Ямар хүнийг Христийг эсэргүүцэгч гэх вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Христийг эсэргүүцэгч нь зөвхөн хувь хүн биш бөгөөд «Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирэхийг» Библид зөгнөсөн байдаг (1Ёохан 2:18). «Христийг эсэргүүцэгч» гэдэг үг нь «Христийн эсрэг (эсвэл Христийн оронд) гэсэн утгатай грек үгнээс гаралтай ажээ. Христийг эсэргүүцэгч нь дараах зүйлүүдийг хийдэг.
Есүсийг Христ (буюу Мессиа) гэдгийг эсвэл Бурхны Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй (1 Ёохан 2:22).
Христ буюу Бурхны Тослогдсон Нэгнийг эсэргүүцдэг (Дуулал 2:1, 2; Лук 11:23).
Христийн дүр эсгэдэг (Матай 24:24).
Христийн дагалдагчдыг эсэргүүцдэг. Дагалдагчдад нь юу хийнэ, өөрт нь хийснээс өөрцгүй гэж Есүс үздэг учраас тэр ажээ (Үйлс 9:5).
Хууль бус зүйл хийж, хүмүүсийг мэхэлдэг атлаа өөрсдийгөө Христийн дагалдагчид гэж үздэг (Матай 7:22, 23; 2 Коринт 11:13).
Дээр дурдсан зүйлүүдийг хийдэг хувь хүнийг «Христийг эсэргүүцэгч» гэхээс гадна бүлэг хүмүүсийг ч бас хэлдгийг Библид бичсэн байдаг (2 Ёохан 7). Христийг эсэргүүцэгч нь элч нарын үед анх бий болсон бөгөөд тэр цагаас хойш улам бүр олширсон. Тэднийг өсөн нэмэгдэхийг Библид зөгнөсөн байв (1 Ёохан 4:3).
Христийг эсэргүүцэгчийг хэрхэн таних вэ?
Тэд Есүсийн талаарх хуурамч сургаалыг дэмждэг (Матай 24:9, 11). Жишээ нь Есүс бол гурвал эсвэл Төгс хүчит Бурхан гэж заадаг. Ийнхүү «Эцэг надаас агуу» хэмээн хэлсэн Есүсийн сургаалыг үгүйсгэдэг (Ёохан 14:28).
Бурхны Хаант төрийн талаарх Есүсийн хэлснийг үгүйсгэдэг. Жишээ нь Христ хүний засгийн газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулна гэж зарим шашны удирдагчид заадаг. Гэтэл энэ нь «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэсэн Есүсийн сургаалтай зөрчилддөг (Ёохан 18:36).
Тэд Есүсийг «Эзэн минь» гэж хэлдэг ч тушаалыг нь, түүний дотор Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглах тушаалыг нь дагадаггүй (Матай 28:19, 20; Лук 6:46; Үйлс 10:42).