Таны мэдлэгт
Белшазарын үүргийг нотлох археологийн ямар дурсгал байдаг вэ?
БИБЛИЙГ шүүмжлэгчид «Даниел» номд гардаг Белшазар хааныг хэзээ ч байгаагүй гэж олон жил ярьсан (Дан. 5:1). Ийм хүн үнэхээр байсныг батлах археологийн дурсгал байгаагүй учраас тэд ингэж үздэг байв. Харин 1854 онд байдал өөрчлөгдсөн. Яагаад?
1854 онд Британийн консул Ж. Ж. Тейлор одоогийн Иракийн өмнөд хэсэгт орших эртний Ур хотын туурийг судалж байхдаа нэг том цамхаг дотроос хэдэн шавар цилиндр олжээ. Шаантаг бичиг сийлсэн, тус бүр нь 10 сантиметрийн урттай уг цилиндрүүдийн нэг дээр Вавилоны хаан Набонид, түүний ууган хүү Белшазарыг урт наслаасай хэмээсэн залбирал бичсэн байжээ. Энэ олдвор нь Белшазар гэдэг хүн байсныг баараггүй нотолдог тул шүүмжлэгчид хүртэл хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм.
Белшазар нь бодит хүн төдийгүй хаан байсныг Библид бичжээ. Харин шүүмжлэгчид үүнд итгэдэггүй байв. Тухайлбал, 19-р зууны Английн эрдэмтэн Виллиам Талбот бичихдээ, «Бел-сар-уссур [Белшазар] эцэг Набонидтайгаа хамт захирч байсан гэж ярьдаг л юм. Үүнийг батлах ямар ч баримт байдаггүй» гэжээ.
Уг маргаан шийдэгдсэн юм. Белшазарын эцэг Набонидыг Вавилонд хэдэн жил байгаагүйг батлах бичээс бүхий өөр цилиндрүүд олджээ. Набонид хааны эзгүйд хэн захирч байсан бэ? «Британника нэвтэрхий толь»-д бичсэнээр, «Набонид олзлогдохдоо хаан ширээ, цэргийн гол хүчээ Белшазарт даатгаж үлдээсэн» ажээ. Тэгэхээр, Белшазар тэр хугацаанд Вавилонд байж, хааны үүргийг гүйцэтгэсэн хэрэг. Археологич, хэл шинжлэлч Алан Миллард: «“Даниел” номд Белшазарыг “хаан” гэсэн нь зөв юм» хэмээн бичжээ.
«Даниел» номыг Бурхан бичүүлсэн бөгөөд энэ номд бүрэн итгэж болно гэсэн нотолгоо Библид байдаг. Үүнийг Бурхны үйлчлэгчид бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг (2 Тим. 3:16).