Ехова зовж буй хүнийг авардаг
Ехова зовж буй хүнийг авардаг
«Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» (ДУУЛАЛ 34:19).
1, 2. Нэгэн үнэнч христиан эмэгтэйд ямар бэрхшээл тохиолдсон бэ? Ямар учраас бидэнд ч бас тийм бэрхшээл тулгарч болох вэ?
КЕЙКО гэдэг бүсгүй Еховад үйлчлээд 20 гаруй жил болж байна. * Нэгэн үе, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд ихэнх цагаа зориулж, байнгын эхлэгчээр үйлчилж байжээ. Үүнийгээ ч онцгой аз завшаан гэж үздэг байв. Гэвч саяхнаас түүнд бүх юм утгагүй санагдан, ихэд ганцаардах болжээ. «Би уйлахаас өөрөөр яаж ч чаддаггүй байлаа» гэж Кэйко хэлсэн. Тэрбээр гутранги үзлээ ялахын тулд Библийг бие даан судлахад урьдынхаасаа их цаг зарцуулах болсон байна. «Гэсэн ч би тэр байдлаасаа гарч чадаагүй. Сүүлдээ, үхмээр санагддаг болсон» гэж Кейко ярьсан юм.
2 Танд бас цөхрөх үе гарч байсан уу? Бурханд үнэнч амьдардаг Гэрч хүний хувьд та «одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт»-тай тул баяр хөөртэй байх бүрэн үндэстэй (1 Тимот 4:8). Та одоо сүнслэг диваажинд амьдарч байна. Гэлээ гээд, алив зовлон бэрхшээл таныг тойрч гардаг гэсэн үг үү? Хаанаас даа! Библид: «Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг» гэж бий (Дуулал 34:19). «Бүх ертөнц нь муу нэгэн [болох Сатан Диаволын] дотор байдаг» учраас үүнд гайхах ч хэрэггүй (1 Иохан 5:19). Энэ ертөнц үнэхээр Сатаны эрхшээлд байдгийг бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар мэдэрдэг (Ефес 6:12).
Зовж шаналахын уршиг
3. Бурхны эртний үйлчлэгчдэд зовж шаналах үе байсныг жишээ татан хэлнэ үү.
3 Удаан хугацаагаар зовж шаналбал юмыг өөдрөгөөр харж чадахаа больдог (Сургаалт үгс 15:15). Зөв хүн Иовын тухай бодож үзье. Аймшигтай сорилтон дунд байхдаа тэрбээр: «Эмэгтэйгээс төрдөг хүн бол амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу» гэж хэлсэн байдаг (Иов 14:1). Иовын баяр баясгалан ор мөргүй алга болсон байв. Тэр битгий хэл, Еховад хаягдсан гэж хүртэл бодох болжээ (Иов 29:1–5). Гэхдээ Бурхны үйлчлэгчдийн дотроос Иов ганцаараа зовж шаналж байсангүй. Библид бичсэнээр, Ханна үрийн зулай үнэрлээгүйдээ «ихэд шаналдаг» байжээ (1 Самуел 1:9–11). Гэр орныхоо уур амьсгалаас болоод сэтгэлийн зовлонд орсон Ребека: «Би... амьдрах дургүй боллоо» гэж хэлсэн удаатай (Эхлэл 27:46). Давид гэм буруугаа эргэцүүлэн бодоод, «Би бүхэл өдрийн турш гашуудан явна» гэжээ (Дуулал 38:6). Энэ цөөн хэдэн жишээнээс харахад, Бурхныг сүсэглэн хүндэтгэдэг эртний үйлчлэгчдэд зовж шаналах үе гарч байжээ.
4. Христиануудын дунд «гутарсан хүмүүс» байдагт яагаад гайхах хэрэггүй вэ?
4 Тэгвэл христианууд ямар байсан бэ? Элч Паул Тессалоникийн христиануудад «гутарсан хүмүүсийг тайвшруулахыг» зөвлөжээ (1 Тесалоник 5:14, ШЕ). Библийн нэгэн тайлбар тольд тэмдэглэснээр, «гутарсан хүмүүс» гэж орчуулсан грек үгээр «амьдралын нугачаанд хэсэг зуур сөхөрсөн» хүмүүсийг хэлж болдог аж. Тессалоник дахь хурлын, сүнсээр тослогдсон зарим христиан сэтгэлээр унасан байсныг Паулын бичсэн үг харуулдаг. Өнөөдөр ч бас христиануудын дунд «гутарсан хүмүүс» бий. Тэд юунаас болж сэтгэлээр унадаг вэ? Нийтлэг гурван шалтгааныг үзье.
Төрөлхийн нүгэлт чанараас болж...
5, 6. Ром 7:22–25-д бичсэн үг биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?
5 Жинхэнэ христианууд нүгэлт хандлагатайдаа шаналж явдаг. Үүгээрээ, «мэдрэмжгүй болж» завхарсан хүмүүсээс ялгардаг (Ефес 4:19). Тэдэнд Паулынхтай адилхан сэтгэгдэл төрдөг биз ээ. Паул: «Би доторх хүнийхээ хувьд Бурхны хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна» гэж бичээд, «Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ!» хэмээн дуу алдсан байдаг (Ром 7:22–24).
6 Танд бас тэгж санагдах үе байсан уу? Төгс бус гэдгээ ухамсарлах нь буруу биш ээ. Яагаад гэвэл, ингэж байж л нүглийн хор уршгийг яс махандаа шингэтэл ойлгож, муу юм хийхгүй байх шийдвэрээ батжуулж чадна шүү дээ. Гэхдээ сул талаасаа болоод үргэлж шаналаад байх хэрэггүй. Паул нүгэлт хандлагатайдаа зовж явдаг тухайгаа бичсэнийхээ дараа: «Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай» хэмээн нэмж бичжээ (Ром 7:25). Тийм ээ, Есүсийн асгаруулсан цусны ачаар нүглээсээ ангижирна гэдэгтээ Паул итгэлтэй байсан (Ром 5:18).
7. Нүгэлт хандлагаасаа болоод зовж шаналахгүй байхад юу тус болох вэ?
7 Хэрэв танд нүгэлт чанараа ялж чадахгүй юм шиг санагдаад байвал элч Иоханы бичсэн үгээр өөрийгөө тайвшруулаарай. Тэрбээр: «Хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн. Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ» хэмээн бичсэн байдаг (1 Иохан 2:1, 2). Нүгэлт хандлагаасаа болоод зовж байгаа бол Есүс төгс хүмүүсийн төлөө бус, нүгэлтнүүдийн төлөө амиа зориулсныг санаарай. Үнэндээ, «бүгд нүгэл үйлдсэнээр Бурхны алдарт хүрдэггүй» билээ (Ром 3:23).
8, 9. Яагаад өөрөө өөрийгөө буруутгах ёсгүй вэ?
8 Гэтэл та урьд нь ноцтой нүгэл үйлдсэн байж гэж бодъё. Үүнийгээ Еховад хэлж, байнга залбирсан байж таарна. Тэгээд хурлын ахлагчдаас сүнслэг тусламж авсан байх (Иаков 5:14, 15). Чин сэтгэлээсээ гэмшсэн учраас хурлын гишүүн байх эрхийг тань хасаагүй нь лавтай. Эсвэл, та Бурхны байгууллагыг хэсэг хугацаанд орхисон ч, дараа нь гэмшээд, Бурхны өмнө дахин цэвэр болж. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн, тэр явдлаа бодон, шаналаад байж болох юм. Хэрэв үнэхээр ийм явдал болсон бол, чин сэтгэлээсээ гэмшсэн хүмүүсийг Ехова «өгөөмрөөр» уучилдгийг битгий мартаарай (Исаиа 55:7). Түүнээс гадна, нүгэл үйлдсэн хүн, яагаад ч уучлах аргагүй муу юм хийсэн хэмээн үргэлж өөрийгөө буруутгадаг. Гэвч Бурхан таныг ингэж бодоосой гэж хүсдэггүй. Энэ бол гагцхүү Сатаны хүсэл юм (2 Коринт 2:7, 10, 11). Диавол амьд явах зохисгүй нэгэн учраас устгагдах нь зайлшгүй. Гэхдээ тэр таныг ч бас адилхан шийтгэл хүртвэл зохих хүн гэж бодоосой хэмээн хүсдэг (Илчлэлт 20:10). Энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, итгэлийг тань эвдэн бусниулах гэсэн Сатанд битгий бууж өгөөрэй (Ефес 6:11). Харин бусад аргыг нь эсэргүүцдэг шигээ энэ аргыг нь ч бас «бат итгэлээрээ эсэргүүцээрэй» (1 Петр 5:9).
9 Илчлэлт 12:10-т Сатаныг «ах дүүсийг маань [буюу тослогдсон христиануудыг]... буруутгагч» гэдэг. Тэр тэднийг Бурхны өмнө «өдөр шөнөгүй буруутгадаг». Үүнийг эргэцүүлэн бодвол, та нэг зүйлийг ойлгож чадна. Юу гэвэл, Ехова таныг буруутгахгүй байхад та өөрийгөө зэмлэн буруушаавал гүтгэгч Сатан баярлах ажээ (1 Иохан 3:19–22). Алдаагаа яагаад ч засаж чадахгүй нь гэж бодон, зовж шаналаад байх хэрэгтэй гэж үү? Бурхантай тогтоосон харьцаагаа Сатанд бүү эвдүүлээрэй. Ехова «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр[аар] бялхам» гэдгийг Диавол хэзээ ч бүү мартуулаг (Египетээс гарсан нь 34:6).
Хүч хүрэхгүйгээс болж...
10. Юунд хүч хүрэхгүйгээс болж сэтгэлээр унадаг вэ?
10 Зарим христиан Бурханд хүссэнээрээ үйлчилж чадахгүй байгаадаа сэтгэлээр унадаг. Таны хувьд ямар вэ? Хүнд өвчин туссанаас, нас дээр гарснаас, эсвэл өөр бусад шалтгаанаас болоод урьдынх шигээ олон цаг дэлгэрүүлье ч гэсэн чаддаггүй байж болох юм. Бурханд үйлчлэх цагийг зольж авахыг христиануудад уриалдаг нь үнэн (Ефес 5:15, 16). Гэхдээ дэлгэрүүлэх болон заах ажилд түлхүү оролцоход хүч дутаад сэтгэлээр унаад байвал яах вэ?
11. Галат 6:4-т бичсэн Паулын зөвлөгөө бидэнд ямар ач тустай вэ?
11 Хойрго байлгүй, харин «итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад» байхыг Библи уриалдаг (Еврей 6:12). Энэ уриалгыг, гагцхүү тэдний үзүүлсэн сайхан жишээг судалж, итгэлийг нь дуурайсан цагт ажил хэрэг болгож чадна. Гэхдээ өөрийгөө бусадтай харьцуулж, санасандаа хүртэл үйлчилж чадахгүй байна гэж дүгнэх нь ямар ч ашиггүй. Харин үүний оронд, «Хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно» гэсэн Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэх нь сайн (Галат 6:4).
12. Бид Еховад үйлчлэхдээ яагаад баяртай байдаг вэ?
12 Эрүүл мэнд нь сайнгүй байлаа ч, баярлан бахархах бүрэн үндэс христиануудад бий. Библид үүнийг: «Бурхан бол... Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж батлан бичжээ (Еврей 6:10). Өөрөөс тань шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас, Еховад өмнөх шигээ үйлчилж чадахгүй байж магадгүй. Гэхдээ та Еховагийн тусламжтайгаар, утсаар дэлгэрүүлэх, захидал бичих зэргээр христиан үйлчлэлд чадах чинээгээрээ оролцож болно шүү дээ. Ехова Бурхан таныг чин сэтгэлээсээ үйлчилж, өөрт нь болон хүмүүст хайртайгаа харуулж байгаагийн тань төлөө ивээнэ гэдэгт итгээрэй (Матай 22:36–40).
«Хэцүү цаг» үеэс болж...
13, 14. а) Өнөөгийн «хэцүү цагт» сэтгэл зовоох ямар ямар шалтгаан байдаг вэ? б) Төрөлх хайр дутагдаж буй нь юунаас харагддаг вэ?
13 Бурхны шинэ ертөнцөд амьдрах цаг тун ойртож байна. Гэсэн хэдий ч одоо амьдарч байгаа үе маань «хэцүү цаг» билээ (2 Тимот 3:1). Сэтгэл эмзэглүүлсэн явдлууд бидний аврагдах цаг дөхсөнийг зааж байна гэж бодохлоор тайвширдаг. Гэхдээ л эргэн тойрны маань бэрхшээл зовлон биднийг тойрч гардаггүй. Жишээ нь, ажилгүй болбол яах вэ? Ажил олдохгүй хэдэн сар өнгөрөхөд, Ехова гачигдал зовлонг маань харж, залбирлыг маань сонсдог эсэхэд эргэлзэж мэднэ. Эсвэл ялгаварлан гадуурхагдах юм уу шударга бус явдлын золиос болбол яах вэ? Түүнчлэн, сонин гарчиглах зуур л «ёс журамгүй хүний ужид самуун явдлын төлөө ихэд зовнигч зөв үйлст хүн Лотынхтой» адилхан сэтгэгдэл төрж болох юм (2 Петр 2:7, МАБ).
14 Бидэнд үл анзаарагдам нэгэн онцлог шинж эцсийн өдрүүдэд бий. Энэ бол, Библид зөгнөснөөр, «төрөлх хайр дутагдах явдал» юм (2 Тимот 3:3, ШЕ). Нэг гэрийн хүмүүс бие биеэ хайрлахаа больсон нь хэвийн үзэгдэл болжээ. «Гэр бүлийн хүчирхийлэл» гэдэг номд: «Хүмүүс ихэнхдээ, гаднын хүмүүсийн бус, гэрийнхнийхээ гарт амиа алдаж, зодуулж, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг судалгаа харуулдаг. Хайрлуулж, хамгаалуулж байх ёстой газар нь томчууд, хүүхүүдийн хувьд хамгийн аюултай газар болсон байдаг аж» хэмээн бичжээ. Гэр бүлийн тайван бус орчинд амьдардаг хүмүүс сүүлдээ байнга санаа зовж, цөхөрдөг болдог. Та тэдний нэг бол яах вэ?
15. Еховагийн хайр хэний ч хайраас илүү гэдэг нь юу гэсэн үг вэ?
15 Дуулалч Давид: «Миний эцэг эх намайг орхисон, харин ЭЗЭН намайг босгоно» хэмээн дуулжээ (Дуулал 27:10). Еховагийн хайр ямар ч эцэг эхийн хайрыг дагуулахгүй гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! Эцэг эх тань таныг хэдий голж, ад үзэх юм уу, эсвэл бүр хаялаа ч, таныг гэсэн Еховагийн хайр дундрахгүй (Ром 8:38, 39). Бурхан хайртай хүмүүсээ татдаг гэдгийг бүү мартаарай (Иохан 3:16; Иохан 6:44). Хүмүүс яаж ч ханддаг байсан, тэнгэрийн Эцэг тань таныг хайрладаг юм шүү!
Сэтгэлийн зовлонгоос ангижрахад тус болох алхмууд
16, 17. Сэтгэл нь шаналсан үедээ сүнслэг хүчээ барахгүйн тулд хүн яах хэрэгтэй вэ?
16 Та тодорхой алхмуудыг хийвэл сэтгэлийн зовлонгоосоо ангижирч чадна. Тухайлбал, сүнслэгээр бэхжүүлэх христиан үйл хэрэгт идэвхтэй оролцоорой. Бурхны Үгийг эргэцүүлэн бодож байгаарай. Ялангуяа, сэтгэлээр хэт их унасан үедээ эргэцүүлж бодох нь тун чухал. Дуулалч: «Хэрэв би „Миний хөл халтирсан“ гэж хэлэх ёстой байсан бол, өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан. Миний дотор санаа зовсон бодлууд олшроход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» хэмээн дуулсан байдаг (Дуулал 94:18, 19). Библийг тогтмол унших нь урам хайрлаж, сэтгэл сэргээсэн бодлоор ухаан санаагаа дүүргэхэд тустай.
17 Залбирал бас амин чухал. Дотоод сэтгэлээ үгээр бүрэн төгс илэрхийлж чадахгүй байлаа ч таны юу хэлэх гээд байгааг Ехова мэддэг (Ром 8:26, 27). Дуулалч: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» хэмээн батлан хэлжээ (Дуулал 55:22).
18. Сэтгэл гутралд автсан хүнд тустай ямар ямар арга байдаг вэ?
18 Сэтгэл гутрах өвчний улмаас зарим хүн юу ч хийх хүсэлгүй болдог. * Та бас тийм бол Бурхны шинэ ертөнцөд «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» болох тэр цагийн тухай бодохыг үргэлж хичээгээрэй (Исаиа 33:24). Хэрэв байнгын гунигтай байвал эмчид хандах нь ухаалаг хэрэг болно (Матай 9:12). Мөн эрүүл мэнддээ санаа тавих нь чухал. Шим тэжээлтэй хоол идэх, дасгал хийх нь тустай байдаг. Бас сайн амрах хэрэгтэй. Зурагтын өмнө шөнө дүл хүртэл суухгүй байж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ бие, сэтгэлийг ядраадаг зүйл хийхээс зайлсхийгээрэй. Хамгийн гол нь, христиан үйл хэрэгт үргэлж идэвхтэй оролцож байгаарай! Одоохондоо Ехова хүмүүсийн «нүднээс нулимс бүрийг нь арчаагүй» байгаа ч, бэрхшээлийг тэвчихэд тань заавал тусална (Илчлэлт 21:4; 1 Коринт 10:13).
«Бурхны хүчирхэг мутрын дор» амьдрах нь
19. Зовж шаналсан хүмүүст Ехова ямар амлалт өгдөг вэ?
19 Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг ч «ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг» гэсэн баталгаа Библид бий (Дуулал 34:19). Бурхан яаж авардаг вэ? Элч Паул «махан биеийн өргөс»-өөсөө салах гэж хэдэнтээ гуйхад нь Ехова түүнд: «Мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно» гэж хэлжээ (2 Коринт 12:7–9). Ехова Паулд амласан шигээ танд юу гэж амладаг вэ? Өвчнийг тань яг одоо эдгээхгүй ч, тэвчих хүч өгнө гэж амладаг.
20. Бид ямар ч зовлон амсаж байсан, 1 Петр 5:6, 7-д бичсэн үгнээс юунд итгэлтэй байж болох вэ?
20 Элч Петр: «Бурхны хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. Тэр та нарын төлөө санаа зовдог [«тавьдаг», МББН, 2004] учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» хэмээн бичжээ (1 Петр 5:6, 7). Ехова танд санаа тавьдаг учир таныг хэзээ ч орхихгүй. Таныг яаж ч зовж байсан тэр танд тусална. Үнэнч христианууд «Бурхны хүчирхэг мутрын дор» байдгийг санаж яваарай. Өөрт нь үйлчилж байсан цагт Ехова бидэнд аливааг тэвчих хүч өгнө. Бурханд үнэнч байвал сүнслэг байдалд маань үүрдийн хор хохирол учруулж чадах зүйл нэгээхэн ч үгүй. Тиймд, Еховад цаг ямагт үнэнч байцгаая. Тэгвэл бид Еховагийн амласан шинэ ертөнцөд мөнхөд жаргалтай амьдарч, зовж шаналсан хүн үүрд байхгүй болох өдрийг нүдээрээ үзэх болно!
[Зүүлт]
^ Нэрийг өөрчлөв.
^ Сэтгэл гутрал (депресс) нь сэтгэлээр унахаас өөр ойлголт юм. Байнга гуньж гутраад, энэ нь цаашаа даамжирвал үүнийг сэтгэл гутрах өвчний шинж гэж үздэг. Нэмэлт мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1988 оны 10-р сарын 15-ны дугаарын 25—29-р хуудас, 11-р сарын 15-ны дугаарын 21—24-р хуудас болон 1996 оны 9-р сарын 1-ний дугаарын 30, 31-р хуудаснаас үзнэ үү (англи).
Та санаж байна уу?
• Еховад үйлчилдэг хүн ч зовдгийн учир юу вэ?
• Бурхны зарим үйлчлэгч ямар ямар шалтгаанаас болж сэтгэлээр унадаг вэ?
• Санаа зовохоо болиход маань Ехова хэрхэн тусалдаг вэ?
• «Бурхны хүчирхэг мутрын дор» байна гэж юу гэсэн үг вэ?
[Догол мөрийн асуулт]