Левит 22:1–33

  • Тахилчид ариун байж, ариун зүйлсээс иднэ (1-16)

  • Тахилын мал согоггүй байх ёстой (17-33)

22  Дараа нь Ехова Мосед 2  «Израйлчуудын надад өргөдөг ариун зүйлсэд хүндэтгэлгүй хандаж миний ариун нэрийг гутааж болохгүйг Аарон болон хөвгүүдэд нь хэлэгтүн. Би бол Ехова. 3  Мөн тэдэнд ингэж хэл. “Еховад зориулж израйлчуудын өргөдөг ариун зүйлсэд та нарын үр удам бузартсан байхдаа дөхөж очвол тэр хүнийг миний өмнө дахиж ирүүлэхгүйн тулд хөнөөх ёстой. Би бол Ехова. 4  Аароны удмын уямантай, гоождостой хүн цэвэр болтлоо ариун зүйлсээс идэх ёсгүй. Бас үхсэн хүнээс болж бузартсан хүнд хүрсэн хүн, үрийн шингэн нь гарсан хүн, 5  бузар жижиг амьтдад хүрсэн хүн эсвэл ямар нэг шалтгаанаар бузартсан хүнд хүрсэн хүн идэж болохгүй. 6  Бузар юманд хүрсэн хүн орой болтол бузар байх бөгөөд ариун зүйлсээс идэж болохгүй. Тэр хүн усанд орох ёстой. 7  Харин нар жаргахад тэрбээр цэвэр болох тул ариун зүйлсээс идэж болно. Учир нь энэ нь тэр хүний хүнс юм. 8  Бас үхсэн амьтны мах, махчин амьтанд бариулсан амьтны махыг идвэл бузар болох учраас бүү ид. Би бол Ехова. 9  Тэд миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Мөн ариун зүйлсийг бузарлах ёсгүй. Эс бөгөөс тэд нүгэлтэй гэж тооцогдон үхнэ. Би бол тэднийг ариусгадаг Ехова билээ. 10  Бусад хүн* ариун зүйлсийг идэж болохгүй. Тахилчийнд түр байгаа харийн хүн ч, хөлсний ажилчин ч идэж болохгүй. 11  Харин тахилчийн мөнгөөрөө худалдаж авсан хүн үүнээс идэж болно. Тахилчийн гэрт төрсөн боол бас хоолноос нь идэж болно. 12  Хэрэв тахилчийн охин тахилч биш хүнтэй суувал хандивласан ариун зүйлсээс идэж болохгүй. 13  Харин тахилчийн охин үр хүүхэдгүй байхдаа бэлэвсэрч эсвэл салаад, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт буцаж очвол эцгийнхээ хоолноос идэж болно. Зөвшөөрөлгүй хүн* идэх ёсгүй. 14  Хэрэв хүн ариун зүйлсээс санамсаргүй идвэл дээр нь тавны нэгийг нэмээд ариун өргөлөө тахилчид өгөх ёстой. 15  Еховад өргөж буй израйлчуудын ариун зүйлсийг тахилчид бузарлах ёсгүй. 16  Мөн израйлчуудыг ариун юмсаас идэхэд хүргэж нүгэлтэй болгон тэднийг шийтгүүлж болохгүй. Би бол тэднийг ариусгадаг Ехова”» гэлээ. 17  Ехова цааш нь Мосед 18  «Ааронд, хөвгүүдэд нь мөн израйлчуудад ингэж хэл. “Израйл хүн юм уу Израйлд суугаа харийн хүн тангаргаа биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл өргөхөөр Еховад шатаалт тахил өргөх бол 19  сайшаалыг нь хүлээхийн тулд үхэр, залуу хонь, ямаанаасаа согоггүй эр мал авчрах ёстой. 20  Харин согогтой мал авчирвал сайшаалыг нь хүлээхгүй. 21  Хэрэв хүн тангаргаа биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл өргөхөөр Еховад эвийн тахил авчрах бол сайшаалыг нь хүлээхийн тулд согоггүй үхэр юм уу бог мал авчрах ёстой. Ямар ч согоггүй байх ёстой. 22  Сохор, хөл нь хугарсан, юманд зүсэгдсэн, ургацаг, яр шарх, үлдтэй мал байж болохгүй. Ийм малыг Еховад өргөхөөр авчрах юм уу Еховагийн тахилын ширээн дээр өргөх ёсгүй. 23  Хэтэрхий урт юм уу богино мөчтэй бух, хонийг сайн дурын өргөл болгон өргөж болох ч тангаргийн өргөл болгон өргөвөл Бурхан хүлээж авахгүй. 24  Гэмтсэн юм уу бяцарсан төмсөгтэй мал эсвэл засуулсан малыг Еховад өргөж болохгүй. Газар нутаг дээрээ ийм юм бүү үйлд. 25  Харийн хүний гараас ч эдгээр малыг Бурхныхаа хүнс болгон авч өргөх ёсгүй. Гэмтэж бэртсэн, согогтой мал учраас Бурхан хүлээж авахгүй” гээрэй» гэж айлдав. 26  Тэгээд Ехова Мосед 27  «Тугал, хурга, ишгийг төрснөөс нь хойш долоон хоног эхтэй нь хамт байлгах ёстой. Харин найм дахь өдрөөс нь Еховад тааламжит тахил болгон шатаан өргөж болно. 28  Үхэр, хонийг нялх төлтэй нь нэг өдөр бүү нядал. 29  Еховад талархлын тахил өргөх бол таалалд нь нийцүүлэн өргөх ёстой. 30  Тахилынхаа махыг өдөрт нь идэж дуусгах ёстой бөгөөд маргааш өглөө нь болтол үлдээж болохгүй. Би бол Ехова. 31  Та нар миний тушаалуудыг дагаж мөрдөгтүн. Би бол Ехова. 32  Израйлчууд та нар ариун нэрийг минь бүү гутаа. Намайг ариун гэж үзэгтүн. Би бол та нарыг ариусгадаг Ехова. 33  Би Бурхан чинь гэдгээ батлахын тулд та нарыг Египетээс гаргаж авчирсан. Би бол Ехова» хэмээжээ.

Зүүлт

Аароны удмын биш хүн
Аароны удмын биш хүн