ОХИД ХӨВГҮҮД
10. Итгэл даах
ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
Итгэл даадаг хүнд эцэг эх, найз нөхөд, ажил олгогч нь найддаг. Тийм хүн дүрэм журам сахидаг, амласандаа хүрдэг, үргэлж үнэнийг хэлдэг.
ЯАГААД ЧУХАЛ БЭ?
Бусдын итгэлийг хүлээдэг хүн илүү эрх чөлөө эдэлдэг нь амьдрал дээр харагддаг.
«Аав ээжийнхээ итгэлийг олъё гэвэл тэднийхээ дэргэд ч эзгүйд ч хариуцлагатай, том хүн шиг байх хэрэгтэй»—Сараи.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Өөрсдийгөө баталж бай» (2 Коринт 13:5).
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Илүү их итгэл хүлээхийг хүсэх юм уу, хүний итгэлийг дахин олж авмаар байвал дараах алхмыг хийгээрэй.
Шударга байгаарай. Худал хэлэх юм бол хүмүүс чамд итгэхээ болино. Нөгөөтээгүүр, гаргасан алдаагаа нууж хаалгүй хэлж, шударга байвал бусдын итгэлийг хүлээнэ.
«Жирийн үед шударга байх амархан л даа. Гэхдээ муу нэр зүүчих гээд байгаа юм шиг санагдсан ч үнэнээ хэлбэл хүмүүс чамд илүү итгэнэ»—Кэймэн.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Бид үргэлж шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18).
Найдвартай хүн болоорой. АНУ-д явуулсан нэгэн судалгаагаар, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 78 хувь нь «ажилд авах гурван гол шалгуурын нэг нь» итгэл даахуйц байх гэж үзжээ. Найдвартай хүн болохыг одооноос хичээвэл том болоход чинь хэрэг болно.
«Би шаардуулахгүйгээр гэрийн ажлаа, хариуцсан юмаа сайн хийхлээр аав ээж маань анзаардаг. Санаачилгатай байх тусам надад бүр илүү итгэдэг»—Сара.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Гуйлтыг минь биелүүлнэ гэдэгт итгэж байгаа ... . Үнэндээ бол чи үүнээс ч илүүг хийх хүн мөн» (Филемон 21).
Тэвчээртэй бай. Өсөж томорч байгаа чинь хүмүүст шууд анзаарагддаг ч төлөвшиж хариуцлагатай хүн болж байгаа чинь шууд анзаарагдахгүй.
«Ганц удаа сайн юм хийгээд эцэг эх юм уу бусад хүний итгэлийг олно гэж юу л бол. Харин хариуцлагатай хүн гэдэг чинь цаг үргэлж харагддаг бол яваандаа чи тэдний итгэлийг олно»—Брэндон.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Тэвчээрийг өмс» (Колосай 3:12).