Skip to content

Гарчиг руу орох

Золиос бол Эцгээс ирсэн «төгс бэлэг» мөн

Золиос бол Эцгээс ирсэн «төгс бэлэг» мөн

«Аливаа төгс бэлэг нь ... Эцэгээс ... ирдэг» (ИАК. 1:17).

ДУУ: 148, 5

1. Золиосын ачаар ямар боломж нээгдсэн бэ?

ЕСҮС ХРИСТ амиа золиосолсноор янз бүрийн ивээл хүртэх үүд хаалга хүн төрөлхтний өмнө нээгдсэн юм. Жишээлбэл зөв шударгыг хайрладаг бүх хүн золиосын ачаар Бурхны гэр бүлд багтах завшаантай болсон. Түүнээс гадна үүрд мөнх аз жаргалтай амьдрах боломж бүрдсэн. Гэхдээ Христийн золиос дуулгавартай хүн төрөлхтний хүртэх ивээлээс илүү чухал зүйлийг өгнө. Есүс амиа дуртайяа золиосолсон нь тэнгэр газар дээрх хэн бүхэнд хамаатай маш чухал асуудалтай холбоотой (Евр. 1:8, 9).

2. а) Есүсийн заасан залбирлаас тэнгэр газар дээрх хэн бүхэнд хамаатай ямар чухал асуудал харагддаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Одоо юуны тухай ярилцах вэ?

2 Есүс амиа золиослохоосоо хоёр жилийн өмнө шавь нартаа «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж залбирч байхыг захижээ (Мат. 6:9, 10). Золиос нь Бурхны нэр ариусах, Бурхны Хаанчлал захирах, Бурхны санаа зорилго биелэхтэй ямар холбоотойг ярилцаж золиосын төлөө улам их талархдаг болцгооё.

«ТАНЫ НЭР АРИУНААР ДУУРСГАГДАГ»

3. Еховагийн нэр юу хэлж өгдөг вэ? Сатан Еховагийн ариун нэрийг хэрхэн гутаасан бэ?

3 Есүс жишээ залбиралдаа хамгийн түрүүнд Бурхны нэр ариусах тухай дурдсан. Ехова гэж хэн бэ гэдгийг нэр нь хэлж өгдөг. Ехова бол хамгийн агуу, хамгийн дээд эрх мэдэлтэй, ариун Нэгэн билээ. Есүс нэг удаа залбирахдаа Еховаг «Ариун Аав» гэж дуудсан (Иох. 17:11). Ехова ариун учраас бүх хууль, зарчим нь бас ариун. Гэсэн ч Сатан зальжин аргаар Еватай ярихдаа Бурхан хүмүүст хэм хэмжээ тогтоох эрхтэй юү гэж асуусан. Ийнхүү Еховагийн талаар худал хэлж ариун нэрийг нь гутаажээ (Эх. 3:1–5).

4. Есүс Еховагийн нэрийг хэрхэн ариусгасан бэ?

4 Харин Есүс Еховагийн нэрийг үнэн сэтгэлээсээ хайрладаг байв (Иох. 17:25, 26). Тэрээр Бурхны нэрийг ариусгахын төлөө чадах бүхнээ хийжээ (Дуулал 40:8–10-ыг уншина). Ехова оюун ухаант бүтээлүүддээ зориулж хэм хэмжээ тогтоох нь зөв бөгөөд ухаалаг хэрэг гэдгийг Есүс дэлхий дээрх амьдрал, үйл хэргээрээ баталсан. Сатанаас болоод тарчилж үхэх болсон ч тэнгэрийн Эцэгтээ чин үнэнч байсан. Төгс хүн Бурхны тогтоосон хэм хэмжээг гуйвалгүй сахиж чаддагийг ийнхүү баталжээ.

5. Бид Бурхны нэрийг хэрхэн ариусгаж болох вэ?

5 Тэгвэл бид Еховагийн нэрийг хайрладгаа хэрхэн батлах вэ? Биеэ зөв авч явах хэрэгтэй. Ехова биднийг ариун байгаасай гэж хүсдэг (1 Петр 1:15, 16-г уншина). Энэ нь зөвхөн Еховаг шүтэж, бүхий л зүрх сэтгэлээсээ түүнд дуулгавартай байна гэсэн үг. Хавчигдаж дарамтлагдсан ч Еховагийн хууль, зарчмын дагуу амьдрахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Сайн үйлсээрээ гэрэлтэж явбал Еховагийн нэр алдаршина (Мат. 5:14–16). Бид ариун байвал Еховагийн тогтоосон хууль зөв, Сатаны хэлсэн үг худал гэдэг нь батлагдана. Төгс хүн гэж байхгүй учраас алдаа гаргах нь мэдээж. Гэхдээ тийм үед чин сэтгэлээсээ гэмшиж, Еховагийн нэрийг гутаасан үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй (Дуу. 79:9).

6. Ехова төгс бус биднийг яагаад зөв шударга гэж үздэг вэ?

6 Ехова золиосын үндсэн дээр үйлчлэгчдийнхээ нүглийг хэлтрүүлдэг. Амь амьдралаа өөрт нь зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн хүмүүсийг гэр бүлдээ хүлээж авдаг. Ехова бүх үйлчлэгчээ зөв шударга хэмээн үзэж тослогдсон хүмүүсийг хөвгүүдээ, харин «өөр хонинуудыг» анд нөхдөө гэж тунхагладаг (Иох. 10:16, ШГ; Ром 5:1, 2; Иак. 2:21–25). Тийм болохоор золиосын ачаар бид одоо ч тэнгэрийн Эцэгтэйгээ сайн харьцаатай байж, нэрийг нь ариусгах боломжтой.

«ТАНЫ ХААНЧЛАЛ ИРЭХ БОЛТУГАЙ»

7. Бурхны Хаанчлал золиосын ачаар ямар ивээлийг хүн төрөлхтөнд хүртээх вэ?

7 Есүс жишээ залбиралдаа «Таны хаанчлал ирэх болтугай» гэсэн. Золиос Бурхны Хаанчлалтай ямар холбоотой вэ? Тэнгэрт Христтэй хамт хаан, тахилч болж Бурхны Хаанчлалыг бүрдүүлэх 144 000 хүнийг золиосын ачаар цуглуулах боломжтой болсон (Илч. 5:9, 10; 14:1). Есүс болон тэр захирагчид дуулгавартай хүн төрөлхтнийг 1 000 жил удирдаж золиосын ач тусыг хүртээнэ. Дэлхийг диваажин болгож, бүх хүнийг төгс болгоно. Эцэст нь тэнгэр газар дээрх Еховагийн үйлчлэгчид бүгдээрээ нэг гэр бүл болж нэгдэнэ (Илч. 5:13; 20:6). Есүс могойн толгойг няцалж, Сатаны өдүүлсэн тэрс явдлын ул мөрийг орчлонт ертөнцөөс арилгана (Эх. 3:15).

8. а) Бурхны Хаанчлал хэчнээн чухал болохыг Есүс шавь нартаа хэрхэн ойлгуулсан бэ? б) Бид Хаанчлалын үнэнч иргэд гэдгээ хэрхэн батлах вэ?

8 Бурхны Хаанчлал хэчнээн чухал болохыг Есүс дэлхий дээр байхдаа шавь нартаа ойлгуулжээ. Тэрээр баптисм хүртээд удаагүй байхдаа Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хаа сайгүй тунхаглаж эхэлсэн (Лук 4:43). Тэнгэрт буцахаасаа өмнө шавь нартаа эцсийн удаа үг хэлэхдээ «Дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчил» хэмээн захижээ (Үйлс 1:6–8). Дэлхий даяар Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын үрээр хүмүүс золиосын тухай мэдэж, Бурхны Хаанчлалын иргэн болох боломжтой. Бид Хаанчлалын үнэнч иргэд учраас Христийн тослогдсон ах дүүд тусалж Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд оролцдог (Мат. 24:14; 25:40).

«ХҮСЭЛ ТАНЬ ... БИЕЛЭГДЭХ БОЛТУГАЙ»

9. Ехова хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо биелүүлнэ гэдэгт яагаад итгэж болох вэ?

9 Есүс дараа нь «Хүсэл тань ... биелэгдэх болтугай» гэж хэлсэн. Энэ нь ямар утгатай вэ? Ехова бол Бүтээгч. Түүний амнаас гарсан үг заавал биелдэг (Ис. 55:11). Сатаны өдүүлсэн тэрс явдал Еховагийн санаа зорилго биелэхэд саад болохгүй. Дэлхийг Адам Ева хоёрын төгс үр хүүхдээр дүүргэхийг Ехова анхнаасаа хүсэж байсан (Эх. 1:28). Хэрэв Адам Ева хоёр хүүхэд гаргалгүй үхсэн бол тэр санаа зорилго нь талаар болох байв. Тийм учраас тэднийг нүгэл үйлдсэнийх нь дараа хүүхэд төрүүлэхийг нь зөвшөөрчээ. Итгэлээ үйл хэргээрээ харуулдаг бүх хүн золиосын ачаар төгс болж, диваажин дэлхийд мөнх амьдрах боломжтой болсон. Ехова хүмүүст хайртай. Дуулгавартай хүмүүсийг анхны санаа зорилгынхоо дагуу амьдруулах нь Еховагийн хүсэл юм.

10. Нас барагсдад золиос ямар ач тустай вэ?

10 Тэгвэл Еховагийн тухай мэдэж, түүнд үйлчлэх боломж олдолгүй нас барсан өчнөөн тэрбум хүн яах бол? Золиосын ачаар амилна. Хайртай тэнгэрийн Эцэг маань тэднийг амилуулж санаа зорилгоо мэдүүлж, мөнх амьдрах боломж олгоно (Үйлс 24:15). Ехова хүмүүсийг амьд байгаасай, битгий үхээсэй гэж хүсдэг. Амийн Эх булаг учраас амилсан бүх хүний Эцэг нь болно (Дуу. 36:9). Тийм учраас Есүс «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь» гэж залбирч байхыг заасан нь зөв юм (Мат. 6:9). Нас барагсдыг амилуулах маш чухал үүргийг Ехова Есүст өгсөн (Иох. 6:40, 44). Есүс: «Би бол амилалт ба амь мөн» гэж хэлсэн байдаг. Тэрээр энэ амлалтаа диваажинд биелүүлнэ (Иох. 11:25).

11. Бурхан «үй олон хүнээс» юу хүсдэг вэ?

11 Ехова хүн бүрийг гэр бүлийнхээ гишүүн болохыг урьдаг. «Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм» гэж Есүс хэлсэн (Марк 3:35). Бурхны хүсэл бол «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүнийг» үйлчлэгчээ болгох юм. Христийн золиост итгэж, Бурхны хүслийн дагуу амьдардаг тэр хүмүүс: «Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг» хэмээн хашхирна (Илч. 7:9, 10).

12. Хүн төрөлхтний талаарх Еховагийн санаа зорилго Есүсийн хэлсэн жишээ залбирлаас хэрхэн харагддаг вэ?

12 Хүн төрөлхтний талаарх Еховагийн санаа зорилго Есүсийн хэлсэн жишээ залбирлаас харагддаг. Бид энэ залбирлын дагуу Еховаг хүндэтгэж, нэрийг нь ариусгахын төлөө чадах бүхнээ хийх ёстой (Ис. 8:13). Есүсийн нэр «Ехова бол Аврал» гэсэн утгатай. Тэгэхлээр золиосын ачаар бид аврагдаж, Бурхны нэр алдаршина. Бурхны Хаанчлал дуулгавартай хүн төрөлхтөнд золиосын ач тусыг хүртээнэ. Хүсэл тааллаа биелүүлэхэд нь Бурханд хэн ч, юу ч саад болж чадахгүйг жишээ залбирал баталдаг (Дуу. 135:6; Ис. 46:9, 10).

ЗОЛИОСЫН ТӨЛӨӨ ХЭРХЭН ТАЛАРХАХ ВЭ?

13. Хүн баптисм хүртсэнээрээ юу харуулдаг вэ?

13 Золиосын төлөө талархлаа илэрхийлэх нэг чухал арга нь золиост итгэсний үндсэн дээр Еховад өөрийгөө зориулж, дараа нь баптисм хүртэх юм. Баптисм хүртэж байгаа нь Еховагийнх болсон гэдгээ харуулж байгаа хэрэг (Ром 14:8). Бас «сайн мөс чанартай» болгож өгөөч гэж гуйж байна гэсэн үг (1 Петр 3:21). Ехова ингэж гуйсан хүнийг Есүсийн асгаруулсан цусаар цэвэрлэдэг. Амласан бүхнээ өгнө гэдэгт нь бид туйлын итгэлтэй байдаг (Ром 8:32).

Золиосын төлөө талархдаг хүн юу хийдэг вэ? (13, 14-р догол мөрийг үзээрэй)

14. Ехова бидэнд яагаад хөршөө хайрлахыг тушаасан бэ?

14 Золиосын төлөө талархлаа илэрхийлэх өөр ямар арга байдаг вэ? Ехова бүх зүйлийг хайрандаа хөтлөгдөж хийдэг учраас үйлчлэгчдээ бас хайраа илэрхийлдэг байгаасай гэж хүсдэг (1 Иох. 4:8–11). Хэрэв бид хөршөө хайрладаг бол «тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд» болохыг хүсдэгийн шинж юм (Мат. 5:43–48). Хамгийн агуу хоёр тушаалын эхнийх нь Еховаг хайрлах, хоёр дахь нь хөршөө хайрлах билээ (Мат. 22:37–40). Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүл гэсэн тушаалыг дагадаг бол хөршөө хайрлаж байна гэсэн үг. Хүмүүст хайраа илэрхийлдэг бол Бурхнаа алдаршуулна. Бусдыг, ялангуяа итгэл нэгтнүүдээ хайрла гэсэн тушаалыг дагадаг бол Бурхныг хайрлах хайр маань «бүрэн төгс болно» (1 Иох. 4:12, 20).

ЕХОВА ЗОЛИОСЫН АЧААР ИВЭЭЛ ХҮРТЭЭНЭ

15. а) Ехова биднийг одоо яаж ивээдэг вэ? б) Ирээдүйд бид ямар ивээл хүртэх вэ?

15 Золиост итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг хүнийг Бурхан бүрмөсөн уучилдаг. Бид «нүглүүдээсээ салж» чадна гэдгийг Бурхны Үг баталдаг (Үйлс 3:19–21-ийг уншина). Дээр ярьсанчлан, Ехова сүнсээр тослогдсон үйлчлэгчдээ золиосын үндсэн дээр үрчилж авдаг (Ром 8:15–17). Харин «өөр хонинуудын» тоонд ордог хүмүүсийг яадаг вэ? Зүйрлэн хэлбэл, Ехова хүүхэд үрчлэх гэрчилгээн дээр тэдний нэрийг бичиж байгаатай адил юм. Төгс болж эцсийн сорилтыг давахлаар нь тэр гэрчилгээн дээр гарын үсгээ зурна. Ингээд хайртай хүүхдүүдээ болгон үрчилж авна (Ром 8:20, 21; Илч. 20:7–9). Дэлхий дэх хүүхдүүдээ хайрлах хайр нь хэзээ ч дуусахгүй. Золиосын ач тус мөнхөд үргэлжилнэ (Евр. 9:12). Энэ бэлэг үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Хэн ч хэчнээн ч их эрх мэдэлтэй байлаа гээд биднээс энэ бэлгийг булааж чадахгүй.

16. Золиос биднийг яаж эрх чөлөөтэй болгох вэ?

16 Хэрэв хүн чин сэтгэлээсээ гэмшсэн л бол Еховагийн гэр бүлийн гишүүн болоход нь Сатан саад хийж чадахгүй. Есүс дэлхий дээр ирээд нэг л удаа амиа зориулсан. Золиос ийнхүү бүрэн төлөгдсөн (Евр. 9:24–26). Адамын учруулсан бүхнийг золиос хүчингүй болгоно. Христийн золиосын ачаар бид Сатаны эрх мэдэлд байдаг ертөнцийн боолчлолоос чөлөөлөгдөж, үхлээс айхгүй амьдарна (Евр. 2:14, 15).

17. Еховагийн хайрыг та юу гэж ойлгодог вэ?

17 Бурхны амлалт найдвартай. Түүний зохиосон байгалийн хууль хэзээ ч өөрчлөгдөхгүй шиг Бурхан өөрөө хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ехова бидний урмыг хэзээ ч хугалахгүй (Мал. 3:6). Тэрээр бидэнд амийг бэлэглээд зогсохгүй хайраа өгсөн. «Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг» (1 Иох. 4:16). Удахгүй дэлхий үзэсгэлэнт диваажин болж бүх хүн Бурхныг болон бие биеэ хайрладаг болно. Тэр цагт тэнгэр газар дээрх үйлчлэгчид нь бүгдээрээ Еховаг магтан алдаршуулж «Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен» гэнэ (Илч. 7:12).