Skip to content

Гарчиг руу орох

Ехова үнэнч хайраар агуу

Ехова үнэнч хайраар агуу

Ехова үнэнч хайраар агуу

«ЭЗЭН бол... хайр энэрлээр агуу их юм» (ДУУЛАЛ 145:8).

1. Бурхны хайр хэр зэрэг уужим бэ?

 «БУРХАН бол хайр билээ» (1 Иохан 4:8). Сэтгэл дулаацуулам энэ үг Еховагийн хайрын сэтгэлээр захирдгийг баталдаг. Бурхан хайрын сэтгэлээсээ, өөрт нь дуулгаваргүй хүн дээр хүртэл нарныхаа илчийг тусгаж, хур бороогоо оруулж, үр шимийг нь хүртээдэг бус уу! (Матай 5:44, 45). Тэрээр хүн төрөлхтнийг хайрладаг учраас дайснууд нь ч гэсэн нүглээ гэмшиж, өөрчлөгдөж, мөнхийн амьтай болох боломжтой (Иохан 3:16). Гэхдээ Ехова өөрийг нь хайрладаг хүмүүсийг зөвт шинэ ертөнцөд мөнх, жаргалтай амьдруулахын тулд засаршгүй муу хүмүүсийг удахгүй устгана (Дуулал 37:9–11, 29; 2 Петр 3:13).

2. Ехова өөрт нь өөрийгөө зориулсан хүмүүст хайрынхаа ямар онцгой талыг үзүүлдэг вэ?

2 Ехова жинхэнэ үйлчлэгчдэдээ хайраа онцгой, дотно байдлаар үзүүлдэг. Тийм хайрыг, «хайр энэрэл», «үнэнч хайр» гэх зэргээр орчуулдаг еврей үгээр тэмдэглэдэг. Эртний Израилийн хаан Давид Бурхны хайр энэрлийг өндөр үнэлдэг байжээ. Давид туулж өнгөрүүлсэн амьдралаа болон Бурхан хүмүүст хэрхэн ханддагийг эргэцүүлэн бодсоны үндсэн дээр: «ЭЗЭН бол... хайр энэрлээр [буюу «үнэнч хайраар»] агуу их юм» хэмээн итгэлтэй хэлжээ (Дуулал 145:8).

Бурханд үнэнч хүмүүсийг таних нь

3, 4. а) 145-р дууллын тусламжтайгаар Еховад үнэнч хүмүүсийг хэрхэн таньж болох вэ? б) Үнэнч хүмүүс нь Бурхныг хэрхэн «магтдаг» вэ?

3 Ехова Бурхны тухай зөнч Самуелын эх Ханна: «ЭЗЭН бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг» хэмээн хэлжээ (1 Самуел 2:9). Тэр «үнэнч хүмүүс» гэдэг нь хэн бэ? Энэ асуултад Давид хаан хариулжээ. Тэрээр Еховагийн гайхамшигтай чанаруудыг магтан дуулсныхаа дараа: «Таны бурханлаг [«танд үнэнч», ШЕ] хүмүүс Таныг магтацгаана» гэж хэлжээ (Дуулал 145:10). Бурхныг яаж магтдаг вэ? Гол нь түүний тухай сайнаар ярьж магтан алдаршуулдаг.

4 Еховад үнэнч хүмүүс түүний тухай сайнаар ярьж явдаг учир бусдаас эрс ялгардаг. Тэд найз нөхөдтэйгөө болон цуглаан дээрээ ямар сэдвээр голлон ярьдаг вэ? Мэдээж, Еховагийн Хаанчлалын тухай! Бурхны үнэнч үйлчлэгчид: «Тэд Таны хаанчлалын сүр жавхлангийн тухай ярьж, Таны сүр хүчний талаар өгүүлнэ» хэмээн Еховад дуулсан Давидтай адил сэтгэл өвөрлөдөг (Дуулал 145:11).

5. Үнэнч хүмүүс нь өөрийг нь сайнаар ярихад Ехова анхааран сонсдог гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

5 Үнэнч хүмүүс нь өөрийг нь магтан алдаршуулахад Ехова анхааран сонсдог уу? Тийм ээ, хэлэх үгийг нь чих тавин сонсдог. Малахи орчин үеийн жинхэнэ шүтлэгийн тухай зөгнөхдөө: «Тэгээд ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биетэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ» хэмээн хэлжээ (Малахи 3:16). Үнэнч хүмүүс нь өөрийнх нь тухай сайнаар ярихыг Ехова ихэд таалдаг бөгөөд тэднийг мартдаггүй.

6. Бурхны үнэнч үйлчлэгчдийг ямар үйл хэргээр таньж болох вэ?

6 Еховагийн үнэнч үйлчлэгчид жинхэнэ Бурхныг шүтдэггүй хүмүүстэй санаачлага гарган, эр зоригтой ярьдгаараа мөн ялгардаг. Үнэндээ, тэд «хүний хөвгүүдэд [Бурхны] хүчит үйлс болон [түүний] хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг мэдүүлдэг» (Дуулал 145:12). Та Еховад итгэдэггүй хүмүүст хаанчлалынх нь тухай ярих боломж гаргаж, бололцоогоо бүрэн дайчилдаг уу? Удахгүй устах хүний засаглалаас ялгаатай нь Еховагийн хаанчлал үүрдийнх билээ (1 Тимот 1:17 «үеүдийн» [«мөнхийн», ШЕ]). Еховагийн мөнхийн хаанчлалын тухай мэдэж, энэ засаглалыг дэмжих нь хүмүүсийн хувьд хойшлуулшгүй чухал асуудал мөн. «Таны хаанчлал бол мөнхийнх бөгөөд Таны ноёрхол бол бүх үеийнхний туршид үргэлжилнэ» гэж Давид дуулжээ (Дуулал 145:13).

7, 8. 1914 онд юу болсон бэ? Бурхан одоо Хүүгийнхээ Хаанчлалаар дамжуулан захирч байгаагийн баталгаа юу вэ?

7 1914 оноос хойш Еховагийн эрх мэдлийн тухай ярих бүр ч хүндтэй шалтгаан гарч ирсэн. Тэр жил Бурхан «Давидын Хүү» Есүс Христ тэргүүтэй Мессиагийн тэнгэрийн Хаанчлалыг тогтоосон. Ийнхүү Ехова Давидын хаанчлалыг мөнхөд тогтооно гэж амласнаа биелүүлсэн (2 Самуел 7:12, 13; Лук 1:32, 33).

8 Есүсийн «залран байх үеийн шинж тэмдэг» (ШЕ) эдүгээ биелж байгаа нь Ехова Хүү Есүс Христийнхээ Хаанчлалаар дамжуулан захирч буйн баталгаа юм. Тэрхүү шинж тэмдгийн хамгийн онцгой хэсэг нь Есүсийн зөгнөн хэлсэн, Бурханд үнэнч бүх хүний хийх ажил ажээ. Тэрээр: «Хаанчлалын [тухай] энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж хэлсэн (Матай 24:3–14). Бурхны үнэнч үйлчлэгчид хичээл зүтгэл гарган, уг зөгнөлийг биелүүлж байгаагийн ачаар одоо эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшид нийлсэн зургаан сая гаруй хүн дахин хэзээ ч давтагдашгүй энэхүү агуу ажилд оролцож байна. Удахгүй Еховагийн Хаанчлалыг эсэргүүцэгч бүх хүний хувьд төгсгөл ирнэ (Илчлэлт 11:15, 18).

Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн ач тусыг хүртэх нь

9, 10. Ехова болон ертөнцийн удирдагчдын хооронд ямар ялгаа байдаг вэ?

9 Бурханд өөрийгөө зориулсан христиануудын хувьд Хэмжээгүй эрхт Эзэн Еховатай тогтоосон харьцаа их тустай (Дуулал 71:5 «Эзэн» [«Хэмжээгүй эрхт Эзэн», ШЕ]; 116:12). Жишээ нь, бид Бурхнаас эмээж, түүний нүдэнд зөв үйлийг хийдэг учраас сайшаалыг нь хүлээж, сүнслэгээр ойр байдаг (Үйлс 10:34, 35; Иаков 4:8). Гэтэл ертөнцийн удирдагчид, голдуу цэргийн дарга, чинээлэг бизнесмэн, урлаг, спортын од зэрэг нэр цуутай хүмүүсийн хүрээлэлд байдгаараа Бурхнаас эрс ялгаатай. Африкийн «Советан» сонинд тэмдэглэснээр нэгэн нэртэй улс төрч улсынхаа ядуу бүс нутгийн тухай: «Бидний ихэнх нь тиймэрхүү газар очих дургүй байдгийг би мэднэ. Учир нь тэгж амьдардаг хүн байдаг гэдгийг ердөө л мартахыг хүсдэг. Тийм юм харахаар өр өвдөж, үнэтэй [машин] унадагтаа ичих шиг болох юм» гэж хэлжээ.

10 Зарим удирдагч иргэдийнхээ сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг нь үнэн. Гэхдээ хамгийн хүнлэг удирдагч ч иргэн нэг бүрээ сайн мэдэхгүй. Тиймээс: «Бүх иргэндээ санаа тавин, зовох цагт нь хүн нэг бүрд яаран тусалдаг тийм сайхан сэтгэлтэй удирдагч байдаг болов уу?» гэсэн асуулт гарч болох юм. Тийм ээ, байдаг. Давид: «ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог» гэж бичжээ (Дуулал 145:14).

11. Бурхны үнэнч үйлчлэгчид ямар ямар сорилтод ордог вэ? Ямар тусламж авдаг вэ?

11 Ехова Бурхны үнэнч үйлчлэгчид төгс бусаасаа болон «муу нэгэн» буюу Сатаны мэдлийн ертөнцөд амьдардгаасаа болж, янз бүрийн сорилт, зовлон бэрхшээлтэй тулгардаг (1 Иохан 5:19; Дуулал 34:19). Христианууд хавчлагад өртдөг. Зарим хүн архаг хууч өвчин юм уу үхэл хагацлаас болж зовж шаналдаг. Заримдаа Еховад үнэнч хүмүүс алдаж эндэхдээ урам хугаран, «сөхөрдөг». Гэхдээ ямар ч сорилтод орсон, Ехова тэднийг хүн нэг бүрчлэн тайвшруулж, сүнслэгээр бэхжүүлэхэд ямагт бэлэн байдаг. Хаан Есүс Христ ч гэсэн үнэнч харьяат албатдаа хайрын сэтгэлээр тийн санаа тавьдаг (Дуулал 72:12–14).

Хоол хүнсийг товлосон цагт өгдөг нь

12, 13. Ехова «бүх амьтны» хэрэгцээг хэр зэрэг хангадаг вэ?

12 Ехова агуу хайр энэрлийнхээ улмаас үйлчлэгчдийнхээ бүх хэрэгцээнд санаа тавьж, шим тэжээлтэй хоолоор хангадаг. Давид хаан Еховагийн тухай: «Бүхний нүд Тан уруу хардаг бөгөөд Та товлосон цагт тэдний хоол хүнсийг өгдөг билээ. Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг юм» хэмээн бичжээ (Дуулал 145:15, 16). Тэр байтугай, зовлонгийн цагт ч үнэнч үйлчлэгчдээ «өдөр тутмынх нь талхтай» байлгаж чадна (Лук 11:3; 12:29, 30).

13 Бурхан «бүх амьтны» хэрэгцээг хангадаг тухай Давид өгүүлжээ. Энэ үг амьтдад ч хамаатай. Хуурай газар болон далайн ургамал элбэг дэлбэг байгаагүйсэн бол огторгуйн шувуу, далайн загас жараахай, хуурай газрын ан амьтан амьсгалах агаар, идэх хоолгүй байх байсан (Дуулал 104:14). Гэхдээ Ехова бүх хэрэгцээг нь ханган, санаа тавьдаг.

14, 15. Өнөөдөр сүнслэг хоолоор хэрхэн хангадаг вэ?

14 Хүнд сүнслэг хэрэгцээ байдаг учраас мал адгуусаас ялгаатай (Матай 5:3, «сүнсэн дотроо ядуу» [«сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг», ШЕ]). Ехова үнэнч үйлчлэгчдийнхээ сүнслэг хэрэгцээг ч гайхамшигтай хангадаг! Есүс үхэхийнхээ өмнө, «итгэмжит ухаалаг боол» дагалдагчдыг нь «цагт нь [сүнслэг] хоол ундаар» хангана гэж амласан (Матай 24:45). 144 000-ын үлдэгдэл тослогдсон христианууд өнөөдөр тэр боолын ангийг бүрдүүлдэг. Ехова тэднээр дамжуулан сүнслэг хоолыг үнэхээр элбэг дэлбэг өгдөг.

15 Жишээ нь, өнөөдөр Еховагийн ард түмний ихэнх нь Библийн нарийн зөв, орчин үеийн орчуулгыг эх хэлээрээ уншиж, ач тусыг нь хүртдэг. Библийг «Шинэ ертөнцийн орчуулга»-аар гаргасан нь яахын аргагүй гайхамшигтай ивээл буюу! Түүнээс гадна, Библи судлахад зориулсан гарын авлагыг 300 гаруй хэлээр олон сая хувь хэвлэдэг. Энэ бүх сүнслэг хоол жинхэнэ христиануудын хувьд ивээл мөн. Эдгээрийн төлөө хэнийг магтан алдаршуулбал зохих вэ? Ехова Бурхныг. Ехова агуу хайр энэрлийнхээ үүднээс «товлосон цагт... хоол хүнсээр» хангах боломжийг боолын ангид олгосон. Энэ арга хэмжээний ачаар өнөөгийн сүнслэг диваажинд «бүх амьтны хүслийг хангадаг юм». Еховагийн үйлчлэгчид удахгүй дэлхийгээ жинхэнэ диваажин болохыг үзнэ гэж найдан, үнэхээр баяртай байдаг! (Лук 23:42, 43).

16, 17. а) Ехова сүнслэг хоолыг «товлосон цагт» өгдгийг ямар ямар жишээ харуулдаг вэ? б) Сатаны дэгдээсэн маргаантай асуудлын тухайд Бурханд үнэнч хүмүүс ямар бодолтой байдгийг 145-р дуулал хэрхэн илэрхийлдэг вэ?

16 Ехова сүнслэг хоолыг цагт нь өгдгийн нэгэн гайхамшигтай жишээг үзье. 1939 онд Европт Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн. Мөн оны 11-р сарын 1-ний «Харуулын цамхаг»-ийн дугаарт «Төвийг сахих нь» гэсэн сэдэвтэй өгүүлэл гарчээ. Уг өгүүллийн тодорхой тайлбарын ачаар Еховагийн Гэрчүүд дайтагч талуудад хандахдаа төвийг сахих байр суурийг хатуу баримтлахын чухлыг ойлгосон. Үүнээс болж дайны зургаан жилд дайтагч талуудын засгийн газар Гэрчүүдэд харгис догшин хандах болсон. Хавчлагад өртөж, үйл ажиллагаагаа хориулж байсан ч, Бурханд үнэнч хүмүүс Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлсээр байв. 1939—1946 оны хооронд тэд гайхамшигтай ивээл хүртэж, 157 хувиар өссөн. Түүнээс гадна, дайны жилүүдэд үнэнч байдлаа хадгалж, ихээхэн нэр хүндтэй болсон нь жинхэнэ шашныг олж танихад нь хүмүүст одоо ч тус болдог (Исаиа 2:2–4).

17 Еховагийн өгдөг сүнслэг хоол цагаа олсон төдийгүй тун тэжээллэг байдаг. Үндэстнүүд дэлхийн хоёрдугаар дайны ажиллагаанд тэр чигээрээ татагдан орсон байхад Ехова ард түмэндээ тусалж, авралаас илүү чухал асуудал байдгийг ойлгуулжээ. Энэ нь Еховагийн, хэмжээгүй эрхт хууль ёсны захирагч байх эсэхтэй холбоотой бүх орчлонт ертөнцийг хамарсан амин чухал маргаантай асуудал байсан юм. Гэрч болгон үнэнч байдлаараа Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөж, Диаволын худалч гэдгийг батлахад бага ч болов хувь нэмэр оруулснаа мэдэх нь үнэхээрийн бахдалтай! (Сургаалт үгс 27:11). Сатан Еховаг болон захирах арга барилынх нь талаар гүтгэн гүжирддэг бол Еховагийн үнэнч үйлчлэгчид: «ЭЗЭН бол Өөрийн бүх замд зөв шударга» хэмээн бүх нийтэд тунхагласаар байна (Дуулал 145:17).

18. Сүнслэг хоол цагаа олсон бөгөөд тэжээллэг байдгийг саяхны ямар жишээ харуулдаг вэ?

18 Ехова тэжээллэг сүнслэг хоолоор цагт нь хангадгийн өөр нэг жишээ бол 2002—2003 онд дэлхий дахинд болсон «Хаанчлалыг хичээл зүтгэлтэй тунхаглагчид» сэдэвтэй мужийн чуулган дээр бидний хүлээн авсан «Еховад ойртогтун» нэртэй ном юм. «Итгэмжит ухаалаг боолын» ангиас бэлтгэж, Еховагийн Гэрчүүдийн хэвлэн гаргасан энэ сайхан номд Ехова Бурхны хосгүй чанаруудыг 145-р дуулалд өгүүлсэн бусад чанарын хамтаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэхүү ном үнэнч хүмүүсийг Бурхандаа улам ойртоход нь чухал үүрэг гүйцэтгэх нь лавтай.

Еховад улам ойртох цаг

19. Ямар эгзэгтэй мөч ойртож байна вэ? Үүнийг хэрхэн давж болох вэ?

19 Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг эцэслэн шийдэх эгзэгтэй мөч ойртож байна. «Езекиел» номын 38-р бүлэгт бичсэнээр Сатан удахгүй «Магогийн газрын Гогийн» үүргээ гүйцэтгэнэ. Үүнд Еховагийн ард түмэн уруу дэлхий нийтээр дайрах дайралт орно. Сатан Бурхны үйлчлэгчдийн үнэнч байдлыг эвдэн бусниулахын тулд хамаг чадлаараа зүтгэнэ. Үнэнч хүмүүс Бурхнаа урьдынхаасаа илүү шаргуу дуудаж, тэр байтугай, тусламж гуйн хашхирах хэрэгтэй болно. Тэдний, Еховагаас сүсэглэн эмээж, түүнийг хайрлаж явдаг нь талаар болох юм биш биз дээ? Үгүй. Учир нь 145-р дуулалд: «ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг. Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна. ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, харин бүх хорон муу хүнийг Тэр устгана» гэж хэлдэг (Дуулал 145:18–20).

20. Дуулал 145:8–10 ойрын ирээдүйд хэрхэн биелэх вэ?

20 Ёс бус бүхнийг устгах үед нь Еховагийн ойр байгааг болон аврах хүчийг мэдрэх нь юутай сэтгэл догдлом байх бол оо! Хаяанд тулж ирчихээд байгаа тэр эгзэгтэй мөчид Ехова «Өөрийг нь үнэнээр дууддаг» хүмүүсийг л сонсоно. Хоёр нүүр гаргагчдыг яасан ч сонсохгүй. Ёс бус хүмүүс эцсийн мөчид тулж байж Еховагийн нэрийг дуудаад ямар ч нэмэр байдаггүйг Бурхны Үг тодорхой харуулдаг (Сургаалт үгс 1:28, 29; Мика 3:4; Лук 13:24, 25).

21. Еховад үнэнч хүмүүс нэрийг нь дуудахдаа баяртай байдгаа хэрхэн харуулдаг вэ?

21 Еховагаас эмээдэг хүмүүсийн хувьд түүнийг «үнэнээр дуудах» нь одоо хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Бурхны үнэнч үйлчлэгчид түүнд залбирахдаа ч, цуглаан дээр хариулахдаа ч нэрийг нь баяртай хэлдэг. Амин хувийн яриандаа ч Бурхны нэрийг хэрэглэдэг. Мөн бүх нийтэд дэлгэрүүлэхдээ Еховагийн нэрийг эр зоригтой тунхагладаг (Ром 10:10 «хүлээн зөвшөөрөх» [«бүх нийтэд тунхаглах», ШЕ], 13–15).

22. Ертөнцийн хандлага болон хүсэлтэй тэмцэх нь ямар учраас амин чухал бэ?

22 Еховатай тогтоосон дотно харьцааныхаа ач тусыг цаашдаа ч хүртье гэвэл, эд хөрөнгө болон зохисгүй зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөх, бусдыгаа уучилж өршөөхөө болих, гачигдалтай хүмүүст хайхрамжгүй хандах зэрэг явдалтай тэмцэх нь амин чухал юм. Учир нь эдгээр нь сүнслэг хөнөөл учруулдаг (1 Иохан 2:15–17; 3:15–17). Засаж залруулахгүй л бол ийм буруу явдал, муу зангаасаа болж ноцтой нүгэл үйлдэж, улмаар Еховагийн сайшаалыг хүлээхээ болино (1 Иохан 2:1, 2; 3:6). Үнэнч байдлаа хадгалсан цагт л Ехова хайр энэрэл буюу үнэнч хайраа үзүүлнэ гэдгийг санаж явах нь зүйтэй (2 Самуел 22:26 *).

23. Бурханд үнэнч хүмүүсийг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байна вэ?

23 Иймээс бүгдээрээ Еховад үнэнч хүмүүсийг хүлээж буй гайхамшигт ирээдүйд ухаан санаагаа төвлөрүүлье. Ингэж гэмээнэ бид Еховаг «өдөр бүр, ...үүрд мөнхөд» өргөмжлөн, магтан алдаршуулах хүмүүсийн дунд байх сайхан боломжтой болно (Дуулал 145:1, 2). Тиймээс «мөнх аминд хүрэхийн тулд... Бурхны хайран дотор өөрсдийгөө» байлгацгаая (Иуда 20, 21). Тэнгэрийн Эцгийнхээ хосгүй чанаруудыг, тэр дундаа, өөрийг нь хайрладаг хүмүүст үзүүлдэг агуу хайр энэрлийнх нь ач тусыг хүртэж, 145-р дууллын төгсгөлд: «Миний ам ЭЗЭНий магтаалыг өгүүлэх бөгөөд бүх махан бие Түүний ариун нэрийг үүрд мөнхөд магтацгаана» хэмээн бичсэн Давидыг үргэлж дуурайцгаая.

[Зүүлт]

^ «Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг... харуулдаг» [«Үнэнч хүнд та үнэнч хандана», ШЕ].

Та хэрхэн хариулах вэ?

• Бурханд үнэнч хүмүүсийг танихад 145-р дуулал хэрхэн тусалдаг вэ?

• Ехова «бүх амьтны хүслийг» хэрхэн хангадаг вэ?

• Еховад улам ойртох хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]