Skip to content

Гарчиг руу орох

Биелсэн зөгнөлүүд

Биелсэн зөгнөлүүд

Делфийн зөнчийн үгэнд итгээд Персийн нэгэн хаанд ялагдсан Кроесусын түүхийг бид өмнө нь дурдсан. Харин Библид Персийн тэр хааны тухай онцлууштай зөгнөл бичсэн байдаг. Энэ зөгнөлийн жижиг сажиг зүйл нь хүртэл яг таг биелсэн.

200 орчим жилийн өмнө, Кореш (Кир) гэдэг хааныг төрөхөөс ч өмнө нэрийг нь хэлж, хүчирхэг Вавилон хотыг хэрхэн эзлэхийг еврей зөнч Исаиа зөгнөсөн.

Исаиа 44:24, 27, 28: «ЭЗЭН үүнийг айлдаж байна. ... Би тэнгисийн усанд хандан “Хатагтун. Би та нарын голуудыг ширгээнэ” гэж айлдсан. Би Корешт хандан “Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ” гэв. Тэр Иерусалимд хандан “Чи босгогдоно”, мөн сүмд хандан “Чиний суурь тавигдана” гэж айлдана».

Грекийн түүхч Геродотын тэмдэглэснээр Кирийн арми Вавилон хотын дундуур урсаж байсан Евфрат мөрний усны урсгалыг өөрчилдөг. Үүний ачаар цэргүүд нь голны голдрил даган хот руу орж амжжээ. Кир хотыг эзэлснийхээ дараа Вавилонд байсан иудейчүүдийг эх нутаг руу нь явуулж, 70 жилийн өмнө устсан Иерусалим хотыг сэргээн босгохыг тушаасан юм.

Исаиа 45:1: «ЭЗЭН хаадын хуяг дуулгыг алдууруулж, өмнө нь хүмүүс захирагдахын тулд баруун гартаа барьсан, дааман хаалганууд нь үл хаагдахын тулд өмнө нь хаалгуудыг дэлгэсэн, Өөрийн тослогдсон Корешт хандаж ...»

Хоёр давхар дааман хаалга нь онгорхой байж таараад персүүд түүгээр хот руу ордог. Вавилончууд Кирийн төлөвлөгөөг мэдэж байсан бол бүх хаалгаа хаах байсан биз ээ. Гэвч хот ямар ч харуул, хамгаалалтгүй байв.

Энэ гайхалтай зөгнөл бол баараггүй биелсэн Библийн олон зөгнөлийн нэг юм. a Хүний таамаг, бурхдын айлдваруудаас ялгаатай нь Библийн зөгнөл жинхэнэ Бурхнаас эхтэй. Тэрбээр: «Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» гэж хэлдэг (Исаиа 46:10).

Жинхэнэ Бурхан л ингэж хэлж чадна. Түүний нэрийг Ехова гэдэг. Энэхүү нэр «Тэр болгодог» гэсэн утгатай бололтой. Энэ нь ирээдүйг мэдэж, хүслийнхээ дагуу болгох чадвартайг харуулдаг. Тиймээс бид амласан бүхнээ биелүүлнэ гэдэгт нь итгэлтэй байж болно.

ӨНӨӨ ҮЕД БИЕЛЖ БАЙГАА ЗӨГНӨЛҮҮД

Библид бидний амьдарч байгаа цаг үеийн тухай юу гэж зөгнөсөн байдгийг та мэдмээр байна уу? 2 000 жилийн өмнө Библид «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ» гэдгийг зөгнөсөн. Юуны эцэс вэ? Дэлхий сөнөх юм уу хүн төрөлхтөн устаж үгүй болно гэсэн үг биш ээ. Хүн төрөлхтнийг олон мянган жил зовоож байгаа тэмцэл мөргөлдөөн, дарлал мөлжлөг, гай зовлонгийн эцэс юм. Эцсийн өдрүүдийн тухай хэдэн зөгнөлийг авч үзье.

2 Тимот 3:1–5: «Эцсийн өдрүүдэд ... хүмүүс аминч, мөнгөнд дуртай, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ захирагддаггүй, талархдаггүй, үнэнч бус, хүнийг хайрладаггүй, эвлэршгүй, гүжирдэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг, Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог, сүсэгтэй хүний дүртэй ч, сүсэг бишрэлийнхээ дагуу амьдардаггүй болно».

Ийм зан авиртай хүмүүс өнөө үед их болсон гэдэгтэй та санал нийлэх үү? Эргэн тойрны хүмүүс маань аминч, мөнгөнд дуртай, бардам ихэмсэг болж байгааг та анзаарсан уу? Хатуу сэтгэлтэй, бусдыг сонсдоггүй хүн их болсон байгаа биз? Хүүхдүүд эцэг эхдээ дуулгаваргүй болж, хүмүүсийн ихэнх нь Бурхныг хайрлахаас илүү зугаацаж цэнгэхийг л боддог болоод байгаа шүү дээ. Ийм хүмүүс улам л ихсэж байна.

Матай 24:6, 7: «Та нар дайтах чимээ болон дайны сураг сонсоно. ... Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтна».

1914 оноос хойш дайн, тэмцэл мөргөлдөөнд амь үрэгдсэн хүний тоо 100 сая давсан гэсэн тооцоо бий. Энэ тоо олон улс орны хүн амаас хол давдаг. Энэ их тооны цаана ямар их нулимс, уй гашуу, гуниг зовлон байдгийг төсөөлөхийн аргагүй. Үндэстнүүд түүхээс сургамж аваад дайтахаа больсон уу?

Матай 24:7: «Өлсгөлөн болно».

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээлснээр «Дэлхий маань бүх хүнийг тэжээх хангалттай хоол хүнстэй боловч 815 сая хүн буюу 9 хүн тутмын 1 нь хоосон ходоодтой хоног төөрүүлж байна. Тэр бүү хэл 3 хүн тутмын 1 нь ямар нэг байдлаар хоол тэжээлийн дутагдалтай явдаг байна». Бас жил бүр 3 сая хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж үхдэг гэсэн тоо баримт бий.

Лук 21:11: «Газар хүчтэй хөдөлнө».

Жил бүр хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт 50 000 орчим болдог. Тэр дундаа байшин барилгад эвдрэл үүсгэх хүчтэй газар хөдлөлт 100 орчим болдог бол асар их хэмжээний сүйрэл дагуулсан газар хөдлөлт нэг удаа болдог байна. 1975–2000 оны хооронд газар хөдлөлтийн уршгаар 471 000 хүн амь насаа алдсан гэсэн тоо баримт бий.

Матай 24:14: «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ».

Дэлхий дахины 240 орчим улс болон газар нутагт 8 сая гаруй Еховагийн Гэрч Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг гэрчлэх ажилд оролцдог. Еховагийн Гэрчүүд хүн ихтэй хот, алс бөглүү тосгон, ширэнгэн ой, уул хад гээд хаа сайгүй дэлгэрүүлдэг. Зөгнөл ёсоор Бурхныг «Одоо боллоо» гэж хэлэх хүртэл энэ ажил явагдаад «төгсгөл ирнэ». Энэ юу гэсэн үг вэ? Бурхны Хаант төр дэлхийг захирч эхлэхэд хүний засаглал дуусна гэсэн үг. Бурхны Хаант төр захирахад юу юу болох вэ? Дараагийн өгүүллээс мэдэж авъя.

a «Зөгнөл биелдгийг баталдаг гэрч» гэсэн өгүүллийг үзнэ үү.