болон дэлхий дахины байгууллагынх нь удирдлагыг гуйн тогтмол залбирч Еховад хайртайгаа харуулан улам бүр дотно харьцаа тогтоодог.
16. Бурхны зөвлөгөөг хичээнгүйлэн хэрэгжүүлэх шаардлагатайн учир юу вэ?
16 Бурхан: «Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж» хэмээн зөвлөснийг бид өнөөгийн түгшүүртэй цагт хичээнгүйлэн хэрэгжүүлэх шаардлагатай (Ефес 5:15, 16). Бузар булай юм одоо урьд хожид байгаагүйгээр газар авчээ. Сатан Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхэд нь хүмүүст саад учруулах эсвэл анхаарлыг нь сарниулах зорилгоор их олон арга сэдсэн. Бурхны үйлчлэгчид бид үүнийг мэддэг бөгөөд ямар нэгэн зүйлээс болж Бурханд үнэнч бус болохыг огт хүсдэггүй. Бид бас удахгүй юу болохыг мэддэг бөгөөд Еховад өөрт нь ч, санаа зорилгыг нь биелнэ гэдэгт ч итгэдэг (1 Иохан 2:15–17-г уншина уу).
17. Хармагедоныг эсэн мэнд давсан хүмүүс нас барагсдыг дахин амилахад яах вэ?
17 Нас барагсдыг амилуулах Бурхны гайхалтай амлалт заавал биелнэ. Учир нь «зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» (Үйлс 24:15). «Амилна» гэж тов тодорхой амласныг анхаараарай. Ехова ингэж амласан учир эргэлзэхгүй байж болно. Исаиа 26:19-д: «Таны үхэгсэд амилна. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун» гэсэн амлалт байдаг. Энэ амлалт эрт цагт Бурхны ард түмнийг нутагтаа буцаж ирснээр биелсэн тул шинэ ертөнцөд бүрэн дүүрэн биелнэ гэсэн итгэл төрдөг. Амилсан хүмүүс хайртай хүмүүстэйгээ дахин уулзаад хэчнээн их баярлах бол оо! Бурхан Сатаны ертөнцийг тун удахгүй устгаж, шинэ ертөнцийг мөдхөн байгуулна. Тиймээс сэрэмжтэй байх нь амин чухал юм!
Санаж байна уу?
• Есүсийн сургаалын гол сэдэв юу байсан бэ?
• Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажил одоо хэр зэрэг өргөн хүрээтэй явагдаж байна вэ?
• Сэрэмжтэй байх нь яагаад амин чухал бэ?
• Үйлс 24:15-д байдаг амлалтын юу нь танд урам хайрладаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[16, 17-р хуудасны хавсралт/Зураг]
ЗОВЛОНГИЙН ҮЕ ЭХЭЛЖЭЭ
«Зовлонгийн үе–Шинэ нийгмийн ээдрээ» гэдэг нэртэй ном 2007 онд гарчээ. Уг номыг Америкийн нэгдсэн улсын банкны системийг бүхэлд нь хянадаг Холбооны нөөцийн газрын захирлын албыг 20 орчим жил хашсан Алан Гринспан зохиожээ. Тэрбээр номдоо дэлхий дахины нөхцөл байдал 1914 оноос өмнө ямар байсныг, 1914 оноос хойш ямар болсныг ингэж бичжээ («The Age of Turbulence: Adventures in a New World»).
«Бүх баримт сэлтийг үзэхэд 1914 оноос өмнө хүний нийгэм боловсон ёс, соёл иргэншлийн хувьд илүү дээд түвшин рүү эргэлт буцалтгүй ахиж дэвшиж байсан гэлтэй. Хүний нийгэм төгс төгөлдөрт хүрэхээр байв. ХІХ зуун гарсаар хүмүүс боолын худалдаа, хүний ёсноос гадуурх зэрлэг балмад явдлыг халсан. Бас галт тэрэг, харилцуур утас, цахилгаан гэрэл, кино театр, машин тэрэг, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гээд тоочиж баршгүй олон зүйлийг зохион бүтээсний ачаар техник технологи үсрэнгүй хөгжсөн. Анагаах ухаан хөгжиж, хүн амыг эрүүл хоол хүнс, ундны усаар хангадаг болсны үрээр хүний дундаж нас уртассан. ... Бүх хүнд энэ мэтээр хөгжиж дэвжсээр байх юм шиг санагдаж байв.
Гэвч... Дэлхийн І дайн соёл иргэншлийг устгасан нь дэлхийн ІІ дайны учруулсан бодит хохирлоос ч илүү хөнөөлтэй байсан. Учир нь І дайн хүмүүсийн сэтгэлгээг үгүй хийсэн. Дэлхийн І дайнаас өмнө амьдарч байсан хүмүүсийн юу бодож байсныг би сайн санадаг юм. Тэр үед хүн төрөлхтөн ирээдүйгээ ямар ч саад тотгоргүй, хязгааргүй хөгжил дэвшлээр төсөөлдөг байсан. Өнөөгийн бидний төсөөлөл зуун жилийн өмнөх хүмүүсийнхээс эрс ялгаатай боловч бодит байдалд илүү дөхөж очих болов уу. Дэлхийн І дайн өмнөх нийгмийг устгасан шиг терроризм, дэлхийн цаг агаарын дулаарал, дахин сэргэж буй популизм зэрэг нь амьдралын түвшин дээшилж буй даяаршлын өнөөгийн эрин зууныг устгах юм биш биз? Энэ асуултад хэн ч баттай хариу өгч чадахгүй».
Гринспан эдийн засагч профессор Бенжамин Андерсоны (1886-1949): «Дэлхийн І дайнаас өмнө амьдарч байсан, юмны учир ойлгох болсон хүмүүс тэр нийгмийг үргэлж дурсдаг юм. Хожим нь хэзээ ч байгаагүй тийм л аюулгүй байдал тэр үед байсан даа» хэмээн тэмдэглэснийг оюутан ахуй цагаасаа санаж явдаг ажээ («Economics and the Public Welfare»).
Үүнтэй төстэй дүгнэлтийг Ж. Ж. Мейер 2006 онд хэвлүүлсэн нэг номдоо бичжээ. Тэрбээр: «Хүмүүс түүхэн үйл явдлын талаар ярихдаа „бүхнийг орвонгоор нь эргүүлсэн“ гэлцдэг. Их дайны (1914-1918) тухайд энэ үг яахын аргагүй үнэн. Энэ дайн үнэхээр бүхнийг орвонгоор нь эргүүлсэн. Улс орнуудын хил хязгаар, төр засаг, үндэстнүүдийн хувь тавилан өөрчлөгдсөн төдийгүй хүмүүс ертөнц хийгээд өөрсдийгөө өөрөөр харах болсон юм. Дайны дараах хорвоо ертөнц дайнаас өмнөхтэйгөө огт төсгүй болсон нь цаг хугацаанд ангал гарчээ гэж бодогдмоор» хэмээн бичжээ («A World Undone»).
[18-р хуудасны зураг]
Ехова Хармагедоноор хүчирхэг тэнгэр элчүүдээ явуулна