Хоёрдугаар Коринт 12:1–21

  • Паулын үзсэн үзэгдэл (1-7а)

  • Паул «махан биедээ өргөстэй» (7б-10)

  • Мундаг элчүүдээс дутахгүй (11-13)

  • Паул Коринтынхны төлөө санаа зовсон (14-21)

12  Би сайрхана. Сайрхах нь надад ашиггүй ч Эзний надад үзүүлсэн үзэгдэл болон илчилсэн мэдээний талаар ярина.  2  Би Христийн дагалдагч нэг хүнийг мэднэ. Эзэн түүнийг 14 жилийн өмнө гурав дахь тэнгэрт аваачжээ. Махан биетэй нь үү, үгүй юү гэдгийг би мэдэхгүй, харин Бурхан мэднэ.  3  Тийм ээ, би тийм хүнийг мэднэ. Түүнийг диваажинд аваачжээ. Махан биетэй нь үү, үгүй юү гэдгийг би мэдэхгүй, харин Бурхан мэднэ.  4  Өнөөх хүн диваажинд байхдаа ямар ч хүний хэлэх эрхгүй, ярьж болохгүй үгийг сонсжээ.  5  Би тэр хүнээр сайрхана. Харин өөрийнхөө тухайд бол мөхөс гэдгээрээ л сайрхана.  6  Би сайрхахыг хүслээ ч, үнэнийг ярьдаг учир мунхагласан хэрэг болохгүй. Харин юү хэлдгийг минь сонсдог, юү хийдгийг минь хардаг хүмүүс байгаагаас минь хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би сайрхдаггүй юм.  7  Ер бусын үзэгдлүүд үзсэний минь төлөө хэн ч намайг хэтрүүлж үнэлэх ёсгүй. Махан биедээ өргөстэй болсон нь бардамнах вий гэснээс юм. Тэр нь Сатаны элч мэт бөгөөд үргэлж намайг өвтгөж шаналгадаг нь өөрийгөө бүү дөвийлгөөсэй гэснийх юм.  8  Өргөсөө авхуулах гэж Эзнээс гурван удаа гуйсан.  9  Гэвч тэрээр: «Би чамайг хангалттай нигүүлссэн. Учир нь хүчин мөхөс үед миний хүч чадал бүрэн илэрдэг» гэсэн билээ. Тиймээс би Христийн хүчийг өөрийнхөө дээр майхан мэт байлгахын тулд мөхөс гэдгээрээ дуртайяа сайрхана.  10  Тийм ээ, Христийн төлөө хүчин мөхөстөхдөө, доромжлуулахдаа, гачигдахдаа, хавчигдахдаа, хүнд бэрхийг туулахдаа дуртай байдаг. Учир нь би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг. 11  Та нараас болж би мунхаг болсон. Уг нь, та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би юү ч биш байсан ч, танай мундаг элчүүдээс юугаараа ч дутахгүй.  12  Үнэндээ би агуу үйлс, янз бүрийн гайхамшиг үйлдэж, элч мөн гэдгээ их тэвчээртэйгээр баталсныг та нар өөрсдөө мэднэ шүү дээ.  13  Та нар бусад хурлаас юугаараа дутуу юм бэ? Та нарт тээр болохгүйг хичээснээс минь болоо юу? Тэгвэл энэ алдааг минь уучлаарай. 14  Гурав дахь удаагаа та нар луу очиход бэлэн боллоо. Би тээр болохгүй. Та нарын хөрөнгөнд дурладаггүй, харин та нарыг боддог. Учир нь үр хүүхэд нь эцэг эхийнхээ төлөө биш, эцэг эх нь үр хүүхдийнхээ төлөө хурааж хуримтлуулдаг.  15  Би та нарын төлөө өөрийгөө зориулахдаа, бүрмөсөн зориулахдаа дуртай байна. Надаар ийм их хайрлуулдаг та нар намайг адилхан хайрлаж болохгүй гэж үү?  16  За яах вэ, би тээр болоогүй ч та нар миний тухай «Тэр зальтай, биднийг хуурч мэхэлсэн» гэцгээдэг.  17  Би хэнийг явуулж та нарыг завшсан бэ?  18  Би Титийг гуйж, танайх руу нэг хүнтэй хамт явуулсан. Тит та нарыг завшсан уу? Бид нэг л бодолтой байгаагүй гэж үү? Бид нэг л мөрөөр яваагүй гэж үү? 19  Өөрсдийгөө хамгаалж энэ бүхнийг ярьж байна гэж та нар бодож байгаа байх. Тийм биш ээ. Бид Христийн дагалдагчид, үнэн ярьж байгааг маань Бурхан мэддэг. Хайрт ах дүү нар аа, та нарыг Бурхантай дотно байлгахын төлөө бид бүх юмыг хийдэг.  20  Намайг очиход та нар миний бодсоноос өөр, би та нарын бодсоноос өөр байх вий гэж, бас хэрүүл шуугиан, хардлага сэрдлэг, уур хилэн, маргаан, доромжлол, гүтгэлэг*, бардамнал, эмх замбараагүй явдал гарах вий гэж санаа зовж байна.  21  Яваад очтол би та нараас болж Бурхныхаа өмнө ичгүүр болох вий. Бас бузар байдал, садар самуун*, эрээ цээргүй хэрэгт* оролцож нүгэл үйлдсэндээ одоо ч гэмшээгүй хүмүүсээс болж гашуудах вий.

Зүүлт

Эсвэл «хов жив»
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Грекээр «аселгеяа». Үгийн тайлбарыг үзнэ үү.