Христийн залран байх үе таны хувьд ямар утга учиртай вэ?
Христийн залран байх үе таны хувьд ямар утга учиртай вэ?
«Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» (МАТ. 24:3).
1. Элч нар нь Есүсээс ямар сонирхолтой асуулт асуусан бэ?
ХОЁР мянгаад жилийн өмнө Есүсийн дөрвөн элч Чидун ууланд Багштайгаа аминчлан ярилцаж байхдаа: «Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» хэмээн асуужээ (Мат. 24:3). Тийн асуухдаа, «таны заларч ирэх» үе, «үеийн төгсгөл» гэдэг тун сонирхолтой хоёр үг хэлсэн байна. Чухам юуг хэлсэн юм бол?
2. Монгол Библид «төгсгөл» гэж орчуулсан синтэлэйа гэдэг грек үг ямар утгатай вэ?
2 Эхлээд «үеийн төгсгөл» гэдэг хоёр дахь үгийн талаар ярилцъя. Ер нь, монгол Библид «төгсгөл» гэж орчуулсан үгийн цаана «синтэлэйа», «телос» гэдэг хоёр грек үг байдаг. Энэ хоёр үг нь утгын хувьд нарийн ялгаатай. Матай 24:3-т гардаг «синтэлэйа» гэдэг үг нь «төгсгөлийн үе» гэсэн утгатай. Харин «телос» гэдэг нь «төгсгөл» гэсэн утгатай ажээ. Ялгааг нь сайн ойлгохын тулд жишээ татъя. Илтгэлийн дүгнэлт тодорхой хугацаанд үргэлжилдэг бөгөөд илтгэгч ярьсан зүйлээ нэгтгэн дүгнээд, сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэхийг сонсогчдод уриалдаг. Үүнийг тухайн илтгэлийн «төгсгөлийн үе» буюу синтэлэйа гэж хэлж болох юм. Харин илтгэгч тайзнаас буух тэр агшин бол төгсгөл буюу телос юм. Тэгэхлээр, Библийн үүднээс үзвэл синтэлэйа гэдэг нь төгсгөл болон төгсгөлийн өмнөх хэсэг хугацаа юм.
3. Есүсийн «залран байх үед» ямар ямар үйл явдал болох вэ?
3 Одоо нөгөө үгийн талаар ярилцъя. Монгол Библид «заларч ирэх» гэж орчуулсан «пароусиа» гэдэг грек үг ямар утгатай вэ? Энэ үгийг «залран байх үе» гэж орчуулах нь зөв юм. * Христийн «пароусиа» буюу «залран байх үе» 1914 онд тэнгэрт хаан ширээнд залрахад нь эхэлсэн бөгөөд агуу их гай гамшгийг хамарна. Есүс тэр гамшгийн үеэр ёс бусыг устгана (Мат. 24:21). Есүсийн залран байх үе эхлэхэд ёс бус ертөнцийн «эцсийн өдрүүд» эхэлсэн бөгөөд сонгогдогсдыг цуглуулах, тэнгэрт дахин амилуулах гэх мэтийн олон үйл явдал тэр хугацаанд болох учиртай ажээ (2 Тим. 3:1; 1 Кор. 15:23; 1 Тес. 4:15–17; 2 Тес. 2:1). Тэгэхлээр, энэхүү тогтолцооны «төгсгөлийн үе» (синтэлэйа) нь Есүсийн «залран байх үетэй» (пароусиа) давхацдаг гэж хэлж болно.
Удаан хугацаагаар үргэлжлэх нь
4. Есүсийн залран байх үеийг Ноагийн үеийн үйл явдалтай зүйрлэж болохын учир юу вэ?
4 Залран байх үеийнхээ талаар хэлсэн Есүсийн үг удаан үргэлжлэх хугацааг заадаг пароусиа гэдэг үгтэй тохирдог (Матай 24:37–39-ийг уншина уу). Есүс залран байх үеэ Ноагийн өдрүүдэд Усан галав юүлсэн тэр богино үетэй зүйрлэлгүй, харин Усан галав болтол үргэлжилсэн нэлээд урт хугацаатай зүйрлэснийг анхаараарай. Тэр хугацаа нь Ноа хөвөгч авдар барьж, хүмүүст дэлгэрүүлсэн 50 гаруй жил байсан. Түүнтэй адилаар, Христийн залран байх үе нь агуу их гай гамшгийн өмнөх үеийг болон агуу их гай гамшгийг хамран удаан хугацаагаар үргэлжлэх юм (2 Тес. 1:6–9).
5. Христийн залран байх үе удаан хугацаагаар үргэлжилнэ гэдгийг «Илчлэлт» номын 6-р бүлэг хэрхэн харуулдаг вэ?
5 Христийн залран байх үе нь ёс бусыг устгах төдий зорилготой богино хугацаа биш харин удаан үргэлжлэх хугацаа гэдгийг Библийн зарим зөгнөл харуулдаг. Жишээ нь, «Илчлэлт» номд цагаан морь унаж яваа Есүст титэм өгөгдсөн гэж бичжээ (Илчлэлт 6:1–8-г уншина уу). Мөн тэнд бичсэнээр, Есүс 1914 онд Хаан болсноосоо хойш «бүрэн ялахаар явлаа» (ШГ). Араас нь гурван морьтон явах бөгөөд тэд «эцсийн өдрүүд» хэмээх урт хугацаанд болох дайн, өлсгөлөн, тахлыг бэлэгджээ. Энэ зөгнөл өнөөдөр бидний нүдэн дээр биелж байна.
6. Христийн залран байх үе удаан хугацаагаар үргэлжилнэ гэдгийг ойлгоход «Илчлэлт» номын 12-р бүлэг яаж тусалдаг вэ?
6 Бурхны Хаанчлал байгуулагдахад юу болсныг «Илчлэлт» номын 12-р бүлгээс мэдэж болдог. Тэнгэрт сүнсэн бүтээлүүдийн хооронд нэгэн дайн болж, Михаел (тэнгэрт байгаа Есүс Христ) тэнгэр элчүүдийнхээ хамт Диавол болон түүний чөтгөрүүдтэй тулалджээ. Эцэст нь Сатан Диавол хамсаатнуудтайгаа дэлхий рүү хаягджээ. Тэгэхэд Диавол «өөрт нь богинохон хугацаа байгааг ...мэдээд» ихэд уурлан хилэгнэсэн гэж Библид байдаг (Илчлэлт 12:7–12-ыг уншина уу). Тэгэхлээр, Христийн Хаанчлал тэнгэрт байгуулагдсан тэр үеэс хойш дэлхий дээр «золгүй» явдал ихэссэн тийм цаг үе эхэлсэн байна.
7. Хоёрдугаар дуулалд юуны тухай зөгнөсөн бэ? Ямар боломж гарахыг мэдэж болох вэ?
7 Есүс тэнгэрийн Сион ууланд Хаанаар залрахыг хоёрдугаар дуулалд зөгнөжээ (Дуулал 2:5–9; 110:1, 2-ыг уншина уу). Уг дууллыг үзвэл, Христийн харьяат албат болох боломжийг дэлхийн удирдагчид болон ард олонд өгөх зорилгоор цаг хугацаа олгох ажээ. «Ухаалаг» байж, «сургамж авах» буюу өөрсдийгөө залруулахыг тэдэнд уриалсан байна. Тэр хугацаанд амжиж Бурханд «итгэн», Бурхан болон томилсон Хаанд нь үйлчилдэг болсон бүх хүн «ерөөлтэй» байх юм. Энэ бүхнээс үзвэл Есүсийг Хаанаар залран байх үед хүмүүст засрах цаг хугацаа олдох ажээ (Дуу. 2:10–12).
Шинж тэмдгийг таних нь
8, 9. Хэн Христийн залран байх үеийн шинж тэмдгийг таньж, утга учрыг нь ойлгох вэ?
8 Хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудын асуултад Есүс, «ажиглагдахуйцаар ирэхгүй» гэж хариулжээ (Лук 17:20, 21). Тэд Есүсийг ирээдүйн Хаан гэж хүлээн зөвшөөрөөгүй юм байж залран байх үеийнх нь шинж тэмдгийг яаж таних юм бэ! Ёс бус хүмүүс Хаанчлал хэзээ ирэхийг ойлгохгүй. Тэгвэл хэн шинж тэмдгийг таньж, утга учрыг нь ойлгох вэ?
9 Залран байх үеийнх нь шинж тэмдгийг шавь нар нь «тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах аянга» мэт тод харахыг Есүс хэлжээ (Лук 17:24–29-ийг уншина уу). Сонирхолтой нь, шавь нар нь л шинж тэмдгийг танина гэсэн санаа Христийн залран байх үеийн талаар бичсэн Матай 24:23–27-д бас байдаг.
Шинж тэмдгийг үзэх үеийнхэн
10, 11. а) Матай 24:34-т бичсэн «үеийнхэн» гэдэг үгийг «Харуулын цамхаг» сэтгүүлд урьд нь хэрхэн тайлбарладаг байсан бэ? б) Есүс «үеийнхэн» гэдэг үгээр хэнийг хэлсэн гэж шавь нар нь ойлгосон бэ?
10 Матай 24:34-т бичсэн «энэ үеийнхэн» гэдгийг нэгдүгээр зуунд амьдарч байсан «ёс бус иудейчүүд» юм гэж «Харуулын цамхаг» сэтгүүлд урьд нь тайлбарладаг байсан. * Учир нь Есүсийн «үеийнхэн» гэж хэлсэн бусад бүх тохиолдлыг үзвэл сөрөг утгаар хэрэглээд зогсохгүй бас ихэнхдээ «хорон муу» гэх мэтийн үгээр тодотгосон байдаг (Мат. 12:39; 17:17; Марк 8:38). Тиймээс, энэхүү тогтолцооны «төгсгөлийн үеийн» (синтэлэйа) шинж тэмдэг болон төгсгөлийг (телос) биеэрээ үзэх ёс бус хүмүүсийг өнөөдрийн «үеийнхэн» гэж үзэж болохоор байгаа юм.
11 Есүс «үеийнхэн» гэдэг үгийг сөрөг утгаар хэрэглэхдээ тухайн үеийнхээ ёс бус хүмүүсийг хэлдэг байсан нь үнэн. Гэхдээ Матай 24:34-т бичсэн «үеийнхэн» гэдэг үгийг бас тэгж ойлгох нь зөв үү? Тэр үед дөрвөн шавь нь Есүс дээр «хэдүүлхнээ» ирсэн шүү дээ (Мат. 24:3). Есүс шавь нартаа «энэ үеийнхэн» гэж хэлэхдээ сөрөг утга илэрхийлэх ямар ч тодотгол хэлээгүй. Тэгэхлээр, Есүстэй ярилцсан шавь нар нь өөрсдийгөө болон бусад шавь нарыг «энэ бүхнийг тохиолдохоос нааш ...үгүй болохгүй» тэр «үеийнхэн» гэж ойлгосон нь гарцаагүй.
12. Есүсийн яриаг анхааралтай үзвэл хэнийг «үеийнхэн» гэж хэлсэн бэ?
12 Ингэж дүгнэх ямар үндэслэл байна вэ? Есүсийн шавь нартайгаа юу ярьсныг анхааралтай үзвэл дээрх дүгнэлтийн учир олдоно. Матай 24:32, 33-т Есүс: «Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтүн» хэмээжээ (Марк 13:28–30; Лук 21:30–32-той харьцуулна уу). Цааш нь Матай 24:34-т: «Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй» гэж нэмж хэлсэн.
13, 14. Есүс «үеийнхэн» гэдэг үгээр шавь нараа хэлсэн гэхийн учир юу вэ?
13 «Энэ бүхнийг тохиолдоход» утга учрыг нь ойлгох хүмүүс бол ариун сүнсээр тослогдох гэж байсан шавь нар нь мөн гэж Есүс хэлсэн байжээ. Тэгэхлээр, «Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй» хэмээхдээ шавь нараа хэлсэн нь тодорхой болж байна.
14 Есүсийн шавь нар, залран байх үеийнх нь шинж тэмдгийг таниад зогсохгүй утгыг нь ойлгодгоороо ёс бус хүмүүсээс ялгаатай байх ажээ. Тэд шинж тэмдгийг «сурч аван», утга учрыг нь «мэдэх» байв. Бас «Түүнийг [Есүсийг]... үүдэн дээр байгааг» ч сайн ойлгох байлаа. Тийм учраас нэгдүгээр зууны тослогдсон христианууд Есүсийн үгийг тодорхой хэмжээгээр биелэхийг үзээд, тэр үйл явдлыг «сурч авах» буюу үзсэн зүйлийнхээ жинхэнэ утгыг ойлгожээ. Харин ёс бус иудейчүүд тэр үйл явдлыг үзсэн ч ойлгоогүй юм.
15. а) Есүсийн хэлсэн «үеийнхэн» өнөөдрийн хувьд хэн бэ? б) «Энэ үеийнхэн» хэдий болтол байхыг тооцох боломжгүйн учир юу вэ? (25-р хуудасны хавсралтыг үзнэ үү.)
15 Бурхны тухай үнэнийг мэддэггүй өнөөгийн хүмүүсийн хувьд ч Есүсийн залран байх үеийн шинж тэмдэг «ажиглагдахуйц» биш юм. Тэд бүх юм бахь байдгаараа байна гэж боддог (2 Петр 3:4). Харин орчин үеийн Иоханы анги буюу Христийн тослогдсон, үнэнч ах дүүс шинж тэмдгийг «цахилах аянга» мэт хардаг, бас утгыг нь ойлгодог. Энэ тослогдсон христиануудын бүлэг бол «энэ бүхнийг тохиолдохоос нааш үгүй болохгүй» өнөөдрийн «үеийнхэн» юм. * Тэгэхлээр Библид зөгнөсөн агуу их гай гамшиг эхлэхэд Христийн тослогдсон ах дүүсийн зарим нь дэлхий дээр амьд сэрүүн байна гэж хэлж болно.
«Сонор сэрэмжтэй байгтун»
16. Христийн шавь нар дор бүрнээ яах ёстой вэ?
16 Гэхдээ Есүсийн залран байх үеийн шинж тэмдгийг таньдаг л бол боллоо гэсэн үг биш ээ. Есүс: «Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. Сонор сэрэмжтэй байгтун» гэж хэлжээ (Марк 13:37). Тослогдсон христиан ч бай, «үй олон хүн» ч бай, бид бүгдээрээ энэ сануулгыг онцгой анхаарах учиртай. 1914 онд Есүсийг тэнгэрт Хаан болсноос хойш 90 гаруй жил өнгөрөөд байна. Хэчнээн амаргүй байсан ч бид үргэлж бэлэн, сонор сэрэмжтэй байх ёстой. Христ эдүгээ Хааны эрх мэдлээ авчихаад, үл үзэгдэх байдлаар залран байгаа гэдгийг ойлгодог бол бэлэн байж чадна. Удахгүй дайснуудаа устгахаар бидний «бодоогүй цагт» ирэхэд нь ч сэргэг байж чадна (Лук 12:40).
17. Христийн залран байх үеийн утга учрыг ойлгодог хүн яах ёстой вэ?
17 Христийн залран байх үеийн утга учрыг ойлгохлоор яарах сэтгэл маань улам лавширч байна. Есүс 1914 оноос тэнгэрт үл үзэгдэх Хаан болон захирч байгаа билээ. Удахгүй тэрбээр ёс бус бүхнийг устгаж, дэлхий дээр байгаа бүхнийг үндсээр нь өөрчлөх болно. Тиймээс Есүсийн хэлсэн дараах зөгнөлийг биелүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг хичээцгээе. «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл (телос) ирнэ» (Мат. 24:14).
[Зүүлт]
^ Элч Паулын Филиппой 2:12-т «байх» үе ба «байхгүй байх» үеийн талаар бичсэнийг үзвэл пароусиа гэдэг үгийн утгыг ойлгоход дөхөм болно. Энэ үгийн тайлбарыг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 676–679-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү (англи).
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1995 оны 11-р сарын 1-ний дугаарын 11–15, 19, 30, 31-р хуудсыг үзнэ үү (англи).
^ Өнөөдрийн «үеийнхэн» «Илчлэлт» номын эхний үзэгдлийн үйл явдал биелэх үеэр амьд байх бололтой (Илч. 1:10—3:22). Эзний өдөрт хамаатай энэ үзэгдэл 1914 оноос биелж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд нас барах тослогдсон христианыг дахин амилтал үргэлжилнэ («Илчлэлт. Оргил үе нь ойрхон байна» номын 24-р хуудасны 4-р догол мөрийг үзнэ үү (англи)).
Хариулна уу
• Есүсийн залран байх үе удаан хугацаагаар үргэлжилнэ гэдгийг бид хаанаас мэддэг вэ?
• Хэн Есүсийн залран байх үеийн шинж тэмдгийг таньж, утга учрыг нь ойлгодог вэ?
• Матай 24:34-т гардаг «үеийнхэн» гэдэг нь өнөөдрийн хувьд хэн бэ?
• «Энэ үеийнхэн» хэдий болтол байхыг тооцох боломжгүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[25-р хуудасны хавсралт]
«Энэ үеийнхэн» хэдий болтол байхыг тооцох боломжтой юу?
Ер нь, Библид «үеийнхэн» гэдэг үгээр нэгэн цаг үед амьдарч байсан юм уу ямар нэг үйл явдлыг үзэж харсан, харилцан адилгүй насны хүмүүсийг хэлдэг. Тухайлбал, Египетээс гарсан нь 1:6-д: «Иосеф, түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав» гэж байдаг. Иосеф болон ах дүү нар нь нас чацуу биш боловч тодорхой нэгэн цаг үеийн үйл явдлыг биеэрээ үзсэн хүмүүс байсан. Библид «тэр үеийнхэн» гэж бичихдээ Иосефоос түрүүлж төрсөн ах нарыг нь болон Иосефоос урт насалсан ах нарынх нь заримыг оруулжээ (Эхл. 50:24). Бас Иосефын дараа төрөөд, нас барснаас нь хойш нас барсан Бениамин нарын хүмүүсийг ч «тэр үеийнхэн» гэдэгт хамруулжээ.
Тэгэхлээр, тодорхой нэг цаг үед амьдарч байсан хүмүүсийг «үеийнхэн» гэж үзвэл тэр «үеийнхний» хамрах хугацааг яг таг тодорхойлох аргагүй юм. Гэхдээ тэр хугацаа хэтэрхий удаан үргэлжлэхгүй бөгөөд хэзээ нэгэн цагт дуусна гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас, Есүс Матай 24:34-т «тэр үеийнхэн» гэж хэлсэн нь «эцсийн өдрүүд» хэзээ дуусахыг тооцох аргыг шавь нартаа зааж өгсөн хэрэг биш байжээ. Харин ч яриагаа цааш үргэлжлүүлэн «тэр өдөр, цагийг» хэн ч мэдэхгүй гэж хэлсэн (2 Тим. 3:1; Мат. 24:36).
[22, 23-р хуудасны зураг]
1914 онд Хаан болсон Есүс «ялахаар явлаа»
[24-р хуудасны зураг]
«Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй»