Нэгдүгээр Ёохан 5:1–21
5 Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг хүн Бурхны хүүхэд бөгөөд Бурхныг хайрладаг хүн Бурхны хүүхдүүдийг хайрладаг.
2 Бурхныг хайрлаж, тушаалыг нь биелүүлдэг бол хүүхдүүдийг нь хайрлаж байгаа хэрэг.
3 Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ.
4 Бурхны хүүхэд ертөнцийг ялдаг. Бид итгэдэг учраас ертөнцийг ялсан.
5 Есүс бол Бурхны Хүү гэдэгт итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялах вэ?
6 Есүс Христ ус ба цусаар ирсэн юм. Зөвхөн усаар биш, бас цусаар ирсэн. Үүний гэрч нь агуу хүч бөгөөд үнэн зөв гэрчилдэг.
7 Гурван гэрч бий.
8 Эдгээр нь агуу хүч, ус, цус юм. Бүгдээрээ нэг л юмыг гэрчилдэг.
9 Хүн гэрчлэхэд итгэдэг юм бол Бурхан гэрчлэхэд бүр ч илүү итгэнэ. Бурхан өөрөө Хүүгээ гэрчилж байна шүү дээ.
10 Бурхны Хүүд итгэдэг хүн Бурхны гэрчилснийг зүрх сэтгэлдээ байлгаж байгаа хэрэг. Харин итгэдэггүй бол Бурхныг худалч болгож байгаа хэрэг. Яагаад гэвэл Хүүгээ гэрчилдэг Бурханд итгээгүй.
11 Бурхан бидэнд мөнх амь өгснөө гэрчилдэг бөгөөд бид Хүүгийнх нь ачаар мөнх амьдарна.
12 Бурхны Хүүг хүлээн зөвшөөрдөг хүн мөнх амьдарна, хүлээн зөвшөөрдөггүй хүн мөнх амьдрахгүй.
13 Бурхны Хүүгийн нэрэнд итгэдэг та нар мөнх амьдарна гэдгээ мэдээсэй гэсэндээ би эдгээрийг бичлээ.
14 Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог гэдэгт бид итгэлтэй байдаг.
15 Юу ч гуйсан, биднийг сонсдогийг мэддэг болохоор гуйснаа авна гэдгээ мэддэг.
16 Ах дүү чинь үхэлд хүргэхээргүй нүгэл үйлдэж байгааг харвал түүний төлөө залбир. Тэгвэл Бурхан түүнийг уучилна*. Энэ нь үхэлд хүргэхээргүй нүгэл үйлдсэн хүмүүст хамаатай. Харин үхэлд хүргэдэг нүгэл гэж бий. Ийм нүгэл үйлддэг хүний төлөө залбир гэж хэлэхгүй.
17 Бузар муу бүхэн нүгэл. Гэхдээ үхэлд хүргэдэггүй нүгэл гэж бий.
18 Бурхны хүүхэд болсон хүн нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Түүнийг Бурхны Нэгэн* хамгаалдаг бөгөөд хорон муу нэгэн* яаж ч чадахгүй.
19 Бид Бурхных гэдгээ мэддэг. Харин бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг.
20 Жинхэнэ Бурхныг мэдүүлэхийн тулд Бурхны Хүү ирж, бидэнд мэргэн ухаан* хайрласан билээ. Хүү Есүсийнх нь ачаар бид жинхэнэ Бурхантай санаа нэг болсон юм. Тийм ээ, энэ нэгэн бол жинхэнэ Бурхан бөгөөд мөнх амийн эх булаг билээ.
21 Хүүхдүүд ээ, шүтээнээс өөрсдийгөө хамгаал.