Зугтвал зохих зүйлс
Зугтвал зохих зүйлс
«Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?» (МАТ. 3:7).
1. Зугтсан тухай ямар ямар түүх Библид байдаг вэ?
ТА «зугт» гэдэг үгийг сонсоод юун тухай бодох вэ? Зарим хүн садар самуунд уруу татах гэсэн Потифарын эхнэрээс зугтаж байгаа царайлаг залуу Иосефыг төсөөлөн бодож магад (Эх. 39:7–12). Зарим нь Есүсийн: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, ...Иудейд байгаа хүмүүс уулс руу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг» хэмээсэн сануулгыг даган МЭ 66 онд Иерусалимаас зугтсан христиануудыг бодох байх (Лук 21:20, 21).
2, 3. а) Баптисм хүртээгч Иохан шашны удирдагчдыг шүүмжилсэн нь цаанаа ямар утгатай байсан бэ? б) Есүс Иоханы хэлснийг хэрхэн баталсан бэ?
2 Бодит утгаар зугтсан хүмүүсийн жишээг дээр дурджээ. Өнөөдөр жинхэнэ христиануудад амьдран суугаа нутаг орноосоо үл хамааран, бэлэгдлийн утгаар зугтах зайлшгүй шаардлага гардаг. Баптисм хүртээгч Иохан «зугтах» гэдэг үгийг бэлэгдлийн утгаар хэрэглэжээ. Иоханыг үзэхээр ирсэн хүмүүсийн дунд өөрсдийгөө гэмших шаардлагагүй, зөвт хүмүүс гэж үздэг иудейн шашны удирдагчид байв. Тэд гэмшсэнээ бэлэгдэн харуулж, баптисм хүртэж байсан энгийн ардыг дорд үздэг байжээ. Иохан тэдгээр шашны удирдагчдын хоёр нүүр гаргадгийг зоригтой илчлэн: «Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ? Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга» хэмээн хэлжээ (Мат. 3:7, 8).
3 Ио хан «зугтах» гэдэг үгийг шууд утгаар хэлээгүй. Тэрбээр уур хилэн буюу шүүлтийн өдөр ирэх дөхсөнийг анхааруулж, тэр өдрийг эсэн мэнд давахын тулд гэмшсэнээ батлах үр жимс гаргахыг шашны удирдагчдад сануулсан. Хожим нь, Есүс шашны удирдагчдыг зоригтой шүүмжилж, хүний амь бүрэлгэхийг юман чинээ боддоггүй тэднийг Диаволын жинхэнэ хүүхдүүд гэж хэлсэн (Иох. 8:44). Есүс Иоханы хэлснийг баталж, тэднийг «хорт могойн удам» гэж дуудан, «Тамын [«гехеннагийн», ШЕ] шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?» хэмээн асуужээ (Мат. 23:33). Есүс юуг «гехенна» гэж хэлсэн бэ?
4. Есүс юуг «гехенна» гэж хэлсэн бэ?
4 Гехенна нь Иерусалимын хэрмийн гадна байдаг хөндий бөгөөд тэнд хог хаягдал, амьтны сэг шатаадаг байжээ. Харин Есүсийн хэлсэн «гехенна» бүрмөсөн устгалын бэлэгдэл байв. Гехеннагийн шийтгэлээс яаж зугтах вэ гэж асуусан нь шашны удирдагчдыг бүрмөсөн устгагдвал зохих хүмүүс гэж хэлсэн хэрэг аж (Мат. 5:22, 29).
5. Түүхээс үзвэл, Иохан Есүс хоёрын сануулга хэрхэн биелсэн бэ?
5 Иудейн шашны удирдагчид Есүс болон түүний дагалдагчдыг мөрдөн хавчиж, нүглээ улам зузаатгасан. Иохан Есүс нарын сануулж байснаар, хожим нь Бурхны уур хилэнгийн өдөр иржээ. Тэр үед «уур хилэн» тодорхой нутаг дэвсгэрт буюу Иерусалим, Иудейд ирсэн тул бодит утгаар зугтах боломжтой байв. МЭ 70 онд Ромын цэргүүд Иерусалимыг сүмтэй нь устгасан нь уур хилэн ирсэн хэрэг юм. Тэр «гамшиг» урьд өмнө Иерусалимд болж байсан ямар ч гамшигтай зүйрлэхээргүй хүнд бэрх байлаа. Олон ч хүн алагдаж, олон ч хүн олзлогджээ. Энэ үйл явдал христиан гэж нэрийдэгчид болон өөр бусад шашны сүсэгтнүүдэд тулгарах илүү агуу сүйрлийн үлгэр загвар байсан (Мат. 24:21).
Ирээдүйд ирэх уур хилэнгээс зугтах нь
6. Эртний христиан хуралд юу тохиолдсон бэ?
6 Эртний зарим христиан тэрслэгч болж, хүмүүсийг араасаа дагуулжээ (Үйлс 20:29, 30). Есүсийн элч нар амьд байхдаа тэдний өдүүлсэн тэрс явдлыг «хязгаарлан барьж» байв. Гэвч элч нарыг нас барсны дараа хуурамч христиануудын бүлэг олноороо бий болжээ. Орчин үед, христ шашны ертөнцөд өөр хоорондоо зөрчилддөг шашин хэдэн зуугаар тоологддог. Христ шашны ертөнцийн лам хуврагууд гарч ирнэ гэдгийг Библид зөгнөж, тэднийг бүхэлд нь «ёс бусын хүн», «сүйрлийн хөвгүүн» гэж нэрлээд, «Эзэн Есүс ...түүнийг алж, Өөрөө ирж үзэгдсэнээрээ төгсгөлийг нь авчирна» хэмээжээ (2 Тес. 2:3, 6–8).
7. «Ёс бусын хүн» гэдэг үг христ шашны ертөнцийн лам хуврагуудад яагаад тохирдог вэ?
7 Христ шашны ертөнцийн лам хуврагууд Библитэй зөрчилддөг сургаал номлол, баяр наадам, явдал үйлийг түгээн дэлгэрүүлж, олон сая хүнийг төөрөлдүүлсэн учир «ёс бусын хүн» болжээ. Есүсийн шүүмжилж байсан шашны удирдагчдын адилаар, «сүйрлийн хөвгүүний» ангид багтдаг орчин үеийн лам хуврагууд дахин амилах найдваргүйгээр устгагдана (2 Тес. 1:6–9). Тэгвэл, христ шашны ертөнц болон бусад хуурамч шашны лам хуврагуудад хууртсан хүмүүсийг юу хүлээж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд МЭӨ 607 оны Иерусалимын сүйрлийн дараа юу болсныг авч үзье.
«Вавилоны дундаас зугт»
8, 9. а) Иеремиа Вавилонд олзлогдох иудейчүүдэд зөгнөл хэлэхдээ ямар чухал зүйлийг анхааруулсан бэ? б) Вавилон меде, персүүдэд эзлэгдсэний дараа иудейчүүд ямар утгаар зугтах боломжтой болсон бэ?
8 Зөнч Иеремиа МЭӨ 607 оны Иерусалимын сүйрлийг зөгнөхдөө, Бурхны ард түмэн олзлогдох боловч «далан жилийн» дараа нутагтаа буцан ирж, эзэн суух болно гэж хэлжээ (Иер. 29:4, 10). Мөн, Вавилонд олзлогдох иудейчүүдэд нэгэн чухал зүйлийг анхааруулжээ. Юу гэвэл, иудейчүүд тэндхийн хуурамч шашнаар өөрсдийгөө бузарлах ёсгүй байлаа. Тэгж чадвал, цаг нь болоход Иерусалимдаа буцан ирж, цэвэр шүтлэгийг сэргээх байв. Энэ явдал МЭӨ 539 онд меде, персүүд Вавилоныг эзлэн авсны дараахан болжээ. Персийн хаан ІІ Кореш иудейчүүдийг Иерусалим руу буцааж, Еховагийн сүмийг сэргээн бариулах зарлиг гаргасан (Езра. 1:1–4).
9 Хааны зарлигаар, дөч гаруй мянган иудей хүн нутаг буцжээ (Езра. 2:64–67). Тийнхүү, тэд нэг газраас нөгөө рүү нүүх буюу нэг үгээр хэлбэл «зугтаж», Иеремиагийн зөгнөлийг биелүүлсэн (Иеремиа 51:6, 45, 50-ийг уншина уу). Иерусалим, Иуда хүрэх холын аянд гарч чадалгүй, арга буюу Вавилонд үлдсэн иудейчүүд бас байжээ. Насан өндөр болсон Даниел нарын тэр хүмүүсийн тухайд Иерусалим дахь цэвэр шүтлэгийг чин сэтгэлээсээ дэмжиж, Вавилоны хуурамч шүтлэгээс ангид байсан цагт Бурхны ивээлийг хүртэх байв.
10. «Агуу их Вавилон» ямар ямар «жигшүүрт зүйлсийнхээ» төлөө хариуцлага хүлээх вэ?
10 Өнөөдөр олон тэрбум хүн эртний Вавилоноос үүсэлтэй хуурамч шашны янз бүрийн урсгалд хамрагддаг (Эх. 11:6–9). Тэдгээр шашныг бүхэлд нь «Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу их Вавилон» гэж нэрлэдэг (Илч. 17:5). Хуурамч шашин энэ ертөнцийн улс төрийн удирдагчдыг он удаан жил дэмжсээр ирсэн түүхтэй. Хуурамч шашин «жигшүүрт юмсынхаа» төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд «жигшүүрт юмс» гэдэгт олон дайн ордог. Тэдгээр дайны уршгаар өдий төдий хүн «дэлхий дээр алагджээ» (Илч. 18:24). Түүнчлэн, лам хуврагуудын үйлддэг, шашны удирдагчдын хүлцэн өнгөрөөдөг ужид самуун явдал, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах үзэгдлийг ч бас «жигшүүрт юмс» гэдэг. Тэгэхлээр, Ехова Бурхан дэлхийг хуурамч шашнаас удахгүй цэвэрлэнэ гэхэд гайхах хэрэг байна уу? (Илч. 18:8).
11. Жинхэнэ христианууд Агуу их Вавилон устгагдтал ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ?
11 Ехова Бурхан хуурамч шашныг устгах гэж байгааг жинхэнэ христианууд мэддэг учраас Агуу их Вавилонд харьяалагддаг хүмүүст сэрэмжлүүлэх үүрэг хүлээдэг. Юуны өмнө, тэд сүнслэг «хоол ундыг» «цагт нь ...өгүүлэхээр» Есүсийн томилсон «итгэмжит, ухаалаг боолын» гаргадаг ном хэвлэл болон Библийг тараадаг (Мат. 24:45). Сонирхсон хүнд Библийн хичээл зааж, оройтоогүй дээрээ «Вавилоны дундаас зугтах» ёстойг нь ойлгуулахыг хичээдэг (Илч. 18:4).
Шүтээн шүтэх явдлаас зугт
12. Шүтээн шүтэхийг Бурхан юу гэж үздэг вэ?
12 Агуу их Вавилоны дунд өргөн тархсан бас нэг жигшүүрт үйл бол шүтээн шүтэх явдал юм. Бурхан тийм шүтээнүүдийг «жигшүүртэй зүйлс» гэдэг (Д.хууль 29:17). Бурханд таалагдахыг хүсдэг хэн боловч Еховагийн: «Би бол ЭЗЭН [«Ехова», ШЕ]. Энэ бол Миний нэр. Би Өөрийн алдрыг бусдад, Өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй» хэмээн хэлснээр, шүтээн шүтэхээс зайлсхийх ёстой (Ис. 42:8).
13. Шүтээн шүтэх ямар ямар далд хэлбэрээс зугтах шаардлагатай вэ?
13 Түүнчлэн, шүтээн шүтэх далд хэлбэр байдгийг Бурхны Үг илчилдэг. Жишээ нь, шунахайрлыг «шүтээн шүтэх явдал» гэдэг (Кол. 3:5). Бусдын эд зүйл гэх мэтэд шунан дурлахыг шунахайрал гэдэг (Ег. 20:17). Сатан Диавол болсон тэнгэр элч Хамгийн дээд Нэгэнтэй адилхан болж, өөрийгөө шүтүүлэх гэсэн шунахай хүсэлд автжээ (Лук 4:5–7). Үүнийхээ харгайгаар Еховаг эсэргүүцэн босож, улмаар Еваг уруу татан, Бурхны хориглосон зүйлийг авах шуналыг нь хөдөлгөсөн. Адам ч бас тэнгэрийн халамжит Эцэгтээ дуулгавартай байснаас, эхнэрээ алдахгүй нь дээр гэсэн амин хувийн хүслээ эн тэргүүнд тавьсан нь, нэг талаар, шүтээн шүтсэн хэрэг байв. Бурхны уур хилэнгийн өдрөөс зугтахыг хүсдэг бүх хүн Бурханд чин үнэнч байж, шуналын аливаа хэлбэрээс зайлсхийх ёстой.
«Садар самуун явдлаас зугт»
14-16. а) Иосефын үлдээсэн жишээг ёс суртахууны хувьд дуурайвал зохих жишээ гэж хэлэхийн учир юу вэ? б) Бэлгийн нүгэлт хүсэл төрвөл яах хэрэгтэй вэ? в) Яавал садар самуун явдлаас зугтаж чадах вэ?
14 1 Коринт 6:18-ыг уншина уу. Потифарын эхнэр Иосефыг уруу татахыг оролдоход, Иосеф түүнээс зугтдаг. Энэ бол гэр бүлтэй, бүлгүй христиануудын хэн хэнийх нь дуурайвал зохих сайхан жишээ мөн! Бурхан садар самууныг хэрхэн үздэгийг Иосеф урьд болсон явдлаас ойлгож, мөс чанараа сургасан байсан нь тодорхой харагддаг. «Садар самуун явдлаас зугтан явагтун» хэмээх тушаалыг дагахыг хүсдэг хүн ханиасаа өөр хүнтэй хурьцах хүсэл төрүүлэх зүйлээс зайлсхийдэг. Бурхан бидэнд: «Та нар ...эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. Эдгээрээс болж Бурхны уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр ирэх болно» гэж анхааруулдаг (Кол. 3:5, 6).
15 «Бурхны уур хилэн... ирнэ» гэснийг анхаараарай. Бэлгийн гаж хүслийг өөгшүүлж, тэр хүсэлдээ автдаг хүн энэ ертөнцөд олон. Тийм учраас, христиан хүн бэлгийн нүгэлт хүслээ дарахын тулд Бурхнаас тусламж, ариун сүнс гуйн залбирах хэрэгтэй. Түүнчлэн, Библи судалж, цуглаанд явж, хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлбэл «Сүнсээр явж» чадах бөгөөд «махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй» (Гал. 5:16).
16 Порно материал үздэг хүн «Сүнсээр явж» чадахгүй нь ойлгомжтой. Түүнчлэн, сэрэл хөдөлгөдөг ном хэвлэл унших, кино нэвтрүүлэг үзэх, дуу хөгжим сонсохоос зайлсхийх нь христиан хүн бүрийн үүрэг мөн. Үүний зэрэгцээ, тийм сэдвээр ярилцах юм уу тоглож наргих нь Бурхны «ариун хүмүүст» зохимжгүй (Еф. 5:3, 4). Христианууд халамжит Эцгийнхээ шаардлагыг биелүүлснээрээ, ирэх уур хилэнгээс зугтаж, зөвт шинэ ертөнцөд амьдрах чин хүсэлтэйгээ батлан харуулдаг.
«Мөнгөний хайраас» зугт
17, 18. «Мөнгөний хайраас» зугтах ёстойн учир юу вэ?
17 Паул Тимотод бичсэн эхний захидалдаа христиан болсон боолуудын баримтлах ёстой зарчмуудыг онцолжээ. Учир нь, тэдний зарим нь эзнийгээ христиан учир эд материалын тусламж үзүүлэх байх гэж горьдох юм уу зарим нь ариун зүйлийг амин хувьдаа ашиглахыг оролдож байсан байж болох юм. Паул «бурханлаг байдлыг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж бодохгүй» байхыг анхааруулжээ. Тийм бодолтой болохын үндэс нь баян, ядуу хэнд ч муугаар нөлөөлж болдог «мөнгөний хайр» байв (1 Тим. 6:1, 2, 5, 9, 10).
18 Та мөнгө юм уу мөнгөөр худалдан авч болдог ашиггүй хоосон зүйлийг хайрласнаас болж Бурхантай тогтоосон харьцаагаа сэвтүүлсэн ямар ямар хүний жишээ Библид байдгийг мэдэх вэ? (Иош. 7:11, 21; Х.дэд 5:20, 25–27). Паул Тимотод: «Бурхны эр хүн ээ, чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ» хэмээн зөвлөжээ (1 Тим. 6:11). Удахгүй болох уур хилэнгийн өдрийг эсэн мэнд давахыг хүсдэг хэн боловч энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх нь амин чухал юм.
«Идэр насныхаа дур хүслүүдээс зугт»
19. Хүүхдэд юу хэрэгтэй вэ?
19 Сургаалт үгс 22:15-ыг уншина уу. Хүүхэд зүрхэн дэх мунхаг байдлаасаа болоод буруу замаар орохдоо амархан байдаг. Тийм аюулаас сэргийлэхэд Библид үндэслэсэн сахилга батын арга хэмжээ тус болно. Гэрч биш эцэг эхтэй ч, Библиэс хэрэгтэй зарчмуудыг олж, тэр дагуу амьдрахыг хичээдэг христиан охид хөвгүүд олон бий. Зарим нь хурлынхаа төлөвшсөн христиануудаас ухаалаг зөвлөгөө авч, үр шимийг нь хүртдэг. Библид үндэслэсэн зөвлөгөөг хэн ч өгсөн бай, хэрэгжүүлдэг бол одоо ч, ирээдүйд ч жаргалтай амьдарна (Евр. 12:8–11).
20. Буруу хүслээсээ зугтахад нь охид хөвгүүдэд юу туслах вэ?
20 2 Тимот 2:20–22-ыг уншина уу. Сахилга батын арга хэмжээ аваагүйн улмаас олон хүүхэд мунхаг байдалдаа дийлдэн, өрсөлдөөнч зантай, шунахай сэтгэлтэй, садар явдалтай, мөнгөнд хайртай, зугаа цэнгэлд дуртай болдог. Эдгээрийг Библид «идэр насны дур хүслүүд» гэдэг бөгөөд ийм хүслээс зугтахыг уриалдаг. Үүний тулд христиан охид хөвгүүд эргэн тойрныхоо муу нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалах шаардлагатай. «Цэвэр зүрх сэтгэлээс Эзнийг дуудагчдын хамт» христиан зан чанарыг эрхэмлэгтүн гэсэн Бурхны зөвлөгөө өөрийгөө хамгаалахад ихээхэн тустай.
21. Есүс Христ хоньтой зүйрлэм дагалдагчдынхаа талаар юу гэж амласан бэ?
21 Бид хөгшин, залуу гэлтгүй бүгдээрээ толгойг маань эргүүлэх гэсэн хүмүүсийн үгийг сонсдоггүй. Энэ нь «гаднын хүний... [дуунаас] зугтдаг», Есүсийн хоньтой зүйрлэм дагалдагчдын тоонд багтахыг хүсдэгийн маань баталгаа юм (Иох. 10:5). Гэхдээ Бурхны уур хилэнгийн өдрөөс зугтахын тулд муу юмнаас зугтаад зогсохгүй, сайн зан чанарыг «эрхэмлэх» ёстой. Тэдгээр чанараас долоог нь дараагийн өгүүллээр авч үзнэ. Энэ сэдвээр дэлгэрэнгүй ярилцах нь их чухал юм. Учир нь Есүс: «Би [хонинууддаа] мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй» хэмээн амласан билээ (Иох. 10:28).
Хариулна уу
• Есүс шашны удирдагчдад юу анхааруулсан бэ?
• Олон сая хүн өнөөдөр ямар аюулын ирмэг дээр байна вэ?
• Шүтээн шүтэх ямар ямар далд хэлбэрээс зугтах шаардлагатай вэ?
[Догол мөрийн асуулт]
[8, 9-р хуудасны зураг]
Та «зугт» гэдэг үгийг сонсоод юун тухай бодох вэ?