Skip to content

Гарчиг руу орох

Мэхлүүлэхээс сэрэмжлэгтүн

Мэхлүүлэхээс сэрэмжлэгтүн

Мэхлүүлэхээс сэрэмжлэгтүн

«Хэн нэг нь та нарыг... хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» (КОЛОССАЙ 2:8).

1-3. а) Хууран мэхлэх явдал өдөр тутмын амьдралын бараг бүх хүрээг хамрах болсныг ямар жишээ харуулж байна вэ? б) Хууран мэхлэх явдал гаарч байгаад гайхах хэрэггүйн учир юу вэ?

 «ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ огт мэхлүүлж үзээгүй хүн байна уу?» гэсэн асуултаар нэгэн хуулийн профессор хэдэн жилийн өмнө судалгаа явуулжээ. Судалгааны хариу юу харуулсан бэ? Тэрээр: «Олон мянган хуульчаас ердөө ганц нь л үйлчлүүлэгчдээ мэхлүүлээгүй байсан» гэж ярьжээ. Яагаад? «Тэр хуульч нэгэн том пүүсэд дөнгөж ажилд ороод байсан учир нэг ч үйлчлүүлэгчтэй ярилцаж үзээгүй байсан» ажээ. Энэ явдал өнөөгийн нийгэмд худал хэлэх, хууран мэхлэх явдал жирийн үзэгдэл болсон гашуун үнэнийг харуулж байна.

2 Хууран мэхлэх явдал олон хэлбэртэй болж, орчин үеийн амьдралын бараг бүх хүрээг хамрах болжээ. Мэдээллийн хэрэгслээр энэ тухай их мэдээлдэг болсны заримаас цөөн жишээ татвал: улс төрчид хийсэн хэргийнхээ талаар худал ярьж, санхүүгийнхэн болон хуульчид байгууллагынхаа ашиг орлогыг өсгөн мэдэгдэж, зар сурталчилгаа эрхлэгчид хэрэглэгчдийг төөрүүлж, нэхэмжлэгчид даатгалын компанийг хуурдаг гэх мэт. Түүнээс гадна, шашинд ч хууран мэхлэх явдал байдаг. Лам хуврагууд нь үхэшгүй мөнхийн сүнс, галт там, Гурвал гэх мэтийн хуурамч сургаал зааж, сүсэгтэн олныг төөрөгдүүлдэг (2 Тимот 4:3, 4).

3 Энэ бүх хууран мэхлэх явдалд гайхах хэрэг байна уу? Үгүй. «Эцсийн өдрүүдийн» тухай Библид: «Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэж сануулдаг (2 Тимот 3:1, 13). Христианууд бидний хувьд, үнэнээс холдуулж болзошгүй заль мэхнээс болгоомжлох хэрэгтэй. Үүнээс үүдэн: «Хууран мэхлэх явдал ямар учраас өнөөдөр ингэж гаарч байна вэ? Мэхлүүлэхээс хэрхэн сэрэмжлэх вэ?» гэсэн хоёр асуулт өөрийн эрхгүй гарч байна.

Хууран мэхлэх явдал ингэтлээ гаарч байгаагийн учир

4. Өнөөгийн нийгэмд хууран мэхлэх явдал газар авсны шалтгааныг Библи хэрхэн тайлбарладаг вэ?

4 Өнөөгийн нийгэмд хууран мэхлэх явдал газар авсны шалтгааныг Библи тодорхой тайлбарладаг. «Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэж элч Иохан бичжээ (1 Иохан 5:19). Тэрхүү «муу нэгэн» нь Сатан Диавол юм. Есүс түүний тухай: «Тэр... үнэн дотор зогсдоггүй [«зогсож чадаагүй», ШЕ]. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худлаа хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм» гэж хэлсэн. Тэгэхлээр, энэ ертөнц захирагчийнхаа сэтгэлгээ, эрхэмлэх зүйл, хууран мэхэлдэг зан чанарыг илэрхийлдэгт гайхах хэрэг байна уу? (Иохан 8:44; 14:30; Ефес 2:1–3).

5. Төгсгөлийн энэ цаг үед Сатан хууран мэхлэх аргаа хэрхэн улам эрчимжүүлж байна вэ? Хэнийг онцгой байгаа болгосон бэ?

5 Төгсгөлийн энэ цаг үед Сатан хууран мэхлэх аргаа улам эрчимжүүлж байна. Тэрээр дэлхий уруу хаягдсан бөгөөд өөрт нь цаг бага байгааг мэдээд, «үлэмж их уур хилэнтэй» байдаг. Тэр аль болох олон хүнийг устгахыг хүсэж, «бүх ертөнцийг мэхэлж» байна (Илчлэлт 12:9, 12). Сатан бол хааяа нэг худал ярьчихдаг мэхлэгч биш. Харин хүн төрөлхтнийг мэхлэх аргаа улам л нарийн болгож байдаг. * Үл итгэгчдийн бодол санааг сохолж, тэднийг Бурхнаас хол хөндий байлгахын тулд бүх боломжоо, тэр дундаа, башир арга, хорон санаа ашигладаг (2 Коринт 4:4). Гарамгай мэхлэгч Сатан, ялангуяа, Бурхныг «сүнс ба үнэнээр шүтдэг» хүмүүсийг залгихаар шийдсэн (Иохан 4:24, ШЕ; 1 Петр 5:8). Үнэндээ, тэрээр: «Би хэнийг ч болов Бурхнаас холдуулж чадна» гэж мэдэгдсэнийг хэзээ ч мартаж болохгүй (Иов 1:9—12). Иймээс бүгдээрээ Сатаны «зальхай аргуудын» заримыг авч үзээд, тэдгээрээс хэрхэн сэрэмжлэх тухай мэдэж авъя (Ефес 6:11, МАБ).

Тэрслэгчдэд мэхлүүлэхээс сэрэмжлэгтүн

6, 7. а) Тэрслэгчид өөрсдийнхөө тухай юу гэж хэлж болох вэ? б) Тэдний зорилгыг Библи хэрхэн тодорхой харуулдаг вэ?

6 Сатан Бурхны үйлчлэгчдийг уруу татахдаа тэрслэгчдийг ашигласаар ирсэн (Матай 13:36–39). Тэрслэгчид Еховаг шүтдэг, Библид итгэдэг гэх авч Бурхны байгууллагын үзэгдэх хэсгийг үгүйсгэдэг. Тэр байтугай, зарим нь «агуу их Вавилон» буюу хуурамч шашны дэлхийн эзэнт гүрнээс гаралтай, Бурхныг гутаасан сургаалдаа эргэж ордог (Илчлэлт 17:5; 2 Петр 2:19–22). Бурхны онгодоор хөтлүүлэн, Библийг бичсэн хүмүүс тэрслэгчдийн далд санаа болон арга барилыг зоригтой илчилсэн байдаг.

7 Тэрслэгчид чухам юу хүсдэг вэ? Ихэнх нь өмнө нь жинхэнэ гэж үздэг байсан шашнаа зүгээр л орхиод яваад өгөхийг боддоггүй. Голдуу бусдыг хамт авч явахыг хүсдэг. Тэд хүмүүсийг хайж олоод, дагалдагчаа болгон бэлтгэхийн оронд «дагалдагчдыг [өөрөөр хэлбэл, Христийн шавь нарыг] өөрсдөдөө татахыг» хичээдэг (Үйлс 20:29, 30). Элч Паул хуурамч багш нарын тухайд: «Хэн нэг нь та нарыг... олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» гэж их чухал сануулга өгчээ (Колоссай 2:8). Тэрслэгчид юу хийхийг хүсээд байдгийг энэ зүйл хэлэхгүй байна гэж үү? Хүүхэд хулгайлагч итгэмтгий хүүхдийг гэнэдүүлэн авч явдаг шиг тэрслэгчид хурлын итгэмтгий хүмүүсийг «олзлон», сүргээс нь авч явахыг оролддог.

8. Тэрслэгчид ямар аргаар зорилгодоо хүрдэг вэ?

8 Тэд ямар аргаар зорилгодоо хүрдэг вэ? Байнга үнэнийг гуйвуулж, үнэн худлыг хутгаж, эсвэл илэрхий худал ярьдаг. Дагалдагчид нь «зүйл бүрийн муу үгээр... [өөрсдийнх нь] эсрэг худлаар өгүүлэх» хүмүүсийн золиос болохыг Есүс мэдэж байсан (Матай 5:11, МАБ). Ийм хорон санаатай эсэргүүцэгчид бусдыг мэхлэх зорилгоор худал ярих ажээ. Зорилгодоо хүрэхийн тулд «худал хуурмаг үгс», «мэх» ашиглан, «Судрыг... мушгин гуйвуулах» тэрслэгчдийн тухай элч Петр сануулжээ (2 Петр 2:3, 13 МАБ; 3:16). Тэрслэгчид «зарим хүний итгэлийг бусниулсан» нь харамсалтай (2 Тимот 2:18).

9, 10. а) Тэрслэгчдэд мэхлүүлэхээс хэрхэн сэрэмжлэх вэ? б) Бурхны санаа зорилгын тухай ойлголтоо засаж залруулах хэрэг гарахад гонсойдоггүйн учир юу вэ?

9 Тэрслэгчдэд мэхлүүлэхээс хэрхэн сэрэмжлэх вэ? «Та нарын мөрддөг сургаалаас урваж, хагарал үүсгэгчид, та нарыг төөрөлдүүлэгчдээс болгоомжил. Тэднээс хол хөндий бай» гэсэн Бурхны Үгийн зөвлөгөөг анхаарах хэрэгтэй (Ром 16:17, ШГ). Тэдний ухуулгыг сонсох юм уу ном хэвлэл, Интернэтээр цацсан мэдээллийг уншихаас зайлсхийвэл «тэднээс хол хөндий байж» чадна. Яагаад ингэх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, Бурхны Үг бидэнд ингэж зөвлөдөг бөгөөд Ехова ямагт бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт бид итгэдэг (Исаиа 48:17, 18).

10 Хоёрдугаарт, бидэнд эрхэм үнэнийг заасан, Бурхны байгууллагыг бид хайрладаг. Энэ үнэн биднийг Агуу их Вавилоноос илт ялгаруулдаг. Түүнээс гадна, бид Бурхны санаа зорилгын тухай төгс мэддэггүй бөгөөд цагийн аясаар ойлголтоо засаж залруулах хэрэг гардгийг хүлээн зөвшөөрдөг. Үнэнч христианууд Еховагийн залруулгыг тайван хүлээдэг (Сургаалт үгс 4:18). Ехова энэ байгууллагыг таалж, ивээдэг нь илт байдаг учир хүлээх хэрэгтэй болсон ч байгууллагаа орхидоггүй (Үйлс 6:7; 1 Коринт 3:6).

Өөрийгөө мэхлэх хандлагатай тэмцэгтүн

11. Төгс бус хүн өөрийгөө мэхлэх хандлагатай байдгийн учир юу вэ?

11 Төгс бус хүн өөрийгөө мэхлэх хандлагатай байдаг бөгөөд Сатан ч үүнийг нь дор нь ашигладаг. Иеремиа 17:9-д: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» гэж байдаг. Түүнчлэн, Иаков: «Хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог» хэмээн бичжээ (Иаков 1:14). Үнэндээ, уруу татагдсан зүрх нүгэлт хүслийг ч сэтгэл татам, хал балгүй юм шиг болгон, толгой эргүүлж болно. Энэ нь өөрийгөө л мэхэлж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл, өөрийгөө нүгэлд барьж өгвөл эцэстээ сүйрэлд хүрдэг (Ром 8:6).

12. Өөрийгөө мэхлэх урхинд хэрхэн орж болох вэ?

12 Өөрийгөө мэхлэх урхинд орох амархан. «Хуурамч зүрх» зан чанарынхаа айхтар дутагдал юм уу ноцтой нүглээ хаацайлж болох юм (1 Самуел 15:13–15, 20, 21). Түүнчлэн, зүрх «эдгэршгүй өвчтэй» учир биеэ буруу авч явдгаа өмгөөлөх арга саам хайж болох юм. Жишээ болгон зугаа цэнгэлийн асуудлыг авч үзье. Зарим зугаа цэнгэл таатай сайхан, үр ашигтай байдаг. Гэхдээ энэ ертөнцийн кино ший, телевизийн хөтөлбөрөөр үзүүлдэг, Интернэтээр мэдээлдэг зүйлийн ихэнх нь ёс журамгүй бөгөөд садар самууны холбогдолтой байдаг. Ямар ч хохирол амсахгүйгээр садар самууны шинжтэй зугаа цэнгэл сонирхож болно гэж өөртөө итгүүлэх амархан. Тэр бүү хэл, зарим хүн: «Мөс чанар минь л өвдөхгүй бол, юу нь буруу гэж?» хэмээн боддог. Гэхдээ ийм хүмүүс «[«хуурамч бодлоор», ШЕ] өөрсдийгөө хуурч» байгаа хэрэг юм (Иаков 1:22).

13, 14. а) Бидний мөс чанар үргэлж найдвартай удирдлага болж чаддаггүйг Библийн ямар жишээ харуулдаг вэ? б) Өөрийгөө мэхлэх хандлагатай хэрхэн тэмцэх вэ?

13 Өөрийгөө мэхлэх хандлагатай хэрхэн тэмцэх вэ? Юуны түрүүнд, хүний мөс чанар үргэлж найдвартай удирдлага болж чаддаггүйг санах хэрэгтэй. Элч Паулын жишээг авч үзье. Тэрээр христиан болохоосоо өмнө Христийн дагалдагчдыг хавчдаг байсан (Үйлс 9:1, 2). Тэр үед мөс чанар нь түүнийг зовоодоггүй байсан байж болох юм. Гэхдээ буруу замаар явж байсан нь ойлгомжтой. Паул өөрөө: «Би итгээгүй байсан, өөрөө юу хийж байгаагаа ойлгоогүй байсан» гэж хэлсэн байдаг (1 Тимот 1:13, ШГ). Тэгэхлээр, мөс чанар маань зугаа цэнгэлийн ямар нэг хэлбэрт өвддөггүй байлаа ч энэ нь зөв замаар явж байна гэсэн үг биш нь тодорхой. Бурхны Үгээр зөв сургасан эрүүл мөс чанар л найдвартай удирдлага болно.

14 Өөрийгөө мэхлэхээс зайлсхийе гэвэл тустай зарим зөвлөгөөг санаж явах хэрэгтэй. Залбирч байгаад өөрийгөө шалгах (Дуулал 26:2; 2 Коринт 13:5). Өөрийгөө шударгаар шалгавал үзэл бодол болон биеэ авч явах байдлаа зарим талаар өөрчлөх хэрэгтэйг ойлгож болох юм. Бусдыг сонсох (Иаков 1:19). Хүн өөрийгөө шалгахдаа биеэ зөвтгөх хандлагатай байдаг учир төлөвшсөн христиануудын нүдэнд яаж харагддагаа мэдэх нь ухаалаг хэрэг мөн. Хэрэв дүн нуруутай, туршлагатай христиан хүний нүдээр харахад та шийдвэр гаргах юм уу биеэ авч явахдаа тийм ч ухаалаг бус байгаагаа мэдвэл өөрөөсөө: «Мөс чанараа буруу сургасан юм биз биш? Эсвэл зүрх минь намайг мэхэлж байна уу?» гэж асуух нь зүйтэй. Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг тогтмол судлах (Дуулал 1:2). Ингэвэл ухаан санаа, үзэл бодол, сэтгэл мэдрэмжээ Бурханд таалагддаг зарчмын дагуу байлгаж чадна.

Сатаны худал хуурмагаас сэрэмжлэгтүн

15, 16. а) Сатан биднийг мэхлэхийн тулд ямар худал хуурмагийг ашигладаг вэ? б) Тийм худал хуурмагаар мэхлүүлэхээс хэрхэн зайлсхийж болох вэ?

15 Сатан биднийг мэхлэхийн тулд элдэв янзын худал хуурмагийг ашигладаг. Эд хөрөнгөтэй бол жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна гэдэгт итгүүлэхийг оролддог ч, үнэндээ бол эсрэгээр байх нь олонтаа (Номлогчийн үгс 5:10–12). «Эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг маань харуулах баталгаа илэрхий байдаг ч Сатан бидэнд энэ ёс бус ертөнц оршсон хэвээрээ л байна гэж итгүүлэхийг хүсдэг (2 Тимот 3:1–5). Зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөгчид гашуун үр дагаварт хүрдэг атал Сатан садар самуун явдал гэм хор учруулдаггүй гэсэн санааг ухуулан сурталчилдаг (Галат 6:7). Энэ мэтийн худал хуурмагт мэхлүүлэхээс хэрхэн зайлсхийх вэ?

16 Библийн жишээнээс сургамж авагтун. Сатаны худал хуурмагт мэхлүүлсэн хүмүүсийн сургамжтай жишээ Библид байдаг. Тэд эд хөрөнгөнд дурлах, ямар цаг үед амьдарч байгаагаа ойлгохоо болих, садар самуунтай орооцолдох зэргээс болж эцэст нь дандаа гашуун үр дагавар амсжээ (Матай 19:16–22; 24:36–42; Лук 16:14; 1 Коринт 10:8–11). Орчин үеийн жишээнээс сургамж авагтун. Зарим христиан сүнслэг мэдрэмжгүй болж, Бурханд үйлчлэхлээр ямар нэг сайхан юм үзэж чадалгүй алдаж байна гэж боддог нь харамсалтай. Тийм хүмүүс, баяр жаргалтай юм шиг санагдах амьдралын төлөө үнэнийг орхидог. Гэхдээ тэднийг буруу явдал нь эрт орой хэзээ боловч эргэж ороох учраас «хальтиргаатай газар» зогсож байгаа нь тэр (Дуулал 73:18, 19). Бусдын алдаанаас сургамж авах нь ухаалаг хэрэг мөн (Сургаалт үгс 22:3).

17. Ехова биднийг хайрладаг ч үгүй, үнэлдэг ч үгүй гэсэн худал үгийг Сатан ямар учраас тараадаг вэ?

17 Сатанд их ашигтай байдаг бас нэг худал хуурмаг бол Ехова биднийг хайрладаг ч үгүй, үнэлдэг ч үгүй гэсэн худал үг юм. Сатанд төгс бус хүнийг судлах олон мянган жилийн хугацаа байсан. Хүн урам хугарвал сүнслэгээр сулардгийг тэр сайн мэддэг (Сургаалт үгс 24:10 «сул дорой» [«урам хугарсан», ШЕ]). Тиймээс, биднийг Бурхны нүдэнд ямар ч үнэ цэнгүй гэсэн худал үг тараадаг. Хэрэв бид «цохигдон», Ехова бидэнд санаа тавьдаггүй гэж итгэвэл буугаад өгчихмөөр санагдаж болох юм (2 Коринт 4:9). Гэхдээ агуу Мэхлэгч л биднийг ингээд буугаад өгөөсэй гэж хүсдэг! Тэгвэл Сатаны энэ худал үгэнд мэхлүүлэхээс хэрхэн сэрэмжлэх вэ?

18. Ехова биднийг хайрладгийг Библи хэрхэн батлан хэлдэг вэ?

18 Бурхан таныг хайрладаг гэсэн Библийн үгийг зүрхэндээ шингээгтүн. Бурхан хүн нэг бүрийг ажиглан харж, хайрладаг гэдгээ батлан харуулахын тулд сэтгэл хөдөлгөм, олон хурц жишээг Үгэндээ бичүүлсэн. Жишээлбэл, Ехова таны нулимсыг «тулмандаа» хийдэг гэдэг нь өөрт нь үнэнч байдлаа хадгалахын тулд нулимс асгаруулан тэмцдэгийг тань хардаг, санаж байдаг гэсэн утгатай (Дуулал 56:8). «Эмтэрсэн зүрхтэй» байгааг тань мэдээд, тэр үед танд ойрхон байдаг (Дуулал 34:18). Таны тухай бүх нарийн ширийнийг, тэр бүү хэл, таны «толгой дээрх ширхэг үсийг» ч мэддэг (Матай 10:29–31). Хамгийн гол нь, Бурхан таны төлөө «цорын ганц Хүүгээ өгсөн» (Иохан 3:16; Галат 2:20). Заримдаа, энэ тухай бичсэн Библийн зүйл танд хамаагүй юм шиг санагддаг байж болох юм. Гэхдээ бид Еховагийн үгэнд итгэх ёстой. Бурхан хүмүүсийг бүхэлд нь төдийгүй нэг бүрчлэн хайрладаг гэдэгт биднийг итгээсэй гэж хүсдэг.

19, 20. а) Ехова таныг хайрладаггүй гэсэн Сатаны худал үгийг таньж мэдээд, эсэргүүцэх нь ямар учраас чухал бэ? б) Нэгэн явуулын харгалзагч сэтгэлээр унасан итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалдаг вэ?

19 Худал хуурмагийг таньж мэдээд, эсэргүүцэгтүн. Та хэн нэгний худал ярьж байгааг мэдвэл мэхлүүлэхээс сэргийлж чадна. Үүнтэй адилаар, Ехова таныг хайрладаггүй гэсэн худал үгэндээ Сатан итгүүлэхийг хүсдэг гэж мэдэх нь их ач холбогдолтой. Сатан ямар аргаар мэхэлдгийг сануулсан, «Харуулын цамхаг» сэтгүүлийн нэгэн өгүүллийн талаар нэг христиан эгч: «Сатан урмыг минь хугалахдаа миний сэтгэлийг ашигладаг гэж би хэзээ ч бодож байсангүй. Үүнийг мэдээд, тэр сэтгэлээ ялах хүсэлтэй болсон» гэж хэлжээ.

20 Өмнөд Америкийн нэг улсад үйлчилдэг явуулын харгалзагчийн туршлагыг авч үзье. Тэрээр хоньчны эргэлт хийн, сэтгэлээр унасан итгэл нэгтнүүд дээрээ очоод: «Та Гурвалд итгэдэг үү?» гэж асуудаг аж. Нөгөө хүн: «Мэдээж, үгүй» гэж хариулахдаа үүнийг Сатаны худал хуурмагийн нэг гэж ойлгодгоо харуулдаг. Тэгэхэд нь: «Та галт тамд итгэдэг үү?» гэж асуухад: «Яалаа гэж дээ!» гэсэн хариу хэлдэг аж. Тэгэхлээр нь, харгалзагч ах, тэр бүр ялгагддаггүй Сатаны бас нэг худал үг байдгийг тэдэнд хэлдэг байна. Дараа нь «Еховад ойртогтун» * номын 249-р хуудасны 21-р догол мөрийг гаргаж, Ехова биднийг нэг бүрчлэн хайрладаггүй гэсэн худал үгийг илчилсэн материалд анхаарлыг нь хандуулдаг гэнэ. Урам хугарсан хүмүүст Сатаны энэ худал үгийг таньж мэдээд, эсэргүүцэхэд нь ийнхүү туслахад сайн үр дүнд хүрдгээ тэмдэглэжээ.

Мэхлүүлэхээс хамгаалагтун

21, 22. Бид хэрхэн Сатаны «зальхай аргуудын» тухай мэддэг вэ? Юунд шийдвэр төгс байх ёстой вэ?

21 Энэхүү «эцсийн өдрүүдийн» төгсгөлийн үед Сатан худал хэлж, хууран мэхлэхээ улам гааруулах нь гайхмаар хэрэг биш ээ. Ехова биднийг Сатаны «зальхай аргуудын» тухайд харанхуй чигээр нь орхиогүйд талархаад баршгүй. Библи болон «итгэмжит ухаалаг боолын» хэвлэл Диаволын хорон аргыг тодорхой илчилдэг (Матай 24:45). Нэгэнт урьдаас сануулга авсан болохоор бид бэлэн байдаг (2 Коринт 2:11).

22 Тиймээс бүгдээрээ тэрслэгчдийн суртал ухуулгаас сэрэмжилцгээе. Өөрийгөө мэхлэх нарийн урхинаас зайлсхийх шийдвэр төгс байцгаая. Сатаны бүх худал хуурмагийг таньж мэдээд, эсэргүүцье. Ингэвэл бид хууран мэхлэх явдлыг жигшдэг «үнэний Бурхантай» тогтоосон харьцаагаа хадгалж чадна (Дуулал 31:5; Сургаалт үгс 3:32).

[Зүүлт]

^ Илчлэлт 12:9-д «мэхлэгч» гэж буулгасан үйл үгийн хэвийн тухай «зуршил болсон байнгын үйлдлийг заадаг» гэж нэгэн бүтээлд тэмдэглэжээ.

^ Еховагийн Гэрчүүдийн, олон хэлээр хэвлэсэн хэвлэл.

Та санаж байна уу?

• Өнөөгийн нийгэмд хууран мэхлэх явдал ямар учраас ингэж гаарч байна вэ?

• Тэрслэгчдэд мэхлүүлэхээс хэрхэн сэрэмжилж болох вэ?

• Өөрийгөө мэхлэх алив хандлагатай хэрхэн тэмцэх вэ?

• Сатаны худал хуурмагт мэхлүүлэхээс хэрхэн зайлсхийж болох вэ?

[Догол мөрийн асуулт]