Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн алдрыг тусган харуулах уу?

Та Еховагийн алдрыг тусган харуулах уу?

Та Еховагийн алдрыг тусган харуулах уу?

«Бид... [Еховагийн] алдрыг тусган харуулдаг» (2 КОРИНТ 3:18).

1. Мосе юу үзсэн бэ? Дараа нь юу болсон бэ?

 ҮҮН шиг сүрдэж биширмээр үзэгдлийг урьд нь хэн ч үзэж байсангүй. Мосег Синаи уулын орой дээр байхад ер бусын хүсэл нь биелжээ. Тэрбээр Ехова Бурхны цог жавхланг үзсэн нь өөр хэнд ч, хэзээ ч тохиож байгаагүй завшаан байлаа. Мэдээж, Еховаг өөрийг нь харсан гэсэн үг биш л дээ. Бурхан асар их энергийн эх булаг учраас түүнийг хараад амьд үлдэх хүн байхгүй. Тиймээс, Ехова тэнгэр элчээр төлөөлүүлэн Мосегийн өмнүүр өнгөрөхдөө түүнийг «мутраараа» халхалсан. Тийнхүү цог жавхлангаа үзүүлэхэд Мосе араас нь өчүүхэн хэсгийг нь харжээ. Бурхан бас тэнгэр элчээр дамжуулан Мосетой ярьсан. Үүний дараа юу болсныг Библид: «[Еховатай] ярьснаас болж нүүрнийх нь арьс гэрэлтсээр Мосе Синаи уулаас бууж ирэв» гэж тэмдэглэжээ (Египетээс гарсан нь 33:18–34:7, 29).

2. Христиануудын тусган харуулдаг алдрын тухай Паул юу гэж бичсэн бэ?

2 Та өөрийгөө Мосетой хамт уулан дээр байгаагаар төсөөл дөө. Төгс хүчит Бурхны, нүд гялбам цог жавхланг үзэж, үгийг нь сонсоход сэтгэл догдлохгүй байхын аргагүй! Хуулийн гэрээний зууч Мосетой хамт Синаи уулаас буух нь юутай завшаантай хэрэг байх бол оо! Гэхдээ жинхэнэ христианууд Бурхны цог жавхлан буюу алдрыг Мосегийн тусгаж байснаас ч илүүгээр тусган харуулдгийг та мэдэх үү? * Энэ гүнзгий ойлголтыг элч Паул нэгэн захидалдаа тайлбарласан байдаг. Тэрбээр, тослогдсон христианууд Еховагийн «алдрыг тусган харуулдаг» гэж бичжээ (2 Коринт 3:7, 8, 18). Дэлхийд амьдрах найдвартай христианууд ч бас Бурхны алдрыг тодорхой хэмжээгээр тусган харуулдаг.

Христианууд Бурхны алдрыг тусган харуулдаг

3. Бид Мосегийн мэддэггүй байсан юуг мэддэг вэ?

3 Бид Бурхны алдрыг тусган харуулж чадах болов уу? Мосе Бурхны цог жавхланг үзэж, дууг нь сонсож байсан. Харин бид бол үгүй. Гэхдээ Мосегийн мэдэж байснаас илүү ихийг мэддэг. Мосег нас барснаас хойш 1 500 орчим жилийн дараа л Есүс Мессиа болж ирсэн билээ. Тиймээс, хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн аймшигт боолчлолоос чөлөөлөхийн тулд амиа зориулсан Есүс дээр Хууль хэрхэн биелснийг Мосе үзээгүй (Ром 5:20, 21; Галат 3:19). Мөн, дэлхийг Диваажин болгох Мессиагийн Хаанчлал дээр төвлөрдөг Бурхны гайхамшигт санаа зорилгын тухай бүрэн гүйцэд ойлгодоггүй байсан. Харин бид Еховагийн цог жавхланг нүдээрээ үзээгүй ч, Библийн сургаалд үндэслэсэн итгэлийн нүдээр хардаг. Бас Еховагийн дууг тэнгэр элчээр бус, Библиэр, ялангуяа Есүсийн үг сургаал, үйл ажиллагааг дэлгэрэнгүй бичсэн Евангелиэр дамжуулан сонсдог.

4. а) Тослогдогсод Бурхны алдрыг хэрхэн тусган харуулдаг вэ? б) Бусад христианууд Бурхны алдрыг ямар аргаар тусган харуулж болох вэ?

4 Христиануудын нүүр Мосегийн нүүр шиг гэрэлтдэггүй. Гэхдээ Бурхны гайхамшигт зан чанар, санаа зорилгын тухай хүмүүст ярихад нүүр нь яг л гэрэлтэж байгаа юм шиг байдаг. Ард түмэн нь Ехова Бурхныхаа «алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана» гэж зөнч Исаиа өнөө үеийн тухай зөгнөжээ (Исаиа 66:19). Бас 2 Коринт 4:1, 2-т: «Бид... энэ үйлчлэлтэй болсноор... ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Бурхны үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Бурхны өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана» гэж тэмдэглэсэн байдаг. Паул гол нь «шинэ гэрээний үйлчлэгчид» буюу тослогдсон христиануудын тухай ингэж хэлсэн ажээ (2 Коринт 3:6). Гэхдээ тэдний үйлчлэл дэлхий дээр мөнх амьдрах найдвартай болсон асар олон хүнд ач тус хүргэсэн. Тослогдогсод болон бусад христиануудын хэн хэн нь Бурханд үйлчлэхдээ үг яриа төдийгүй үйл хэргээрээ алдрыг нь тусган харуулах учиртай. Хамгийн дээд Бурхны алдрыг тусгана гэдэг ихээхэн хариуцлагатай бөгөөд хүндтэй хэрэг!

5. Сүнслэгээр цэцэглэн хөгжиж байгаа маань юуны баталгаа вэ?

5 Өнөөдөр Бурхны Хаанчлалын тухай алдарт сайн мэдээ Есүсийн зөгнөсөнчлөн дэлхий даяар тунхаглагдаж байна (Матай 24:14). Бүх үндэстэн, овог, ард түмэн, хэлтний хүмүүс энэ мэдээг чин сэтгэлээсээ хүлээн авч, Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн тулд амьдралаа өөрчилжээ (Ром 12:2; Илчлэлт 7:9). Эртний христиануудын адилаар тэд үзэж дуулснаа ярихгүй байж чаддаггүй (Үйлс 4:20). Эдүгээ тэд түүхэнд урьд байгаагүй тийм олуулаа буюу зургаан саяулаа Бурхны алдрыг тусган харуулж байна. Та тэдний нэг мөн үү? Еховагийн ард түмэн сүнслэгээр цэцэглэн хөгжиж байгаа нь Бурхан ивээж, хамгаалдгийн бодитой баталгаа юм. Биднийг эсэргүүцдэг хүч байдгийг тооцож үзвэл Еховагийн сүнс биднийг дэмждэг гэдэг нь бүр ч тодорхой байна. Ингэж хэлж болохын учрыг одоо бүгдээрээ ярилцъя.

Бурхны ард түмэн дуугүй болохгүй

6. Еховагийн талд зогсохын тулд итгэл, зоригийн аль аль нь хэрэгтэйн учир юу вэ?

6 Та аюултай гэмт хэрэгтний эсрэг мэдүүлэг өгөх болжээ. Гэмт хэрэгтэн ардаа нөлөө бүхий байгууллагатай, өөрийгөө илчлүүлэхгүйн тулд бүх л арга чаргаа хэрэглэнэ гэдгийг та мэдэж байгаа. Тийм хүний эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхийн тулд эр зоригтой байж, бас төр засгийн хамгаалалтад итгэх хэрэгтэй болно. Бид яг л ийм байдалтай байна. Еховаг болон санаа зорилгыг нь гэрчлэхийн тулд бид Сатан Диаволыг алуурчин, бүх ертөнцийг мэхэлж буй худалч этгээд гэдгийг нь илчилж, нэг ёсны, мэдүүлэг өгдөг (Иохан 8:44; Илчлэлт 12:9). Диаволыг эсэргүүцэж, Еховагийн талд зогсохын тулд итгэл, зоригийн аль аль нь хэрэгтэй.

7. Сатаны эрх мэдэлд юу юу байдаг вэ? Яахыг оролддог вэ?

7 Ехова бол Хамгийн дээд Нэгэн гэдэг нь гарцаагүй. Еховагийн хүч Сатаныхтай харьцуулшгүй их. Өөрт нь үнэнч үйлчилж байгаа цагт Ехова биднийг хамгаална, хамгаалахыг ч хүсдэг гэдэгт бид итгэдэг (Шастирын дэд 16:9). Гэтэл Сатан чөтгөрүүдийг ч, Бурхнаас хөндийрсөн ертөнцийг ч захирдаг (Матай 12:24, 26; Иохан 14:30). Дэлхий орчимд хаягдчихаад «үлэмж их уур хилэнтэй» байгаа Сатан Еховагийн үйлчлэгчдийг харгис ширүүн эсэргүүцэж, сайн мэдээ дэлгэрүүлдэг хэнийг ч болов дуугүй болгох гэж эрх мэдэлдээ байгаа ертөнцийг ашигладаг (Илчлэлт 12:7–9, 12, 17). Энэ зорилгодоо хүрэхийн тулд наад зах нь гурван арга хэрэглэдэг.

8, 9. Бурхныг хайрлах хайрыг маань хөргөхийн тулд Сатан юу юу ашигладаг вэ? Найз нөхдөө сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэйн учир юу вэ?

8 Бидний анхаарлыг сүнслэг зүйлээс сарниулах Сатаны нэг арга бол амьдралын элдэв асуудлаар дарамтлах явдал юм. Өнөөгийн «эцсийн өдрүүдэд» хүмүүс өөрсдийгөө, мөнгийг, зугаа цэнгэлийг хайрладаг атлаа Бурхныг хайрладаггүй болжээ (2 Тимот 3:1–4). Ихэнх хүн өдөр тутмын ажил хэрэгтээ хэтэрхий автаад бидний хүргэдэг сайн мэдээг «анхаардаггүй» (ШЕ). Библийн үнэнийг огт сонирхдоггүй (Матай 24:37–39). Ийм байдал биднийг ч гэсэн уруу татаж, «бүүвэйлсээр» сүнслэгээр унтуулах аюултай. Материаллаг зүйл, зугаа цэнгэлийг хайрладаг болбол Бурхныг хайрлах хайр маань «хөрнө» (Матай 24:12).

9 Тийм учраас христианууд найз нөхдөө сонгохдоо их болгоомжилдог. Соломон хаан: «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» хэмээн бичжээ (Сургаалт үгс 13:20). Тиймээс, Бурхны алдрыг тусган харуулдаг хүмүүстэй хамт «явахыг» ямагт хичээцгээе. Тийм хүмүүстэй нөхөрлөх үнэхээр сайхан! Бид сүнслэг ах эгч нартайгаа цуглаан дээр болон бусад үед хамт байхдаа хайр, итгэл, баяр баясгалан, мэргэн ухаанаас нь урам авдаг. Бурханд үргэлж үнэнч үйлчлэх шийдвэрээсээ няцахгүй байхад анд нөхдийн тийм сайхан харьцаа ихээхэн тус дэм болдог.

10. Бурхны алдрыг тусган харуулдаг хүмүүсийн эсрэг Сатан элэглэн дооглох аргыг яаж ашигладаг вэ?

10 Бурхны алдрыг тусган харуулдаг христиануудын эсрэг ашигладаг Сатаны хоёр дахь арга бол элэглэн дооглох явдал юм. Ийм арга хэрэглэдэгт нь гайхах хэрэггүй. Есүс Христийг дэлхийд байхад нь «тохуурхан инээлдэж», «доог тохуу хийж», «доромжлон элэглэж», тэр бүү хэл, «нулимж» байсан (Марк 5:40; Лук 16:14; 18:32). Эртний христиануудыг бас элэглэн дооглодог байжээ (Үйлс 2:13; 17:32). Орчин үед ч Еховагийн үйлчлэгчдийг тохуурхдаг. Элч Петрийн хэлснээс үзвэл, хүмүүс христиануудад «хуурамч эш үзүүлэгч» гэсэн нэр хоч зүүх ажээ. «Эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд: „Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? ...Бүх юм бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ“ хэмээнэ» гэж зөгнөжээ (2 Петр 3:3, 4). Бурхны ард түмнийг амьдралаас тасархай гэж шүүмжилж, Библиэр тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг дагахад нь хуучинсаг үзэлтэй гэдэг. Дэлгэрүүлдэг мэдээг нь ч олон хүн мунхаг явдал гэж үздэг (1 Коринт 1:18, 19). Христианууд биднийг ажил, сургуулийнхан, заримдаа гэрийнхэн маань хүртэл дооглодог. Гэсэн ч бид шантралгүй, Есүсийн адилаар Бурхны Үг бол үнэн гэдгийг ойлгож, дэлгэрүүлэх ажлаараа Бурхныхаа алдрыг тусган харуулсаар байдаг (Иохан 17:17).

11. Сатан христиануудыг дуугүй болгохын тулд юу ашигладаг вэ? Яаж?

11 Эсэргүүцэл, хавчлага бол Диаволын гурав дахь арга. Ийм аргаар биднийг дуугүй болгоно гэж боддог. Есүс дагалдагчдадаа: «Хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэж хэлжээ (Матай 24:9). Еховагийн Гэрчүүд биднийг олон улс оронд харгисаар хавчдаг нь үнэн. Бурханд үйлчилдэг хүмүүс болон Сатан Диаволд үйлчилдэг хүмүүсийн хооронд «өс хонзон» бий болох буюу нэг нь нөгөөгөө үзэн ядахыг Ехова аль эртнээс мэдэгдсэн билээ (Эхлэл 3:15). Сорилтын үед үнэнч байвал Еховаг хамгийн дээд эрх мэдэлтэй байх бүрэн үндэстэй гэж үздэгээ батлан харуулна. Үүнийг санаж явбал хамгийн хүнд үед ч сүнслэгээр бат бэх байж чаддаг. Бид л Бурхны алдрыг тусган харуулах шийдвэр төгс байх юм бол ямар ч хавчлага дууг маань хорьж чадахгүй.

12. Эсэргүүцэлтэй тулгарсан ч Бурханд үнэнч үлдэх нь баяр хөөрийн үндэс гэж хэлж болохын учир юу вэ?

12 Та ертөнцийн дур татам байдлыг тэвчиж, доог тохуу, эсэргүүцлээс шантралгүй, Бурханд үнэнчээ харуулдаг уу? Тийм бол баярлан хөөрөх үндэс бий. Есүс өөрийг нь дагах хүмүүст: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ! Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд тийнхүү хавчсан юм» гэж захижээ (Матай 5:11, 12). Тэвчээртэй байгаа тань Еховагийн ариун сүнсийг авч, алдрыг нь тусган харуулах хүчтэй байгаагийн шинж мөн (2 Коринт 12:9).

Еховагийн тусламжтайгаар тэвчих нь

13. Тэвчээртэй дэлгэрүүлдгийн маань гол шалтгаан юу вэ?

13 Тэвчээртэй дэлгэрүүлдгийн маань гол шалтгаан бол Еховаг хайрлах хайр, түүний алдрыг тусган харуулах хүсэл юм. Ер нь, хүн хайрлаж, хүндэтгэдэг хүнээ дуурайдаг. Тэгвэл Ехова Бурхнаа хэнээс ч илүү дуурайх хэрэгтэй. Бурхан агуу хайраараа, өөрт нь дуулгавартай хүмүүсийг аварч, үнэнийг гэрчлүүлэхийн тулд Хүүгээ дэлхий уруу илгээсэн билээ (Иохан 3:16; 18:37). Бид ч бас Бурхнаа дуурайн, «бүгдийг гэмшилд ирээсэй», аврагдаасай гэж хүсдэг. Тийм ч учраас дэлгэрүүлдэг (2 Петр 3:9). Энэ хүсэл Бурхнаа дуурайх шийдвэртэй маань хослоод түүнд үйлчлэн, алдрыг нь цөхрөлтгүй тусган харуулах эрч хүч өгдөг.

14. Тэвчээртэй байх хүчийг Ехова хэрхэн өгдөг вэ?

14 Гэхдээ тэвчээртэй байх хүчийг, эцсийн эцэст, Ехова өгдөг. Биднийг ариун сүнс, байгууллага, Библи буюу Үгээрээ дэмжиж, бэхжүүлдэг. Алдрыг нь тусган харуулахыг хүсдэг хүмүүст Ехова «тэвчээр... өгдөг». Залбиралд маань хариулж, сорилтыг давах мэргэн ухаан хайрладаг (Ром 15:5; Иаков 1:5). Түүнээс гадна, хирээс хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Өөрт нь найдвал, «гарах замыг» зааж өгнө. Үүний ачаар бид алдрыг нь үргэлж тусган харуулж чадна (1 Коринт 10:13).

15. Тэвчээртэй байхад юу тусалдаг вэ?

15 Тэвчээртэй байж чаддаг маань Бурхан биднийг ариун сүнсээрээ дэмждэгийн баталгаа болдог. Жишээ авъя. Таныг айлаар явж, талх үнэгүй тарааж өгөхийг гуйжээ гэж бодъё. Та цаг зав гарган байж, хувийнхаа зардлаар уг ажлыг хийх болжээ. Тэгтэл талх авах хүн бараг байдаггүй, бас дээр нь, зарим хүн таныг бүр эсэргүүцэж байх юм. Тэгсэн ч гэсэн, ажлаа хийсээр байх уу? Үгүй л болов уу. Харин сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг та цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулан бүр хэдэн арван жилээр чармайн хийж байгаа байх. Еховад хайртай учраас, Еховагийн сүнс таны хүчин чармайлтыг ивээж, тэвчээртэй байхад тусалдаг учраас тэгээгүй гэж үү? Гарцаагүй тэгсэн!

Мартагдашгүй ажил

16. Тэвчээртэй дэлгэрүүлэх нь бидэнд болон биднийг сонсох хүмүүст ямар ач холбогдолтой вэ?

16 Шинэ гэрээний үйлчлэгчид болох тослогдсон христиануудын хийдэг ажлыг «эрдэнэтэй» зүйрлэдэг (2 Коринт 4:7, МАБ). «Өөр хонинуудын» дэлхий дахинд хийж буй ажлыг ч мөн тийн үзэж болно. Цаашдаа ч тэвчээртэй дэлгэрүүлбэл Паулын Тимотод бичиж байсан шиг «өөрийгөө болон сонсогчийнхоо хэн хэнийг нь аварна» (1 Тимот 4:16). Бидний дэлгэрүүлдэг сайн мэдээ хүмүүст мөнхийн амьтай болох боломж өгдгийг та бодоод үз дээ. Бид хүмүүст сүнслэгээр туслахдаа анд нөхрийн дотно харьцаа тогтоодог. Бурхныг таньж мэдэхэд нь тусалсан итгэл нэгтнүүдтэйгээ хамт Диваажинд мөнх амьдарна гээд бодохлоор ямар сайхан бэ! Тэд таны тусыг лав хэзээ ч мартахгүй дээ. Баярлахгүй байхын аргагүй байгаа биз!

17. Та бидний амьдарч байгаа үеийг түүхийн онцгой үе гэж хэлж болохын учир юу вэ?

17 Бурхнаас хөндийрсөн ертөнцөд сайн мэдээ дэлгэрүүлэх давтагдашгүй ажил явагдаж байгаа түүхийн онцгой үед та бид амьдарч байгаа билээ. Ноа тийм л ертөнцөд амьдарч, өнгөрөн одохыг нь үзсэн. Бурхны хүсэл тааллыг үнэнчээр биелүүлэн, хөвөгч авдар барьж, эцэст нь өөрийгөө болон гэрийнхнийгээ аварсандаа Ноа ямар их баярласан бол! (Еврей 11:7). Шинэ ертөнцөд орчихоод, энэ ертөнцийн сүүлчийн өдрүүдэд Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэхийн төлөө чадлаараа зүтгэж, хийж байсан бүхнээ эргэж харахад ямар санагдах бол оо? Та лав баярлана даа!

18. Ехова үйлчлэгчдээ хэрхэн урамшуулж, ямар баталгаа өгдөг вэ?

18 Тиймээс, бүгдээрээ Бурхны алдрыг үргэлж тусган харуулцгаая. Ийм үйл хэрэг хийж явснаа бид хэзээ ч мартахгүй. Ехова ч бас мартдаггүй. Библид: «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш. Харин бидний хүсэл нь та нарын хүн нэг бүр найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гарган, хойрго байлгүй, харин итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа» гэсэн урамтай сайхан үг бичсэн байдаг (Еврей 6:10–12).

[Зүүлт]

^ Кавод (еврей) буюу докса (грек) гэдэг үгийг «Ариун Библи» (МБОХ, 2000 он) орчуулгад «цог жавхлан», «сүр жавхлан», «алдар», «алдар хүнд», «яруу алдар», «суу алдар» гэх зэрэг үгээр буулгасан байдаг.

Та тайлбарлаж чадах уу?

• Христианууд Бурхны алдрыг хэрхэн тусган харуулдаг вэ?

• Сатан Бурхны ард түмнийг дуугүй болгох гэж ямар ямар арга ашигладаг вэ?

• Бурхан биднийг ариун сүнсээрээ дэмждэгийн баталгаа юу вэ?

[Догол мөрийн асуулт]