Ехова дуулгавартай хүмүүсийг ивээж, хамгаалдаг
Ехова дуулгавартай хүмүүсийг ивээж, хамгаалдаг
«Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» (СУРГААЛТ ҮГС 1:33).
1, 2. Бурханд дуулгавартай байх нь яагаад чухал бэ? Жишээгээр тайлбарлана уу.
ТАЧИРХАН ургасан өвсөн дунд энхрий шар дэгдээхийнүүд, дээр нь эргэлдэх харцгыг анзаарах сэхээгүй юм тоншино. Гэтэл эх нь гэнэт айж түгшсэн хоолойгоор гооглон чарлаж, далавчаа дэлгэх нь тэр. Дэгдээхийнүүд эх уруугаа гүйлдэн, эгшин зуур далавчин доогуур нь орж, найдвартай газар нуугдацгаав. Харцага довтолгоогоо зогсоохоос өөр аргагүй болжээ *. Энэ жишээ юу хэлнэ вэ? Дуулгавартай байвал амиа аварна!
2 Сатан, Еховагийн үйлчлэгчид уруу хамаг хүчээрээ довтолж байгаа болохоор энэ жишээ өнөөдөр христиануудад онцгой ач холбогдолтой (Илчлэлт 12:9, 12, 17). Сатаны зорилго бол биднийг Еховагийн ивээлээс салгаж, мөнх амьдрах найдваргүй болгохын тулд Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулах явдал юм (1 Петр 5:8). Гэхдээ, Бурхантай тогтоосон дотно харьцаагаа хадгалж, Үг болон байгууллагаараа дамжуулан өгдөг удирдлагыг нь хойш тавилгүй хүлээн авбал Бурхан биднийг хамгаална гэдэгт найдаж болно. «Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно» хэмээн дуулалч бичжээ (Дуулал 91:4).
Дуулгаваргүй ард түмэн олз болдог
3. Израильчууд дахин дахин дуулгаваргүй болж байсан нь юунд хүргэсэн бэ?
3 Израилийн ард түмэн Еховад дуулгавартай байгаа үедээ хайр халамжийнх нь үр шимийг ямагт хүртдэг байсан. Гэвч, тэд Бүтээгчээсээ нүүр буруулж, «хэрэг үл болох, аврал өгөхгүй, дэмий юм» буюу мод чулуугаар хийсэн бурхдад хандаж байсан нь даанч олон (1 Самуел 12:21). Тийм самуун явдал олон зуун жил үргэлжилсэн бөгөөд Израиль бүхэлдээ түүнээс гарах аргагүй байдалд хүрсэн билээ. Тийм ч учраас Есүс: «Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна» хэмээн гашуудан хэлжээ (Матай 23:37, 38).
4. Ехова Иерусалимыг орхисон нь МЭ 70 онд хэрхэн тодорхой болсон бэ?
4 Ехова урвагч Израилийг орхисон нь МЭ 70 онд болсон эмгэнэлт явдлаар тодорхой болсон. Тэр жил Ромын цэрэг бүргэдийн дүрс бүхий тугаа намируулсаар Иерусалим уруу махчин шувуу мэт дайран орж, хүмүүсийг нь хүйс тэмтрэн устгажээ. Яг тэр үеэр Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэхээр олон хүн хотод цуглаад байсан аж. Тэд тахил өргөөд өргөөд Бурхны ивээлийг хүртэж чадаагүй. Энэхүү эмгэнэлт явдал, «ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь ЭЗЭНд шатаалт тахил, өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцны өөхнөөс илүү» хэмээн дуулгаваргүй хаан Саулд хэлсэн Самуелын үгийг сануулсан (1 Самуел 15:22).
5. Ехова юунд үндэслэсэн дуулгавартай байдлыг шаарддаг вэ? Тийн дуулгавартай байх нь боломжтой гэдгийг хаанаас мэдэж болох вэ?
5 Ехова дуулгавартай байхыг шаргуу шаарддаг ч, төгс бус хүмүүсийн боломж хязгаартай гэдгийг сайн мэддэг (Дуулал 130:3, 4). Еховагийн шаарддаг зүйл гэвэл итгэл, хайр, өөрт нь үл таалагдах вий гэсэн эрүүл айдаст үндэслэсэн дуулгавартай байдал болон чин сэтгэл юм (Дэд хууль 10:12, 13; Сургаалт үгс 16:6; Исаиа 43:10; Мика 6:8; Ром 6:17). Тийн дуулгавартай байж болдгийг аймшигтай сорилтын өмнө, тэр байтугай үхлийн өмнө зогсож байхдаа ч үнэнч байдлаа хадгалан үлдсэн «[Христийн өмнөх үеийн] гэрчүүдийн агуу үүл» үзүүлсэн (Еврей 11:36, 37; 12:1, ШЕ). Тэд Еховагийн зүрхийг юутай ихээр баярлуулж байсан бол оо! (Сургаалт үгс 27:11). Гэхдээ, эхэндээ үнэнч байсан хирнээ эцсээ хүртэл дуулгавартай байж чадаагүй хүмүүс байсан. Тийм хүмүүсийн нэг нь эртний Иудагийн хаан Иоаш юм.
Муу нөхдөөс болж сүйрсэн хаан
6, 7. Иехоиадагийн үед Иоаш ямар хаан байсан бэ?
6 Ио аш хаан балчир хүүхэд байхдаа алуурчны гараас арай ядан мултарсан билээ. Тэргүүн тахилч Иехоиада түүнийг долоон нас хүрмэгц нуугдаж байсан газраас нь зориг гарган авчирж, хаан болгожээ. Бурхнаас эмээдэг Иехоиада эцгийнх нь оронд эцэг болж, хэлж зөвлөдөг байсны ачаар залуу хаан Иоаш «тахилч Иехоиадагийн бүх өдрийн турш... ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв» (Шастирын дэд 22:10–23:1; 23:11; 24:1, 2).
7 Ио аш хааны сайн үйлсийн нэг нь Еховагийн сүмийг сэргээн засварласан явдал байлаа. Ийм бодол «Иоашийн зүрх сэтгэлд орж ирсэн» (ШЕ) билээ. Тэрээр засварын ажлыг санхүүжүүлэхийн тулд Иуда болон Иерусалимын оршин суугчдаас «Мосегийн ноогдуулсан» ёсоор татвар хураах шаардлагатай байгааг тэргүүн тахилч Иехоиадад сануулсан. Иехоиада залуу хаанд Бурхны Хуулийг судалж, түүнд дуулгавартай байхыг ятгаж байсан нь үр дүнд хүрсэн нь эргэлзээгүй. Үүний дүнд сүм болон сүмийн бусад зүйлийг сэргээн засах ажил хурдан дууссан (Шастирын дэд 24:4, 6, 13, 14; Дэд хууль 17:18).
8. а) Иоашийг сүнслэгээр унахад хүргэсэн гол зүйл нь юу вэ? б) Дуулгаваргүй байдал нь хааныг юу хийхэд хүргэсэн бэ?
8 Ио аш Еховад дуулгаваргүй болсон нь харамсалтай. Яагаад? Бурхны Үгэнд: «Иехоиадаг нас барсны дараа Иудагийн түшмэд ирж, хаанд мэхийсэнд хаан тэднийг сонсов. Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв» гэж байдаг. Түүнээс гадна, Иудагийн түшмэдийн муу нөлөөнөөс болоод хаан Бурхны зөнчдийн үгийг сонсохоо больжээ. Тэр зөнчдийн нэг нь Иоашийг болон ард олны дуулгаваргүй байдлыг зоригтойгоор зэмлэн буруушаадаг, Иехоиадагийн хүү Зехариа байлаа. Иоаш гэмшээгүйгээр барахгүй Зехариаг чулуугаар цохиж алахыг тушаажээ. Иоаш тийм хүний үнэргүй, дуулгаваргүй хүн болж хувирсан нь ердөө л муу нөхдийн нөлөөнд автсанаас болсон хэрэг байв! (Шастирын дэд 24:17–22; 1 Коринт 15:33).
9. Дуулгаваргүй байх нь буруу гэдгийг Иоаш болон түшмэдэд тохиолдсон явдал хэрхэн харуулдаг вэ?
9 Еховаг орхисон Иоаш болон түүний нөхөрлөсөн ёс бус түшмэдэд юу тохиолдсон бэ? «Цөөхөн тооны дайчидтай» Арамын цэрэг Иудаг довтлон ирж, «ард түмний дундаас хүмүүсийн бүх түшмэлийг алжээ». Түүнээс гадна булаан эзлэгчид хаанаас хамаг эд хөрөнгөө, тэр байтугай сүмийн алт мөнгийг өгөхийг тулган шаарджээ. Иоаш амь мултран үлдсэн ч тамир тэнхээгүй, хүнд өвчтэй хоцорсон аж. Түүнээс хойш удалгүй зарц нар нь хуйвалдан түүнийг хөнөөсөн билээ (Шастирын дэд 24:23–25; Хаадын дэд 12:17, 18). Ехова Израильд хандан: «Чи хэрвээ ЭЗЭН Бурхныхаа үгийг сонсохгүй, ...бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал... хараал чам дээр бууж, чамд хүрнэ» гэж хэлсэн нь юутай үнэн үг вэ! (Дэд хууль 28:15).
Дуулгавартай байдал бичээчийг аварсан нь
10, 11. а) Барухт өгсөн Еховагийн зөвлөгөөг эргэцүүлэн бодох нь яагаад ашигтай вэ? б) Ехова Барухт ямар зөвлөгөө өгсөн бэ?
10 Та дэлгэрүүлж явахдаа сайн мэдээ сонсох дуртай хүн цөөхөн тааралддагт заримдаа сэтгэлээр унадаг уу? Эсвэл элбэг хангалуун, хүссэнээрээ амьдарч байгаа хүнийг хараад үл ялиг атаархах сэтгэл хааяа төрдөг үү? Хэрэв тийм бол Иеремиагийн бичээч Барух болон Еховагийн түүнд өгсөн хайрын зөвлөгөөг эргэцүүлэн бодоорой.
11 Барух зөгнөлийн үгс тэмдэглэн бичдэг байсан үедээ Еховагийн анхаарлыг татсан. Яагаад гэвэл Барух амьдралдаа сэтгэл нь үл ханан гомдоллож, өөрт нь даалгасан, Бурханд үйлчлэх эрхэм хүндтэй, онцгой даалгавраас илүү зүйлийг хүсэж эхэлсэн байна. Ехова Барухын хандлага өөрчлөгдсөнийг ажиглаж мэдээд түүнд: «Чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан бие дээр гай гамшиг авчрах гэж байна. [...] Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө» хэмээсэн тов тодорхой, чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн (Иеремиа 36:4; 45:5).
12. Бид эд юмсын энэхүү тогтолцооны үед өөрсдөдөө «агуу зүйлсийг хайх» ёсгүйн учир юу вэ?
12 Барухт хандсан үгнээс нь Ехова Иеремиатай хамт үнэнчээр, эр зоригтой үйлчилж байсан энэхүү гайхамшигтай хүний төлөө ихэд санаа зовдог байсныг нь та анзаарав уу? Өнөөдөр ч мөн адил, эд юмсын энэхүү тогтолцооны үед илүү их эд хөрөнгө цуглуулах дур хүсэлд автан яваа хүмүүсийн төлөө Ехова тун их санаа зовж байдаг юм. Тийм хүмүүсээс олон хүн Барухын адил, хариуцлагатай сүнслэг ах нарын хайрын сэтгэлээсээ өгдөг зөвлөгөөг хүлээн авдаг нь сайшаалтай (Лук 15:4–7). Тийм ээ, энэхүү тогтолцооны үед өөртөө «агуу зүйлсийг хайдаг» хэнд ч гэсэн ирээдүй байхгүй гэдгийг бид бүгдээрээ ухаарах ёстой. Тийм хүмүүс жинхэнэ аз жаргалыг эдэлж чаддаггүй бөгөөд түүнээс бүр дор юм нь гэвэл тэд тун удахгүй энэ ертөнц хийгээд түүний махан биеийн бүх хүсэл тачаалын хамт өнгөрөн одно (Матай 6:19, 20; 1 Иохан 2:15–17).
13. Барухын түүхээс даруу байх талаар ямар сургамж авч болох вэ?
13 Тэрчлэн Барухын түүх даруу байхад бидэнд их сургамж болдог. Ехова зөвлөгөөгөө шууд Барухт өгөлгүй, Иеремиагаар хэлүүлсэн бөгөөд Барух Иеремиагийн дутагдал болон зан авирын онцлогийг сайн мэддэг байсныг тэмдэглэх хэрэгтэй (Иеремиа 45:1, 2). Тэгсэн ч гэсэн, Барух бардам зан гаргалгүй, зөвлөгөөг үнэн хэрэгтээ Ехова өгч байгаа гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөрсөн (Шастирын дэд 26:3, 4, 16; Сургаалт үгс 18:12; 19:20). Тэгэхлээр, хэн нэг маань «ямар нэгэн буруу юманд эзэмдүүлээд», Бурхны Үгнээс шаардлагатай зөвлөгөө авбал Барухын төлөвшсөн байдал, сүнслэг зүйлийг ялган таних чадвар болон даруу занг дуурайцгаая (Галат 6:1).
14. Бидний дунд байгаа удирдах үүрэг хүлээсэн хүмүүст дуулгавартай байх нь яагаад ашигтай вэ?
14 Бид даруу байвал зөвлөгөө өгч байгаа хүмүүст маань бас тустай. Еврей 13:17-д: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг». «Эс тэгвэл та нарт хор хөнөөл болно» (ШЕ) гэж байдаг. Ахлагч нар хоньчны ажлын энэ хэцүү хэсгийг биелүүлэхэд шаардлагатай эр зориг, мэргэн ухаан, эв дүй гуйж, Еховад сэтгэлээ уудлан, хичнээн олон удаа залбирдаг гэж санана! «Тийм хүмүүсийг хүлээн зөвшөөрцгөөе» (1 Коринт 16:18).
15. а) Иеремиа Барухт итгэдгээ хэрхэн харуулсан бэ? б) Барух дуулгавартай байснаараа ямар шагнал хүртсэн бэ?
15 Хожим Иеремиагаас, өөрийнх нь хэлж бичүүлсэн шийтгэлийн тэр үгийг сүмд очиж чанга дуугаар унших маш хэцүү даалгавар авсан нь Барухыг бодол санаагаа засаж өөрчилснийг гэрчилдэг. Барух уг даалгаврыг биелүүлсэн үү? Тийм ээ, «эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу үйлджээ». Түүнээс гадна, тэр хуйлмал номыг Иерусалимын түшмэдэд уншиж өгсөн бөгөөд тийн уншихад багагүй эр зориг шаардагдсан нь эргэлзээгүй (Иеремиа 36:1–6, 8, 14, 15). Арван найман жилийн дараа вавилончууд хотыг эзлэхэд Барух амьд үлдсэндээ хичнээн баярласныг төсөөлөөд үзэгтүн. Учир нь тэрээр Еховагийн сануулгыг анхаарч, «өөртөө агуу зүйлсийг хайхаа» больсон юм (Иеремиа 39:1, 2, 11, 12; 43:6).
Бүслэлтийн үед дуулгавартай байснаараа аврагдсан нь
16. МЭӨ 607 онд вавилончууд Иерусалимыг бүслэхэд Ехова тэнд байсан иудейчүүдийг хэрхэн өрөвдсөн бэ?
16 Иерусалимын мөхөл тулж ирээд байсан МЭӨ 607 онд Бурхан дуулгавартай хүмүүсийг дахин өрөвдөн хайрласан. Бүслэлтийн ид үед Ехова иудейчүүдэд хандан: «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тогтоодог. Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад [вавилончуудад] бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө» хэмээн хэлжээ (Иеремиа 21:8, 9). Иерусалимын оршин суугчид үхвэл таарах хүмүүс байсан хэдий ч Ехова шийдвэрлэх, эцсийн мөчид ч гэсэн өөрт нь дуулгавартай хүмүүсийг өрөвдсөн *.
17. а) Ехова бүслэгдсэн иудейчүүдийг «халдеичуудад бууж өгөхийг» уриалах даалгавар Иеремиад өгснөөр түүний дуулгавартай байдал ямар хоёр асуудал дээр соригдсон бэ? б) Еховаг зоригтойгоор дагасан Иеремиагийн жишээ ямар ач холбогдолтой вэ?
17 Иудейчүүдийг бууж өгөхийг уриалах энэ даалгавар Иеремиагийн аль хэр дуулгавартайг сорьсон сорилт болсон нь эргэлзээгүй. Ийм даалгавар хүлээн авах нэг шалтгаан бол Иеремиа Бурхны нэрийн төлөө их зүтгэдэг байсан явдал юм. Тэрээр ялалт амжилтаа амьгүй шүтээнүүдийн ач гэж үздэг дайснуудаар Бурхны нэрийг бузарлуулахыг хүсээгүй (Иеремиа 50:2, 11; Иеремиагийн гашуудал 2:16). Түүнээс гадна, ард түмнийг бууж өгөхийг уриалах нь аминд халтай гэдгийг Иеремиа ойлгож байлаа. Учир нь олон хүн энэ уриалгыг өдөөн хатгалга гэж үзэх байв. Гэсэн хэдий ч, Иеремиа айж хулчийгаагүй, харин ч Еховагийн мэдэгдлийг дуулгавартайгаар тунхагласан билээ (Иеремиа 38:4, 17, 18). Бид ч мөн Иеремиагийн адил олон хүний дургүйг хүргэдэг мэдээ дэлгэрүүлдэг. Ийм л мэдээнээс болж хүмүүс Есүсийг үзэн ядсан билээ (Исаиа 53:3; Матай 24:9). «Хүнээс айлгүй», харин Иеремиа шиг Еховад бүрэн дүүрэн итгэж, түүнийг зоригтойгоор дагацгаая (Сургаалт үгс 29:25, ШЕ).
«Гогийн» довтолгооны үед дуулгавартай байх нь
18. Еховагийн үйлчлэгчид ирээдүйд дуулгавартай байдлын ямар сорилтод орох вэ?
18 Сатаны ёс бус тогтолцоо удахгүй, урьд хожид байгаагүй «агуу их гай гамшгаар» устгагдана (Матай 24:21). Энэ цаг болтол, мөн энэ гамшгийн үеэр Бурхны ард түмэн итгэлийн болоод дуулгавартай байдлын хүнд сорилтод орох нь эргэлзээгүй. Тухайлбал, Сатан «Магогийн газрын... Гогийн» дүрээр гарч ирээд, «газрыг бүрхэх үүл адил» «хүчирхэг цэргүүд» хэмээн дүрсэлсэн бүх хүчийг дайчлан, Еховагийн үйлчлэгчдийн эсрэг өргөн фронтоор довтолно гэж Библид байдаг (Езекиел 38:2, 14–16). Тоогоор цөөн, гартаа зэвсэггүй Бурхны ард түмэн, дуулгавартай хүмүүсийг хамгаалахаар дэлгэсэн Еховагийн «далавчин» доор хоргодох газар хайх болно.
19, 20. а) Улаан тэнгист болсон үйл явдлын үеэр израильчууд дуулгавартай байх нь ямар учраас амин чухал байсан бэ? б) Тэр үйл явдлыг эргэцүүлэн бодох нь өнөөдөр бидэнд ямар ач холбогдолтой байж болох вэ?
19 Энэ нөхцөл байдал израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөх үеийг санагдуулдаг. Ехова Египетийг сүйрлийн арван гамшгаар цохисныхоо дараа ард түмнээ Амласан газар уруу дөт замаар бус, харин довтлогч дайсан нь шахаж очоод амархан хөнөөж болох Улаан тэнгис уруу хөтлөн аваачсан. Цэргийн ухаанаар авч үзвэл энэ нь мөхөлд хүргэх алхам байлаа. Хэрэв та тэр үед тэнд байсан бол, Амласан газар өөр зүгт байгааг мэдсээр байж Мосегоор дамжуулан хэлсэн Еховагийн үгэнд орж, Улаан тэнгис уруу бүрэн итгэлтэйгээр явах байсан уу? (Египетээс гарсан нь 14:1–4).
20 «Египетээс гарсан нь» номын 14-р бүлгийг уншихад Ехова сүр хүчээ үзүүлэн, ард түмнээ хэрхэн чөлөөлсөн нь харагддаг. Тийм түүхийг судалж, эргэцүүлэхэд цаг гаргавал итгэлийг маань ихээхэн бэхжүүлэх нь дамжиггүй! (2 Петр 2:9). Харин, Еховагийн шаардлага хүний ухаан санаанд багтамгүй мэт санагдлаа ч, түүнд дуулгавартай байх хүчийг бат итгэл бидэнд өгдөг (Сургаалт үгс 3:5, 6). Тийм учраас та өөрөөсөө: «Би Библи хичээнгүйлэн судалж, залбирч, эргэцүүлэн бодож, тэрчлэн Бурхны ард түмэнтэй тогтмол харьцаатай байж, итгэлээ бэхжүүлэхийг хичээн чармайдаг уу?» гэж асуугаарай (Еврей 10:24, 25; 12:1–3).
Дуулгавартай байдал итгэл найдвар төрүүлдэг
21. Еховад дуулгавартай хүмүүс одоо ба ирээдүйд ямар ивээл хишиг хүртэх вэ?
21 Еховад дуулгавартай хүмүүс Сургаалт үгс 1:33-т: «Намайг сонсдог [Надад дуулгавартай] хүн аюулгүй байж, хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна» гэж байдгийн үнэн болохыг өнөөдөр ч гэсэн мэдэрдэг. Сэтгэл тайвшруулам эдгээр үг Еховагийн өшөө авах ирээдүйн тэр өдөр юутай гайхамшигтайгаар биелэх бол оо! Есүс шавь нартаа хандан: «Эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож, тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт [«аврал», ШЕ] ойртож байна» гэж хэлсэн (Лук 21:28). Бурханд дуулгавартай хүмүүс л энэ үгийг итгэлтэйгээр сахин биелүүлэх нь эргэлзээгүй (Матай 7:21).
22. а) Еховагийн ард түмэнд итгэлтэй байх ямар шалтгаан байдаг вэ? б) Дараагийн өгүүллээр юу хэлэлцэх вэ?
22 Итгэлтэй байх өөр нэг шалтгаан нь «Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ [зөнчдөдөө] Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй»-тэй холбоотой (Амос 3:7). Ехова өнөөдөр дээр үеийнх шиг үгээ зөнчдөөр дамжуулдаггүй. Харин гэрийнхэндээ цагт нь сүнслэг хоол унд өгүүлэхийн тулд зөнчдийн оронд «итгэмжит ухаалаг боолын» ангийг тавьсан (Матай 24:45–47). Тийм учраас, энэ «боолд» дуулгавартай байх нь туйлаас чухал! Түүнд дуулгавартай байх нь «боолын» эзэн, Есүст хандах хандлагыг маань илэрхийлдгийг дараагийн өгүүллээс үзнэ. «Хүмүүсийн дуулгавартай байдал» чухам түүнд хамаатай билээ (Эхлэл 49:10, ШЕ).
[Зүүлт]
^ Эм тахиаг гол төлөв аймхай амьтан гэж дүрсэлдэг. Гэхдээ амьтан хамгаалах нэгэн байгууллагаас эрхлэн гаргасан бүтээлд «эм тахиа дэгдээхийнүүдээ аюулаас хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцдэг» хэмээн бичжээ.
^ Хэдийгээр иудейчүүдийн зарим нь халдеичууд уруу «явж», амьд үлдсэн ч, тэд цөлөгдсөн гэж Иеремиа 38:19-д байдаг. Тэд Иеремиагийн үгийг хүлээж аваад бууж өгсөн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ тэдний амьд үлдсэн нь зөнчийн үг үнэн болохыг баталдаг.
Та санаж байна уу?
• Израильчууд дахин дахин дуулгаваргүй болж байсан нь ямар үр дүнд хүргэсэн бэ?
• Иоаш хааны нөхөд түүний залууд болон хожуу үед хэрхэн нөлөөлсөн бэ?
• Барухын түүхээс бид ямар сургамж авч болох вэ?
• Өнөөгийн тогтолцооны төгсгөл ойртсон энэ үед Еховагийн дуулгавартай ард түмэн юунаас ч айх хэрэггүйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]