Skip to content

Гарчиг руу орох

Ехова удахгүй

Ехова удахгүй

Ехова удахгүй

«Тэр [үзэгдэл] хэдий удах боловч түүнийг тэвчин хүлээгтүн! Учир нь энэ нь саадгүй биелнэ. Энэ нь хоцрохгүй» (ХАБАККУК 2:3, ШЕ).

1. Еховагийн ард түмэн ямар шийдвэр гаргасан бэ? Энэ нь тэднийг юу хийхэд хүргэсэн бэ?

 «БИ манааныхаа байранд зогсоно» гэж Бурхны зөнч Хабаккук хатуу шийджээ (Хабаккук 2:1). Еховагийн XX зууны ард түмэн ч мөн ийм шийдвэр гаргасан. Тийм ч учраас тэд 1922 оны 9-р сарын түүхэн чуулганаар гарсан: «Энэ бол хамгийн агуу өдөр. Харагтун, Хаан хаанчилж байна! Та нар бол Хааны төлөөлөгчид. Тиймээс Хаан ба түүний хаанчлалын тухай мэдээг тунхаглагтун! Тунхаглагтун! Тунхаглагтун!» гэсэн уриаг идэвхийлэн хүлээж авсан.

2. Тослогдсон христосын шашинтнууд Дэлхийн I дайны дараа илүү их идэвхтэй байдалд орсноороо юуг зарлан тунхагласан бэ?

2 Дэлхийн I дайны дараа Ехова тослогдсон үлдэгдлийг илүү их идэвхтэй болгосон. Тэгэхэд нь тэд бүгдээрээ Хабаккукийн нэгэн адил: «[Би] цамхаг дээр ажиглан сууна. ... Тэр надад юу айлдахыг нь би харуулдан хүлээнэ» хэмээн зарлан тунхагласан. «Харуулдах», «манаа» гэсэн утгатай еврей үг нь өөр олон зөгнөлд давтагддаг.

«Энэ нь хоцрохгүй»

3. Бид яагаад сонор сэрэмжтэй байх ёстой вэ?

3 Өнөөдөр Бурхны анхааруулгыг зарлан тунхагладаг Еховагийн Гэрчүүд Есүсийн агуу зөгнөлийн: «Тиймээс та нар сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзнийг хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Орой ч юм уу эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө ч байж болно. Гэнэт ирээд, тэр та нарыг унтаж байгаагаар бүү олог. Би та нарт хэлж байгаа нь бүгдэд хэлж байгаа юм. Сонор сэрэмжтэй байгтун» гэсэн сүүлчийн үгийг биелүүлэхдээ байнга бэлэн байх ёстой (Марк 13:35–37). Бид Хабаккукийн адил, мөн Есүсийн хэлсэн ёсоор сонор сэрэмжтэй байх ёстой!

4. Бидний байдал, МЭӨ 628 оны үеийн Хабаккукийн байдалтай юугаараа тохирч байна вэ?

4 Хабаккук Бабилоныг дэлхийн хүчирхэг гүрэн болохоос урьд, МЭӨ 628 онд номоо бичиж дуусгасан бололтой. Урван тэрслэгч Иерусалимыг шүүх тухай Еховагийн шийдвэр олон жилийн турш сонсогдож байсан боловч түүнийг чухам хэзээ гүйцэтгэхийг тодорхой заагаагүй байв. Тэр хүртэл ердөө л 21-хэн жил үлдсэн, Еховагийн тогтоол гүйцэтгэгч нь Бабилон байх болно гэж хэн санах билээ дээ? Үүнчлэн, өнөөдөр бид энэхүү тогтолцооны төгсгөлийн «өдөр, цагийг» мэдэхгүй боловч Есүс бидэнд: «Тиймээс та нар бэлэн бай. Учир нь Хүний Хүү та нарын бодоогүй цагт ирэх юм» гэж урьдчилан анхааруулсан буй (Матай 24:36, 44).

5. Ялангуяа Хабаккук 2:2, 3-т тэмдэглэгдсэн Бурхны үг ямар учраас урам хайрладаг вэ?

5 Ехова Хабаккукт: «Үзэгдлийг тэмдэглэгтүн! Уншигч нэг нь түүнийг тунхаглахын тулд, хавтан дээр сийлэн бич! Энэ үзэгдэл нь тогтоосон цагтай. Энэ нь төгсгөлийг зааж буй бөгөөд худал үг биш юм. Тэр хэдий удах боловч түүнийг тэвчин хүлээгтүн! Учир нь энэ нь саадгүй биелнэ. Энэ нь хоцрохгүй» гэсэн сэтгэл хөдөлгөсөн даалгаврыг дэмий нэг өгөөгүй (Хабаккук 2:2, 3, ШЕ). Өнөөдөр ёс бус байдал, хүчирхийлэл бүх дэлхий даяар газар авсан нь биднийг «Еховагийн агуу их аймшигт өдрийн» өмнөхөн амьдарч байгааг харуулж байна (Иоел 2:31, ШЕ). «Энэ нь хоцрохгүй» гэсэн Еховагийн өөрийн нь амлалт үнэхээр урам хайрласан үг юм!

6. Удахгүй ирэх, шүүх шийдвэр гүйцэтгэх өдрөөр яавал амьд үлдэж болох вэ?

6 Тэгвэл, удахгүй болох, шүүх шийдвэр гүйцэтгэх энэ өдрөөр яаж амьд үлдэх вэ? Ехова энэ асуултад: «Бардамнан онгирох нэгнийг үзэгтүн! Түүний доторх сэтгэл нь бузар юм. Харин шударга зөв хүн бол итгэлээр амьдарна» гэж хариулахдаа зөв ба зөв бус хүмүүсийн хоорондын ялгааг үзүүлсэн (Хабаккук 2:4). Их зантай, хомхой сэтгэлтэй удирдагчид болон ард түмэн дэлхийн хоёр дайн ба угсаатны цуст мөргөлдөөний үед гэм буруугүй сая сая хүний цусаар орчин үеийн түүхийн хуудсанд толбо суулгасан. Тэгвэл, үүний эсрэгээр, Бурхны энх тайванд дурлагч тослогдсон үйлчлэгчид үнэнч хэвээр байсаар байна. Тэд бол «үнэнийг сахигч, шударга хүмүүс» юм. Энэ хүмүүс «өөр хонинууд» болох нөхөдтэйгөө хамт «Үүрд мөнхөд Эзэнд [«Еховад», ШЕ] итгэгтүн. Учир нь Эзэн [«Ехова», ШЕ] Бурхан мөнхийн Хад мөн» гэсэн уриалгыг идэвхтэй дагадаг (Исаиа 26:2—4; Иохан 10:16).

7. Паулын «Хабаккук» номын 2:4-ийг ашигласнаас үүдэн дүгнэхэд бид юу хийх ёстой вэ?

7 Элч Паул христосын шашинтан еврейчүүдэд бичсэн захидалдаа Еховагийн ард түмэнд хандан: «Бурхны хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. Учир нь [«маш бага хугацаа байна», ШЕ] айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Тэр удахгүй. Харин Миний зөв хүн итгэлээр амьд байх бөгөөд хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнд тааламжтай байхгүй» хэмээн «Хабаккук» номын 2:4-өөс иш татжээ (Еврей 10:36—38). Одоо бол сулрах юм уу Сатаны дэлхийг зугаацуулдаг эд материалд урхидуулах цаг биш. Бид «маш бага хугацааг» дуустал юу хийх ёстой вэ? Паулын нэгэн адил Еховагийн ариун ард түмэн бид «урьдахь зүйлүүд уруугаа зүтгэн тэмүүлж», мөнхийн аминд хүрэхийн «төлөө бариа уруу нь гүйх» ёстой (Филиппой 3:13, 14). Мөн бид Есүс шиг өмнө маань тавьсан «баяр баясгалангийн оронд» тэвчих хэрэгтэй (Еврей 12:2).

8. «Хабаккук» номын 2:5-д гардаг «хүн» хэн бэ? Тэр хүний ажил яагаад урагшгүй байх вэ?

8 «Хабаккук» номын 2:5-д гардаг «ихэрхэг хүн» Еховагийн үйлчлэгчдээс эрс ялгаатай бөгөөд «үхэгсдийн орон [«Шеол», ШЕ] мэт шунхайрдагч» гэсэн зорилгодоо хүрч чаддаггүй. «Ханаж цадахгүй» энэ хүн хэн бэ? Улс төрийн хүчин болох фашист, нацист, коммунист болон демократ гэж нэрлэгсдээс бүрдсэн энэ нийлмэл «хүн» газар нутгаа өргөжүүлэх зорилгоор Хабаккукийн үеийн Бабилоны ховдог шунахай сэтгэлээр дайн хийдэг. Түүнчлэн тэрбээр «Шеол» буюу булшийг гэм буруугүй хүмүүсээр дүүргэдэг. Гэвч Сатаны дэлхийн өөртөө итгэлтэй байдалдаа согтсон энэ урвагч нийлмэл «хүн» «бүх үндэстнүүдийг өөртөө хураан, бүх хүмүүсийг нь боолчлон аваачих» ажилдаа урагш муутай байна. Зөвхөн Ехова Бурхан л бүх хүн төрөлхтнийг нэгтгэж чадах бөгөөд үүнийгээ Мэссиагийн Хаанчлалаар дамжуулан хийх болно (Матай 6:9, 10).

Таван «гаслангийн» эхнийх нь

9, 10. а) Цааш нь Ехова Хабаккукаар дамжуулж юуг зарлан тунхагласан бэ? б) Буруу замаар олсон олзны тухайд өнөөдөр байдал ямар байна вэ?

9 Цааш нь Ехова өөрийн зөнч Хабаккукаар дамжуулан таван төрлийн «гаслан» буюу дэлхийг Бурхны үнэнч үйлчлэгчдийн оршин суух газар болгон бэлтгэхэд биелэх ёстой 5 шийтгэлийг зарлан тунхагласан. Тэдгээр үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүс Еховагийн «сургаалт үлгэрйиг» хэлдэг. «Хабаккук» 2:6-д (ШЕ): «Бусдын юмаар хөлжигч нь гаслантай яа! Хэдий болтол тэр зээлээр тансаглах гэсэн юм бол?» гэсэн байдаг билээ.

10 Энд буруу замаар олсон олзыг хэлжээ. Дэлхий даяар бидний эргэн тойронд баян хүн улам баяжиж, ядуу нь улам ядуурсаар байна. Мансууруулах бодис наймаалагчид, луйварчид мөнгийг их хэмжээгээр хуримтлуулж байхад энгийн хүмүүс өлсөж байна. Статистикийн мэдээгээр дэлхийн хүн амын дөрөвний нэг нь туйлын ядуу амьдарч байгаа аж. Олон орны амьдралын нөхцөл нь дотор хирдхийлгэх боллоо. Дэлхий дээрх зөв шударга зүйлийг хүсэн мөрөөддөг тэдгээр хүмүүс: «Энэ шударга бус явдал „хэдий болтол“ өсөн нэмэгдсээр байх юм бэ!» хэмээн уулга алдаж байна. Гэвч төгсгөл нь хаяанд иржээ! Үнэхээр, үзэгдэл «хоцрохгүй».

11. Хабаккук, хүний асгарсан цусны талаар юу гэж хэлсэн бэ? Өнөөдөр дэлхийд маш их цус асгарсан гэж хэлж болохын учир юу вэ?

11 Зөнч, балмад муу хүнд хандан: «Олон үндэстнийг чи тонон дээрэмдсэн учир тэдгээр хүмүүсийн үлдэгсэд нь чамайг тонох болно. Учир нь чи хүмүүний цусыг урсгаж, газар нутгийг нь хүчирхийлэн хотуудыг нь оршин суугчидтай нь устгасан» гэв (Хабаккук 2:8). Өнөөдөр дэлхий дээр хэчнээн их цус урсаж байна вэ! Есүс: «Илд агсагч бүхэн илдээрээ хөнөөгдөнө» гэж шуудхан хэлсэн (Матай 26:52). Ганц XX зуунд л гэхэд аллагад оролцогч ард түмэн болон угсаатны бүлгүүд зуу гаруй сая хүний цусыг урсгасныхаа хариуцлагыг хүлээнэ. Гэм буруугүй хүмүүсийн цусыг урсгагчид гаслантай яа!

Хоёр дахь «гаслан»

12. Хабаккук хоёр дахь ямар «гаслангийн» талаар бичсэн бэ? Шударга бусаар олсон эд баялаг тус болдоггүй гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

12 «Хабаккук» номын 2:9–11-д бичигдсэн хоёр дахь «гаслан» нь «өндөр газарт үүрээ барихын тулд гэр орондоо ёс бусаар олз ашиг хураахыг улайран хүсдэг, тэгснээрээ гай зовлонгийн савраас аврагдахыг оролддог» хүмүүст тохиолдоно. Шударга бус аргаар олсон ашиг нь тусгүй гэдгийг дуулалч тодорхой хэлсэн буй. Тэрбээр: «Хүн улам баяжиж, гэр орны нь эд баялаг нэмэгдэх үед чи бүү ай! Тэр үхэхдээ юу ч авч явж чадахгүй. Сүр жавхлан нь ч түүнийг даган явж чадахгүй» гэжээ (Дуулал 49:16, 17). Учир иймээс: «Чи энэ үеийн баячуудад биеэ бүү тоо, эд хөрөнгөний итгэлгүй байдалд найдлага бүү тавь, харин жаргал цэнгэлийн учир бидэнд бүгдийг баян тансгаар өгөгч Бурханд найд хэмээн тушаа» гэсэн Паулын ухаалаг зөвлөгөөг дагах нь зөв өө (1 Тимот 6:17).

13. Ямар учраас бид Бурхны сануулгыг цаашид дэлгэрүүлэх хэрэгтэй вэ?

13 Бурхны шүүх шийтгэлийн талаарх мэдээг өнөөдөр зарлан тунхаглах нь юутай чухал бэ! Есүсийг «Эзний нэрээр ирэгч Хаан» хэмээн олон түмэн тунхаглахад нь зэвүүцэн байсан фарисайчуудад хандан Есүс: «Та нарт хэлнэ, хэрэв тэд дуугаа хураавал энэ чулуунууд хашгирах байлгүй» гэж хариулсан (Лүүк 19:38—40). Үүний адилаар, хэрэв өнөөдөр Еховагийн ард түмэн энэхүү дэлхийн муу үйлийг илчлээгүйсэн бол «хана хэрэмнээс чулуунууд хашхиралдах» байсан даа (Хабаккук 2:11). Бурхны сануулгыг цаашид зоригтойгоор дэлгэрүүлцгээе!

Гурав дахь «гаслан» ба цус урсгасны учир

14. Шашнууд хэрхэн цус урсгасныхаа төлөө хариуцлага хүлээх вэ?

14 Хабаккукийн зарласан гурав дахь «гаслан» нь цус урсгахад хэн буруутайн тухай асуудал юм. «Хабаккук» номын 2:12-т (ШЕ): «Цус урсган хот босгож, шударга бус явдлаар суурин байгуулагч нь гаслантай яа!» гэсэн байдаг. Эд юмсын энэ тогтолцооны үед шударга бус явдал, цус урсгах хоёр нь бие биетэйгээ байнга зэрэгцэж байдаг. Ялангуяа, түүхэнд хамгийн ихээр цус урсгасан ихэнх хэргийн хариуцлагыг шашнууд хүлээдэг. Өөрсдйигөө христосын шашинтнууд хэмээн нэрийдсэн бүлгийнхний зүгээс лалын шашинтнуудын эсрэг явуулсан «Загалмайтны аян даян», Испани болон Латин америк дахь католик «шашныхны залхаалт», Европын католик ба протестант шашинтнуудын хооронд гарсан «Гучин жилийн дайн», тэрчлэн манай зууны «Христосын шашны ертөнцөд» дэгдсэн, хамгийн их цус урсгасан дэлхийн хоёр дайныг санахад хангалттай.

15. а) Улс үндэстнүүд шашин хийдийн дэмжлэгтэйгээр болон зөвшөөрөлтэйгээр юу хийсээр байна вэ? б) Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ дэлхийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг эцэс болгож чадах уу?

15 Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн аюумшигтай хуудас бол хүмүүсийг үй олноор нь аймаглан устгасан явдал байлаа. Европт еврей үндэстэн болон гэм зэмгүй олон сая хүний амийг хөнөөсөн юм. Гэтэл дөнгөж саяхан л Франц дахь Ромын-католик шашны удирдлага олон зуун мянган хүнийг үхлийн камерт илгээж байхад нь эсэргүүцээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч улс гүрнүүд шашин хийдийн дэмжлэгтэйгээр болон зөвшөөрөлтэйгээр цус урсгахад бэлтгэсээр байна. Саяхан, олон улсын хэвлэл «Тайм» сэтгүүлд Оросын үнэн алдартны шашны тухай: «Сэргэн мандсан шашин урьд өмнө өөрийнх нь тухайд санаанд ч оромгүй байсан тэр салбар буюу оросын цэрэг зэвсгийн зориулалттай техникийн үйлдвэрлэлд ихэд нэр хүндтэй болжээ. [...] Сөнөөгч онгоцны нисэгч нарыг ба цэргийн хуаранг адислан ивээх нь ердийн хэрэг болжээ. Арваннэгдүгээр сард Москвагийн Даниловын сүмд (Оросын үнэн алдартны шашны удирдах төвд) лам хуваргууд оросын цөмийн зэвсгийг аравнайлжээ» гэж бичсэн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ дэлхий дээрх цэргийн зэвсэг техникийн эрчимтэй өсөлтийг зогсоож чадах болов уу? Юу л бол доо! Нобелийн шагналт нэгэн хүн Лондон хотын «Гардиан» сонинд өгсөн ярилцлагадаа: «НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн нь дэлхийг зэр зэвсгээр хангагч таван гол улс байгаа нь ихэд түгшүүртэй санагддаг» гэж тэмдэглэжээ.

16. Дайн тулааныг өдөөгч улс түмнүүдийг Ехова яах вэ?

16 Дайн тулааныг өдөөгч улс түмнүүдийг Ехова шийтгэх үү? «Хабаккук» номын 2:13-т: «Хүмүүсийн хөдөлмөр ердөө л галын цучил болж, улс үндэстнүүдийн махран зүтгэсэн нь талаар болсон нь үнэндээ түмэн цэргийн Эзнээс [«Еховагаас», ШЕ] болж байгаа бус уу?» «Түмэн цэргийн Ехова»! Тийм ээ, Ехова тэнгэрэлчүүдийн цэрэгтэй бөгөөд тэдний тусламжтайгаар дайнч ард түмнийг устгана!

17. Хүчирхийлэгч «улс үндэстнүүдийг» ялласны дараа Еховагийн тухай мэдлэг ямар хэмжээнд хүртэл дэлхийг дүүргэх вэ?

17 Ехова эдгээр хүчирхийлэгч «улс үндэстнүүдийг» ялласны дараа юу болох вэ? «Хабаккук» номын 2:14-т: «Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адил газар дэлхий Эзний суу алдрын мэдлэгээр дүүрэх болно» гэсэн хариулт бий. Яасан сайхан ирээдүй вэ! Хармагэдооноор Ехова бол хамгийн дээд эрх мэдэлтэн байх эрхтэй гэдэг нь үүрд батлагдах болно (Илчлэл 16:16). Тэрээр «хөлийнхөө гишгүүрийг» буюу бидний амьдардаг газар дэлхийг ивээнэ гэдгээ батлан хэлдэг (Исаиа 60:13). Хүн төрөлхтөн бүгдээрээ Бурхны амийн замд суралцах бөгөөд ингэснээр Еховагийн гайхамшигт санаа зорилгын тухай мэдлэг далай тэнгисийг дүүргэдэг устай адил болно.

Дөрөв, тавь дахь «гаслан»

18. Хабаккукаар дамжуулан хэлсэн дөрөв дэх «гаслан» нь юу байсан бэ? Энэ нь өнөөгийн дэлхийн ёс суртахууны байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?

18 «Хабаккук» 2:15-д (ШЕ) дөрөв дэх «гасланг» дараах үгсээр дүрслэн бичжээ. «Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан, хөршөө согтоогч нь гаслантай яа!» Энэ нь өнөөгийн дэлхийн садар явдал хийгээд гэмт хэргийн талаар өгүүлжээ. Юуг ч зөвшөөрдөг шашныхан уг садар явдлыг дэмжсэнээр түүнд хэмжээ хязгаар гэж үгүй болжээ. Тэгээд садар явдлын уршгаар ДОХ гэх мэтийн бэлгийн замаар халддаг өвчнүүд дэлхий даяар газар авчээ. Еховаг алдаршуулахын оронд ашиг сонирхлоо л бүхнээс дээгүүр тавьдаг өнөөгийн хүн төрөлхтөн садар явдлын балчиг шавартаа улам улам шигдэж, Еховагийн шүүх өдрөөр сөнөх цаг нь улам бүр ойртсоор байна. Энэхүү ёс бус дэлхий «хүндэтгэл хүлээхийн оронд доромжлол амсах» бөгөөд удахгүй, энэхүү дэлхийнхний тухайд Бурхны хүсэл тааллын бэлгэдэл болсон Еховагийн «уур хилэнгийн аяганаас» уух болно. Тэгээд «ичгүүр гутамшиг түүний алдрыг нөмрөн хучих болно» (Хабаккук 2:16).

19. Тав дахь «гаслангийн» тухай хэлсэн Хабаккукийн үг нь юунд хандсан бэ? Ямар учраас эдгээр үг өнөөдөр илүү чухал бэ?

19 Тав дахь «гаслан» хиймэл шүтээн шүтэхийг буруушаасан байна. Ехова зөнчдөө: «Модны тайрдсанд хандан ”Сэрээч!“ хэмээн хэлж, мөлгөр дүлий чулууг ”Босооч“ хэмээн гуйгч нь гаслантай яа! Тэдгээр мод чулуу нь чамд багш болж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт мөнгөөр бүрүүлсэн дотроо амьгүй эд зүйлс шүү дээ» хэмээсэн хатуу үг хэлэхийг тушаасан байна (Хабаккук 2:19, ШЕ). Өнөөг хүртэл «христосын шашинтнууд» ч, харь үндэстнүүд ч загалмайд цовлогдсон Христ, Есүсийн эх Мариа, тэрчлэн өөр бусад хүн хийгээд амьтны дүрстэй хиймэл шүтээнийг шүтдэг. Гэвч энэ бүхнээс нэг нь ч сэрж Еховагийн шүүхээс шүтэгчдээ аварч чадахгүй юм. Тэднийг бүрсэн алт мөнгө нь мөнхийн Бурхан Еховагийн сүр алдар хийгээд амьд бүтээлүүдийнх нь алдартай харьцуулахад юу ч биш ээ. Түүний хосгүй нэрийг мөнхөд магтан алдаршуулцгаая!

20. Ямар дуганы байгууламжид баяртайгаар үйлчлэх нэр төртэй хэрэг бидэнд оногдсон бэ?

20 Тийм ээ, бидний Бурхан Ехова үнэхээр магтаал хүртэх эрхтэй билээ. Түүнийг гүнээ шүтэн биширч, хиймэл шүтээнтэй холбогдуулан хэлсэн сануулгыг нь санаж явцгаая! Гэвч сонсогтун! Ехова: «Харин ганцхан Эзэн л Өөрийн ариун дугандаа заларсан юм. Бүх дэлхий түүний өмнө дуугүй байгтун!» хэмээн хэлсээр байна (Хабакукк 2:20). Зөнч Иерусалимын дуганыг хэлсэн нь эргэлзээгүй. Гэхдээ өнөөдөр Ахлах тахилчаар нь бидний Эзэн Есүс Христ томилогдсон, илүү агуу сүнслэг дуганы байгууламжид үйлчлэх нэр төртэй хэрэг бидэнд оногджээ. Бид дуганы дэлхийн хашаанд агуу нэрийнхээ бүрэн эрхийн дагуу хүртэх ёстой алдар хүндийг нь Еховад өргөн цугларч, үйлчилж, залбирдаг. Бид хайрт тэнгэрийн Эцэгтээ үнэнчээр үйлчлэх нь юутай их баяр баясгалан бэ!

Та санаж байна уу?

• «Энэ нь хоцрохгүй» гэсэн Еховагийн үгийг та юу гэж үзэж байна вэ?

• Хабаккукийн зарлан тунхагласан «гаслангууд» өнөөдөр ямар ач холбогдолтой вэ?

• Ямар учраас бид Еховагийн сануулгыг цаашид дэлгэрүүлэх ёстой вэ?

• Ямар дуганы хашаанд үйлчлэх нэр төртэй хэрэг бидэнд оногдсон бэ?

[Догол мөрийн асуулт]