Skip to content

Гарчиг руу орох

Эдүгээ цаг бол «эцсийн өдрүүд» мөн!

Эдүгээ цаг бол «эцсийн өдрүүд» мөн!

Бүлэг 11

Эдүгээ цаг бол «эцсийн өдрүүд» мөн!

1. Дэлхий ертөнцөд болж буй үйл явдлаас болоод олон хүн мэгдэн сандарч байгаагийн учир юу вэ? Дэлхий дээр болж байгаа үйл явдлын зөв тайлбарыг хаанаас олж болох вэ?

 ДЭЛХИЙ дээрх эмх замбараагүй байдал хэрхэн бий болов оо? Бид чухам хаашаа явж байна вэ? Та иймэрхүү асуулт өөртөө тавьж байсан уу? Дэлхий дахинд болж байгаа үйл явдлын өрнөлтийг хараад олон хүн мэгдэн сандарч байна. Эргэн тойронд дайн дажин болж, өвчин зовлон, гэмт хэрэг газар авч байгаа нь хүмүүсийг ирээдүйгээ янз бүрээр төсөөлөхөд хүргэж байна. Төр засгийн удирдлагуудад найдах үндэс тун хомс юм. Хэдий тийм ч Бурхан өөрийнхөө Үгэнд энэ түгшүүрт өдрүүдийн жинхэнэ учир шалтгааныг тайлбарласан байдаг. Ямар цаг үед амьдарч байгаагаа мэдэхэд маань Библи найдвартай тусалж чадна. Тэнд бичсэнээр бид өнөөгийн эд юмсын тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа ажээ (2 Тимот 3:1).

2. Шавь нар нь Есүсээс юу гэж асуусан бэ? Тэрбээр ямар хариулт өгсөн бэ?

2 Есүс шавь нарынхаа асуултад хэрхэн хариулсныг жишээ болгон авч үзье. Есүсийг үхэхээс гурван өдрийн өмнө тэд ийн асуужээ: «Таны залран байх хийгээд эд юмсын тогтолцооны төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» a (Матай 24:3, ШЕ). Хариуд нь Есүс энэхүү ёс бус тогтолцооны эцсийн өдрүүд эхэлснийг тов тодорхой илтгэн харуулах дэлхий нийтийг хамарсан онцгой үйл явдлууд хийгээд нөхцөл байдал ямар байхыг хэлж өгсөн.

3. Есүсийн засаглалын эхэн үеэс дэлхий дээрх нөхцөл байдал муудсаны учир юу вэ?

3 Өмнөх бүлэгт үзсэнээр Библийн он дараалал нь Бурхны Хаанчлал аль хэдийн засаглалаа явуулаад эхэлчихсэнийг заадаг. Гэвч, тийм байж болно гэж үү? Эргэн тойронд маань бүх л зүйл муудахаас бус сайжирсан юм алга байна шүү дээ. Чухамдаа энэ чинь л Бурхны Хаанчлал засаглалаа явуулаад эхэлчихсэнийг тодоос тод гэрчилж байгаа юм. Үгүй байлгүй дээ? Дуулал 110:2-оос Есүс хэсэг хугацааны турш «өөрийн дайснуудын дунд» байж захирах ёстойг мэдэж болно. Үнэн хэрэгтээ Есүс тэнгэрийн Хаан болонгуутаа авч явуулсан анхны арга хэмжээ бол Сатан болон түүний чөтгөрүүдийг дэлхийн орчимд доош хаясан явдал юм (Илчлэлт 12:9). Тэгээд юу болсон бэ? «Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» хэмээн Илчлэлт 12:12-т зөгнөн бичсэн тэр л ёсоор болсон. Одоо бид үлдсэн «богинохон хугацааны» үед амьдарч байна.

4. «Эцсийн өдрүүдэд» зарим ямар онцлог шинж илрэх вэ? Эдгээр онцлог шинж юуг илэрхийлэн заадаг вэ? (Хүснэгт үзнэ үү.)

4 Учир иймд Есүсээс түүний «залран байх» үеийн болон эд юмсын тогтолцооны төгсгөлийн шинж тэмдгийн тухай асуухад нь хариулсан хариулт шавь нарыг нь бодолд оруулсанд гайхах юм байхгүй ээ. Шинж тэмдгийг бүрдүүлэх янз бүрийн үйл явдлыг 102-р хуудсанд байгаа хүснэгтээр үзүүллээ. Таны мэдэж байгаагаар элч Паул Петр Иохан нар «эцсийн өдрүүдэд» хамаарах зарим зүйлийг дурдсан буй. Үнэндээ, «эцсийн өдрүүдийн» шинж тэмдгийн ихэнх хэсэг нь гай зовлонтой холбоотой асуудлууд юм. Гэхдээ эдгээр зөгнөлийн биелэл нь энэхүү ёс бус тогтолцооны төгсгөл ойртсоныг хүмүүст ойлгуулах ёстой юм. Одоо «эцсийн өдрүүдийн» зарим гол онцлог шинжтэй танилцъя.

«ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН» ОНЦЛОГ ШИНЖ

5, 6. Дайн хийгээд өлсгөлөнгийн талаар хэлсэн зөгнөл хэрхэн биелж байна вэ?

5 «Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно» (Матай 24:7; Илчлэлт 6:4). Зохиолч Эрнест Хемингуэй Дэлхийн нэгдүгээр дайныг «дэлхий дээр дэгдсэн дайнуудаас хамгийн том, хамгийн их хөнөөлтэй, хамгийн зэрлэг хядаан» гэж нэрлэсэн. «1914—1919 оны хүнд сорилтын үеийн дэлхий» хэмээх номд бичсэнээр энэ дайн бол «урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй, хүн төрөлхтний түүхэн дэх бүх нийтийг хамарсан анхны дайн байлаа. Үргэлжилсэн хугацаа, далайц, цар хүрээгээрээ урьд өмнө гарч байсан дайнуудаас хол давсан бөгөөд, ер нь санаанд багтамгүй зүйл болсон юм» («The World in the Crucible—1914—1919»). Дараа нь Дэлхийн нэгдүгээр дайнаас илүү их хөнөөл тарьсан Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэн. «Хорьдугаар зуунд автомат, танк, Б-52 [бөмбөгдөгч нисэх онгоц], цөмийн бөмбөг, эцэст нь пуужинт зэвсэг ноёлдог боллоо. Энэ зуунд гарсан дайнууд нь бусад аль ч зуунд гарсан дайнуудаас асгаруулсан цус, учруулсан хөнөөлөөрөө хол давуу» гэж түүхч, профессор Хью Томас хэлжээ. Үнэндээ, «хүйтэн дайн» дууссаны дараа зэвсэг хураах талаар их ярьсан. Хэдий тийм ч нэгэн тайланд дурдсанаар тохиролцсоны дагуу зэвсэг хорогдуулсны дараа 10 000—20 000 цэнэгт хошуу үлдээд байгаа нь галын хүчээрээ Дэлхийн хоёрдугаар дайнд хэрэглэсэн зэвсгээс даруй 900 дахин илүү ажээ.

6 «Өлсгөлөн болно» (Матай 24:7; Илчлэлт 6:5, 6, 8). 1914 оноос хойш дор хаяад 20 удаа нийтийг хамарсан өлсгөлөн болсон. Үүнд Бангладеш Бүрүнди Грек Камбож Нигери Орос Руанда Сомали Судан Хятад Энэтхэг Эфиопи зэрэг орон хамрагджээ. Гэхдээ өлсгөлөн дандаа л хоол хүнсний дутагдлаас үүдэн бий болж байсангүй. «Сүүлийн арваад жил дэлхийн хэмжээгээр хоол хүнсний нөөцийн өсөлт хүн амын өсөлтөөс хурдан байлаа. Гэвч, дор хаяад 800 сая хүн туйлын ядуу зүдүү амьдралтай байгаагаас... ийм их нөөц байгаа хэдий ч тэд ужиг өлсгөлөнгийн байдлаасаа гарахад зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авч чадахгүй байна» гэж хөдөө аж ахуйн эрдэмтэд, эдийн засагчдын бүлэг дүгнэжээ. Зарим тохиолдолд улс төр хутгалдан орсон байдаг. Торонтын их сургуулийн доктор Абделгалил Элмекки олон мянган иргэн нь өлсөж байхад маш их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн экспортолж байгаа хоёр орныг жишээ татан дурджээ. Дээрх хоёр орны засгийн газрууд иргэдээ хоол хүнсээр хангахаас гадаадын валют олж, цэрэг дайны ажиллагаагаа санхүүжүүлэхэд илүү анхаарал тавьдаг нь илэрхий. Доктор Элмекки ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Өлсгөлөн нь гол төлөв «хүнсний бүтээгдэхүүний хуваарилалт болон засгийн газрын бодлогоос хамаарна».

7. Тахлын талаарх өнөөдрийн баримт юу өгүүлнэ вэ?

7 «Тахал бий болно» (Лук 21:11, ШГ; Илчлэлт 6:8). 1918—1919 онд дэгдсэн «испани томуу» дор хаяад 21 сая хүний амийг залгисан. А. А. Хоулин «Агуу их тахал» номдоо: «Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид тийм богино хугацаанд төчнөөн олон хүнийг цааш харуулсан алуурчин гарч ирээгүй билээ» гэж бичжээ («The Great Epidemic»). Тахал өнөөдөр ч гэсэн догшин аашилсаар л байна. Жил бүр хорт хавдраар таван сая хүн, ходоод гэдэсний замын өвчнөөр гурван сая гаруй хүүхэд, сүрьеэгээр гурван сая хүн нас барж байна. Амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа уушгины хатгаагаар жил бүр тав хүртэлх насны 3,5 сая хүүхэд нас бардаг байна. Дэлхийн хүн амын тал хувь нь буюу 2,5 тэрбум хүн усны дутагдал, бохирдол болон ариун цэвэр, эрүүл ахуйн хангалтгүй нөхцөлөөс болсон өвчинд нэрвэгдэж байгаа нь сэтгэл түгшээсэн тоо юм. ДОХ гарч ирсэн нь хэдийгээр анагаах ухааны хөгжил өндөр түвшинд хүрсэн ч хүн тахлыг үндсээр нь устгаж чадахгүйн санамж болж байна.

8. Хүмүүс «мөнгийг хайрлагчид» болсныг юу харуулж байна вэ?

8 «Хүмүүс... мөнгийг хайрлагчид [болно]» (2 Тимот 3:2). Дэлхийн аль ч улс орны хүмүүс эд баялаг хуримтлуулах улайрсан хүсэл сонирхолтой болжээ. Өнөөдөр «амжилт» нь цалингийн хэмжээгээр, «ололт» нь эд хөрөнгөөр хэмжигддэг болоод байна. «Материал баялгийг хуримтлуулах талаар санаа тавих нь америкийн нийгэм дэх хөдөлгөгч хүчнүүдийн нэг нь байсаар байна... мөн худалдааны бусад том зах зээлийн хувьд ч улам бүр шийдвэрлэх хүч нь болсоор байна» гэж нэгэн зар сурталчилгааны агентлагийн дэд ерөнхийлөгч мэдэгджээ. Танай оронд үүнтэй төстэй зүйл байдаг уу?

9. Хүүхдүүд дуулгаваргүй болох тухай зөгнөлийн талаар юу хэлж болох вэ?

9 «Эцэг эхдээ захирагдахгүй» (2 Тимот 3:2). Өнөөдөр эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон өөр олон хүн хүүхдүүдийн бусдыг үл хүндэтгэдэг, дуулгаваргүй болсныг амьдралын жишээн дээр харж байна. Хүүхдүүдийн энэ байдал эцэг эхийн өөрсдийнх нь буруу үйл ажиллагаа буюу тэднийг даган дуурайх гэснээс бий болох нь цөөнгүй. Хүүхдүүд сургуулийн дэг журам, хууль ёс, шашин хийгээд эцэг эхээ үл хүндэтгэж, тэдний эсрэг босох нь ихэссээр байна. Дунд сургуулийн нэгэн ахмад багш: «Ер нь тэдний хувьд хүндэтгэдэг юм тун бага даа» гэж хэлжээ. Сайшаалтай нь Бурхныг хүндэтгэдэг олон хүүхэд биеэ үлгэр дуурайлтай авч явдаг билээ.

10, 11. Хүмүүс харгис хэрцгий болж, төрөлхийн хайр дутагдаж байгаа талаар ямар ямар нотолгоо байна вэ?

10 «Хэрцгий» (2 Тимот 3:3). «Хэрцгий» гэж орчуулагддаг грек үг нь «эмнэг догшин, зэрлэг, хүнийг өрөвдөн хайрлах сэтгэлгүй» гэсэн утгыг илэрхийлдэг юм. Өнөөдөр хүчирхийлэл үйлдэж байгаа олон хүний хувьд энэ нь яасан оносон үг болж байна аа! «Амьдрал дээр өчнөөн төчнөөн аймшигт явдал, цуст яргалал байгааг өдөр тутмын мэдээнээс харахын тулд төмөр зүрх л хэрэгтэй болж байна» гэж нэгэн сонины тэргүүн өгүүлэлд бичжээ. Мөн, өсвөр насны олон хүүхэд өөрсдийнхөө үйл ажиллагааны үр дагаврын талаар эргэцүүлж бодохыг хүсдэггүйг цагдаагийн нэгэн ажилтан тэмдэглэсэн юм. Тэрбээр: «„Маргааш юу болохыг бүү мэд. Надад өнөөдөр юу сонирхолтой байна түүнийгээ л хийнэ“ гэж тэд боддог юм шиг санагддаг» хэмээн хэлжээ.

11 «Үл хайрлагч» (2 Тимот 3:3). «Төрөлхийн, байгалиас заяасан хайр дутагдалтайг» заадаг бөгөөд «хатуу сэтгэлтэй, хүний үнэргүй» гэдэг утга илэрхийлдэг грек үгийг тийн орчуулжээ («The New International Dictionary of New Testament Theology»). Тийм ээ, байх ёстой газраа буюу гэр бүлийн хүрээнд хүртэл хайр байнга дутагддаг болсон. Эхнэр болон нөхөртэйгээ, үр хүүхэдтэйгээ, тэр ч байтугай хөгшид буурлуудтайгаа хүртэл харгис хэрцгийгээр харьцах нь ердийн юм шиг болсон тухай мэдээ сэтгэл зовоодог болоод байна. «Зодоон цохион болон хутга шөвөг, буу зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн хэрэг өнөөдөр бусад газрыг бодвол гэр бүлийн хүрээнд илүү олонтаа тохиолддог боллоо» гэж судалгааны нэгэн хэсэг мэдэгджээ.

12. Хүмүүс зөвхөн «гадна талдаа сүсэгтэй хүний дүртэй байна» гэж хэлэхийн учир юу вэ?

12 «Хүчийг нь татгалздаг атлаа гадна талдаа сүсэгтэй хүний дүртэй байна» (2 Тимот 3:5, МБОХ, 1996). Библи бол хүмүүсийн амьдралыг сайжруулан өөрчлөх хүчтэй (Ефес 4:22—24). Гэвч, өнөөдөр олон хүн шашныг халхавч болгон ашиглаж, араар нь Бурханд үл таалагдах шударга бус үйл ажиллагаа явуулж байна. Шашны удирдагчид худал хуурмаг, хулгай зэлгий болон садар самуун явдлыг хуруун завсраараа харан өнгөрөөдөг. Олон шашин хайрын тухай заадаг атлаа дайныг дэмждэг. «Өнөөдрийн Энэтхэг орон» гэдэг сэтгүүлийн нэгэн тэргүүн өгүүлэлд: «Хүмүүс Дээд Бүтээгчийн нэрээр итгэл нэгтнүүдээ ой гутмаар харгисалдаг» гэж бичжээ («India Today»). Манай үеийн хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөн болох дэлхийн хоёр дайн үнэн хэрэгтээ «христ шашны» орнуудад авалцан ассан юм.

13. Дэлхийг устгаж байгаа ямар нотолгоо байна вэ?

13 «Дэлхийг устгагчид» (Илчлэлт 11:18). Дэлхийн 1 600 гаруй эрдэмтэн, түүний дотор Нобелийн 104 шагналтан гарын үсэг зурсан Сэтгэл нь зовнисон эрдэмтдийн холбооны сэрэмжлүүлэгт: «Хүн байгаль хоёрын хооронд тун удахгүй мөргөлдөөн болох гэж байна. [...] Хэдхэн арван жилийн дараа гэхэд л бидэнд заналхийлж байгаа аюулыг зайлуулах боломжгүй болно» гэжээ. Хүмүүсийн хөнөөлт үйл ажиллагаа нь «амьдрал ердийн байдлаар үргэлжлэх боломжгүй болтол дэлхийг өөрчилж болох юм» гэж мөнхүү баримт бичигт дурджээ. Озоны давхаргын сийрэгжилт, усны бохирдол, ой мод огтлох хийгээд хөрс үржил шимгүй болж, амьтан ургамлын олон зүйл мөхөж байгаа нь нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудал болж байгааг тэмдэглэжээ. «Харилцан нягт уялдаатай амьдралын сүлжээнд оролцох үйл ажиллагаа маань одоо хир үйл явцыг нь бүрэн гүйцэд ойлгоогүй байгаа биологийн тогтолцоог эмх цэгцгүй байдалд хүргэх хүртэл бүхэнд хамаатай үр дагаврыг бий болгож болох юм» гэж Сэтгэл нь зовнисон эрдэмтдийн холбооны мэдэгдэлд дурджээ.

14. Матай 24:14-т бичигдсэн зүйл өнөөдөр биелж байгааг та хэрхэн нотлох вэ?

14 «Хаанчлалын энэхүү сайн мэдээ... дэлхий даяар тунхаглагдана» (Матай 24:14). Хаанчлалын тухай сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болон дэлхий даяар тунхаглагдана гэж Есүс зөгнөн хэлсэн. Бурхны тусламж, ивээлийн ачаар Еховагийн олон сая Гэрч сайн мэдээг тунхаглан, дагалдагч бэлтгэх энэ ажилд олон тэрбум цаг зарцуулж байна (Матай 28:19, 20). Тийм ээ, хэрэв энэхүү мэдээг дэлгэрүүлээгүйгээс болоод бусдын цус урсах аваас түүний буруутан нь болно гэдгээ Гэрчүүд ухамсарлан ойлгодог юм (Езекиел 3:18, 19). Хаанчлалын тухай мэдээг жил тутам мянга мянган хүн талархан хүлээн авч, жинхэнэ христианууд болох Еховагийн Гэрчүүдийн талд орж байгаад тэд баяртай байдаг юм. Еховад үйлчилж, Бурхны тухай мэдлэгийг түгээнэ гэдэг бол үнэлж баршгүй эрхэм зүйл ээ. Энэхүү сайн мэдээ дэлхий даяар түгэн дэлгэрсний дараа өнөөгийн ёс бус тогтолцоо төгсөнө.

МЭДСЭН ЗҮЙЛЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ НЬ

15. Өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөл ямар янзтай ирэх вэ?

15 Энэхүү тогтолцооны төгсгөл ирэхэд юу болох вэ? Библид «агуу их гай гамшиг» болно гэж зөгнөн хэлсэн байдаг бөгөөд энэ нь улс төрийн хүчнүүд хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болох «агуу их Вавилон» уруу довтолсноор эхлэх юм (Матай 24:21; Илчлэлт 17:5, 16). Тэр үед «нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно» гэж Есүс хэлсэн (Матай 24:29). Энэ нь үнэхээрийн тэнгэрийн үзэгдэл байж болох юм. Ямар ч байлаа гэсэн шашны ертөнцийн «одод» буюу удирдагчид илчлэгдэн устгагдах болно. Дараа нь «Магогийн газрын... Гог» гэгдэгч Сатан зүй бус хүмүүсийг ашиглан Еховагийн ард түмэн уруу өргөн фронтоор довтолно. Гэвч Бурхан өөрийн хүмүүсийг аврахаар ирэх учир Сатан амжилт үл олно (Езекиел 38:1, 2, 14—23). «Агуу их гай гамшиг» нь «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайн» болох Хармагедоноор оргилдоо хүрнэ. Энэхүү дайн нь Сатаны дэлхийн байгууллагын бүх үлдэгдлийг газрын хөрснөөс арчиж, эсэн мэнд үлдсэн хүмүүст эцэс төгсгөлгүй ивээлийн үүд хаалгыг нээх болно (Илчлэлт 7:9, 14; 11:15; 16:14, 16; 21:3, 4).

16. Зөгнөн хэлсэн «эцсийн өдрүүдийн» шинж тэмдгүүд бидний цаг үед хамаатай болохыг хаанаас мэдэж болох вэ?

16 «Эцсийн өдрүүдийг» тодорхойлох зөгнөлийн зарим онцлог шинж түүхийн өөр үед хамаатай юм шиг санагдаж болох юм. Гэвч зөгнөн хэлсэн шинж тэмдгүүдийг бүхэлд нь авч үзэх аваас бидний цаг үеийг ямар ч эргэлзээгүй заан илэрхийлж байгаа билээ. Үлгэрлэвэл: Хүний хурууны хээ давтагдашгүй онцлогтой байдаг. Түүн лугаа адил «эцсийн өдрүүдийн» онцлог шинж буюу үйл явдал нь давтагдашгүй онцлогтой бөлгөө. Эдгээр нь цаг хугацааны өөр ямар ч үед үл хамаарах өөрийн онцлогтой «хурууны хээг» буй болгожээ. Бурхны тэнгэрийн Хаанчлал аль хэдийн засаглалаа явуулаад эхэлчихсэн гэсэн Библийн заалтыг тооцон, болж буй үйл явдлуудыг цэгнэн үзэх аваас бид үнэн хэрэгтээ «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа юм байна гэсэн дүгнэлт хийх бүрэн үндэстэй болно. Түүнээс гадна өнөөгийн ёс бус тогтолцоо тун удахгүй устана гэдгийг Библи хөдөлгөөнгүй нотолж байгаа билээ.

17. «Эцсийн өдрүүдэд» амьдарч байна гэдгээ мэдсэнээр бид яах ёстой вэ?

17 Эдүгээ «эцсийн өдрүүд» болж байна гэдэг нотолгоонд та хэрхэн хандаж байна вэ? Хэрэв асар хөнөөлтэй хар салхи ойртон айсуйг мэдвэл бид түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах нь ойлгомжтой. Тэгвэл өнөөгийн тогтолцоонд хамаатай Библийн зөгнөлүүд биелж байгааг ухаарснаараа бид идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой (Матай 16:1—3). Өнөөдөр энэхүү ертөнцийн тогтолцооны эцсийн өдрүүдэд амьдарч байгаа маань ямар ч эргэлзээгүй. Энэ нь Бурхны ивээлийг хүртэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бидэнд түлхэц болох ёстой (2 Петр 3:3, 10—12). Есүс, аврах эрх олгогдсон өөрийнхөө тухай дурдан: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун» хэмээн шаргуу уриалж байлаа (Лук 21:34—36).

[Зүүлт]

a Библийн зарим орчуулгад «эд юмсын тогтолцоо» гэхийн оронд «дэлхий» гэдэг үгийг хэрэглэсэн байдаг. «Шинэ Гэрээний үгсийн тайлбар толь»-д ai·onʹ гэдэг грек үг нь «цаг хугацааны тодорхойгүй хэсэг үе буюу тухайн үеийн онцлог үйл явдлуудаар тодорхойлогдох цаг үе гэсэн үг» гэжээ (W. E. Vine’s «Expository Dictionary of New Testaments Words»). Өөр нэг тольд «Еврей» номын 1:2-т байдаг ai·oʹnes (олон тоо) гэдэг үгийг авч үзэхдээ «эд юмсын тогтолцоо» гэдэг хэллэгийг хэрэглэсэн байна (Parkhurst’s «Greek and English Lexicon to the New Testmant», page 17). Тэгэхлээр «эд юмсын тогтолцоо» гэж орчуулах нь грек эх бичигтэйгээ тохирч байгаа юм.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Библийн зөгнөл ёсоор Христийн засаглалын эхэн үед ямар ямар үйл явдал болох ёстой вэ?

«Эцсийн өдрүүдийн» зарим ямар онцлог шинж байна вэ?

Бидний цаг үе бол «эцсийн өдрүүд» гэдэгт итгэх үндэс таны хувьд юу байна вэ?

[Догол мөрийн асуулт]

[102-р хуудасны хавсралт]

«ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН» ЗАРИМ ОНЦЛОГ ШИНЖ

• Урьд хожид үзэгдээгүй дайн дажин (Матай 24:7; Илчлэлт 6:4).

• Өлсгөлөн (Матай 24:7; Илчлэлт 6:5, 6, 8).

• Тахал (Лук 21:11, ШГ; Илчлэлт 6:8).

• Ёс бус байдал өсөх (Матай 24:12).

• Дэлхийг устгах (Илчлэлт 11:18).

• Газар хөдлөх (Матай 24:7).

• Засаж залруулахад бэрхтэй хэцүү цаг (2 Тимот 3:1).

• Мөнгөнд хэт дурлах (2 Тимот 3:2).

• Эцэг эхдээ захирагдахгүй (2 Тимот 3:2).

• Төрөлхийн хайр дутагдах (2 Тимот 3:3).

• Бурхныг хайрлахаасаа илүү зугаа цэнгэлд дурлах (2 Тимот 3:4).

• Биеэ барих чадвар дутагдах (2 Тимот 3:3, ШГ).

• Сайн юманд дургүй (2 Тимот 3:3).

• Ойртон айсуй аюулыг үл тоомсорлох (Матай 24:39).

• Элэглэн дооглогчид «эцсийн өдрүүдийн» нотолгоог үгүйсгэх (2 Петр 3:3, 4).

• Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглах (Матай 24:14).

[101-р хуудасны зураг]