САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?
Мужаан шоргоолж тэмтрүүлээ хэрхэн цэвэрлэдэг вэ?
Шавжийн хувьд цэвэрхэн байна гэдэг нь амин чухал. Нисэх, авирах, орчин тойрноо мэдрэхийн тулд заавал цэвэрхэн байх шаардлагатай. Жишээ нь шоргоолжны тэмтрүүл бохирдвол зүг чигээ олох, бусадтайгаа холбоо барих, үнэрлэх чадвар нь буурдаг байна. Амьтан судлаач Александр Хакман «Та хэзээ ч бохир шавж харахгүй. Тэд гадаргын бохирдлоос өөрсдийгөө цэвэрлэх аргаа аль хэдийн олчихсон» гэж хэлжээ.
Бодож үзээрэй: Хакман болон түүний багийнхан мужаан шоргоолж гэгддэг (Camponotus rufifemur) нэг төрлийн шоргоолж тэмтрүүлээ хэрхэн цэвэрлэдгийг судалжээ. Тэрээр тэмтрүүлэн дээрээ наалдсан янз бүрийн хэмжээтэй тоосонцорыг цэвэрлэхдээ урд хоёр хөлийнхөө хооронд тэмтрүүлээ нэг нэгээр нь ээлжлэн хийж, хавчиж байгаад шувтарч байв. Хөлийнх нь ширүүн үс том хог шороог төвөггүй унагачихна. Харин маш нарийн ширхэгтэй бохирдлыг цэвэрлэхдээ хөлийнхөө сам шиг үстэй хэсгээр шүүрдэж цэвэрлэнэ. Сонирхолтой нь тэмтрүүлэн дээрх үсний өргөн, хөлийнх нь шүүрддэг хэсгийн үсний өргөн хоёр яг ижил хэмжээтэй гэнэ. Ингэснээрээ хүний үсийг 80 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хамгийн жижиг тоосонцорыг ч нарийн самнаж, цэвэрлэж чаддаг.
Мужаан шоргоолж тэмтрүүлээ хэрхэн цэвэрлэж байгааг үзээрэй
Хакман болон түүний багийнхан шоргоолжноос сурсан энэхүү цэвэрлэгээний аргыг үйлдвэрт хэрэглэж болно гэж үзжээ. Жишээ нь нарийн микро электрон эд анги болон дамжуулагч үйлдвэрлэх үед маш бага хэмжээний тоосонцор ч эвдрэл үүсгэх аюултай байдаг учраас үйлдвэрийн орчныг мужаан шоргоолжныхтой ижил аргаар цэвэрлэвэл их ач тустай байх юм.
Та юу гэж бодож байна вэ?: Мужаан шоргоолж тэмтрүүлээ ийм нарийн аргаар цэвэрлэж чаддаг нь санамсаргүй хэрэг үү? Эсвэл ийм чадвартайгаар бүтээсэн юм болов уу?