Үертэй цуг ирсэн сайн мэдээ
2017 онд 12 Гэрч Никарагуа улсын Москито (Мискито) Эрэг гэдэг газраас завиар гарчээ. Завийг нь «Стүри Яамни» гэдэг. Багийн гишүүн Стивен: «Бид алслагдсан бүлгийн Гэрчүүдэд урам хайрлаж, өргөн уудам нутагтаа дэлгэрүүлэхэд нь дэм болох зорилгоор явсан» гэж ярьжээ.
12 Гэрч Лагуна де Перласаас хөдөлж Рио Гранде де Матагалпа голоор явсаар 200 км зам туулав. Мискито хэлээрх «Сайн мэдээ» гэдэг нэртэй завиараа голын эрэг дагуух тосгодын хүмүүст өөр утгаар бас сайн мэдээ хүргэнэ гэж тэд санаа ч үгүй биз ээ. Шөнө зогссоныг эс тооцвол 12 цаг орчим явж зорьсон газраа буюу Ла Круз де Рио Грандед очлоо. Тэднийг нутгийн зургаан Гэрч халуун дотноор угтан авсан байна.
Гэтэл тэр шөнө гамшиг болов. Ширүүн бороо орсноос болж Рио Гранде де Матагалпа гол хэдхэн цагийн дотор үерлэж эргээ халив. Хоёр өдрийн турш усны түвшин нэмэгдсээр байлаа. Ла Круз дахь цуглааны танхим болон айлуудын гэр орон усанд автжээ. Дэлгэрүүлэхээр очсон Гэрчүүд нутгийн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд туслав. Ихэнх нь Гэрч эмэгтэйн хоёр давхар байшинд хоёр хоножээ.
Гурав дахь шөнө нь Ла Круз тосгоны дарга дэлгэрүүлэхээр очсон Гэрчүүдээс тусламж хүсэв. «Стүри Яамни» үерлэсэн голоор явж чадах ганц завь байсан учраас тосгоны дарга үерт автсан өөр тосгодод аврагчдын багийг хүргэж өгөхийг тэднээс гуйлаа. Гэрчүүд ч дуртайяа зөвшөөрөв.
Маргааш өглөө нь гурван Гэрч аврагчдын багийг аваад замдаа гарчээ. Стивен: «Голын ус улаанаараа эргэлдэж, цагт 18 км-ээс илүү хурдтай урсаж байв. Үндсээрээ булгарсан аварга моднууд урсгал даган урсаж, том том эргүүлгүүд эргэлдэж байлаа» гэж ярьсан юм. Завиар явахад амаргүй байсан ч тэд гурван тосгонд очжээ.
Өнөөх гурван Гэрч энэ боломжийг ашиглан яг хэрэгтэй үед нь тосгоныхныг тайвшруулав. Мөн «Гамшиг болоход амиа хамгаалах аргууд» гэсэн сэдэвтэй 2017 оны «Сэрцгээ» сэтгүүлийг тараасан байна. Энэ нь яг цагаа олсон сэдэв байлаа.
Тосгодынхон өөрсдөд нь тусалж, Библиэс сэтгэл сэргээм зүйл ярьж өгсөн Гэрчүүдэд их талархжээ. Тэд: «Гэрчүүд бусдыг зовох үед сэтгэл гарган тусалдаг хүмүүс байна билээ». «Тэд хүмүүсийг үнэн голоосоо хайрладгийг олж харсан» гэж ярьсан юм. Гэрчүүд итгэл нэгтнүүддээ болон бусдад яаж санаа тавьж байгааг харсан олон хүн Библийн мэдээг дуртайяа сонсох болжээ.
«Стүри Яамни» завийн гишүүн Марко сайн мэдээ түгээхээр тосгон руу явж буй нь
«Стүри Яамни» үерлэсэн тосгонд