Skip to content

Гарчиг руу орох

Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ?

Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ?

Бүлэг 5

Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ?

1. Шүтлэгийн талаар самари эмэгтэй юу мэдэхийг хүссэн бэ?

 БУРХАНД ямар шүтлэг таалагддаг бол гэж та өөрөөсөө ер нь асууж үзсэн үү? Нэгэн эмэгтэй Самарийн Геризим уулын ойролцоо Есүс Христтэй ярилцах үедээ тийм асуулттай тулгарсан нь лавтай. Тэрбээр самаричууд ба иудейчүүд өөр өөрөөр шүтдэгт анхаарлаа хандуулан: «Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ» гэж хэлэв (Иохан 4:20). Бурханд ямар ч шүтлэг таалагддаг гэж Есүс самари эмэгтэйд хариулсан уу? Эсвэл, Бурханд таалагдахад ямар нэгэн тусгай зүйл хэрэгтэй гэж хэлсэн үү?

2. Есүс самари эмэгтэйд юу гэж хариулсан бэ?

2 «Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна» гэж Есүсийн хариулсан нь их сонин байлаа (Иохан 4:21). Самаричууд Геризим ууланд өнө удаан жил Еховаг болон өөр бурхдыг шүтэж ирсэн (Хаадын дэд 17:33). Одоо жинхэнэ шүтлэгт тэр газар ч, Иерусалим ч ач холбогдолгүй болно гэж Есүс хэлэв.

СҮНС БА ҮНЭНЭЭР ШҮТЭХ

3. а) Самаричууд үнэн хэрэгтээ Бурхныг мэддэггүй байсны учир юу вэ? б) Итгэмжит иудейчүүд болон бусад хүмүүс Бурхныг хэрхэн таньж мэддэг болсон бэ?

3 Есүс цааш нь: «Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна» гэж самари эмэгтэйд хэлэв (Иохан 4:22). Самаричуудын дунд хуурамч шашны төөрөлдсөн ойлголт байсан бөгөөд тэд «Самарийн таван ном» гэж алдаршсан, өөрсдийнхөө хувилбараар хянан найруулсан Библийн эхний таван номыг л Бурхны онгод оруулан бичүүлсэн ном гэж үздэг байв. Тийм учраас, тэд үнэн хэрэгтээ Бурхныг мэддэггүй байв. Харин, иудейчүүдэд Бурхны бүх үг байсан юм (Ром 3:1, 2). Итгэмжит иудейчүүд болон үнэнч зүрх сэтгэлтэй бусад хүмүүст Бурхныг таньж мэдэхэд хэрэгтэй бүхнийг Судраар өгсөн.

4. Есүсийн хэлснээр шүтлэг нь Бурханд таалагдахын тулд иудейчүүд болон самаричууд яах ёстой байв?

4 Хэрэв, Бурханд таалагдахыг хүсэж байгаа бол иудей ч, самари ч аль аль нь шүтдэг аргаа өөрчлөх ёстой болсныг Есүс харуулсан. Тэрбээр: «Жинхэнэ шүтэгчид сүнс ба үнэнээр Эцгийг минь шүтэх цаг ирж байна. Яг одоо ирчихээд байна. Учир нь, Эцэг ийнхүү өөрийг нь шүтэгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнийг шүтэгчид сүнс ба үнэнээр шүтэх ёстой» гэж хэлэв (Иохан 4:23, 24, ШЕ). Бид Эцгийг «сүнсээр», өөрөөр хэлбэл итгэл ба хайраар бялхсан зүрх сэтгэлээр шүтэх ёстой. Бурхныг «үнэнээр» шүтнэ гэдэг бол түүний Үг болох Библийг сайтар судлан, түүнд илэрхийлсэн үнэний дагуу шүтнэ гэсэн үг юм. Та тэгэхийг хүсэж байна уу?

5. а) «Шүтэх» гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Бурханд таалагдахаар шүтье гэвэл яах ёстой вэ?

5 Бурхан гагцхүү жинхэнэ шүтлэгийг таалдаг гэдгийг Есүс онцлон анхааруулсан. Энэ нь Еховад таалагддаггүй шүтлэг бас байдаг гэдгийг хэлж байгаа хэрэг юм. Бурхныг «шүтэх» гэдэг бол түүнийг сүсэглэн хүндэлж, түүнд ариунаар үйлчилнэ гэсэн үг юм. Хэрэв, та аугаа хүчирхэг захирагчид хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байгаа бол түүнд чин үнэнчээр үйлчилж, түүний санаанд нийцтэй үйл хийхийг хичээх нь дамжиггүй. Бид ч Бурханд таалагдахыг хүсдэг. «Миний шашин наддаа л болно» гэж ярихын оронд шүтлэг минь Бурхны шаардлагын дагуу байна уу, үгүй юү гэдгийг бодох хэрэгтэй.

ЭЦГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ БИЕЛҮҮЛЭХ

6, 7. Өөрсдийгөө шавь нь гэж зарлан тунхагладаг зарим хүмүүсийг Есүс яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ?

6 Матай 7:21—23-т бичсэнийг уншвал Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ гэдгийг мэдэж болно. «Намайг „Эзэн минь, Эзэн минь“ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг [«тааллыг», МАБ] биелүүлдэг хүн орно. Тэр өдөр Надад олон хүн „Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг [муу сүнсэн бүтээлүүдийг] хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?“ гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд „Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл“ гэж хэлнэ» хэмээн Есүс хэлсэн.

7 Жинхэнэ шүтлэгт Есүс Христийг Эзэн гэж хүлээн зөвшөөрөх нь маш чухал. Гэвч, өөрсдийгөө Есүсийн дагалдагч гэж үздэг олон хүний шүтлэгт ямар нэгэн юм дутагддаг нь дээрх үгнээс харагдаж байна. Тэдний зарим нь ер бусаар өвчин эдгээх зэрэг «гайхамшгуудыг» үзүүлдэг гэж Есүс хэлсэн. Гэхдээ, тэд Есүсийн амин чухал гэж хэлсэн зүйлийг орхигдуулдаг. Тэд «[түүний] Эцгийн хүсэл тааллыг» биелүүлдэггүй. Хэрэв, бид Бурханд таалагдахыг хүсэж байгаа бол эхлээд Еховагийн хүсэл тааллыг мэдэх, дараа нь түүнийг биелүүлэх шаардлагатай.

НАРИЙН ЗӨВ МЭДЛЭГ ХАМГААЛНА

8. Хэрэв Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хүсэж байгаа бол яах ёстой ба ямар алдаатай үзэл бодлоос зайлсхийх хэрэгтэй вэ?

8 Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийн тулд Ехова Бурхан болон Есүс Христ хоёрын аль алиных нь тухай нарийн зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэр бол мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг мөн. Тийм учраас, бид бүгдээрээ Бурхны Үг, Библийн нарийн зөв мэдлэгт няхуур хандах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Зарим хүн, хэрэв бид шүтлэгтээ үнэнч, идэвх зүтгэлтэй л байвал мэдлэг тийм чухал биш гэж үздэг. Нөгөө зарим нь: «Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй» гэдэг. Харин, Библи Бурхны тухай, түүний санаа зорилгын тухай мэдлэгээ улам нэмэхийг бидэнд зөвлөдөг (Ефес 4:13; Филиппой 1:9; Колоссай 1:9).

9. Нарийн зөв мэдлэг биднийг юунаас хамгаалах вэ? Тийм хамгаалалт яагаад хэрэгтэй вэ?

9 Тийм мэдлэг бидний шүтлэгийг бузарлахаас хамгаалдаг. «Гэрлийн тэнгэр элч» болон хувирдаг нэгэн сүнсэн бүтээлийн талаар элч Паул сануулсан (2 Коринт 11:14). Сатан хэмээгч энэ сүнсэн бүтээл нь тийн хувирч, биднээр Бурхны хүсэл тааллын эсрэг үйл хийлгэхийг чармайдаг. «Тахидаг юмсыг тэд [харь үндэстнүүд] Бурханд бус, харин чөтгөрүүдэд тахидаг аж» гэж Паулын хэлснээс үзэхэд Сатантай холбоотой өөр сүнсэн бүтээлүүд хүмүүсийн шүтлэгийг бас бузарладаг аж (1 Коринт 10:20). Тэр үед олон хүн зөв зохистойгоор шүтдэг гэж бодож байсан ч Бурхны хүслийн дагуу шүтдэггүй байсан бололтой. Тэд өөрсдөө ч мэдэлгүй ариун бус, хуурамч шүтлэгтэй орооцолдсон байдаг байжээ. Бид цаашид Сатан болон чөтгөрүүдийн талаар илүү ихийг мэдэх болно. Харин, Бурхны эдгээр дайсан хүн төрөлхтний шүтлэгийг бузарладаг нь одоо бидэнд тодорхой боллоо.

10. Хэн нэгэн хүн усны эх булгийг санаатайгаар хордуулсныг мэдвэл та яах ёстой вэ? Бурхны Үгийн нарийн зөв мэдлэг бидэнд хэрхэн тусалдаг вэ?

10 Хэрэв та булгийн усыг хэн нэгэн хүн санаатайгаар хордуулсныг мэдвэл тэндээс уусаар л байх уу? Мэдээжээр, нэн даруй цэвэр усны эх булаг олох нь магад. Бурхны Үгийн нарийн зөв мэдлэг нь жинхэнэ шашныг ялгаж, Бурхныг шүтэх шүтлэгийг бузарлаж болох алив бүхнийг хүлээж авахгүй байхад маань бидэнд тусална.

ХҮНИЙ ЗОХИОСОН СУРГААЛ

11. Олон иудей хүний шүтлэгт юу нь буруу байв?

11 Есүсийг дэлхий дээр байх тэр үед олон иудей хүн үйл ажиллагаагаа Бурхны тухай нарийн зөв мэдлэгийн дагуу явуулдаггүй байлаа. Тийм учраас, тэд Еховагийн өмнө ариун нэр хүндгүй болсон. Паул тэдний тухай: «Тэд Бурхны төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь [«нарийн зөв», ШЕ] мэдлэгийн дагуу биш хэмээн би тэднийг гэрчилдэг» гэж бичсэн (Ром 10:2). Тэд Бурханд дуулгавартай байхын оронд түүнийг хэрхэн яаж шүтэхээ өөрсдөө шийдсэн.

12. Израильчуудын шүтлэгийг юу бузарласан бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?

12 Израильчууд эхэндээ Бурхны өгсөн цэвэр шашныг шүтдэг байснаа хожим нь түүнийг философи болон хүний сургаалаар бохирлосон (Иеремиа 8:8, 9; Малахи 2:8, 9; Лук 11:52). Фарисайчууд хэмээн алдаршсан иудейн шашны удирдагчид шүтлэгээ Бурханд таалагддаг гэж үздэг байсан хэдий ч Есүс тэдэнд хандан: «Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. „Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг. Харин тэдний зүрх Надаас алс хол юм. Тэд хүмүүсийн тушаалыг [«хүний зохиосон дүрмийг», ШГ] сургаал мэт зааж, харин Надад дэмий хоосон мөргөдөг“» гэж хэлжээ (Марк 7:6, 7).

13. Бид яавал фарисайчууд шиг болж болох вэ?

13 Фарисайчууд хэрхсэн шиг бидэнд тийм юм тохиолдож болох уу? Хэрэв шүтлэгийн талаар Бурхан юу хэлснийг дуулгавартай биелүүлэхийн оронд шашны ёс заншлыг дагавал бид фарисайчууд шиг болж болно. Паул энэ бодит аюулын талаар урьдчилан сануулж: «Хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг» гэж хэлсэн (1 Тимот 4:1). Бидний шүтлэг Бурханд таалагддаг хэмээн бардамнан бодох нь учир дутагдалтай гэдэг нь эндээс харагдаж байна. Есүстэй таарсан самари эмэгтэй шиг бид эцэг, эхийнхээ шашныг өвлөсөн байж болох юм. Гэвч, хийж байгаа юмыг маань Бурхан таашаадаг гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

БУРХНЫ ХҮСЭЛ ТААЛАЛД ХАРШ ЗҮЙЛ ХИЙХЭЭС БОЛГООМЖИЛ

14, 15. Бурхны хүсэл тааллын талаар тодорхой мэдлэгтэй байлаа ч сонор соргог байхын учир юу вэ?

14 Хэрэв бид болгоомжгүй байх аваас Бурханд үл таалагддаг алив зүйлийг үйлдэж болох юм. Жишээ нь: Элч Иохан «тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасан». Харин, тэнгэр элч түүнийг болгоомжлуулан: «Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө» гэж хэлсэн (Илчлэлт 19:10). Эндээс та шүтлэгээ ямар нэгэн буруу шүтээнээр бузарлагдсан эсэхийг нягтлах хэрэгтэй гэдгийг ойлгов уу? (1 Коринт 10:14).

15 Зарим христиан Бурхны таалалд үл нийцэх шашны ёс заншлуудыг мөрдөж эхлэхэд нь Паул тэднээс: «Та нар чинь юунд дорой буурай болоод зохисгүй үндсэн юмс уруугаа дахиж буцан очиж, бүр шинээр дахин боолчлогдохыг хүснэ вэ? Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг. Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна» хэмээн асуужээ (Галат 4:8—11). Тэр хүмүүс Бурхны тухай мэдлэгийг олж авсан боловч, хожим нь Еховагийн таашаалд үл нийцэх ёс заншлыг мөрдөж, шашны баяр ёслолыг тэмдэглэн, бодлогогүй үйл ажиллагаа явуулах болжээ. Паулын хэлснээр бид «Эзэнд юу тааламжтайг нягтлан хянах» ёстой (Ефес 5:10, МАБ).

16. Бурханд баяр ёслол, ёс заншлуудын аль нь таалагдаж, аль нь таалагддаггүйг мэдэхэд Иохан 17:16 болон 1 Петр 4:3 хэрхэн тусалдаг вэ?

16 Бурхны зарчимд харш шашны баяр ёслол болон ёс заншлаас бид зайлсхийх ёстой (1 Тесалоник 5:21). Тухайлбал, Есүс өөрийн дагалдагчдын талаар: «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж хэлсэн (Иохан 17:16). Таны шашин шүтээнд энэ ертөнцийн үйл хэрэгт үл оролцох зарчимд харшлах зан үйл болон баяр ёслол байдаг уу? Хүмүүс элч Петрийн: «Учир нь хэдийнээ өнгөрөн одсон үе бол завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх явдал болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлэхэд нь та нарын хувьд хангалттай байсан» гэж бичсэнчлэн биеэ авч явдаг тийм ёс заншил болон баяр ёслолын ажиллагаанд танай сүмийн итгэгчдээс хааяа оролцдог уу? (1 Петр 4:3).

17. Энэ ёс бус ертөнцийн үйл хэргүүдээс яагаад зайлсхийх ёстой вэ?

17 Энэхүү ёс бус ертөнцийн үйл хэргүүдээс зайлсхийх шаардлагатайг элч Иохан онцлон тэмдэглэсэн. Иохан бичихдээ: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн, тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн [«Бурхны тааллыг гүйцэлдүүлэгч», МБОХ, 1996] нь мөнхөд оршдог» гэжээ (1 Иохан 2:15—17). «Бурхны тааллыг гүйцэлдүүлэгч нь» мөнхөд оршино гэдгийг та анзаарав уу? Тийм ээ, хэрэв бид Бурхны хүсэл тааллыг биелүүлж, энэ ёс бус ертөнцийн үйл хэргүүдээс зайлсхийх аваас бидэнд мөнх амьдрах найдвар бий!

БУРХНЫ ӨНДӨР ХЭМ ХЭМЖЭЭГ САХИГТУН

18. Коринт хотын зарим христиан биеэ авч явах талаараа хэрхэн төөрөлдсөн бэ? Эндээс бид ямар сургамж авах вэ?

18 Өөрийг нь шүтэгчдийг ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахихыг Бурхан хүсдэг. Эртний Коринт хотын зарим христиан садар самуун явдлыг Бурхан хүлцэнэ хэмээн эндүү бодож байжээ. Гэтэл, 1 Коринт 6:9, 10-т бичсэнээс үзвэл тэд гүн төөрөгдөлд орсон нь харагдана. Хэрэв бид Бурхны санаанд хүрэхүйцээр шүтье гэж хүсэж байгаа бол үгээрээ төдийгүй, үйл хэргээрээ түүнд таалагдах ёстой. Та Бурхныг тийн шүтдэг үү? (Матай 15:8; 23:1—3).

19. Бусадтай харьцах харьцаанд маань жинхэнэ шүтлэг хэрхэн нөлөөлдөг вэ?

19 Бусадтай харьцах бидний харьцаанд ч Бурхны хэм хэмжээнүүд бас тусах ёстой. Есүс Христ биднээс, бусадтай харьцахдаа тэр хүмүүс бидэнтэй тэгж харьцаасай гэж хүсдэг шигээ харьцахыг шаарддаг байсан бөгөөд энэ бол жинхэнэ шүтлэгийн багагүй чухал хэсэг нь юм (Матай 7:12). Итгэл нэгтнүүдийн ахан дүүсэг хайрын илрэлийн талаар: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж түүний хэлснийг бас анхаараарай (Иохан 13:35). Тийм ээ, Есүсийн шавь нар бол бие биеэ хайрлаж, итгэл нэгтнүүддээ ч, бусад хүмүүст ч сайн үйл хийх ёстой (Галат 6:10).

ЧИН СЭТГЭЛИЙН ШҮТЛЭГ

20, 21. а) Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ? б) Зөнч Малахийн үед Ехова Израилийн шүтлэгийг яагаад хүлээж аваагүй вэ?

20 Та, Бурханд таалагдах аргаар шүтэхийг хүсэж байгаа нь мэдээж. Хэрэв тийм бол шүтлэгийн талаарх Еховагийн үзэл бодлыг баримтлах ёстой. Аливаа асуудлыг бид яаж үзэх нь гол биш, харин Бурхан яаж үзэх нь чухал юм гэж Есүсийн шавь Иаков онцлон тэмдэглэсэн. Иаков: «Бидний Бурхан ба Эцгийн өмнө цэвэр ариун бөгөөд чин сэтгэлийн шүтлэг бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэн тойрч, бузарлагдахгүйгээр дэлхийгээс өөрийгөө хамгаалах нь буюу» гэж хэлсэн (Иаков 1:27, МБОХ, 1996). Бурханд таалагдах гэсэн хүсэл эрмэлзэл маань бид бүгдийг, шүтлэг маань ёс бус үйлээр бузарлагдчихаагүй байгаа даа, Бурхны чухал гэж үздэг ямар нэг юмыг орхичихоогүй байгаа даа хэмээн шалган магадлахад хүргэнэ (Иаков 1:26).

21 Еховад гагцхүү цэвэр ариун бөгөөд чин сэтгэлийн шүтлэг л таалагддаг (Матай 22:37; Колоссай 3:23). Израилийн ард түмэн Бурханд өгөх ёстойгоо өгөхөө болиход нь Ехова: «Хүү нь эцгээ, зарц нь эзнийгээ хүндэтгэдэг. Тэгвэл хэрэв Би эцэг юм бол Миний хүндэтгэл хаана байна вэ? Хэрэв Би эзэн юм бол Миний хүндэтгэл хаана байна вэ?» гэж хэлжээ. Тэд сохор, доголон, өвчтэй амьтдаар тахил өргөж, Бурхныг доромжилсон бөгөөд Бурхан тийм шүтлэгийг хүлээж аваагүй (Малахи 1:6—8). Ехова бол гагцхүү туйлын цэвэр ариун шүтлэг, зөвхөн өөрт нь үнэнч байдлыг хүлээн авдаг (Египетээс гарсан нь 20:5; Сургаалт үгс 3:9; Илчлэлт 4:11).

22. Шүтлэгийг маань Бурхан хүлээж аваасай гэж хүсэж байгаа бол юунаас зайлсхийж, юу хийвэл зохих вэ?

22 Есүстэй ярилцсан самари эмэгтэй Бурханд таалагдах шүтлэгийн талаар сонирхсон нь илэрхий. Хэрэв бид мөн тийн хүсэж байгаа бол бузарлагч алив сургаал болон ёс заншлуудаас зайлсхийх хэрэгтэй болно (2 Коринт 6:14—18). Үүний оронд бид Бурхны тухай нарийн зөв мэдлэгтэй болж, түүний хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийн тулд бүх хүчээ шавхан дайчилна. Мөн Бурханд таалагддаг шүтлэгт тавигдах шаардлагуудыг хатуу мөрдөх болно (1 Тимот 2:3, 4). Еховагийн Гэрчүүд ингэхийг хичээдэг бөгөөд таныг өөрсөдтэйгөө нэгдэн Бурхнаа сүнс ба үнэнээр шүтээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг (Иохан 4:24). «Эцэг ийнхүү өөрийг нь шүтэгчдийг эрж байна» гэж Есүс хэлсэн (Иохан 4:23, ШЕ). Таныг тийм хүмүүсийн нэг болно гэдэгт бид найдаж байна. Самари эмэгтэй лүгээ адил та ч гэсэн мөнх амьдрахыг хүсэж байгаа нь мэдээж (Иохан 4:13—15). Гэвч, хүмүүс хөгширдөг, үхдэг нь нууц биш ээ. Учрыг нь дараагийн бүлэгт тайлбарлана.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАНА УУ

Иохан 4:23, 24-т бичсэнээр Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ?

Тухайн ёс заншил хийгээд баяр ёслол Бурханд таалагддаг эсэхийг хэрхэн мэдэж болох вэ?

Бурханд таалагдах шүтлэгт ямар шаардлагууд тавигддаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[44-р хуудасны зураг]