Үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхагтун!
Үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхагтун!
«Бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна» (2 КОРИНТ 5:7).
1. Элч Паул үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхдагаа хэрхэн баталсан бэ?
МАНАЙ ЭРИНИЙ 55 он. Христиануудыг хавчигч Саул гэгч эр христ шашинд ороод 20 шахам жил өнгөрчээ. Элч Паул нэрээр олны танил болсон тэрбээр он цагийн уртад итгэлээ сулруулсангүй. Тэнгэр дэх юмсыг нүдээр үзээгүй хир нь бат итгэлтэй байлаа. Тийм ч учраас, тэнгэрт амьдрах найдвартай тослогдсон христиануудад бичсэн захидалдаа: «Бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна» гэжээ (2 Коринт 5:7).
2, 3. а) Итгэлээр алхаж байгаагаа хэрхэн баталж болох вэ? б) Үзэгдэж байгаагаар алхана гэж яахыг хэлэх вэ?
2 Итгэлээр алхана гэдэг бол амьдралыг маань Бурхан удирдаж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэнэ гэсэн үг юм. Бидэнд юу хамгийн сайн болохыг Ехова хэнээс ч илүү мэддэг гэдэгт огт эргэлзэх учиргүй (Дуулал 119:66). Шийдвэр гарган, хэрэгжүүлэхдээ «харагдахгүй зүйлсийг» бодолцох нь зүйтэй (Еврей 11:1). Үүнд, амласан «шинэ тэнгэр, шинэ газар» ч ордог (2 Петр 3:13). Харин үзэгдэж байгаагаар алхана гэж, зөвхөн үзэж харж, хүсэж мэдэрч байгаадаа захирагдан амьдрахыг хэлдэг. Ингэснээр Бурхны хүсэл тааллыг анхаарахаа бүрмөсөн болих аюултай (Дуулал 81:12; Номлогчийн үгс 11:9).
3 Тэнгэрийн дуудлагатай «өчүүхэн сүрэг», дэлхийд амьдрах найдвартай «өөр хонинуудын» аль нь ч бай, бид бүгдээрээ үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхах тухай сануулгыг байнга анхаарч явах ёстой (Лук 12:32; Иохан 10:16, ШГ). Бурхны өгсөн энэ зөвлөгөө «нүглийн цаг зуурын жаргалд» мансуурч, эд баялгийн урхинд орж, эд юмсын өнөөгийн тогтолцооны төгсгөл ойртсоныг умартах аюулаас хэрхэн хамгаалахыг ярилцъя. Мөн үзэгдэж байгаагаар алхах нь хэчнээн аюултай байдгийг мэдэж авцгаая (Еврей 11:25).
«Нүглийн цаг зуурын жаргалыг» тэвчих нь
4. Мосе ямар шийдвэр гаргасан бэ? Яагаад?
4 Амрамын хүү Мосегийн амьдрал хэрхэн эргэж болох байсныг төсөөлье. Эртний Египетийн хааны гэр бүлд өссөн тэрбээр эрх мэдэл, эд баялаг, нэр нөлөөтэй болоход тун ойрхон байв. Тийм ч учраас: «Би хүн бүхний хүсэл мөрөөдөл болсон Египетийн эрдэмд гаргууд боловсорлоо. Ажил үйлс, үг яриагаараа ч хүчтэй байна. Дарлагдсан еврей түмэндээ тус болъё гэвэл хааны урагт үлдэж, эрх мэдлээ хадгалах л хэрэгтэй!» гэж бодож болох байсан (Үйлс 7:22). Гэвч «Бурхны хүмүүсийн хамт ад үзэгдэхээр» шийджээ. Мосе өөрт байсан бүхнээсээ ямар учраас татгалзах болов оо? Энэ асуултад Библи: «Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй, Египетийг орхисон. Учир нь тэр үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн» гэж хариулдаг (Еврей 11:24–27). Ехова үйлчлэгчээ зөв үйлсийнх нь төлөө шагнадаг гэдэгт итгэдэг байсан учраас дур зоргоороо авирлаж, нүгэл үйлдэлгүй, зуурдын жаргалыг тэвчсэн билээ.
5. Мосегийн жишээгээр, бид яах хэрэгтэй вэ?
5 Бидэнд ч бас шийдэхэд хэцүү асуудал олон гардаг. Тухайлбал: «Библийн зарчмыг эрс зөрчдөггүй ч, тэр бүр таараад байдаггүй дадал зуршлаа заавал орхих хэрэгтэй юү? Цалин өндөртэй ч, сүнслэгээр өсөхөд саад болох ажилд орох нь зөв үү?» гэх зэрэг асуудал байж болох юм. Тийм үед энэ ертөнцийн ухвар мөчид үзлийг тусгахын оронд, Мосегийн жишээгээр, «үзэгдэхгүй Тэр» буюу Ехова Бурхны алсыг харах чадварт итгэх хэрэгтэй. Мосегийн адил, бид ч бас Еховатай тогтоосон андын нөхөрлөлөө энэ ертөнцийн өгдөг ямар ч юмнаас илүү эрхэмлэдэг.
6, 7. а) Есав үзэгдэж байгаагаар алхахыг илүүд үзсэн нь юунаас харагддаг вэ? б) Есавын жишээ бидэнд ямар сануулга болдог вэ?
6 Гэтэл Исаакийн хүү Есав Мосегоос тэс ондоо хүн байв. Тэрбээр хүслээ хурдан хангахыг л илүүд үздэг байсан (Эхлэл 25:30–34). «Ариун юмыг эрхэмлэдэггүй» (ШЕ) учраас «хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан» (Еврей 12:16). Есав энэ шийдвэрийг гаргахдаа Еховатай тогтоосон харьцаанд нь, цаашлаад үр удамд нь яаж нөлөөлөхийг бодож үзээгүй. Энэ бол сүнслэгээр сохорсон хэрэг байсан. Бурхны эрхэм амлалт Есавд ямар ч үнэ цэнгүй байв. Тэр итгэлээр бус, үзэгдэж байгаагаар алхдаг байжээ.
7 Есавын жишээ бидэнд сануулга болдог (1 Коринт 10:11). Бид их бага ямар ч шийдвэр гаргах болсон, хүссэн бүхнээ яг одоо авахыг ятгадаг Сатаны ертөнцийн суртал ухуулгад автах учиргүй. Өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Би шийдвэр гаргахдаа Есавынх шиг зан гаргадаг юм биш биз? Дуртай сонирхолтой зүйлээрээ хөөцөлдөөд, сүнслэг асуудлыг хоёрдугаарт тавиагүй байгаа? Гаргасан шийдвэрээсээ болж Бурхантай тогтоосон анд нөхрийн харьцаагаа сэвтүүлж, ирээдүйд шагналгүй хоцрох юм биш биз? Би бусдад ямар жишээ үзүүлж байгаа билээ?» Хэрэв шийдвэр гаргахдаа ариун юмыг эрхэмлэдгээ харуулдаг бол Ехова биднийг ивээнэ (Сургаалт үгс 10:22).
Эд баялгийн урхинаас хол явах нь
8. Лаодикийн христианууд ямар сануулга авсан бэ? Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?
8 Есүс Христ нэгдүгээр зууны сүүлчээр элч Иоханд үзэгдэл үзүүлэхдээ Бага Азийн Лаодик хот дахь хурлын христиануудад эд баялгаар хөөцөлдөхгүй байхыг сануулжээ. Лаодикийн христианууд эд хөрөнгөөр баян ч сүнслэгээр ядуурсан байв. Тэд итгэлээр алхахын оронд эд баялгаасаа болж сүнслэгээр сохорчээ (Илчлэлт 3:14–18). Эд баялаг өнөөдөр ч хүнийг сохлох чадалтай. Итгэлийг маань сулруулж, амийн төлөөх «уралдаанд тэвчээртэйгээр гүйхэд» саад болдог (Еврей 12:1). Болгоомжтой байхгүй бол, «өнөөгийн амьдралын тааламжид» бүрэн «баригдаж», сүнслэг үйл хэргээ зогсоож мэднэ (Лук 8:14).
9. Сүнслэг хоолыг эрхэмлэн үнэлж, сэтгэл хангалуун байх нь бидэнд ямар хамгаалалт болдог вэ?
9 Өөрсдийгөө сүнслэгээр хамгаалах нэг чухал арга бол энэ ертөнцийг «бүрэн дүүрнээр ашиглаж», баяжих гэж улайрах биш, байгаа юмандаа сэтгэл хангалуун байх явдал юм (1 Коринт 7:31; 1 Тимот 6:6–8). Бид үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхдаг учраас одоогийн сүнслэг диваажинд баяр хөөртэй байдаг. Шим тэжээлтэй сүнслэг хоол идээд, «хөөртэй зүрхээр баяр хөөртэйгөөр хашхирмаар» санагддаг, тийм биз дээ? (Исаиа 65:13, 14). Бас Бурхны сүнсний үр жимсийг илэрхийлдэг хүмүүстэй хамт байхлаар баяр жаргалтай байдаг (Галат 5:22, 23). Тиймээс Еховагийн өгдөг сүнслэг бүх зүйлд сэтгэл хангалуун, урам зоригтой байцгаая!
10. Бид өөрсдөөсөө ямар ямар асуулт асуух хэрэгтэй вэ?
10 Бид өөрсдөөсөө: «Эд баялаг миний амьдралд ямар байр эзэлдэг вэ? Би эд хөрөнгөө өөрийгөө зугаацуулж амьдрахын тулд зориулдаг уу, жинхэнэ шүтлэгийг дэмжин дэлгэрүүлэхийн төлөө ашигладаг уу? Би юу хийхлээрээ илүү сэтгэл хангалуун болдог вэ? Библи судалж, цуглаанд явахлаар уу, эсвэл христиан ажлаа хойш тавиад амрахлаар уу? Амралтын өдрүүдээрээ дэлгэрүүлэх болон бусад христиан үүргээ биелүүлэхийн оронд зугаацаж цэнгэх, тоглож наадахыг илүү эрхэмлэдэг юм биш биз?» гэх зэргээр асуух нь сайн. Итгэлээр алхах гэдэг бол Еховагийн амлалтад бүрэн дүүрэн итгэж, Хаанчлалын үйл хэрэгт оролцон үргэлж завгүй байхыг хэлнэ (1 Коринт 15:58).
Төгсгөл ойрхон байгааг тод санах нь
11. Итгэлээр алхах нь төгсгөл ойрхон байгааг тод санахад хэрхэн тусалдаг вэ?
11 Хэрэв бид итгэлээр алхдаг бол төгсгөл болох яагаа ч үгүй гэх буюу хэзээ ч болохгүй гэсэн сүнслэг бус үзлээс зайлсхийж чадна. Ер нь хүмүүс Библийн зөгнөлийг үл тоомсорлодог. Харин бид дэлхий дахинд болж буй үйл явдал өнөө цагийн тухай Бурхны Үгэнд бичигдсэн зөгнөлтэй яаж тохирч байгааг ойлгодог (2 Петр 3:3, 4). Жишээлбэл, хүмүүсийн нийтлэг хандлага, биеэ авч яваа байдлыг хараад бид «эцсийн өдрүүд» болж байна гэж үздэг (2 Тимот 3:1–5) Өнөөдөр дэлхий дахинд болж буй үйл явдал бол зүгээр нэг түүх давтагдаж байгаа хэрэг биш, харин Христийн «залран байх хийгээд эд юмсын тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдгийг» (ШЕ) бүрдүүлж байгаа явдал гэдгийг бид итгэлийн нүдээр хардаг (Матай 24:1–14).
12. Лук 21:20, 21-д бичигдсэн Есүсийн үг нэгдүгээр зуунд хэрхэн биелсэн бэ?
12 Манай эриний нэгдүгээр зуунд, өнөө үед болох үйл явдалтай төстэй нэг явдал болсон юм. Есүс Христ дэлхийд байхдаа: «Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг» гэж дагалдагчдадаа анхааруулжээ (Лук 21:20, 21). МЭ 66 онд Ромын цэргүүд Цести Галлын удирдлага дор Иерусалимыг бүслэн авснаар энэхүү зөгнөл биелсэн. Гэвч цэргүүд хотыг гэнэт орхин явсан нь христиануудад дохио болж, «уулс уруу зугтах» боломж олгожээ. МЭ 70 онд Ромын арми эргэж ирээд Иерусалим уруу довтолж, сүмийг нь устгасан байна. Иудейн түүхч Иосефын тэмдэглэлээс үзэхэд, сая шахам хүн амь үрэгдэж, 97 000 хүн олзлогджээ. Иудейн эд юмсын тогтолцоо ийнхүү Бурхны шийтгэлийг хүртэн устгагджээ. Харин итгэлээр алхаж, Есүсийн сэрэмжлүүлгийг анхаарч байсан хүмүүс эсэн мэнд үлдсэн юм.
13, 14. а) Ойрын ирээдүйд ямар үйл явдал болох вэ? б) Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг ямар учраас анхааралтай ажиглах хэрэгтэй вэ?
13 Өнөөдөр үүнтэй төстэй явдал болох гэж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагыг бүрдүүлэгч хэсгүүд Бурхны шүүх ажиллагааг гүйцэтгэх хэрэгсэл болох юм. Нэгдүгээр зууны үеийн Ромын арми «Пакс Романа» буюу «Ромын энх тайван»-ыг сахин хамгаалах зорилготой байсан шиг Нэгдсэн Үндэстний Байгууллага энхийг сахиулахыг эрмэлздэг. Ромын арми тухайн үеийн соёл иргэншилт ертөнцийг харьцангуй аюулгүй байлгахыг оролдож байсан хэдий ч, Иерусалимыг сүйрүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын зэвсэгт хүчин шашныг дэлхий нийтийн энх тайван байдалд заналхийлэгч гэж үзэн, орчин үеийн «Иерусалим» буюу христ шашны ертөнцийг «Агуу их Вавилоны» үлдсэн хэсэгтэй нь устгах тухай Библид зөгнөн хэлсэн (Илчлэлт 17:12–17). Хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн тэр чигээрээ мөхлийн ирмэгт үнэхээр тулж ирчихээд байна.
14 Хуурамч шашин сүйрснээр агуу их гай гамшиг эхэлж, эд юмсын ёс бус тогтолцоог бүрдүүлэгч үлдсэн хэсгүүд устсанаар эцэс болох учиртай (Матай 24:29, 30; Илчлэлт 16:14, 16). Бид итгэлээр алхдаг учраас Библийн зөгнөл хэрхэн биелж байгааг анхааралтай ажигласаар байдаг. Бурхан НҮБ гэх мэтийн хүний санаачилсан байгууллагыг жинхэнэ энх тайвныг тогтоон, аюулгүй байдлыг хангах хэрэгслээ болгоно гэсэн үзэлд бид хууртдаггүй. Тиймээс, Еховагийн «агуу өдөр ойрхон байна» гэж итгэдгээ амьдрал дээр баталцгаая (Зефаниа 1:14).
Үзэгдэж байгаагаар алхахын аюул
15. Израилийн ард түмэн Бурхны ивээлийг хүртэж байсан ч ямар урхинд орсон бэ?
15 Үзэгдэж байгаагаар алхсанаас болж итгэл сулардаг аюултайг эртний Израилийн түүх харуулдаг. Израильчууд Египетийн хуурамч бурхдыг гутаан доромжилсон арван гамшгийг нүдээр үзэж, Улаан тэнгисийг гайхамшгаар гатлан аврагдсан хэдий ч дуулгаваргүй зан гарган, алтан тугал хийж мөргөсөн билээ. Тэд «уулнаас бууж ирэлгүй саатсан» Мосег хүлээж цөхжээ (Египетээс гарсан нь 32:1–4). Тэвчээр нь барагдсандаа нүдээрээ үзэж болох хиймэл шүтээн шүтсэн. Ийнхүү үзэгдэж байгаагаар алхсаны гайгаар Еховаг гомдоож, «гурван мянга орчим хүнээ» алджээ (Египетээс гарсан нь 32:25–29). Хэрвээ Еховагийн үйлчлэгч хүн Бурхандаа итгэхгүй, амласнаа биелүүлнэ гэдэгт нь эргэлзэж, хуумгай шийдвэр гаргадаг бол хэчнээн харамсалтай вэ!
16. Израильчууд үзэгдэж байгаагаар алхсан нь ямар үр дагаварт хүргэсэн бэ?
16 Израильчууд үзэгдэж байгаагаар алхсаны балгаар өөр олон зүйл дээр алджээ. Тэд дайснуудаасаа айн чичирдэг болсон (Тооллого 13:28, 32; Дэд хууль 1:28). Ингэснээр Бурхны өгсөн Мосегийн эрх мэдлийг эсэргүүцэж, ахуй амьдралынхаа талаар гомдол гаргаж эхэлсэн. Итгэл дутсанаас болж, чөтгөрүүдэд эзэмдүүлсэн Египет орныг Амласан газраас илүүд үзсэн (Тооллого 14:1–4; Дуулал 106:24). Ард түмэн нь үл үзэгдэх Хаандаа туйлын хүндэтгэлгүй хандахад Ехова хэчнээн их гомдсон бол оо!
17. Самуелын үеийн израильчууд Еховагаас яагаад нүүр буруулсан бэ?
17 Бурхны сонгосон Израилийн ард түмэн зөнч Самуелын үед ч бас үзэгдэж байгаагаар алхахын урхинд орсон юм. Тэд хүн-хаантай болохыг хүсэмжлэх болжээ. Ехова өөрөө хаан нь байсны баталгааг үзүүлсээр атал израильчууд итгэлээр алхаж чадаагүй (1 Самуел 8:4–9). Төгс удирдагч Еховагаас нүүр буруулж, эргэн тойрныхоо ард түмнүүд шиг болохыг хүссэн нь эцэстээ тэдэнд гай удсан билээ (1 Самуел 8:19, 20).
18. Израильчууд үзэгдэж байгаагаар алхсан нь бидэнд ямар сургамж болдог вэ?
18 Еховагийн орчин үеийн үйлчлэгчид бид Бурхантай тогтоосон сайхан харьцаагаа эрхэмлэдэг. Эрт цагийн явдлаас үнэтэй сургамж авч, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг (Ром 15:4). Израильчууд үзэгдэж байгаагаар алхахлаараа Бурхан өөрсдийг нь Мосегоор дамжуулан удирдаж байгааг мартдаг байсан. Бид ч гэсэн болгоомжтой байхгүй бол, Ехова Бурхан болон Их Мосе Есүс Христ хурлаар дамжуулан биднийг удирдаж байгааг мартаж болзошгүй (Илчлэлт 1:12–16). Та бид Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсгийг хүний нүдээр харахаас сэрэмжлэх ёстой. Эс тэгвэл, дургүйцэх сэтгэлгээтэй болж, Еховагийн төлөөлөгчдөд үл талархахын зэрэгцээ, «итгэмжит ухаалаг боолын» өгдөг сүнслэг хоолыг эрхэмлэхээ болино (Матай 24:45).
Итгэлээр алхах шийдвэр төгс байгтун
19, 20. Бид юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ? Яагаад?
19 «Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ» хэмээн Библид бичжээ (Ефес 6:12). Бидний гол дайсан Сатан Диавол Еховад итгэх итгэлийг маань үгүй хийх зорилготой. Тийм ч учраас Бурханд үйлчлэх шийдвэрээс няцаах бүхий л аргыг хэрэглэх болно (1 Петр 5:8). Яавал Сатаны тогтолцооны гял цал байдалд хууртахгүй байх вэ? Үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхвал хууртахгүй! Еховагийн амлалтад итгэж найдах нь «итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болохоос» хамгаална (1 Тимот 1:19). Тиймээс Ехова ивээнэ гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэлгүй, итгэлээр алхах шийдвэр төгс байцгаая. Ойрын ирээдүйд «болох гэж буй бүхнээс зайлсхийхийн» тулд байнга залбирцгаая (Лук 21:36).
20 Үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхахын тулд дуурайвал зохих агуу Үлгэр жишээ бидэнд бий. Библид: «Та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бичжээ (1 Петр 2:21). Дараагийн өгүүллээр Есүсийн мөрийг хэрхэн дагаж болохыг ярилцъя.
Та санаж байна уу?
• Үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхсан Мосегийн жишээнээс та юу мэдэж авсан бэ? Есавын жишээ ямар сануулга болдог вэ?
• Эд баялгийн хойноос хөөцөлдөхгүй байхад юу туслах вэ?
• Итгэлээр алхах нь төгсгөл ойрхон байгааг тод санахад хэрхэн тусалдаг вэ?
• Үзэгдэж байгаагаар алхах нь ямар аюултай вэ?
[Догол мөрийн асуулт]