2020 ОНЫ 3-Р САРЫН 3
ДЭЛХИЙН МЭДЭЭ
Коронавирусийн талаарх шинэ мэдээ болон хариу арга хэмжээ
Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчин(КОВИД-19)-ий дэгдэлтийг анхааралтай ажиглаж байна. Библид зөгнөсөнчлөн, эцсийн өдрүүдэд халдварт өвчин газар авна гэдгийг бид мэддэг (Лук 21:11). Халдварт өвчин гарахад бид өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй байдаг.—Сургаалт үгс 22:3.
Та энэхүү халдварт өвчин тархаж буй газарт амьдардаг итгэл нэгтнийхээ талаар мэдэхийг хүсдэг нь лавтай. КОВИД-19 өвчин Итали, Япон, Солонгос зэрэг улс дахь салбарууд болон хурлуудад ихээхэн нөлөөлсөн. Зарим салбарт гадны зочид орж гарахыг хязгаарлан, салбартай танилцах аяллын хөтөлбөрийг зогсоосон байна. Мөн зарим орны засгийн газар олон нийтээр цуглахыг хориглосны дагуу салбараас дүүргийн чуулганыг цуцлах хүртэл арга хэмжээ авсан. Түүнээс гадна нөхцөл байдлын улмаас дэлгэрүүлэх ажил болон цуглааны арга хэмжээг өөрчлөн зохион байгуулсан хурал ч байдаг. Хэдийгээр итгэл нэгтнүүд маань амаргүй бэрхшээлтэй тулгарсан ч бие биенээ урамшуулж, Бурханд итгэх итгэлээ бэхжүүлсээр байна.—Юуда 20, 21.
Өнөөгийн энэ бэрхшээлийг даван туулахад ах дүүст маань дараах зарчмууд тус болдог. Таны амьдардаг нутагт халдварт өвчин тархаж байгаа бол эдгээр зарчмуудыг дагаснаар та ч бас өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалж чадна.
Тайван байгаарай. Халдварт өвчний талаарх мэдээг анхаарч, тохирсон аргаар урьдчилан сэргийлэх нь зохистой. Гэхдээ айж сандралгүй найдвартай мэдээ, үнэн зөв баримтад үндэслэн өвчнөөс сэргийлэх тохиромжтой арга хэмжээг аваарай.—Сургаалт үгс 14:15; Исаиа 30:15.
Засгийн газрын зөвлөмж, зааврыг дагаж мөрдөөрэй. Орон нутгийн засаг захиргаа халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор анхааруулга өгөх юмуу тодорхой хязгаарлалт тавьж болох юм. Тэдгээр зааврыг байнга анхаарч, дагаж мөрдөөрэй.—Ром 13:1.
Эрүүл ахуйн сайн хэвшилтэй байгаарай. Ус савангаар гараа тогтмол угаах нь маш чухал. Мөн спиртлэг чанартай гар ариутгагч шингэн ашиглаж болно. Гэр юмуу цуглааны танхим дахь хүмүүсийн байнга хүрдэг газрыг тогтмол арчиж цэвэрлээрэй. Хүнтэй гар барихгүй байх нь халдварт өвчний нянг тараахгүй байхад тустай хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас КОВИД-19 өвчинтэй хэрхэн тэмцэх талаар олон нийтэд нэмэлт зөвлөгөө өгсөн байдаг.
Бусдад хайраа илэрхийлээрэй. Цуглаан болон дэлгэрүүлэх ажилд оролцох нь маш чухал гэдгийг бид сайн мэддэг. Гэхдээ биеийн байдал сайн биш байвал бусдад өвчин халдаах аюулыг бодоод гэртээ байх нь илүү сайн. Ингэх нь христиан хайрыг илэрхийлж байгаа хэрэг бөгөөд итгэл нэгтэн болон гэрч биш хөршүүдэд маань ч хамгаалалт болдог.—Матай 22:39.
Түр хугацаагаар зохион байгуулж буй хурлын арга хэмжээг дэмжээрэй. Халдварт өвчин тархаж буй улс орон дахь салбарууд хурлын цуглааныг түр хугацаагаар зогсоох юмуу дүүргийн чуулган гэх мэтийн байгууллагын арга хэмжээг цуцлах шаардлагатай байж болох юм. Тухайлбал, халдварын дэгдэлт харьцангуй өндөр байгаа Итали, Япон, Өмнөд Солонгосын зарим бүсүүдэд тийнхүү цуцлах арга хэмжээг авсан. Ахлагч нар тухайн нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан цуглааныг дэлгэрүүлэгчид гэртээ бичлэгээр үзэх боломжтойгоор зохион байгуулах нь байдаг. Мөн дэлгэрүүлэгч нар утас, мэссэж, мэйл юмуу захиагаар дэлгэрүүлсээр байх боломжтой.
МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ХЭВЛЭЛД НИЙТЭЛСЭН НЭМЭЛТ МАТЕРИАЛ
Дараах материалуудаас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай зарчмуудыг үзнэ үү.