Skip to content

Гарчиг руу орох

Зовж буй хүмүүсийг тайвшруулагтун

Зовж буй хүмүүсийг тайвшруулагтун

Зовж буй хүмүүсийг тайвшруулагтун

«ЭЗЭН намайг... бүх гашуудагсдыг тайвшруулахын [тулд илгээсэн юм]» (ИСАИА 61:1, 2).

1, 2. Бид ямар хүмүүсийг тайвшруулах ёстой вэ? Яагаад?

 ЖИНХЭНЭ тайвшралын Бурхан Ехова биднийг зовж буй хүнд санаа тавьж сургадаг. Мөн «гутарсан хүмүүс» (ШЕ) болон гашуудаж буй бүх хүнийг тайвшруулж сургадаг (1 Тесалоник 5:14). Шаардлагатай үед бид итгэл нэгтнүүдээ тайвшруулдаг. Тэрчлэн христиан хурлынхнаасаа өөр хүмүүсийг, тэр бүү хэл биднийг урьд нь огт хайрладаггүй байсан хүмүүсийг ч бас хайрладаг (Матай 5:43–48; Галат 6:10).

2 Есүс Христ: «Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, ...бүх гашуудагсдыг тайвшруулахын [тулд илгээсэн юм]» хэмээн зөгнөлийн хэлээр бичсэн нэгэн даалгаврыг уншиж, уг даалгавар өөрт нь хамаатай болохыг тайлбарласан (Исаиа 61:1, 2; Лук 4:16–19). Орчин үеийн тослогдсон христианууд энэхүү даалгавар өөрсдөд нь хамаатайг олон жилийн өмнөөс ойлгосон бөгөөд «өөр хонинууд» тэдний энэ ажилд дуртайяа тусалдаг (Иохан 10:16, МБОХ, 1996).

3. «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг юм бэ?» гэж асуудаг хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

3 Хүн зовлон туулж, зүрх нь шаналах цагт: «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг юм бэ?» гэж асуух нь олонтаа байдаг. Энэ асуултад Библи тодорхой хариулдаг. Гэвч Библи судлаагүй хүнд тэр хариултыг бүрэн ойлготол цаг хугацаа хэрэгтэй болж магадгүй. Үүнд Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэл тусална. * Гэхдээ зарим хүн Исаиа 61:1, 2 гэх мэтийн, Бурхан хүнийг тайвшраасай гэж хүсдэгийг харуулдаг зүйлийг ганц уншаад л тайвширдаг.

4. Польшийн нэгэн Гэрч эмэгтэй зовж явсан охинд хэрхэн тусалсан бэ? Бусдыг тайвшруулахад тань энэ жишээ яаж туслах вэ?

4 Нас ахисан хүмүүсийг төдийгүй залуучуудыг ч тайвшруулах хэрэг гардаг. Польшид амьдардаг өсвөр насны нэг охин гуньж гутраад, танил эмэгтэйгээсээ зөвлөгөө хүсжээ. Тэгтэл тэр эмэгтэй нь Гэрч байж таарчээ. Гэрч эмэгтэй эвтэйхэн асууж байгаад өнөөх охиныг «Ямар учраас муу муухай хэрэг ийм их гардаг вэ? Яагаад хүмүүс зовдог юм бэ? Саа өвчтэй дүү охин минь яагаад зовох ёстой юм бэ? Би яагаад зүрхний өвчтэй юм бол?» гэх мэтийн олон асуултаас болж сэтгэл нь зовж, «Бурхан тэгж хүссэн учраас л тэр гэж манай сүмийнхэн хэлдэг. Хэрэв үнэхээр тийм юм бол би Бурханд итгэхээ болино!» хэмээн хэлснээс нь эргэлзэж явааг мэджээ. Гэрч эмэгтэй дотроо Еховад залбираад, «Энэ тухай надаас асуусан чинь сайн болжээ. Би чамд туслахыг хичээе» гээд өөрөө ч хүүхэд байхдаа бас л эргэлзэж тээнэгэлзэж явахад нь Еховагийн Гэрчүүд тусалсныг хэлжээ. Тэрээр: «Зовлон зүдүүрийг Бурхан учруулдаггүйг би ойлгосон. Харин ч хүнийг хайрлан, хүнд сайн сайхныг хүсдэг бөгөөд удахгүй дэлхий дээр болж байгаа бүхнийг өөрчилнө. Өвчин эмгэг, өндөр насны зовлон, үхэл хагацал үгүй болж, Бурханд дуулгавартай хүмүүс энэ дэлхий дээрээ л мөнх амьдарна» гэж тайлбарлажээ. Бас Илчлэлт 21:3, 4; Иов 33:25; Исаиа 35:5–7; 65:21–25-ыг үзүүлжээ. Нэлээд ярилцсаны эцэст өнөөх охин: «Одоо би юуны төлөө амьдарч байгаагаа мэдлээ. Тантай дахиад уулзаж болох уу?» гэж хэлэхдээ тайвширсан нь илт байжээ. Тэр охин долоо хоногт хоёр удаа Библийн хичээл хийдэг болжээ.

Бурхны өгдөг тайвшралаар бусдыг тайвшруулагтун

5. Бид өрөвдөж хайрласан сэтгэлээ илэрхийлэхдээ яавал хүмүүсийг жинхэнээр тайвшруулах вэ?

5 Бусдыг тайвшруулахдаа өрөвдөн хайрлаж байгаагаа мэдүүлэх нь зүйтэй. Бид гашуудаж буй хүний байдлыг үнэхээр ойлгож байгаагаа үг хэл, дууныхаа өнгөөр мэдүүлэхийг хичээдэг. Хоосон үг хэлээд нэмэргүй байдаг. Библид: «Судрын тайвшруулал болон тэвчээрийнхээ ачаар бид найдвартай болно» гэж байдаг (Ром 15:4, ШЕ). Үүнээс үзвэл, тохиромжтой үед Бурхны Хаанчлал гэж юу болохыг тайлбарлаж, тэрхүү Хаанчлал өнөөгийн бэрхшээлийг хэрхэн шийдэхийг Библиэс үзүүлж болно. Дараа нь үүнд бүрэн итгэж болохын учрыг тайлбарлах хэрэгтэй. Ийм аргаар бид хүмүүсийг тайвшруулж чадна.

6. Библийн тусламжтайгаар хүнийг жинхэнээр тайвшруулахын тулд юу ойлгуулах ёстой вэ?

6 Библийн тусламжтайгаар хүнийг жинхэнээр тайвшруулахын тулд тухайн хүнд жинхэнэ Бурхны тухай, ямар ямар ямар чанартай болохыг нь, амлалтууд нь хэр найдвартай болох зэргийг мэдүүлэх хэрэгтэй. Еховаг шүтдэггүй хүнд туслахыг оролдож байгаа бол: 1) Жинхэнэ Бурхан Ехова бол Библийн тайвшрууллын эх булаг; 2) Ехова бол тэнгэр газрыг бүтээсэн төгс хүчтэй Бүтээгч. Тэрээр хайрын Бурхан бөгөөд хайр энэрэл, үнэнээр бялхам байдаг; 3) Хэрэв Бурхны Үгнээс нарийн зөв мэдлэгтэй болж, түүнд ойртвол бэрхшээлийг давах хүчтэй болно; 4) Библид янз бүрийн хүний амсаж туулсан сорилтын тухай өгүүлдэг гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

7. а) Бурхны өгдөг тайвшрал «Христээр дамжуулан арвин байдаг» гэдгийг онцолбол ямар үр дүнд хүрч болох вэ? б) Муу хэрэг хийдэг байснаа ойлгосон хүнийг хэрхэн тайвшруулж болох вэ?

7 Зарим дэлгэрүүлэгч Библи мэддэг, гашуудаж буй хүнд 2 Коринт 1:3–7-г уншиж өгөөд Библийн тусламжтайгаар тайвшруулдаг. Тэд энэ хэсгийг уншихдаа «бидний тайвшрал... Христээр дамжуулан арвин байдаг» гэсэн үгийг онцолдог ажээ. Библи бол тайвшралын эх булаг бөгөөд чухам энэ номыг илүүтэй анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг уг хэсгээс тэр хүн ойлгож болох юм. Түүнээс гадна, энэ нь цаашид дахин ярилцах үндсийг тавьж магадгүй. Хэрэв хүн урьдын муу хэргийнхээ гайгаар одоо зовж байна гэж боддог бол түүнийг зэмлэн буруушаалгүй, 1 Иохан 2:1, 2; Дуулал 103:11–14-т бичсэн зүйлийг мэдэхээр тайвширдаг гэдгийг хэлээрэй. Ийнхүү бид Бурхны өгдөг тайвшралаар бусдыг жинхэнээр тайвшруулж чадна.

Хүчирхийлэл болон ядуурал амьдралыг нь баргар болгох цагт тайвшруулагтун

8, 9. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хэрхэн ухаалгаар тайвшруулж болох вэ?

8 Гэмт хэрэг, дайны уршгаар олон сая хүн хүчирхийлэлд өртөж, амьдрал нь баргар болжээ. Тэднийг хэрхэн тайвшруулах вэ?

9 Жинхэнэ христианууд өнөөгийн зөрчилдөөнт ертөнцийн аль ч талыг үг яриа болон үйл хэргээрээ дэмжихгүй байхыг чармайдаг (Иохан 17:16). Гэхдээ одоогийн хэцүү байдал үүрд мөнх үргэлжлэхгүй гэдгийг тайлбарлахын тулд Библийг ухаалаг ашигладаг. Тухайлбал, хүчирхийлэлд дуртай хүнийг Ехова хэрхэн үздэгийг харуулахын тулд Дуулал 11:5-ыг, өш хонзон санахын оронд Бурханд найдахыг уриалдгийг тайлбарлахдаа Дуулал 37:1–4-ийг үзүүлдэг. Дуулал 72:12–14-т эдүгээ тэнгэрийн хаанаар захирч буй Агуу их Соломон буюу Есүс Христ хүчирхийлэлд өртсөн гэмгүй хүмүүст хэрхэн ханддагийг бичсэн байдаг.

10. Дайны хөлд нэрвэгдсэн хүнийг энэ догол мөрд дурдсан Библийн зүйлүүд хэрхэн тайвшруулах вэ?

10 Зарим хүн, эрх мэдлийн хойноос хөөцөлдсөн бүлэглэлүүдийн зөрчил тэмцлийг он удаан жил үзэж амссанаасаа болоод дайн самуун, түүний хор уршгийг амьдралд байдаг л зүйл гэж ойлгодог болжээ. Тиймээс тэд өөр оронд цагаачлах нь байдлыг сайжруулах цорын ганц арга гэж үздэг. Гэхдээ ингэж яваад ихэнх нь амжилт олдоггүй бөгөөд зарим нь амиа алддаг. Өөр нутагт хүрсэн нэг нь ердөө, нэг бэрхшээлийг өөр нэг бэрхшээлээр сольсноо л ойлгодог. Тийм хүмүүст цагаачлахаас илүү найдвартай зүйлд найдах хэрэгтэйг ойлгуулахын тулд Дуулал 146:3–6-г ашиглаж болно. Матай 24:3, 7, 14 юм уу, 2 Тимот 3:1–5-ын зөгнөл тэдэнд байдлыг илүү тодорхой харж, зовж байгаагийнхаа учрыг олох буюу, тодруулбал, бид бүгд эд юмсын хуучин тогтолцооны төгсгөлийн цаг үед амьдарч байгааг ойлгоход тусалж магадгүй. Мөн Дуулал 46:1–3, 8, 9 болон Исаиа 2:2–4 гэх мэтийн зүйл тэдэнд ирээдүй амар тайван болно гэдэгт үнэхээр найдаж болохыг ойлгуулна.

11. Баруун Африкийн нэг эмэгтэйг Библийн ямар ямар зүйл тайвшруулсан бэ? Яагаад?

11 Баруун Африкт удаан үргэлжилсэн дайны үеэр нэгэн эмэгтэй суман мөндрийн дор амь өрсөн, орон гэрээ орхин явжээ. Амьдрал нь айдас, гуниг, цөхрөлөөр дүүрэн байлаа. Хожим нь гэр бүлээрээ харийн нутагт амьдарч байхдаа нөхөр нь гэрлэлтийн гэрчилгээгээ шатаан, хөл хүндтэй түүнийг арван настай хүүтэй нь орхиж, лам болохоор шийджээ. Эмэгтэйд Филиппой 4:6, 7; Дуулал 55:22-ыг үзүүлээд, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн Библид үндэслэсэн өгүүлэлд тулгуурлан ярилцахад тэрээр сая л нэг тайвширч, амьд явахын учир утгыг ойлгожээ.

12. а) Ядуу тарчиг амьдрахын зовлон туулдаг хүмүүсийг Судар хэрхэн тайвшруулдаг вэ? б) Азийн нэг Гэрч нэгэн эмэгтэйд хэрхэн тусалж чадсан бэ?

12 Олон сая хүн ядуу тарчиг амьдардаг. Дайн самуун, түүний хор уршиг ийм байдалд хүргэх нь байдаг. Заримдаа засгийн газрын буруу бодлого, эрх мэдэлтнүүдийн шунахай зан, шударга бус явдлын гайгаар ард түмэн хуримтлуулсан мөнгө юм уу, эд хөрөнгөө алдаж хохирдог. Ердийн хэрэглээний зүйлийг хэзээ ч хэрэглэж үзээгүй хүн ч байдаг. Тийм хүмүүс Бурхан өөрт нь найддаг хүнийг зовлонгоос ангижруулж, хүн бүр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж амьдрах шударга ертөнцийг амладгийг мэдэхээрээ тайвширна (Дуулал 146:6, 7; Исаиа 65:17, 21–23, МБОХ, 1998; 2 Петр 3:13). Азийн нэг оронд нэг Гэрч дэлгүүрээс юм худалдан авч байсан эмэгтэйг эдийн засгийн байдалд санаа зовдгоо ярихыг дуулаад энэ байдал нь дэлхий дахинд болох ёстой үйл явдлын нэг хэсэг гэдгийг тайлбарлан, Матай 24:3–14; Дуулал 37:9–11-ийн талаар дэлгэрэнгүй ярьсанд мөнөөх эмэгтэй Библийн хичээл тогтмол хийхээр болжээ.

13. а) Хоосон амлалтад цөхөрсөн хүмүүст туслахдаа Библи хэрхэн ашиглаж болох вэ? б) Муу нөхцөлийг Бурхан байхгүйн баталгаа гэж үздэг хүнд та юуны тухай тайлбарлах вэ?

13 Хүмүүс олон жил зовох юм уу, хоосон амлалтад цөхрөхөөрөө, израильчууд Египетэд байхдаа «сэтгэлээр унаснаас болж» Мосег сонсоогүй шиг аашилж мэднэ (Египетээс гарсан нь 6:9, ШЕ). Хэрэв хүн тийм байвал өнөөгийн өдөр тутмын бэрхшээлээ амжилттай давахад, мөн олон хүний амьдралыг балладаг, огт шаардлагагүй асуудлаас зайлсхийхэд Библи хэрхэн тусалдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй (1 Тимот 4:8б). Зарим хүн муу нөхцөлд амьдардгаа Бурхан байхгүйн эсвэл Бурхан хүнд санаа тавьдаггүйн баталгаа гэж үздэг. Уг чанартаа, Бурхан тусладаг ч олон хүн тэр тусламжийг хүлээж авдаггүй гэдгийг ойлгуулахад Библийн ямар зүйл тохирохыг та эргэцүүлэн бодож үзээрэй (Исаиа 48:17, 18).

Хүчтэй шуурга, газар хөдлөлтөд өртөгсдийг тайвшруулагтун

14, 15. Гамшигт явдал олон хүнийг цочирдуулахад Еховагийн Гэрчүүд бусдад санаа тавьдгаа хэрхэн харуулсан бэ?

14 Хүчтэй шуурга, газар хөдлөлт, гал түймэр зэргийн уршгаар хүмүүс зовлон туулж, их уй гашуу амсдаг. Тийм хүмүүсийг тайвшруулахын тулд яах вэ?

15 Хүн бусдад хэрэгтэй гэдгээ мэдэх хэрэгтэй. Нэг улсад террорист халдлага болсноос олон хүн цочирджээ. Цөөнгүй хүн хань ижил, үр хүүхэд, тэжээн тэтгэгч болон анд нөхдөө алдан, ажил төрөлгүй болсны дээр аюулгүй амьдарч байна гэсэн итгэл нь хийсэн оджээ. Еховагийн Гэрчүүд нутаг орныхондоо гар сунган тусалж, нөхөж баршгүй хохирол учирсанд харамсаж буйгаа илэрхийлэн, Библийн тайвшруулах үгийг хүргэж байлаа. Тийн санаа тавьсныг олон хүн талархан хүлээж авчээ.

16. Сальвадорт байгалийн гамшиг болоход орон нутгийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажил их үр дүнтэй байсны учир юу вэ?

16 2001 онд Сальвадорт болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн уулын нуралтын үеэр олон хүн амь насаа алджээ. Тэдний дунд нэгэн Гэрч эмэгтэйн 25 настай хүү, хүүгийнх нь сүйт бүсгүйн хоёр охин дүү байжээ. Гамшгийн дараахнаас залуугийн ээж хүүгийнхээ сүйт бүсгүйтэй хамт дэлгэрүүлэх ажилд шамдан оров. Олон хүн тэдэнд Бурхан л нас барсан хүмүүсийг авсан гэх буюу Бурхан ингэж л хүсэж дээ гэж хэлж байжээ. Харин Гэрч хоёр эмэгтэй тэдэнд Сургаалт үгс 10:22-ыг иш татан, Бурхан биднийг зовоохыг хүсдэггүй болохыг үзүүлж байв. Мөн Ром 5:12-ыг уншиж, хүн үхдэг нь нүглийн уршиг болохоос Бурхны хүсэл бишийг тайлбарлажээ. Түүнчлэн, Дуулал 34:18; Дуулал 37:29; Исаиа 25:8; Илчлэлт 21:3, 4-т байдаг тайвшруулах мэдээг дуулгажээ. Гэрч хоёр эмэгтэй өөрсдөө гэр бүлийн гишүүдээ байгалийн гамшигт алдсан болохоор хүмүүс тэднийг дуртайяа сонсож, олон хүн Библийн хичээл эхэлжээ.

17. Гамшиг тохиолдоход хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

17 Гамшиг болоход эмч дуудах, эсвэл эмнэлэгт хүргэх, хоол хүнс, орон байраар туслах гэх зэргээр бусдад ямар нэг тусламж үзүүлэх хэрэг гарч магадгүй. 1998 онд Италид болсон гамшгийн дараа Еховагийн Гэрчүүд «гамшигт өртсөн хүмүүст ямар шашин шүтдэгийг нь үл харгалзан, тусламж үзүүлэн, олонд их тустай ажил хийсэн» гэж нэгэн сэтгүүлч тэмдэглэжээ. Эцсийн өдрүүдийн тухай зөгнөлийн дагуу болж буй үйл явдлууд зарим газар их хүнд тусдаг. Тийм газар Еховагийн Гэрчүүд Библийн зөгнөлүүдийг онцлон тэмдэглэж, Бурхны Хаанчлал хүн төрөлхтнийг жинхэнэ утгаар аюулгүй байлгана гэсэн Библийн амлалтаар хүмүүсийг тайвшруулдаг (Сургаалт үгс 1:33; Мика 4:4).

Ойр дотны хүнээ алдахад тайвшруулагтун

18-20. Хагацал үзсэн хүмүүсийг тайвшруулахын тулд юу хэлж, хийж болох вэ?

18 Өдөр бүр олон сая хүн ойр дотны хүнээ алдсандаа гашуудаж байдаг. Та дэлгэрүүлэх юм уу, өдөр тутмын ажлаа амжуулж явах зуураа тийм хүмүүстэй тааралдаж юу магад. Тэднийг тайвшруулахын тулд юу хэлж, хийж болох вэ?

19 Тэр хүн сэтгэлийн шаналгаатай байна уу? Тэднийд хамаатан садангийнхнаас нь уй гашууд автсан хүн ирсэн байна уу? Олон юм хэлж болох боловч хэрсүү байх нь хамгийн чухал (Номлогчийн үгс 3:1, 7). Эмгэнэлээ илэрхийлээд, тохирох хэвлэл (товхимол, сэтгүүл, танилцуулга) үлдээгээд хэд хоногоос эргэн ирж, цаашид ямар тусламж үзүүлэх хэрэгтэйг мэдэх нь зүйтэй болов уу. Тохиромжтой бол Библиэс зарим зүйл үзүүлж, тайвшруулмаар байгаагаа хэлээрэй. Энэ нь хүнийг тайтгаруулж, сэтгэлд нь «эм» болох буюу (Сургаалт үгс 16:24; 25:11). Бид Есүс шиг үхсэн хүнийг амилуулж чадахгүй ч үхсэн хүн ямар байдалд байдгийг Библиэс тайлбарлаж чадна. Гэхдээ энэ бол буруу ойлголтыг няцаах цаг биш (Дуулал 146:4; Номлогчийн үгс 9:5, 10). Дахин амилах тухай Библид амласныг хамтдаа уншиж болох юм (Иохан 5:28, 29; Үйлс 24:15). Үхсэн хүн дахин амилсан тухай Библид бичсэн байдгийг ашиглан, тэдгээр амлалт ямар учиртайг тайлбарлаж болно (Лук 8:49–56; Иохан 11:39–44). Түүнээс гадна, бидэнд тийм найдвар өгсөн хайрын Бурхны чанаруудыг ярилцагчдаа онцолж хэлээрэй (Иов 14:14, 15; Иохан 3:16). Энэ сургаалууд танд ямар ач холбогдолтой байдгийг, тэдгээрт өөрөө яагаад итгэдгээ тайлбарлаарай.

20 Еховагийн Гэрчүүдийн цуглаанд урих нь гашуудаж буй хүнд, бусдыг үнэхээр хайрладаг, бие биедээ яаж урам зориг нэмэхээ мэддэг хүмүүстэй танилцахад туслах арга юм. Шведийн нэг эмэгтэй насан туршдаа хайгаад байсан зүйл нь энэ байжээ гэдгийг ойлгожээ (Иохан 13:35; 1 Тесалоник 5:11).

21, 22. а) Бид бусдыг тайвшруулахдаа яах шаардлагатай вэ? б) Библи сайн мэддэг хүнийг хэрхэн тайвшруулж болох вэ?

21 Итгэл нэгтэй ч бай, үгүй ч бай гашуудаж байгаа хүнийг тайвшруулъя гэтэл юу хэлж, хийхээ мэдэхгүй байх үе гардаг уу? Библид голдуу «тайвшрал» гэж орчуулдаг грек үгийг үгчлэн буулгавал «хамт байх хүсэлт» гэсэн утга гардаг. Иймээс бусдыг үнэхээр тайвшруулдаг хүн гашуудаж байгаа хүнтэй хамт байдаг гэсэн санаа юм (Сургаалт үгс 17:17).

22 Хэрэв тайвшруулах гэсэн хүн тань Библид үхэл, золиос, дахин амилах тухай юу бичсэн байдгийг мэддэг бол яах вэ? Адилхан итгэл үнэмшилтэй анд нь хань бараа болоход тэр тайвширна. Түүний яриаг анхааралтай сонсоорой. Та өөрөө олон юм ярих гэсний хэрэггүй. Хэрэв хамтдаа Библиэс уншвал үүнийгээ хэн хэнийг нь бэхжүүлж байгаа Бурхны үг гэж үзээрэй. Библийн амлалт гарцаагүй биелнэ гэдэгт түүний итгэдгийг, та өөрөө итгэдгээ ч хэлээрэй. Та Бурхны энэрэнгүй сэтгэлийг дуурайн, Үгийнх нь эрхэм үнэнийг хуваалцсанаараа зовж буй хүмүүсийг «бүх тайвшралын Бурхан» Еховагаас хүч авч, тайвшрахад нь тусалж чадна (2 Коринт 1:3).

[Зүүлт]

^ «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номын 8-р бүлэг, «Судраас тунгаагтун» номын 393—400, 427—431 хуудас (англи), «Халамжит Бүтээгч байдаг болов уу?» номын 10-р бүлэг (англи), «Бурхан бидэнд үнэхээр санаа тавьдаг уу?» товхимлыг үзнэ үү (англи).

Та хэрхэн тайлбарлах вэ?

• Зовж зүдэрч байгаа олон хүн хэнийг буруутгадаг вэ? Тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

• Библийн тусламжтайгаар жинхэнээр тайвшруулахын тулд хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

• Танай нутагт хүмүүс юунаас болж гашууддаг вэ? Тэднийг яаж тайвшруулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]