Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Еховаг уучилж өршөөдөг Бурхан гэдгийг мэдсэн минь

Еховаг уучилж өршөөдөг Бурхан гэдгийг мэдсэн минь
  • ТӨРСӨН ОН: 1954

  • УЛС: КАНАД

  • ӨМНӨ НЬ: ЛУЙВАРЧИН, МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ДОНТОГЧ

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Монриал хотын ядуусын хороололд төрж өссөн. Намайг 6 сартай байхад аав маань нас барж, ээж ганцаараа 8 хүүхэд тэжээж өсгөх болсон юм. Би хамгийн бага нь.

Хүүхэд нас минь хар тамхичин, мөрийтэй тоглогч, хүчирхийлэгч, гэмт хэрэгтнүүдийн дунд өнгөрсөн юм. Арван настайдаа мөнгө хүүлэгч, биеэ үнэлэгчдийн гар хөл болж байлаа. Дандаа худлаа ярина, хүн луйвардана. Хүмүүсийг хуурч мэхлэх их зугаатай байв. Ийм юманд бүр донтож орхисон.

14-тэйдөө хүнийг хуурч мэхлэх нарийн арга сүвэгчилж, бүр гаршсан. Жишээ нь, алтан бүрмэлтэй цаг, бугуйвч, бөгжийг олон тоогоор худалдаж аваад, дээр нь 14 каратын алт гэсэн сорьц тавьж гудамж, машины зогсоол, худалдааны төвүүдээр явж зардаг байв. Ийм амархан аргаар мөнгө олох үнэхээр гайхалтай санагдсан. Нэг өдөр би бүр 10 000 доллар олж байсан гээд бод доо.

15-тайдаа засан хүмүүжүүлэх сургуулиас хөөгдөөд хонох газаргүй, гудамжинд, цэцэрлэгт хүрээлэн юм уу намайг хүлээж авсан найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлдэг байсан.

Луйвар хийдэг байсан болохоор үргэлж л цагдаад дуудагдаж байцаагдана. Гэхдээ хулгайн эд зүйл зардаггүй болохоор шоронд орж байгаагүй. Зөвшөөрөлгүйгээр эд бараа зарсан, хуурамч нэр шошго зүүсэн гэх мэт луйварын үйлдлээсээ болж өндөр торгууль төлдөг байсан. Юунаас ч айлгүй өр зээл нэхэх ажил хийдэг байлаа. Энэ ажил их аюултай болохоор заримдаа буу авч явна. Гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтарч ажиллах тохиолдол ч гарна.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Анх яаж Библитэй танилцсан бэ гэвэл 17-той байхад хамт амьдардаг найз охин маань Еховагийн Гэрчүүдээр Библи заалгадаг болсон юм. Гэхдээ ёс суртахуунтай холбоотой олон юм хориглодог нь надад таалагдаагүй болохоор би тэр охиноос салсан. Тэгээд бас нэг найз охинтойгоо хамт амьдарч эхлэв.

Гэтэл энэ найз охин маань бас Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхлэх нь тэр! Тэгээд их юмаа өөрчилсөн. Ялангуяа намуун зөөлөн ааштай, тэвчээртэй болж байгааг нь хараад би бүр гайхсан. Ер нь нэг Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очиж үзье гэж бодов. Танхимд нь очсон чинь соёлтой боловсон, сайхан сэтгэлтэй хүмүүс намайг угтаж авлаа. Шал өөр ертөнцөд яваад орж билээ. Би гэр бүлийн хайр халамжийг огт мэдэхгүй өссөн. Еховагийн Гэрчүүд надад тэр л хайр халамж, халуун дотно сэтгэлийг мэдрүүлсэн юм. Тэд надад Библи зааж өгье гэхэд би дуртай зөвшөөрсөн.

Библи судалсны ачаар би өнөөдөр амьд явж байна. Мөрийтэй тоглоод 50 000 гаруй долларын өрөнд орчихсон байлаа. Хоёр найзтайгаа нийлж, энэ өрөө дарахын тулд дээрэм хийхээр төлөвлөсөн юм. Энэ шийдвэрээсээ няцсандаа би үнэхээр их баярладаг. Хоёр найз маань төлөвлөсөн ёсоороо дээрэм хийж, нэг нь баригдаж, нөгөө нь алуулсан.

Библийн хичээл хийхийн хэрээр надад өөрчлөх ёстой зүйл маш их байгааг ойлгосон юм. Жишээ нь 1 Коринт 6:10-т «Хулгайч, шуналтан, архичин, үг хэлээр дайрч доромжлогч, дээрэмчин Бурхны Хаан төрд багтахгүй» гэж байдаг. Библийн энэ зүйлийг уншаад өөрийнхөө байгаа байдлыг бодсон чинь мэлмэрээд л явчихсан. Тэгээд амьдралаа бүрмөсөн өөрчлөх ёстойгоо ухаарсан юм (Ром 12:2). Би хүч хэрэглэх дуртай, уур омог ихтэй байлаа. Амьдрал маань тэр чигээрээ худал хуурмаг байж дээ.

Гэхдээ Библи судлаад Еховаг уучилж өршөөдөг Бурхан гэдгийг мэдсэн юм (Исаиа 1:18). Амьдралын хэв маягаа өөрчлөхөд туслаач гэж Еховагаас шаргуу гуйж залбирдаг байлаа. Еховагийн ачаар би зан чанараа бага багаар өөрчилсөн юм. Бас нэг чухал алхам хийсэн нь найз охинтойгоо гэрлэлтээ хууль ёсоор батлуулсан явдал юм.

Өнөөдөр амьд яваа маань Библийн зарчмыг хэрэгжүүлж байгаагийн ач

Гэрлэлтээ батлуулахдаа би 24 настай, гурван хүүхдийн аав болчихсон байлаа. Ингээд үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөе гэж бодов. Гэхдээ надад эзэмшсэн боловсрол, үзүүлэх бичиг баримт гэх юм байсангүй. Дахиад л Еховад шаргуу залбирав. Тэгээд ажил хайж гарсан даа. Ажлын ярилцлагад орохдоо амьдралаа шинээр эхэлж, үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөнө гэдгээ хэлдэг байв. Библи судалдгаа, сайн иргэн болохыг хүсдэгээ хэлэх тохиолдол ч гарна. Олон газар намайг ажилд авахаас татгалзсан. Хамгийн сүүлд ярилцлагад орсон нэг газар, би өмнө нь ямархуу янзтай амьдардаг байснаа ний нуугүй ярилаа. Ярилцлага авч байсан хүн надад «Яагаад гэж мэдэхгүй байна, гэхдээ чамайг ажилд авмаар байна» гэж хэлэв. Ехова миний залбиралд хариулжээ гэж би бодсон. Хэсэг хугацааны дараа эхнэр бид хоёр баптисм хүртэж, Еховагийн Гэрч болцгоосон.

ОДОО:

Өнөөдөр амьд яваа маань Библийн зарчмыг хэрэгжүүлж, Христийн дагалдагчийн ёсоор амьдарч байгаагийн ач. Гэр бүлээ ч сайн сайхан авч явна. Ехова намайг уучилж өршөөсөн гэдэгт итгэж, мөс чанар цэвэр байхын сайхныг мэдэрч байна.

Бүрэн цагаар 14 жил үйлчилж, Библийн үнэнийг бусдад зааж байна. Саяхан эхнэр маань бас бүрэн цагийн үйлчлэгч болсон. 30 гаруй жилийн хугацаанд, ажлынхаа 22 хүнд Еховаг шүтдэг болоход нь тусаллаа шүү дээ. Би одоо ч худалдааны төвүүдээр явдаг. Гэхдээ зорилго нь өөр л дөө. Луйвардах гэж биш, итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах гэж явдаг. Би хүмүүст нэг юм өгөхийг хүсдэг. Юу гэвэл луйвраас ангид шинэ ертөнцөд амьдрах сайхан найдварын тухай хэлэхийг хүсдэг (Дуулал 37:10, 11).