Skip to content

САНАМСАРГҮЙ БИЙ БОЛСОН УУ?

Далайн өргөст хэмхийн гайхалтай арьс

Далайн өргөст хэмхийн гайхалтай арьс

 Далайн өргөст хэмх нь далайн ёроолд, шүрэн хаданд амьдардаг амьтан юм. Арьс нь матрынх шиг арзгар барзгар бөгөөд жижиг жижиг товруутай. Далайн өргөст хэмх гайхалтай уян хатан. Лав мэт зөөлөн байснаа хормын дотор чулуу мэт хатуу болж чаддаг. Ийм уян хатан чанарынхаа ачаар хадны өчүүхэн жижиг ан цаваар мурилзан ороод хатуурдаг учраас махчин амьтан татаж гаргаж чаддаггүй. Далайн өргөст хэмх уян хатан байдгийн нууц нь гайхалтай арьсандаа байдаг.

 Бодож үзээрэй: Далайн өргөст хэмхийн арьс нь хатуу, дунд, зөөлөн гэсэн гурван төлөвт шилждэг. Нэг төлөвөөс нөгөөд шилжихэд хатууруулагч, зөөлрүүлэгч гэсэн хоёр төрлийн уураг идэвхжин арьсны эсүүдийг нэг бол холбож, нэг бол салгадаг байна.

 Хатууруулагч уураг нь холбогч эдийн эсүүдийг хооронд нь холбосноор арьс хатуурдаг. Харин зөөлрүүлэгч уураг нь эсүүдийг салгаснаар арьс зөөлөрдөг. Далайн өргөст хэмхийн арьс маш зөөлөн болдог бөгөөд хайлан урсаж буй лав мэт харагддаг.

 Эрдэмтэд далайн өргөст хэмхийн хувирамтгай арьсыг дуурайлган шинэ материал гаргаж авахаар ажиллаж байна. Тэдний нэг зорилго нь тархинд суулгадаг электродыг улам боловсронгуй болгох явдал ажээ. Уг материалаар хийсэн электрод эхлээд хатуу байснаа тархинд суулгасны дараа зөөлрөх учиртай. Өвчтөний бие махбод ийм шинж чанартай электродыг хүлээж авахдаа илүү хялбар байх юм.

 Та юу гэж бодож байна вэ? Далайн өргөст хэмхийн гайхалтай арьс санамсаргүй бий болсон уу? Эсвэл ийм чадвартайгаар бүтээсэн юм болов уу?