Skip to content

Гарчиг руу орох

Хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээ

Хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээ

Бүлэг 7

Хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээ

1, 2. а) Бурхны Хүү хэн байсныг ромын цэргийн зуутын дарга хэрхэн ойлгосон бэ? б) Ехова Есүсийг үхэхийг яагаад зөвшөөрөв?

 2 000 ОРЧИМ жилийн тэртээх хаврын нэгэн өдрийн үдээс хойш ягуухнаар тарчлан үхэж байгаа гурван эрийг ромын цэргийн зуутын дарга ажиглан харж байлаа. Тэрбээр сайхь гурвын нэг болох модон шонд хадаастай Есүс Христийг онцгойлон анхаарч байв. Үхэл нь ойртоод байсан үдийн алдад тэнгэр харанхуйлсан бөгөөд түүнийг амь тавих агшинд газар хүчтэй хөдлөхөд мөнөөх цэргийн дарга: «Энэ хүн үнэхээр Бурхны Хүү байсан байна» хэмээн дуун алджээ (Марк 15:39).

2 Бурхны Хүү! Цэргийн даргын зөв байв. Тийнхүү тэрбээр нэгэн цагт дэлхийд болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдлын гэрч болжээ. Урьд нь Бурхан өөрөө Есүсийг хайртай Хүүгээ хэмээн нэг бус удаа хэлж байсан (Матай 3:17; 17:5). Хүүгээ үхэхийг Ехова яагаад зөвшөөрсөн бэ? Яагаад гэвэл ийм замаар Бурхан хүн төрөлхтнийг нүгэл ба үхлээс аврах байсан юм.

ТУСГАЙ ЗОРИЛГООР СОНГОГДСОН НЬ

3. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан «цорын ганц Хүүгээ» сонгосон нь яагаад зөв бэ?

3 Есүс дэлхийд хүн болж төрөхөөсөө өмнө амьдарч байсан гэдгийг энэ номоос бид урьд нь мэдсэн. Түүнийг Ехова өөрөө бүтээсэн учраас Бурхны «цорын ганц Хүү» гэж нэрлэдэг байжээ. Дараа нь Бурхан бусад бүх зүйлийг бүтээхдээ Есүсийг ашигласан (Иохан 3:18; Колоссай 1:16). Есүс хүмүүст онцгой хайртай байв (Сургаалт үгс 8:30, 31). Ехова, үхлээр шийтгүүлэн байж хүн төрөлхтнийг аврах тусгай даалгавар гүйцэтгүүлэхээр ууган Хүүгээ сонгосон нь гайхах зүйл биш!

4, 5. Есүсийг дэлхийд ирэхээс өмнө Мессиа буюу Үрийн талаар Библи юу өгүүлсэн бэ?

4 Бурхан Еден цэцэрлэгт Адам Ева Сатан гуравт ял сонсгон, шийтгэхдээ ирээдүйн Аврагчийг «үр» (ШЕ) гэж хэлсэн. Тэр «үр» буюу үр удам «эртний могой» болох Сатан Диаволын тарьсан аймшигт гай зовлонг устгах учиртай байв. Түүнээс гадна Бурхны амласан Үр нь Сатан болон түүнийг дагалдсан бүхнийг устгах болно (Эхлэл 3:15; 1 Иохан 3:8; Илчлэлт 12:9).

5 Үрийг бас Мессиа гэж нэрлэдэг бөгөөд Бурхан түүнийг олон зууны туршид дэс дараатайгаар нээн илчилсээр байлаа. 37 дугаар хуудсанд хавсаргасан хүснэгтэд дэлхий дээрх амьдралынх нь олон нарийн ширийн зүйлийг маш тодорхой зөгнөснийг харуулсан буй. Жишээ нь: Тэрбээр Бурхны санаа зорилго дахь үүргээ биелүүлэхийн тулд аймшигтай доромжлолыг тэвчин өнгөрөөх ёстой байлаа (Исаиа 53:3—5).

МЕССИАГИЙН ҮХЭХ ЁСТОЙН УЧИР

6. Даниел 9:24—26-д бичсэнээр Мессиа юу хийх ёстой байсан бэ? Үүнийг яаж хийх ёстой байв?

6 «Даниел» номын 9:24—26-д Бурхны Тослогдсон Нэгэн болох Мессиа агуу том үүрэг гүйцэтгэх ёстой гэж зөгнөсөн байдаг. Тэрбээр «хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоохын» тулд дэлхийд ирэх, өөрөөр хэлбэл, үнэнч хүмүүсээс үхлийн шийтгэлийг зайлуулах ёстой байв. Харин үүнийгээ яаж биелүүлэх байв? Мессиа «тасдагдах» буюу үхэх ёстой гэж зөгнөлд тайлбарлажээ.

7. Эртний израильчууд ямар учраас амьтдаар тахил өргөдөг байсан ба энэ нь юуны үлгэр загвар байсан бэ?

7 Эртний израильчууд нүглийг цайруулах зарчмыг мэддэг байжээ. Мосегоор дамжуулан өгсөн Бурхны хуулийн дагуу тэд Еховаг шүтэхдээ амьтдаар тахил өргөдөг байв. Энэ нь хүмүүсийн нүглийг цайруулах буюу «бүтээх» хэрэгтэй гэдгийг израильчуудад сануулж байв. Элч Паул энэхүү зарчмыг дүгнэн: «Цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ» гэж хэлжээ (Еврей 9:22). Христианууд Мосегийн хуулинд захирагддаггүй бөгөөд амьтдаар тахил өргөх гэх мэтийн шаардлагуудыг биелүүлэх албагүй (Ром 10:4; Колоссай 2:16, 17). Тэрчлэн, амьтнаар өргөсөн нэг удаагийн тахил нүглийг бүрмөсөн цайруулж чадахгүй гэдгийг тэд мэддэг. Үнэн чанартаа амьтдаар тахил өргөх нь Мессиа буюу Христийг тахил болгон өргөх илүү үнэтэй тахилын үлгэр загвар байсан юм (Еврей 10:4, 10; Галат 3:24-тэй харьцуулна уу). Харин, та «Мессиа заавал үхэх ёстой байсан юм уу?» гэж асууж болох юм.

8, 9. Адам Ева хоёр ямар үнэт зүйлсийг алдсан бэ? Энэ нь үр удамд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

8 Тийм ээ, хүн төрөлхтнийг аврахын тулд Мессиа үхэх ёстой байв. Хэрэв бид Еден цэцэрлэгт болж өнгөрсөн үйл явдлыг эргэн санаж, Адам Ева хоёр Бурхны эсрэг боссоноороо юу алдсаныг ухаарах гэж хичээх аваас үүний учрыг ойлгож болно. Тэд мөнх амьдрах ирээдүйтэй байлаа! Мөн тэр хоёр Бурхны хүүхдүүд байсан учраас түүнтэй шууд харьцах боломжтой байв. Гэвч тэр хоёр Бурхны удирдлагаас татгалзсанаар энэ бүх боломжоо алдан, хүн төрөлхтөнд нүгэл болоод үхлийн уршиг тарьсан юм (Ром 5:12).

9 Энэ нь бидний өвөг дээдэс тэр их баялгийг үрэн таран хийж, өр ширэнд баригдсан бөгөөд тэр өрөө үр удамдаа дамжуулан үлдээсэнтэй адил болжээ. Бид төгс бус, нүгэлтэй төрдөг учраас бүгд нүгэл үйлддэг ба үхдэг. Бид өвчилдөг, эсвэл хожим нь харамсан гансармаар таагүй үг яриа хэлдэг маань удам дамжсан өр болох төгс бусынхаа үрийг амсаж байгаа хэрэг (Ром 7:21—25). Үүнээс гарах цорын ганц зам бол Адамын алдсан төгс амийг дахин буцааж авах явдал байв. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй. Бид бүгд төгс бус учир нүгэл үйлддэг. Харин нүгэл нь үхэлд хүргэдэг (Ром 6:23).

10. Адамын алдсан амийг зольж авахад юу хэрэгтэй байсан бэ?

10 Тэгвэл Адамын алдсан амийн оронд өөр ямар нэг юм өгч болох болов уу? Бурхны шударга хууль «амийг амиар» гэсэн эн тэнцүү төлөөсийг шаарддаг (Египетээс гарсан нь 21:23). Тийм болохоор алдсан амийг амиар төлөх хэрэгтэй байлаа. Харин хэн дуртай хүний амь энэ шаардлагыг хангаж үл чадах байв. Дуулал 49:7, 8-д (МБОХ, 1998) төгс бус хүмүүсийн тухай: «Хэн ч ах дүү нараа аварч чадахгүй. Түүний төлөө Бурханд төлөөс [«золиос», ШЕ] өгч чадахгүй. Амийн аврал маш их үнэ цэнтэй. Түүнийг мөнхөд төлж баршгүй» гэж бичжээ. Энэ нь Адамын алдсан амийг төлөх ямар ч найдваргүй гэсэн үг үү? Тийм биш ээ.

11. а) «Золиос» гэдэг үг еврей хэлэнд ямар утга илэрхийлдэг вэ? б) Хүн төрөлхтнийг үхлээс чөлөөлөх боломжтой цорын ганц хүн хэн байсан бэ? Яагаад?

11 «Золиос» гэдэг үг нь еврей хэлэнд барьцаанд байгаа хүнийг суллуулахын тулд төлдөг мөнгөний хэмжээг заадаг ба мөн тэрчлэн эн тэнцүү гэсэн санааг илэрхийлдэг. Адамын алдсан амийг зөвхөн төгс эр хүн л өөрийн амиар төлж чадах байлаа. Адамын дараа дэлхий дээр төрсөн цорын ганц төгс эр хүн бол Есүс Христ байсан. Тийм учраас Библи Есүсийг «сүүлчийн Адам» гээд, Христ «Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн» гэж баталдаг (1 Коринт 15:45; 1 Тимот 2:5, 6). Адамаас болж бүх үр удам нь үхдэг болсон бол Есүсийн ачаар мөнх амьдрах боломжтой болсон. Үүнийг 1 Коринт 15:22-т: «Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно» гэж тайлбарлажээ. Чухамдаа Есүсийг «Мөнхийн Эцэг» гэж нэрлэдэг болсны учир энэ ажгуу (Исаиа 9:6, 7).

ЗОЛИОС ХЭРХЭН ТӨЛӨГДСӨН НЬ

12. Есүс хэзээ Мессиа болсон ба энэ нь түүний амьдралд яаж нөлөөлсөн бэ?

12 МЭ 29 оны намар Есүс баптисм хүртэхээр өөрийн садангийн Иохан дээр хүрч ирсэн. Ингэснээрээ тэрбээр Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэр үед Ехова Есүсийг ариун сүнсээр тосолсон. Тийнхүү Есүс Мессиа буюу Христ, өөрөөр хэлбэл, Бурхны тослогдсон нэгэн болсон (Матай 3:16, 17). Түүний дараа Есүс гурван жил хагас үргэлжилсэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэрбээр Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлж, үнэнч дагалдагчдыг цуглуулан төрөлх нутгийнхаа өнцөг булан бүрээр аялав. Гэвч тэрбээр, зөгнөн бичсэн ёсоор, тун удалгүй маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан (Дуулал 118:22; Үйлс 4:8—11).

13. Нугаршгүй үнэнч Есүсийг ямар ямар үйл явдал үхэлд хүргэсэн бэ?

13 Есүс шашны удирдагчдын хоёр нүүрт үйл ажиллагааг зоригтойгоор илчилсний төлөө тэд түүнийг алахыг оролджээ. Эцсийн эцэст тэд урвах үйл ажиллагаа, хууль бусаар баривчлан шүүх, үймээн самуунд олныг өдөөн турхирсан хэмээн ял тулгах гэх мэтийн олон зүйл багтаасан хорон санаат төлөвлөгөө боловсруулжээ. Есүсийг зодон, нүүр уруу нь нулимж, дооглон инээлдэж байсан ба ташуураар арьс махыг нь хэгз татан ороолгов. Дараа нь Ромын амбан захирагч Понти Пилат түүнд тарчлаах шонд үхэх ял оноожээ. Түүнийг модон шонд хадаад, шонг босгон зоосон. Есүс нилээд хэдэн цагийн дараа үхсэн бөгөөд тэр болтол амьсгалах бүрдээ тарчлан зовж байлаа. Хэдийгээр ийм хүнд сорилтууд байсан ч гэсэн Есүс Бурханд төгс үнэнч байдлаа хадгалан үлдсэн юм.

14. Бурхан ямар учраас Хүүгээ тарчлан зовж, үхэхийг зөвшөөрсөн бэ?

14 Тийнхүү Есүс 33 оны нисан сарын 14-нд амиа «олны төлөө золиос болгон» өгсөн ажээ (Марк 10:45; 1 Тимот 2:5, 6). Хайртай Хүүгээ тарчлан зовж, үхэхийг Ехова тэнгэрээс харж байлаа. Ийм аймшигтай хэрэг явдал болохыг Бурхан яагаад зөвшөөрөв? Яагаад гэвэл Ехова хүмүүст хайртай билээ. «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж Есүс хэлсэн (Иохан 3:16). Тэрчлэн Есүсийн үхэл нь Ехова бол төгс шударга Бурхан гэдгийг бидэнд хэлж өгдөг (Дэд хууль 32:4). Адамын нүгэлт хэргийг үл хэрэгсэх буюу «амийг амиар» нэхэх шударга зарчмаасаа Бурхан яагаад татгалзаагүй юм бол оо гэж зарим хүн гайхширдаг. Үүний шалтгаан нь гэвэл Ехова өөрийнхөө хуулинд ямагт үнэнч бөгөөд хэчнээн их үнээр биелүүлэх байлаа ч тэрбээр хуулиа л сахидаг.

15. Есүсийг үүрд үхүүлэх нь шударга бус байсан учраас Ехова яасан бэ?

15 Еховагийн шударга зарчим нь Есүсийн үхлийг сайнаар төгсгөхийг бас шаардаж байлаа. Үнэнч Есүс үхлийн нойроор үүрд унтчихвал энэ нь шударга явдал байх уу даа? Мэдээжээр үгүй! Бурхны үнэнч үйлчлэгч булшинд үлдэн хоцрохгүй гэж Еврей Сударт зөгнөсөн байдаг (Дуулал 16:10; Үйлс 13:35). Тэрбээр үхлийн нойроор гурав хүрэхгүй өдөр унтсан ба дараа нь Ехова Бурхан түүнийг агуу хүчтэй сүнсэн бодгаль болгон дахин амилуулсан (1 Петр 3:18).

16. Есүс тэнгэрт очоод яасан бэ?

16 Есүс үхсэнээрээ хүмүүн амиа үүрд орхисон юм. Тэрбээр тэнгэрт дахин амилсан бөгөөд амь өгөгч сүнс болсон. Түүнээс гадна Есүс орчлонт ертөнцийн ариунаас ариун газар, хайртай Эцэгтээ очоод түүнд өөрийн төгс хүмүүн амийн үнэ цэнг албан ёсоор өргөн барьсан (Еврей 9:23—28). Энэхүү эрхэм амийн үнэ цэнг Бурханд дуулгавартай хүмүүсийн төлөө ашиглах болно. Гэвч энэ нь таны тухайд юу гэсэн үг вэ?

ХРИСТИЙН ЗОЛИОС БА ТА

17. Есүсийн золих тахилын үндсэн дээр бидний нүгэл хэрхэн уучлагдаж болох вэ?

17 Христийн золих тахилын эдүгээ танд үзүүлж байгаа гурван тустай зүйлийг авч үзье. Нэгдүгээрт, нүглийг уучлах боломжтой болгодог. Есүсийн асгаруулсан цусанд итгэснээр бид «золиосны үндсэн дээр чөлөөлөгдөх» буюу «нүгэл маань уучлагдах» болно (Ефес 1:7, ШЕ). Тийм учраас ноцтой нүгэл үйлдсэн ч Есүсийн нэрээр Бурхнаас уучлал гуйж болно. Хэрэв бид үнэн санаанаасаа гэмших аваас Ехова Хүүгийнхээ золих тахилын үнэ цэнг бидний төлөө ашиглах болно. Үйлдсэн нүглийн маань төлөө Бурхан биднийг үхлээр шийтгэхийн оронд сайн мөс чанар өгч, өршөөх болно (Үйлс 3:19; 1 Петр 3:21).

18. Есүсийн тахил бидэнд ямар итгэл төрүүлдэг вэ?

18 Хоёрдугаарт, Христийн золих тахил нь ирээдүйдээ итгэх итгэлийн маань үндэс болдог. Элч Иохан үзэгдэлдээ эд юмсын энэхүү тогтолцооны ойртон айсуй аймшигт төгсгөлийг эсэн мэнд давж гарсан «хэн ч тоолж чадаагүй үй олон хүнийг» үзжээ. Бурхан төчнөөн олон хүнийг устгаж байхад тэд хэрхэн амьд үлдэв ээ? Эдгээр «үй олон хүн» «Хурганы [Есүс Христийн] цусаар дээлээ угааж, цагаан болгожээ» гэж тэнгэр элч Иоханд хэлжээ (Илчлэлт 7:9, МБОХ, 1996; 14). Есүс Христийн асгаруулсан цусанд итгээд, Бурхны шаардлагын дагуу амьдрах аваас бид Бурхны нүдэнд цэвэр ариун харагдах ба мөнх амьдрах найдвартай болно.

19. Ехова Есүс хоёр танд хайртай гэдгийг золиос хэрхэн гэрчилдэг вэ?

19 Гуравдугаарт, золих тахил бол Еховагийн хайрын гол нотолгоо юм. Христийн үхэл нь орчлонт ертөнцийн түүхэнд хайрын хоёр гайхамшигт илрэлийг өөртөө агуулдаг. Үүнд: 1) Бидний төлөө үхүүлэхээр Хүүгээ илгээсэн Бурхны хайр; 2) Золиос болгон өөрийгөө дуртайяа өргөсөн Есүсийн хайр (Иохан 15:13; Ром 5:8). Хэрэв бид энэ арга хэмжээнд чин зүрхнээсээ итгэх аваас энэ хайр бид бүхний хэнд ч хүртээлтэй байх болно. «[Бурхны Хүү] намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өгсөн» гэж элч Паул хэлжээ (Галат 2:20; Еврей 2:9; 1 Иохан 4:9, 10).

20. Бид Есүсийн золих тахилд ямар учраас итгэх ёстой вэ?

20 Тийм учраас бид Есүсийн золих тахилд итгэж, Бурхан хийгээд Христийн үзүүлсэн хайранд талархлаа илэрхийлэх учиртай. Ингэж л байж бид мөнхийн аминд хүрнэ (Иохан 3:36). Гэхдээ биднийг аврах нь Есүсийн дэлхий дээрх амьдрал ба үхлийн хамгийн чухал зорилго байгаагүй юм. Түүний санааг зовоож байсан гол зүйл бол орчлонт ертөнцөд хамаатай маргаантай асуудал байлаа. Дараагийн бүлгээс энэхүү асуудал нь бид бүхэнд хамаатай болохыг үзнэ. Бурхан ёс бус байдал хийгээд зовлон зүдүүрийг ямар учраас өчнөөн удаан хугацаагаар хүлцэн зөвшөөрдөг вэ гэдэг асуулт эндээс тодорхой болно.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Хүн төрөлхтнийг аврахын тулд Есүс үхэх ёстой байсны учир юу вэ?

Золиос хэрхэн төлөгдсөн бэ?

Таны хувьд золиос ямар ашигтай вэ?

[Догол мөрийн асуулт]

[67-р хуудасны зураг]