Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ

Хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

Хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

 Зарим хос цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биедээ хайраа илэрхийлэх нь багасдаг. Та хоёрт бас ийм асуудал тулгарч байгаа бол яах хэрэгтэй вэ?

 Мэдэх хэрэгтэй зүйл

 Гэр бүлээ бат бөх байлгахын тулд хайраа илэрхийлэх нь амин чухал. Эрч хүчтэй, эрүүл саруул байхын тулд тогтмол ус ууж, хоол иддэг шиг жаргалтай хос байхын тулд бие биедээ үргэлж хайраа илэрхийлэх хэрэгтэй. Гэр бүл болоод хэдэн ч жил болсон бай, нөхөр эхнэрт нэг нэгнийх нь хайр халамж юу юунаас илүү хэрэгтэй байдаг.

 Жинхэнэ ёсоор хайрладаг хүн хувиа хичээдэггүй. Тийм хүн ханиа л жаргалтай байлгахыг боддог. Өөрөө хүссэн үедээ л ханиа хайрлаж энхрийлэх бус ханийнхаа хүсэл, хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хайрладаг.

 Ер нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүд хайр халамж хүсдэг. Нөхөр нь эхнэртээ маш их хайртай байж болох юм. Гэхдээ зөвхөн өглөө, орой эсвэл секс хийхийнхээ өмнө л хайрлаж энхрийлдэг бол нөхөр нь өөрийг нь үнэхээр хайрлаж халамжилдаг гэж эхнэрт нь санагдахгүй. Тийм учраас байнга бие биедээ хайраа илэрхийлэх нь нэн чухал.

 Хэрэгжүүлж үзээрэй

 Хайраа үг яриагаараа илэрхийлээрэй. «Чамдаа хайртай шүү» гэх юм уу «Чи минь наддаа нандин эрдэнэ» гэж хэлэхэд л хань тань маш их баярлана.

 Библийн зарчим: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг» (Матай 12:34).

 Зөвлөгөө: Хайртай гэж хэлээд л боллоо гэсэн үг биш. Ханьдаа зурвас, мессеж, мэйл бичээрэй.

 Хайраа үйл хэргээрээ илэрхийлээрэй. Эхнэрээ тэвэрч, үнсэж эсвэл гарыг нь атгаад «Чамдаа хайртай шүү» гэж хэлбэл үнэхээр хайртайгаа мэдрүүлнэ. Мөн илж таалж, хайрын харцаар харж, үе үе бэлэг өгч байгаарай. Түүнээс гадна цүнхийг нь үүрэх, хаалга онгойлгож өгөх, аяга таваг, хувцас хунар угаах юм уу хоол хийх зэргээр эхнэртээ тусалж болохгүй нь юу билээ? Эмэгтэйчүүд эдгээрийг өөрт нь зүгээр нэг тусалж байна гэж биш, өөрийг нь хайрлаж байна гэж үздэг.

 Библийн зарчим: «Хайрладаг гэж яриад байх биш, үнэхээр хайрладгаа үйл хэргээрээ харуул» (1 Ёохан 3:18).

 Зөвлөгөө: Ханьдаа үерхэж байх үеийнх шигээ санаа тавиарай.

 Бие биедээ цаг гаргаж байгаарай. Ханьтайгаа байх цаг гаргадаг бол бие биетэйгээ улам дотносож, хоёулхнаа байхын жаргалыг хэн хэн нь мэдэрнэ. Хэрэв хүүхэдтэй эсвэл өдөр тутам ярилцаж шийдэх зайлшгүй шаардлагатай зүйл ихтэй бол хоёулхнаа байх цаг гаргах нь амаргүй. Тийм болохоор хоёулхнаа хамт байхын тулд гадуур тогтмол алхах зэргээр энгийн зүйл хамт хийхээр төлөвлөөрэй.

 Библийн зарчим: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

 Зөвлөгөө: Зарим хос хэчнээн завгүй ч орой юм уу амралтын өдөр хоёулхнаа болзоонд явах цаг тогтмол гаргадаг.

 Ханийнхаа тухай сайн мэддэг байгаарай. Хүн болгоны хайрлаж энхрийлүүлэх хэрэгцээ өөр байдаг. Тийм учраас яавал баярладгаа, яавал таагүй санагддагаа, бас бие биенээсээ юу хүсэж байгаагаа ний нуугүй ярилцаарай. Тэгээд ханийнхаа хүссэн зүйлийг дор дор нь хийж байгаарай. Бие биеэ хайрлаж халамжлах нь жаргалтай хос байхад туйлын чухал гэдгийг үргэлж санаж яваарай.

 Библийн зарчим: «Хайрладаг хүн ... амин хувиа боддоггүй» (1 Коринт 13:4, 5).

 Зөвлөгөө: Хайрлаж халамжлахгүй байна гэж гомдоллохын оронд «Би яавал ханийнхаа хайрыг татах вэ?» гэж бодоорой.