Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг

Тэд сайн дураараа үйлчилдэг

ДЭЛГЭРҮҮЛЭГЧ хэрэгтэй нутгуудад үйлчилж буй идэвх зүтгэлтэй Гэрчүүдийн дунд ганц бие эмэгтэйчүүд олон байдаг. Зарим нь хилийн чанадад хэдэн арван жил үйлчилж байна. Олон жилийн өмнө гадаад улс руу нүүхэд нь юу тус болсон бол? Гадаадад үйлчлээд юу сурсан бэ? Амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Бид туршлагатай эдгээр эмэгтэйчүүдээс ярилцлага авсан юм. Хэрэв та дэлгэрүүлэх ажилд ийм аргаар оролцох хүсэл эрмэлзэлтэй ганц бие Гэрч бол тэдний яриа сонирхолтой байх болов уу. Ер нь Бурхны бүх үйлчлэгчид тэдний сайхан жишээ тустай.

ЭРГЭЛЗЭХЭЭ БОЛЬСОН НЬ

Анита

Та ганц бие эхлэгч эмэгтэй бол гадаадад сайн үйлчилж чадна гэдэгтээ эргэлзэж байна уу? Эдүгээ 70 гарсан Анита яг ингэж боддог байжээ. Тэрээр Англид төрж өсөөд, 18 наснаасаа эхлэгчээр үйлчилжээ. «Би хүмүүст Еховагийн тухай заах дуртай ч гадаадад үйлчилнэ гэж төсөөлж ч байгаагүй. Гадаад хэл үзэж байгаагүй болохоор хэл сурч чадахгүй л гэж боддог байлаа. Харин Гилеад сургуулийн урилга ирэхэд шоконд орж билээ. Над шиг чухал биш хүн ийм урилга авчихлаа гэж үү дээ гэж их гайхсан. Гэхдээ би дотроо “Ехова намайг чадна гэж байгаа бол оролдоод үзье” гэж бодсон. Энэ бол 50 гаруй жилийн өмнөх явдал. Тэр цагаас хойш Японд миссионероор үйлчилж байна. Заримдаа би залуу эмэгтэйчүүдэд “Үүргэвчээ үүрээд надтай хамт аялж бүх цаг үеийн хамгийн агуу адал явдалтай учраарай!” гэж хэлдэг. Олон хүн миний үгэнд орсонд баяртай байна» гэж Анита ярьсан юм.

ЗОРИГТОЙ БАЙ

Одоо хилийн чанадад үйлчилж буй эмэгтэйчүүд гадаад руу нүүнэ гэхээс эхэндээ айж байжээ. Зоригтой болоход нь юу тус болсон бол?

Морийн

«Том болоод зорилготой, утга учиртай амьдарч хүмүүст туслах юм сан гэж их хүсдэг байсан» хэмээн 60 гаруй настай Морийн ярьж байна. Хорь хүрээд Канадын Кебект нүүж очжээ. Тэнд эхлэгч хэрэгтэй байв. Морийн: «Дараа нь би Гилеад сургуулийн урилга авлаа. Гэхдээ найзуудаасаа хол, таньж мэдэхгүй газар очихоосоо айв. Бас өвчтэй аавыг минь асардаг ээжийгээ орхиод явна гэхээс санаа зовсон. Энэ тухайгаа Еховад хэлж олон шөнө уйлан залбирсан. Юунд санаа зовж байгаагаа ээж аавдаа хэлсэнд тэд урилгыг хүлээж авахыг ятгав. Бас хурлынхан маань ээж аав хоёрт ямар их санаа тавьж байгааг харсан. Еховаг тусламжийн гараа сунгаж байгааг хараад надад ч бас санаа тавина гэдэгт нь итгэсэн. Ингээд би явахад бэлэн болсон!» гэлээ. Тэрээр Зүүн Африкт 1979 оноос хойш 30 гаруй жил миссионероор үйлчилжээ. Одоо Канадад эхийгээ асрахын хажуугаар тусгай эхлэгчээр үйлчилж байна. Тэрээр хилийн чанадад үйлчилсэн он жилүүдээ эргэн хараад «Ехова надад шаардлагатай бүхнийг яг хэрэгтэй үед өгдөг байсан» гэв.

Вээнди

Одоо 60 гаруй настай Вээнди арван хэдтэйгээсээ Австралид эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Тэрээр: «Би их ичимхий, танихгүй хүнтэй ярьж чаддаггүй байсан. Харин эхлэгчээр үйлчилдэг болсноор янз бүрийн хүнтэй ярьж сурсан. Тэр хэрээр өөртөө итгэлтэй болж эхэлдэг юм билээ. Үүнийгээ би хожим нь мэдсэн л дээ. Эхлэгчийн үйлчлэл Еховад найдаж сургадаг болохоор би гадаадад үйлчлэх тухай бодож эхэлсэн. Бас Японд 30 гаруй жил миссионероор үйлчилж буй ганц бие эгчийн урилгаар тэнд очиж 3 сар дэлгэрүүлсэн. Энэ хугацаанд гадаад руу нүүх хүсэл минь улам хүчтэй болсон» гэж ярьсан юм. Вээнди 1980-аад оны дундуур Австралийн зүүн талд 1 770 километр зайтай орших Вануату хэмээх арлын оронд нүүж очжээ.

Вээнди одоо ч Вануатуд байгаа бөгөөд орчуулгын алслагдсан оффист үйлчилж байна. «Зах хязгаар нутагт хурал, бүлэг байгуулагдахыг харах нь миний жаргал. Энэ арлуудад Еховагийн ажилд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна гэдэг бол үгээр илэрхийлшгүй завшаан» гэж тэрээр ярьсан.

Күмико

Күмико одоо 60 гаруй настай. Японд байхад нь түүнтэй хамт эхлэгчээр үйлчилдэг найз нь Балба руу нүүе гэсэн санал гаргажээ. «Тэр надаас дахин дахин гуйна. Би тэр болгонд нь үгүй гэдэг байсан. Гадаад хэл сурч, шинэ орчинд дасна гэхээс халгаж байлаа. Бас гадаадад амьдрах мөнгө цуглуулах амаргүй байсан. Тэгж байтал би мотоциклтойгоо явж байгаад осолд орж эмнэлэгт хэвтлээ. Тэнд байхдаа бодлоо. “Дараа нь надад юу тохиолдохыг хэн мэдлээ! Хүнд өвчин тусаад гадаадад эхлэгчээр үйлчлэх боломжгүй болбол яана? Өөр улсад ядаж 1 жил үйлчилж чадахгүй юү?”. Тэгээд Еховагаас тусламж гуйж шаргуу залбирсан» гэж Күмико дурсаж байна. Тэрээр эмнэлгээс гараад Балба руу аяллаар явжээ. Дараа нь нөгөө найзтайгаа хамт тийшээ нүүсэн байна.

Күмико Балбад 10 шахам жил үйлчилж байгаа бөгөөд энэ тухайгаа ярихдаа «Санааг минь зовоогоод байсан асуудлууд шийдэгдсэн нь Улаан тэнгис хуваагдсантай адил байсан. Би хэрэгцээ ихтэй газар үйлчлэхээр зориг шулуудсандаа баяртай байна. Библийн мэдээгээ танилцуулах гээд айлын гэрт орохлоор хөршийнх нь хүмүүс бас сонсох гээд тав, зургуулаа ороод ирнэ. Хүүхдүүд хүртэл танилцуулга өгөөч гэж эелдэгхэн гуйдаг юм. Хүмүүс нь нааштай хүлээж авдаг ийм газар дэлгэрүүлэх үнэхээр сайхан» гэсэн.

БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ НЬ

Бидний ярилцсан энэ зоригт эмэгтэйчүүдэд бэрхшээл ч бас тулгарсан нь гайхах зүйл биш юм. Харин яаж давсан бол?

Даеэн

Канадын Даеэн: «Гэрийнхнээсээ хол явна гэж бодохлоор эхлээд их хэцүү санагдсан» гэлээ. Жаран насны босго давсан энэ эмэгтэй Зааны ясан эрэг (одоогийн Кот Дивуар) улсад 20 жил миссионероор үйлчилжээ. Тэрээр ингэж ярьсан юм. «Томилогдсон газрынхаа хүмүүсийг хайрладаг болоход минь туслаач гэж Еховагаас гуйсан. Очсон газрынхаа нөхцөлийг хараад, ялангуяа нэн ядуу амьдралыг нүдээрээ үзээд ирэхлээр эхний үед сэтгэл тавгүйтэж, бүр шоконд орж ч магадгүй гэдгийг Гилеад сургуулийн багш Жэк Рэдфорд ах бидэнд хэлж өгсөн юм. Гэхдээ “Ядуу зүдүүг нь битгий хараарай. Хүмүүсийг хараарай. Царайг нь, нүдийг нь хараарай. Библийн үнэнийг сонсоод яаж хүлээж авч байгааг нь ажиглаарай” гэж захисан. Би ч хэлснээр нь хийсэн, ивээл ч хүртсэн! Сэтгэл тайвшруулдаг Хаанчлалын тухай мэдээ хүргэхлээр хүмүүсийн нүд гэрэлтэж байсан». Шинэ амьдралд дасахад нь өөр юу тус болсон бол? Даеэн: «Би суралцагчидтайгаа дотно болсон. Еховагийн үнэнч үйлчлэгч болж байгааг нь харахлаар сэтгэлийнхээ угаас баярладаг байсан. Томилогдсон газар маань миний гэр болсон. Би Есүсийн амласнаар олон аав ээж, ах эгч дүүтэй болсон» гэлээ (Марк 10:29, 30).

Одоо 40 гаруй настай Энн манай үйл ажиллагаа хориотой Азийн нэг оронд үйлчилдэг. Тэрээр: «Би гадаадад янз бүрийн газар олон жил үйлчлэхдээ минийхээс тэс өөр ахуй соёл, зан араншинтай эгч нартай хамт амьдарч байсан. Заримдаа үл ойлголцох, гомдох зүйл гарна. Тийм үед би ахуй соёлыг нь илүү сайн ойлгодог болохын тулд тэр хүнтэй улам дотно болохыг хичээдэг байсан. Бас тэднийг илүү их хайрладаг, ойлгож харьцдаг болохыг маш их хичээдэг байсан. Хичээл зүтгэл маань үр дүнгээ өгч, би дотно найз олонтой болсон. Үүний ачаар даалгавраа амжилттай биелүүлсэн» гэж ярив.

Үүтэ

Германаас ирсэн Үүтэ одоо 50-аад настай. Тэрээр 1993 онд Мадагаскарт миссионероор томилогджээ. «Анх ирэхэд хэл сурах, чийглэг уур амьсгалд дасах, хумхаа, амёб, шимэгч хорхойн өвчин тусах гээд бэрхшээл мундахгүй байсан. Гэхдээ би олны дэмээр давж чадсан. Хэл сурахад эндхийн Гэрч эмэгтэйчүүд, тэдний хүүхдүүд, суралцагчид маань тэвчээртэй байж, маш их тусалсан. Намайг өвдөхөд хамт амьдардаг миссионер эгч асардаг байсан. Хамгийн гол нь Ехова их тусалсан. Би байнга залбирч, санаа зовоосон асуудлаа хэлдэг байв. Дараа нь залбирлынхаа хариуг хэдэн өдрөөр, бүр хэдэн сараар тэвчээртэй хүлээнэ. Ехова бүх л асуудлыг минь шийдэж өгдөг байсан» гэж Үүтэ дурссан юм. Тэрээр Мадагаскарт 23 жил үйлчилж байна.

АРВИН ИХ ИВЭЭЛ

Гадаад улсуудад амьдарч буй ганц бие эмэгтэйчүүд дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилдэг бусад Гэрчийн адил, арвин их ивээл хүртсэн тухайгаа олонтоо хэлж байсан. Ямар ямар ивээл хүртсэнийг нь сонирхъё.

Хаиди

Одоо 70 гарч яваа Хаиди гэдэг герман эгч 1968 онд Зааны ясан эрэг (одоогийн Кот Дивуар) улсад миссионероор томилогдсоноосоо хойш өнөөг хүртэл тэндээ үйлчилж байна. «Хуурай хүүхдүүд маань “үнэн дотор явж байгааг” харах нь миний хувьд хамгийн их аз жаргал. Надтай хичээл хийж байсан хүмүүсийн зарим нь эхлэгч, ахлагч болсон. Олон хүн намайг ээж, эмээ гэж дууддаг. Тэр ахлагчдын нэг нь, бас эхнэр хүүхдүүд нь намайг гэр бүлийнхээ гишүүн гэж боддог. Тийм болохоор Ехова надад хүү, бэр, гурван ач өгсөн» гэж Хаиди ярив (3 Иох. 4).

Каарен

Зүүн Африкт 20 гаруй жил үйлчилсэн Канадын Каарен одоо 70 гаруй настай. Тэрээр: «Миссионерын амьдрал намайг илүү халамжтай, илүү тэвчээртэй, бусдыг илүү их боддог болгосон. Бас янз бүрийн үндэстэнтэй хамт ажиллаад үзэл бодлоо тэлсэн. Юм хийх арга олон янз байдгийг сурсан. Дэлхий даяар сайхан найз нөхөдтэй болсныгоо их ивээл гэж боддог. Бидний амьдрал, даалгавар өөрчлөгддөг ч нөхөрлөл маань үүрдийнх» гэв.

Английн Мааргрет одоо 70 хол давжээ. Лаост миссионер байжээ. «Хилийн чанадад үйлчилснээр Ехова бүх үндэс угсаа, гарал үүсэлтэй хүмүүсийг байгууллага руугаа яаж татаж байгааг шууд хардаг болсон. Үүний ачаар итгэл минь маш их бэхэжсэн. Ехова байгууллагаа удирдаж байна, санаа зорилгоо заавал биелүүлнэ гэдэгт зуун хувь итгэдэг болсон» гэсэн юм.

Хилийн чанадад үйлчилж буй ганц бие эмэгтэйчүүд Еховагийн үйл хэрэгт их хувь нэмэр оруулж байна. Тэд бол магтаал хүлээх зохистой хүмүүс (Шүү. 11:40). Тэдний тоо улам нэмэгдэж байгаа нь бүр ч бахархууштай (Дуу. 68:11). Та амьдралаа өөрчлөөд, энэ өгүүлэлд ярилцлага өгсөн идэвх зүтгэлтэй эгч нарын мөрөөр зоригтой явах уу? Тэгвэл Ехова «сайн гэдгийг амсаж үзнэ» (Дуу. 34:8).