БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
«Би өөрөөсөө ичихээ больсон»
Төрсөн он: 1963
Улс: Мексик
Өмнө нь: Гудамжинд өссөн; өөрийгөө голдог байсан
ӨМНӨХ АМЬДРАЛ
Би Мексикийн хойд хэсгийн Сюдад Обрегон гэдэг газар төрсөн. Есөн хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд. Манайх хотын захын аятайхан газар жижиг аж ахуй эрхэлдэг эв нэгдэлтэй, жаргалтай айл байлаа. Харамсалтай нь намайг 5-тай байхад аж ахуй маань хар салхинд сүйдэж, манайх өөр хот руу нүүсэн юм.
Аав маань мөнгө сайн олдог байсан ч архинд орлоо. Үүнээс болоод аав ээж хоёр таарч тохирохоо болив. Бидэнд ч муугаар нөлөөлсөн. Бид аавынхаа тамхийг хулгайлж татдаг болсон. Би 6-хан настай байхдаа анх удаа архи уугаад согтож билээ. Удаа ч үгүй, аав ээж хоёрыг салахад би гэдэг хүн ангал руу унах нь тэр.
Ээж маань нэг эрэгтэйтэй хамтран амьдрах болж, биднийг өөр дээрээ авав. Тэр хүн ээжид мөнгө өгөхгүй, бид ээжийн олсон мөнгөөр амь зуух аргагүй. Тийм болохоор тааралдсан ажлаа хийдэг байв. Гэвч олсон мөнгө хаанаа ч хүрэхгүй. Би гутал тосолж, талх, сонин, бохь мэтийг зарна. Бас хотоор тэнэж, баячуулын хогийн савнаас хоол олж иднэ.
Намайг 10-тай байхад нэг хүн хотын хогийн цэг дээр хамт ажиллах санал тавьсан юм. Би саналыг нь хүлээж аваад сургуулиасаа гарч, гэрээсээ ч явлаа. Тэр хүн надад өдөрт 1 доллар хүрэхгүй цалин, хогийн цэгээс цуглуулсан хоол өгдөг байв. Би хаягдал материалаар овоохой бариад түүндээ орогнодог байлаа. Эргэн тойрны маань хүмүүс гудамжны этгээд үгээр ярьдаг, садар завхай амьдралтай. Хар тамхи, архинд донтсон хүн ч олон. Энэ бол амьдралын минь хамгийн бараан үе байсан. Би айсандаа бэмбэгнэтэл чичрээд шөнө болгон уйлдаг байлаа. Ядуу, боловсролгүйдээ маш их ичнэ. Хогийн цэг дээр 3 жил шахуу амьдарсны эцэст Мексикийн өөр нэг муж руу нүүлээ. Тэнд тариалангийн талбайд ажиллаж цэцэг, хөвөн түүнэ, чихрийн нишингэ, төмс хураана.
Дөрвөн жилийн дараа Сюдад Обрегонд буцаж очиход хар домч авга эгч маань намайг гэртээ байлгахаар болж, өрөө гаргаж өгөв. Тэгтэл би хар дарж зүүдэлдэг боллоо. Сүүлдээ сэтгэл гутралд орж, бүр амиа хорлоё гэж бодож эхэлсэн. Нэг шөнө Бурханд залбирч «Эзэн, та үнэхээр байдаг юм бол таныг мэдмээр байна. Тэгээд танд үүрд үйлчилнэ. Жинхэнэ шашин гэж байдаг бол мэдүүлж өгөөч» гэлээ.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН
Би угаасаа л Бурхны тухай сонирхдог байлаа. Бүр бага байхдаа янз бүрийн сүмд очиж үзсэн. Гэхдээ аль нь ч таалагдаагүй. Аль ч сүмд очсон, Библийн тухай бараг ярьдаггүй, Бурхныг мэдэхэд минь тусалдаггүй байсан. Зарим сүсэгтэн мөнгөнөөс өөр юм боддоггүй, зарим нь завхай явдалтай.
Намайг 19-тэй байхад нэг хүргэн ах маань шүтээнүүдийн талаар Библид юу гэж бичсэнийг Еховагийн Гэрчүүд уншуулсан тухай ярив. Тэгээд Египетээс гарсан нь 20:4, 5-ыг уншиж өглөө. Шүтээн хийж болохгүй гэж бичсэн байв. Тавдугаар зүйлд «Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан» гэж бичжээ. Хүргэн ах надаас «Бурхан хөрөг дүрс ашиглан гайхамшиг үйлддэг байсан бол эсвэл биднийг шүтээн шүт гэдэг байсан бол ингэж хориглох байсан гэж үү?» хэмээн асуув. Энэ асуулт нэгийг бодуулсан шүү. Дараа нь бид Библийн сэдвээр нэлээд хэдэн удаа ярилцсан. Ямар гоё байсан гэж санана! Цаг өнгөрснийг ч мэдээгүй.
Нэг удаа хүргэн ах намайг Еховагийн Гэрчүүдийн цуглаанд авч очив. Үзсэн, сонссон бүхэн сэтгэлийг минь хөдөлгөж билээ. Хүүхдүүд хүртэл тайзан дээр гарч хөтөлбөрт оролцож байлаа. Үг яриа нь ч гэж сүрхий! «Энд боловсрол олгодог юм байна шүү дээ!» гэж дотроо бодов. Урт үстэй, хааш яаш хувцасласан намайг Гэрчүүд халуун дотноор хүлээж авсан. Нэг гэр бүл цуглааны дараа намайг хоолонд урьсан гээд бод доо!
Би Гэрчүүдээр Библийн хичээл заалгаад Ехова Бурхан бол хүмүүсийг баян ядуу, хар цагаан, боловсролтой боловсролгүй гэж ялгалгүй хайрладаг халамжтай Эцэг юм байна гэдгийг ойлгосон. Үнэхээр алаг үздэггүй юм билээ (Үйлс 10:34, 35). Ингээд яваандаа Бурхныг мэдэх гэсэн хүсэл минь биелж, амьдралынхаа хамгийн чухал юмыг олсондоо аз жаргалтай явах болсон.
ОДОО
Амьдрал минь тэр чигээрээ өөрчлөгдөж, улам улам сайжирч эхлэв. Би архи тамхиа хаяж, хараал тавихаа больсон. Хүүхэд байхаасаа тээж явсан хорсол зэвүүцэл аажмаар мартагдаж, шөнө хар дарж зүүдлэхээ болив. Багадаа олсон сэтгэлийн шарх, мэдлэг боловсролгүй зэргээсээ болоод өөрийгөө цаг ямагт голж чамладаг байсан тэр үзлээ ялан дийлсэн.
Би их сайхан эхнэртэй. Еховаг хайрладаг, намайг маш сайн дэмждэг. Одоо би Еховагийн Гэрчүүдийн байгууллагад явуулын ахлагчаар үйлчилж байна. Ах эгч дүү шиг минь болсон итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж, зааж сургадаг юм л даа. Библийн анагаах хүч, Бурхны өгдөг маш сайн боловсролын ачаар би өөрөөсөө ичихээ больсон.