Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ГЭРЛЭЛТ

Ханьтайгаа хамт байхыг эрхэмлээрэй

Ханьтайгаа хамт байхыг эрхэмлээрэй

 Хамт сууж байгаа үедээ ч үг сольж чаддаггүй эхнэр нөхөр олон байдаг. Яагаад?

 Хамтдаа байхдаа ч тус тусдаа юм шиг—яагаад?

  •   Ядраад

     «Ярилцах завтай болсон үед нөхөр бид хоёрын аль нэг нь хэтэрхий их ядарчихсан байдаг. Би ядрахаараа жаахан юманд ч уцаарлах гээд байдаг юм. Тиймээс хоёулаа юу ч ярилгүй чимээгүй суугаад зурагт үзэхийг илүү дээр гэж боддог»—Анна.

  •   Цахим хэрэгсэл саад болоод

     «Олон нийтийн сүлжээ болон интернэтээр юм сонсож үзэхэд хамаг цаг явчихдаг. Тэгээд ханьтайгаа үг сольж амждаггүй. Нэг нэгэндээ анхаарал халамж тавих нь битгий хэл нэг дор хамт сууж байгаагаа ч мартчихдаг»—Катерин.

  •   Сонирхол өөр учраас

     «Нөхөр маань ажлаасаа ирээд голдуу хоббигоо хийгээд суучихдаг. Ажил дээрээ их ядардаг учраас ингэж сатаарах нь хэрэгтэй л дээ. Гэхдээ хамт цагаа өнгөрөөвөл сайхан байхгүй юу гэж би боддог»—Жейн.

  •   Ажлаас болоод

     «Техник технологи хөгжсөн учраас ажил дээрээ байна уу, гэртээ байна уу гэсэн зааг арилсан. Би гэртээ байхдаа ч ажилтай холбоотой э-мэйл, мессеж ирэхэд хариу бичдэгээ олон удаа анзаарсан. Уг нь энэ цагийг эхнэртээ зориулсан бол аштай юу даа»—Марк.

 Яах нь зүйтэй вэ?

  •   Ханьтайгаа зав гарахаар нь биш, зав гаргаж байгаад ярилцах хэрэгтэйгээ санаарай.

     Библийн зарчим: «Илүү чухал юмыг магадлаарай» (Филиппой 1:10).

     Бодож үзээрэй: Та ханиа ажил юм уу хоббигоосоо илүү чухалд үздэг үү? Энэ нь таны үйлдлээс харагддаг уу? Эсвэл завтай үедээ л ханьдаа цаг гаргадаг уу?

     Зөвлөгөө: Зөвхөн ханьдаа зориулах цагийг төлөвлөж байгаад тогтмол гаргаарай.

     «Нөхөр маань хоёулхнаа хамт байх цагийг зориуд төлөвлөж байгаад гаргахад надад их сайхан санагддаг. Надад хайртай, надтай хамт байх дуртай гэдгийг нь ойлгодог. Ингэхээр би түүнийгээ бүр ч их хайрладаг»—Анна.

  •   Цахим хэрэгсэлдээ «Одоо биш» гэж хэлж сураарай.

     Библийн зарчим: «Бүх юмс цаг хугацаатай» (Номлогчийн үгс 3:1).

     Бодож үзээрэй: Мессеж ирэх юм уу эсвэл дохио дуугарснаас болоод ханьдаа бүрэн анхаарал хандуулаагүй тохиолдол танд хэр олон байсан бэ?

     Зөвлөгөө: Өдөрт дор хаяж нэг удаа ханьтайгаа хамт хоол идээрэй. Энэ үед утсаа өөр өрөөнд орхиорой. Тэгвэл өдрийнхөө явдлыг нэг нэгэндээ ярих сайхан боломж олдоно.

  •   Аль болох хамтдаа дэлгүүр явж, гэр орныхоо ажлыг хамт хийгээрэй.

     Библийн зарчим: «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно» (Номлогчийн үгс 4:9).

     Бодож үзээрэй: Та хоёр гэр орныхоо ажлыг их төлөв хамт хийдэг үү?

     Зөвлөгөө: Ганцаараа хийж чадах байсан ч хоёулаа хийгээрэй.

     «Хүнсээ цуглуулах, аяга угаах, хувцас эвхэх, хашаа хороогоо янзлах зэрэг ажлыг гэр орны ажил гэхээс илүү хамт байх боломж гэж үзэж болохгүй нь юу билээ?»—Нина.

  •    Бодит байдлыг харгалзан үзээрэй.

     Библийн зарчим: «Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй» (Филиппой 4:5).

     Бодож үзээрэй: Хэрхэн дүн нуруутай байж, ханиасаа хэтэрхий их юм шаардахгүй байх вэ?

     Зөвлөгөө: Хамтдаа суугаад та хоёрын хэн хэнд нь юу хэрэгтэйг ярилцаарай. Юу хийвэл хоёулаа сэтгэл хангалуун, жаргалтай байхыг зөвшилцөөрэй.

     «Манай нөхөр гэж бөөн эрч хүч. Харин би тамир тэнхээ муутай. Тиймээс би нөхөртөө гадаа гараад сэтгэлээ сэргээгээд ир гэж хэлдэг. Тэгээд нөхрийгөө дасгал хийгээд ирэх хооронд би гэртээ амарч байдаг. Ингээд бид хоёрын хэн хэн нь хэрэгтэй юмаа хийж, сэтгэл хангалуун байдаг»—Даниела.

 Юу ярилцах вэ?

 Эхлээд дараах асуултад тус тусдаа хариулаарай. Тэгээд хамтдаа ярилцаарай.

  •    Ханьтайгаа хамт байж ярилцах цагийг хангалттай гаргадаг гэж та яг одоо бодож байна уу?

  •   Хамт байх талаар хань тань юу хийдгийг магтмаар байна вэ?

  •   Та ханиасаа юугаа сайжруулаасай гэж хүсэж байна вэ?

  •   Ханьтайгаа ярилцаж байх зуур цахим хэрэгслээс болж анхаарлаа сарниулсан тохиолдол хэр олон байдаг вэ?

  •   Ханиасаа хэтэрхий их юм шаардахгүй, дүн нуруутай байдгаа та хоёрын хэн хэн нь хэрхэн харуулах вэ?

  •   Та хоёр юунд ч сатаарахгүйгээр хамт байх цагийг илүү их гаргахын тулд энэ долоо хоногт юу хийх вэ?