ХИЧЭЭЛ 34
Еховад хайртайгаа яаж харуулах вэ?
Та Библийн хичээлээ хийхийн хэрээр Еховаг улам их хайрладаг болж байгаа биз дээ? Нөхөрлөлөө цаашдаа ч зузаатгамаар байна уу? Еховад хайраа илэрхийлэх тусам Ехова ч таныг улам их хайрлаж, санаа тавина. Тэгвэл хайраа яаж илэрхийлэх вэ?
1. Еховад хайраа яаж илэрхийлэх вэ?
Еховад хайртайгаа харуулах нэг арга бол тушаалыг нь биелүүлэх юм (1 Ёохан 5:3-ыг уншина уу). Ехова хэнийг ч дуулгавартай бай гэж албаддаггүй. Харин тушаалыг нь дагах эсэхээ шийдэх боломжийг хүн бүрд өгдөг. Яагаад гэвэл биднийг «чин сэтгэлээсээ дуулгавартай» байгаасай гэж хүсдэг (Ром 6:17). Өөрөөр хэлбэл тушаалыг нь дагахаас өөр аргагүй гэсэн сэтгэлээр биш, харин хайрандаа хөтлөгдөн дуулгавартай байгаасай гэж хүсдэг. Еховад хайртай хүн таалагддаг юмыг нь хийж, жигшдэг юмыг нь хийдэггүй. Ийм хүн болоход тань энэ номын 3, 4-р хэсэг тус болно.
2. Еховад хайраа илэрхийлэх нь яагаад амаргүй байж болох вэ?
«Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг» (Дуулал 34:19). Бүх хүн төгс бусаасаа болж зовдог. Бас шударга бус явдлын хохирогч болох, мөнгө төгрөгөөр гачигдах гээд зовлон бэрхшээл мундахгүй. Асуудал бэрхшээл тулгарсан үед Еховагийн тушаалыг дагах нь тэр бүр амаргүй. Хэдий тийм байлаа ч та Еховагийн хэлснээр явбал Еховаг бүхнээс илүү хайрладгаа харуулна. Бас үнэнчээ батална. Ингэвэл Ехова ч танд үнэнч байж, хэзээ ч орхихгүй (Дуулал 41:12-ыг уншина уу).
УХАЖ ОЙЛГОЁ
Ехова таныг тушаалыг нь дагахад яагаад баярладаг вэ? Хэцүү үед ч Еховад яаж үнэнч байх вэ? Хариуг нь мэдэж аваарай.
3. Танд хамаатай асуудал
«Иов» номд бичсэнээр Сатан Иов гэдэг хүнийг буруутгасан байдаг. Бас Еховаг шүтдэг бүх хүнийг буруутгажээ. Иов 1:1, 6—2:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Сатан Иовыг ямар учраас Еховад үйлчилдэг гэсэн бэ? (Иов 1:9–11-ийг үзнэ үү).
-
Сатан бүх хүний тухай, тэр дундаа таны тухай юу гэж хэлсэн бэ? (Иов 2:4-ийг үзнэ үү).
Иов 27:5-ын сүүлийн өгүүлбэрийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Иов Еховад үнэхээр хайртайгаа яаж баталсан бэ?
4. Еховаг баярлуулаарай
Сургаалт үгс 27:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Та ухаалаг байж, тушаалыг нь дагавал Еховад ямар санагдах вэ? Яагаад?
5. Та Еховад үнэнч байж чадна
Еховад хайртай бол түүний тухай ярих буюу дэлгэрүүлэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Гэхдээ дэлгэрүүлэхэд заримдаа саад тулгардаг. Харин Еховад үнэнч байвал тэр саадыг ажралгүй давна. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Еховагийн тухай ярихад амаргүй санагдах үе танд байдаг уу?
-
Видеонд гарсан Гэрч эрэгтэй айдсаа яаж ялсан бэ?
Еховагийн хайрладгийг хайрлаж, жигшдэгийг нь жигшдэг бол түүнд үнэнч байхад илүү амар болно. Дуулал 97:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Та одоог хүртэл Библи судлаад Ехова юуг хайрлаж, юуг жигшдэг гэж ойлгосон бэ?
-
Та Еховагийн хайрладгийг хайрлаж, жигшдэгийг нь жигшиж сурахын тулд юу хийж болох вэ?
6. Еховагийн тушаалыг дагах нь бидэнд л сайн
Еховагийн тушаалыг дагавал үргэлж сайн үр дүнд хүрдэг. Исаиа 48:17, 18-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
-
Ехова хэзээ ямагт бидний сайн сайхныг боддог гэдэгт та итгэж байна уу? Яагаад?
-
Та Библи судалж жинхэнэ Бурхан Еховатай танилцаад ямар ач тус хүртсэн бэ?
ЗАРИМ ХҮН: «Миний юу хийж, яаж явааг Бурхан ерөөсөө анхаардаггүй» гэдэг.
-
Бид үйл хэргээрээ Еховаг баярлуулдаг эсвэл сэтгэлийг нь зовоодгийг та Библийн хаанаас үзүүлэх вэ?
ДҮГНЭЛТ
Та Еховагийн тушаалыг дагаж, саад тулгарсан ч үнэнч байвал хайртайгаа харуулна.
Давтах асуулт
-
Та Иовын түүхээс өөртөө юу тусгаж авсан бэ?
-
Та Еховад хайртайгаа яаж батлах вэ?
-
Хэцүү үед ч Еховад үнэнч байхад тань юу туслах вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Сатан хүмүүсийг юу гэж буруутгасныг дэлгэрэнгүй мэдэж аваарай.
«Гуйвшгүй үнэнч Иов» («Библи юун тухай өгүүлдэг вэ?» хэсэг 6)
Хүүхдүүд Еховаг хайрладгаа яаж баталж болох вэ?
Яавал үеийнхнийхээ дарамт шахалтад авталгүй Еховад үнэнч байх вэ?