Нэгдүгээр Тесалоник 5:1–28
5 Ах дүү нар аа, товлосон цагийн талаар та нарт бичих шаардлагагүй.
2 Яагаад гэвэл Еховагийн* өдөр ирэх нь хулгайч шөнө ирдэгтэй адил гэдгийг та нар сайн мэднэ.
3 Хүмүүс «Амар тайван, аюулгүй байна!» гэж ярьж байх үед гэнэт сүйрнэ. Энэ нь жирэмсэн эмэгтэй төрөх болохоороо өвддөгтэй адил юм. Тэр үед хүмүүс зугтаж огт чадахгүй.
4 Харин та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр болоход хулгайч шиг гайхаж цочирдохгүй.
5 Учир нь та нар гэрлийн, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч биш, харанхуйнх ч биш ээ.
6 Тиймээс бусадтай адил унталгүй, харин сэргэг, ухаалаг байцгаая.
7 Учир нь унтдаг хүн шөнө унтдаг, согтдог хүн шөнө согтдог.
8 Харин бид өдрийнх учир ухаалаг байж, итгэл болон хайрыг хуяг мэт, аврагдах найдвараа дуулга мэт өмсье.
9 Учир нь Бурхан биднийг шийтгэх гэж бус, харин Эзэн Есүс Христийн хийсэн зүйлд үндэслэн аврах гэж сонгосон билээ.
10 Биднийг сэрүүн байсан ч, унтсан байсан ч, өөртэйгөө хамт байлгахын тулд Есүс бидний төлөө үхсэн.
11 Тиймээс бие биеийнхээ урам зоригийг бадрааж*, Бурхантай дотносоход нь тусалж байгаа шигээ цаашдаа ч тийм байгаарай.
12 Ах дүү нар аа, та нараас үүнийг хүсье. Та нартай мөр зэрэгцэн нөр их хөдөлмөрлөдөг, Эзний дагалдагч та нарыг удирддаг, заавар зөвлөгөө өгдөг хүмүүсийг хүндлээрэй.
13 Ажил хөдөлмөрийг нь үнэлж, ихэд хүндлэн хайрлаж яваарай. Бие биетэйгээ эвтэй байгаарай.
14 Түүнээс гадна, дуулгаваргүй хүмүүст сануулж, гутарсан хүмүүсийг тайвшруулж, сул дорой хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэй хандахыг та нараас хүсэж байна.
15 Хэнд ч мууг муугаар бүү хариул. Харин бие биедээ болон бүх хүнд үргэлж сайныг үйлдэж бай.
16 Үргэлж баяр баясгалантай бай.
17 Тасралтгүй залбир.
18 Бурхандаа талархаж бай. Ийм байхыг Христ Есүсийн дагалдагчдаас Бурхан хүсдэг.
19 Бурхны агуу хүч нөлөөлөхөд саад бүү хий.
20 Зөгнөлүүдийг хайхрахгүй байж болохгүй.
21 Аливаа юмны зөв эсэхийг магадал. Сайнаас зуур.
22 Муу муухай бүхнийг цээрлэ.
23 Амар амгалангийн Бурхан өөрөө та нарыг бүрэн гүйцэд ариусгаг. Эзэн Есүс Христийг ирэхэд та нар хандлага, амь амьдрал, биеийн хувьд муу муухай бүхнээс ангид байгаарай.
24 Та нарыг сонгосон Бурхан хэлсэндээ хүрдэг бөгөөд үүнийг хийнэ.
25 Ах дүү нар аа, бидний төлөө залбирч байгаарай.
26 Ариун сэтгэлийн угаас бүх ах дүүгээ үнсэж мэндчил.
27 Энэ захидлыг бүх ах дүүдээ уншуулахыг би Эзний өмнөөс та нарт тушааж байна.
28 Эзэн Есүс Христ маань та бүгдийг нигүүлсэх болтугай.